sonin.mn
Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай...
Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж, халамжлан анхаарч, бие биенээ жинхэнээр нь мэдэрч, аажим аажимдаа бие биедээ дасч, шингэн уусдаг. 
 
Тэр орчин нь ямагт халуун дулаан байж чаддаг бол бүгдээрээ сэтгэл хангалуун амьдарч, бусдын бахархлыг төрүүлэх хэрээрээ бусдад жинхэнэ тус болж чаддаг. Сэтгэлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхийн хэвлийгээс гадна, хамтаараа амьдарч жаргаж байгаа гэр оронд нь үргэлжилнэ. 
 
Үр хүүхдүүд нь заримдаа гэрээсээ гаднах хүйтэн уур амьсгалыг мэдрэхдээ айн цочирдож "Аав аа, ээж ээ яагаад ийм байгаа юм бэ? "хэмээн сэтгэл нь зовинон шалгаана. Тэр болгонд нь хариу болгож "Амьдрал тэгш байдаггүй юм аа хүүхдүүд минь. Бид өөрсдөө ийм байж чадаж байгаа юм чинь өрөөл бусдад бас тийм байхад нь туслах хэрэгтэй" гэж сургамжилна. 
 
Хүүхдүүд өсч том болоход тэдний сэтгэлийн илч дулаан хамтдаа л "томорч" байдаг. Гэр гэдэг газар дээрх эхийн дулаан хэвлий, хайр ямагт бялхаж үрждэг орчин.
 
Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтаж, мордож буцахад нь хаалганыхаа гадна заавал үдэж өгдөг. Буцаж орохдоо хаалгаа заавал хаана. Магадгүй таагүй үйлдэл болон харилцаанаас шалтгаалж хэн нэгнийхээ харцанд буусан бухимдлын сүүдрийг аргадаж учирлан арилгахыг хичээдэг.
 
Гомдлоос нь урсан асгарах нулимсыг нь арчиж, толгойг нь цээжиндээ нааж аргадна, бас учирлана. Заримдаа учраа ололцож чадалгүй бачимдан муудалцахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээн, сэтгэл дотроо эвлэрэх зайгаа үлдээх гэж зөөлхөн дуугаар  "хэрэлдэнэ". 
 
 Сэтгэлд ээнэгших хайрын илчиндээ хожим нь эвлэрч, бие биедээ "бууж өгч" тайтгарахдаа, хаалгаа хааж гэр дотроо л бүхнийг шийдэж чадсандаа баярлан бие биенээ эрхлүүлдэг. Амьдралд тохиолдох адармаатай олон асуудлаа гэр дотроо шийдэж бай, хэмээн ганцхан хаалга байдаг байж болох. 
 
Олон хүмүүс орж гарахын учралд заавал угтаж, үдэж бай хэмээн наран тойрох урд зүг рүү хаалгаа харуулан гэрээ барьдаг байх, монголчууд бид. Сэтгэл хичнээн жихүүцэвч, хэн нэгнийг угтаж үдэхдээ нарны дулаан илчинд сэтгэлээ бүлээсгэж бай хэмээн тохиосон ч байж болох.
 
Монголчууд бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Туурга тусгаарлан ханаа шийрлэж, тулах баганаа хоёулаа түшиж, тулгандаа галаа өрдөж айл болсон хэрнээ заримдаа хэн нэг нь аав ээж, ах дүүсээ гэрийнхээ хоймортоо суулгаж, авах гээхийн ухаанаа тэднээр заалгах нь бий.
 
Олон хүмүүс ямагт зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй орж гардаг болохоор хаалга нь ямагт онголзож, гажсандаа хяхтнан дуугардаг. Сэтгэлд хяруу унаж, жиндэж даарах тусам халуун дулаан хайрыг аажим аажмаар хөргөөж орхино. 
 
Олон олон хүмүүсийн хайрын бус, хүнийрхүү хүйтэн сэтгэлд үр хүүхдүүдийн сэтгэл нь жиндэн даарч, айж балмагдсандаа аав ээжээ ч хайрлаж ачлахаа умартах нь бий. Өнөө эс ч маргаашийн нэгэн өдөр амьдралд учирдаг хатуу тавилангийн нэгэн шалтгаан нь энэ. 
 
Өөрсдөө сэтгэл нь хөрч нэг л мэдэх дор гэртээ орохоос ч дургүй болно, халуун дулаан уур амьсгал үгүй болохоор.  Хэн нэгэнтэй нь хамтдаа "гэрлэсэн хадмууд" нь харин үүнийг хэзээ ч ойлгож ухаардаггүй. 
 
Хамаг бурууг нь өөрийнхөөсөө зайлуулан өмөөрч, өрөөлийг буруутган хамтдаа үзэн ядаж байхдаа нэгэн айлын амьдралыг "самарч", аз жаргалыг нь хулгайлж байгаагаа мэддэггүй.
 
Хүн болгон төгс төгөлдөр биш. Амьдрал гэдэг ямагт аз жаргалаар бялхаж байдаг дардан зам ч биш. Учрангуутаа уусаж нийлдэг хосууд ч байдаггүй.  Харин тэдэнд өөрийн гэсэн гэр орон бий, заяагаа холбосон болохоор. Сэтгэлд гэгээн нэгэн хайр байдагтай адил, гэрт орж гарах ганц л хаалга бий.
 
Олон хүмүүстэй бид учирч уулзаж, найзалж нөхөрлөдөгтэй адил олон хүмүүс та нар дээр зочилж ирж буцдаг. Зочин болгон цэцэг барьж ирдэггүйтэй адил, зарим хүмүүс атаат хорон сэтгэл өвөрлөж ирэх нь бий. Та нарт таалагдсан эс таалагдсан сэтгэлээ зочноо мордсоны дараа хаалгаа хааж байгаад ярилцагтун, заавал учраа олж ойлголцож байгтун.
 
Тэр хэрээр гэрийн тань хаалга бөх байж, гэрт тань ямагт дулаан эрчим мэдрэгдэж байх болно. Хардаж муудалцахдаа хаалгаа онгойлгоод бусад руу хашгирах аваас гэрт тань хүйтэн агаар орж, сэтгэлийг тань жиндүүлдэг юм. Энэ гэр бол та нарын л орон зай, өөр хэнийх ч биш. 
 
Дулаан, эс бөгөөс хүйтэн жиндүүн байх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалдаг. Гэрт тань зочилж бус, дайрч орох гэж зүтгэсэн нэгнээс эелдгээр татгалзаж, хаалгаа заавал хааж бай. Энэ хаалга танай гэр бүлийг муу муухай бүхнээс хамгаалж байдаг юм. Хаалгаа заавал, тэгэхдээ зөөлхөн хааж байгаарай.
 
Аав хүн гэдэг...
"Орноосоо буулгүй эцэг болох амархан, орноосоо буугаад аав болох хэцүү". Энэ бол зүгээр л хошигнол, гэхдээ эрэгцүүлж нэг бодмоор хошигнол. 
 
Үүлэн борооны үйлдлийн дараа хайртай бүсгүйгээсээ "би жирэмсэн болчихжээ" гэж хэлэхийг нь сонсоод нэгэнтээ цочирдоно, томорч түрсэн гэдэстэй хайртай бүсгүйгээ олны газар хөтлөн алхахдаа бусдын сонжсон харцан дор хоёронтоо ичингүйрнэ, өвдсөндөө чарлан ёолох хайртай бүсгүйн дуу алдах чимээний хэмнэлд энэ ертөнцөд хүн болж ирснээ уйлж хашгиран чарлах үрийнхээ дууг сонсохдоо гурвантаа уярч балмагдана. 
 
Яг л тэр мөчид "би аав боллоо шүү дээ" хэмээн сэтгэлдээ хашгирахдаа энэ ертөнцөд яах гэж зорьж ирснээ гэнэт ухаардаг. Тэр мөч эр хүний амьдралд эргэлт болж амьдралын утга учрыг, хүн болж ирсэн тавилангийн хариуцлагыг, сэтгэлдээ наран мэт хайрласан бүсгүй нэгэн тавилангийн түшиг, бас салшгүй нэгэн холбоосыг мэдэрдэг. 
 
Олон олон бардамхан залуусын амьдралд нэгэнтээ зогтусдаг зогсоол нь энэ. Ухаарал ч бий, учирлал ч бий энэ зогсоолд.
 
Өөрийн үргэлжлэл болох үртэй болохдоо эр хүн гэнэт амьдралыг огт өөрөөр хардаг. Өөрийг нь өвчсөн мэт адилхан тэр л үрийнхээ үнэгчлэн инээмсэглэх төрхийг харахдаа хад чулуу мэт хатан зүрх нь хайлан уярч, урсгал ус мэт намуухан урсдаг. 
 
Үрийг нь хэвлийгээсээ төрүүлсэн тэр бүсгүй өмнө сөгдөж, үүнийх нь төлөө насан туршдаа хайрлах болно хэмээн сэтгэлдээ андгайлдаг. Өдөр хоногоор өсч өндийж, элдвийн ааш араншингаараа бусдын өхөөрдлийг татаж, ядарч бухимдсан сэтгэлд нь наран мэт мэлтийн гэнэт уяруулах тэр л бяцхан үр нь амьдралынх нь утга учир болно. 
 
Зүгээр л гар дээрээ наран мэт өргөж зөөлхөн зулайг нь үнэрлэхэд сэтгэлийн чанадаас уярал залж, зүрхний тэртээгээс хайрын булаг урсана. Хүүхдээ уйлахад нь зүрх нь урагдаж, сэтгэл нь сэмэрч, бачимдал нь бараан үүл мэт хуралдан аянга мэт цахилна, гэхдээ түүнийгээ ил гаргахгүй. 
 
Хүүхдээ өвдөхөд нь уйлж хашгирахгүй ч гэлээ сэтгэлдээ тарчлан хашгирна, гэхдээ ил гаргаж дуугарахгүй, борооны өмнөх бараан үүлс мэт дүнсийнэ. Үрээ инээж баясахад нь үүлгүй тэнгэрийн наран мэт мишээнэ, муухан мушийна. Эр хүний үрээ хайрлах хайр нь сэтгэлдээ буцалж, хал нь гаднаа чулуу мэт цахилж байдаг.
 
Санаснаар болдоггүй энэ орчлонд аав хүн үрийнхээ төлөө шаналж амьдардаг юм. Үгэнд нь оролгүй огт өөрөөр явж одоход ч сэтгэл дотроо л аргадаж учирладаг юм. Өөрийг нь огт тоохгүй юм шиг авирлаж, ээжийгээ баярлуулж байхад нь хүртэл эр хүний ууч сэтгэлээр "овоо доо миний муу хүүхдүүд" гэж сэтгэлдээ хайрыг ширгээж байдаг юм.
 
Насны хяруун дор хүч нь дутаж суухдаа хэдэн муу хүүхдээ л сэтгэлдээ өмөөрч "за яахав дээ, залуу явж үзээгүй юм биш" хэмээн уучилна. Замбуулин энэ хорвоод бүргэд шиг дэвж явахдаа омголон байсан үеэ хүүхдүүдээсээ анзаарч "ертөнцийн нэгэн жам" хэмээн хэгжүүрхэнэ. 
 
Шүүдрийн мянган дуслаар цай чанаж эхийгээ ачлаарай гэж үрдээ захихдаа өвсний нэгэн дусал шиг сэтгэлдээ уяран бөнжийж байдаг юм, аав хүн. Сэтгэл нь хорвоогийн жаргал зовлон дунд сэмэрч байхдаа үрээ л "сайн явахыг нь үзэх" гэж өөрөө зуу наслахыг хүсдэг юм сэтгэлдээ. 
 
Өөрийнх нь үргэлжлэл үр хүүхэд нь энэ ертөнцөд үлдэж байгаа болохоор амьсгал хураахдаа хүртэл амгалан тайван байж чаддаг юм, аав хүн.
 
Үүлтэй тэнгэрийн тэртээгээс даль жигүүрээ хумин довтолгох эр бор харцага, жигүүрхэндээ хүчтэй байсаар халихдаа үртэй хүний мянган жаргалыг сэтгэлдээ тээж оддог юм. Аяа аав мину зээ.
 
Маргаашийнхаа тухай дандаа бодож бай
...Өглөө сэрэхэд минь нарны туяа цонхны хөшиг нэвтлэн гийж, онгорхой цонхоор шувуудын  жиргээ хөгжилтэйеэ исгэрч, энэ ертөнцийн түмэн авиа чихнээ сонордохуйяа сэтгэлийг сэргээнэ. 
 
Энэ л гэгээлэг ертөнцийн түмэн гэрэл гэгээ, хөг аялгуунд  амьд бүхэн сэргэж идэх хоол, амар амгалан амьдрахуйн буман нугачаанд сэргэж, бас бүдчинэ. Яг энэ өдөр энэ ертөнцийн эгшиг хэмнэлд дор хэн нь энэ ертөнцийг орхиж, хэн нь энэ ертөнцөд залран ирэхийг таахуйяа бэрх.
 
Өнөөдөр оршин байгаа бид нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны гэрэл дор ав адилхан амьдралын хэмнэлээ үргэлжлүүлэх гэж эвшээлгэж, яарч сандарч, бас дуулж бүжиглэн, зарим нь аажуухан алхангаа кофе ууж, сонин шагайлж өөр өөрийн орон зай руугаа тэмүүлэх.
 
Зарим нь баярлаж, зарим нь гуниглаж, хэн нэг нь уйлж, хэн нэг нь өөртөө болон бусад руу инээмсэглэж шөнийн түнэр харанхуйд болж өнгөрсөн сайн муу илч энерги бүхнээ бусад руу илгээх аж.
 
Өглөөний наранд сэрсэн тэр л мэдрэмжээрээ хүмүүс бид оройг хүлээдэг. Өөр юу ч санамсаргүйгээр өөрчлөгдөхгүй бол, бид маргаашийн тухай тэгтлээ бодохгүйгээр өнөөдрөөр амьсгалдаг. 
 
Хэн нэгэнтэй маргалдаж бухимдсан сэтгэлээ шар айргаар даруулж, хээнцэрхэн бүсгүйд дурласан сэтгэлээр мухлагаас сарнай цэцэг худалдан авч түүн рүүгээ зорьж, магад нэгний магтаалын үгэнд баярлан цаас эрээчиж, гомдоосон нэгэндээ гэрээслэл бичин амиа егүүтэхийг завдаж, голоо зогоох хоолны төлөө биеэ арилжиж, гомдол баяр дунд хүмүүн бид савчиж амьдардаг.
 
Нар жаргаж харанхуй нөмрөхөд уушийн газрууд хүмүүсээр дүүрч, ууж идэн тамшаалах орчинд энэ өдөр амьд яваадаа баярласан хүмүүсийн хөлчүү дуу танхим дүүргэж, эргэж ирэхгүйгээр одсон нэгний төлөө харууслын хундага өргөж, дусал нулимсаа хурууныхаа өндгөөр арчина.
 
Бас шинээр дурлаж, маргаашийн өдөр энэ ертөнцөд морилон ирэх жаахан хүүхдүүдийн төлөө дарстай хундагаа өндөрт өргөж, нэгэн ерөөлийг бие биедээ дамжуулна. Бид хүссэн ч эс хүссэн ч энэ ертөнцийн наран эргэдгээрээ эргэдэг, бас жаргадагаараа жаргадаг.
 
Өглөөний нар манддагаараа мандаж, үдшийн нар жаргадагаараа жаргана, энэ бол ертөнцийн хэн ч өөрчилж чадахгүй хэмнэл. Өнөөдөр бүх зүйл болдогоороо болж өнгөрнө, юуг ч өөрчлөхгүй. Энэ л үедээ маргаашийн тухай заавал бодож бай.
 
Эргэцүүлж маргааш юу хийж чадах, юунд хүрч болох тухай заавал бодож бай. Өнөөдрийн энэ амар амгалан амьдрал хэвээрээ үргэлжилж чадах уу? гэж өөрөөсөө асуу. Маргааш надад хэцүү бэрх зовлон тохиолдвол давж чадах уу? гэж эргэцүүл. Маргааш гэдэг ирж яваа цаг. 
 
Магад бидэнд юу авч ирэхийг таах ч аргагүй. Зовлон жаргал ээлжилдэг хорвоод юу ч эс тохиолдох билээ. Зорьж зүтгэж яваа үйлс бүхэн бүтэмжтэй байхыг хүн болгон л хүсдэг. Түүний төлөө юу хийж болохоо эргэцүүлж нэг тунгаах хэрэгтэй. 
 
Алдаа оноо гэдэг хүний мөн чанарыг шалгадаг шалгуур. Амраг хайрт, анд нөхөдтэйгээ энэ хэвээрээ байж чадах эсэх нь энэ л хэмжүүр. Аав ээждээ ачлалт үр нь хэвээрээ үлдэх эсэх нь энэ л амьдралын хэмнэл. Бид өнөөдрөөр амьдарч чадаж байгаа юм чинь үргэлж маргаашийн тухай бодож байх хэрэгтэй мэт. Учир нь тэр ирж яваа цаг.
 
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com