sonin.mn

УИХ-д олныг бүрдүүлж байгаа АН-ынхан дотроо хэд хэдэн фракцитай. Сүүлийн өдрүүдэд намдаа ротаци явуулж, ҮЗХ-гоо хуралдуулахгүй байгааг шүүмжпэх залуус тус намд олшроод байгаа. Тэдний зарим нь намын дарга Н.Алтанхуяг болон бусад эрх бүхий хүмүүст хандан "Өөрийн эрх ашгийн төлөө ардчиллыг уландаа гишгэж, намынхаа нэр хүндийг унагааж байна" хэмээн багагүй бухимдахдаа сонин хэвлэлээр хүртэл мэдэгдэл гаргаж, үгээ дайгаад байгаа.

Үүнтэй зэрэгцэн фракциуд нь хотоос зайдуу хуралдаж, хэнийг явуулж, хэнийг үлдээх талаарх хороо найруулж эхэлсэн. Хамгийн сүүлийн жишээ татахад, УИХ-ын дарга З.Энхболдоор толгойлуулсан Ардчилсан хүчний холбоо буюу "Шонхор" фракцийнхан Буйр нуурын эрэг дээр зүүн бүсийн чуулга уулзалт нэрэн дор томоохон хурал хийсэн.

Тус хуралд тэргүүлэгч З.Энхболдоос гадна УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар оролцсон. Харин эдгээр гишүүнээс гадна Дорнод, Хэнтий, Сүхбаатар Дундговь, Дорноговь зэрэг аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 700 гаруй төлөөлөгч чуулсан удаатай.

Харин энэ удаад ҮХАА-ын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ынхан Орхон аймгийн Баян-Өндөр суманд чуулж, сайн муугаа хэлэлцэхээр болжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан уг фракцийнхан хуралдаандаа оролцохоор өнөөдөр Эрдэнэтийн зүг хөдөлж байгаа юм байна.

Уг хурлаар ямар асуудал хэлэлцэх нь нууц байгаа ч "Нам доторхи нам" болчихоод байгаа Х.Баттулга намдаа барих дараагийн "бэлэг"-ээ ийнхүү бэлдэхээр зэхэж байгаа бололтой. Х.Баттулгын хувьд "Давхар дээл"-ээ тайлахын даваан дээр хуулийг унагаасан намын нөхдөө эсэргүүцэхдээ YXAA-н сайдын албан тушаалаа өгч, дан дээлтэй болсон.

Харин уүний дараагаар АН-ын хамгийн том фракци болох "Алтангадас"-ын тэргүүн Н.Алтанхуяг Х.Баттулгын хүн гэгддэг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батзаяаг ажлаас нь чөлөөлж, "өшөө" авсан. Өдгөө "Шонхор" фракциас Зам тээврийн сайд А.Гансүхээс бусад нь үндсэндээ энэ Засгийн газраас "зайлсан". Зайлуулсан гэхэд ч болно.

Ямартай ч АН-ын томоохон фракциудын орон нутаг болж байгаа хуралдааныг Х.Баттулга үргэлжлүүлж байна. Харин энэ бүх нууц уулзалтын дараа АН-д ямар бужигнаан үүсэхийг харах л үлдлээ.

М.Өлзий

Эх сурвалж: