sonin.mn

Жин үдийн нар хөл дор нуугдан сүүдэргүй болохын үед бид Баарангийн давааг уруудсаар аман дээр нь орж ирэхэд Ямбатын их тал цэлсхийн угтах нь ерөөлийн хадаг шиг санагдаж Шаргын говь униар дундаа цэнхэртэн байв. Газар дундын овоон дээр ирж зогсон хэсэг саатлаа. Энэ замаар ирээчин, яваачин бүхэн уг овоон дээр түр саатдаг жамтай.

Овооноос чанх хойно яруу найрагч С.Рэнцэндоржийн аав Содном гуайнх хаварждаг байсан хуучин хороо харлан үзэгдэнэ. Би тэсэлгүй Пүрэв баавайд хандан "Тэр харагдаж байгаа хуучин хороо яруу найрагч Р.Эмүжингийн өвөөгийн нутаг байгаа юм. Далаад онд энд нутаглаж, хүрэн зандан тэмээн сүрэг нь энэ талаар дүүрэн бэлчдэг байв даа. Тэр үед би сумын эмч гээд л үүгээр их явдаг байлаа" хэмээсэнд манай хүн уриалгахнаар "Тийм үү" гэснээ дээд хязгаарт үүл нөмрөн суниан хөндөлдөх Хасагт хайрхны зүг хараа бэлчээн аппаратаа тэмтэрч харагдана.

Харин манай зураглаач аль хэдийн мэргэжлийн ажилдаа орж дуран авайгаа гурван хөл дээр нь зоогоод дээд уулын зүг хараачлан нам зогсчээ. Би Хойт Шарын амны зүүн чанх өөд хэсэг саравчлан зогсохуй өвдөг чичрээд, зовхи чийглэх зөөлөн нулимс хацар норгоод явчихлаа. Тэр нэг налууд л ижий минь оршсон доо гэж санахад:
"Өө буурай минь та энд нойрсоно уу
Өвдгийг тань түшин нутгийн уулс зүүрмэглэж байна" хэмээн олон жилийн өмнө бичсэн дуулийн минь шад мөрүүд санаанд эргэлдэж санааширлаа.

Энэ Шаргын говь яахын аргагүй надтай холбоотой нутаг сан. Алтай-Шарга хоёрын хоорондох энэ замаар замын машинд дайгдан мөн ч олон явсан даа. Ямбатын талд орших олон арван жилийн салхи шуургыг элээж өнгөрүүлсэн Газар дундын овоон дээр тийнхүү дөрөө мултлаад цааш хөдөллөө.

Бидний багт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв баавай, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан, МҮОНР-гийн сэтгүүлч, Сэр-Одын шагналт зохиолч Г.Болормаа, залуу, идэр насныхаа ид хав, авьяас билиг, онгод юугаа Монголын үндэсний олон нийтийн телевиз, "25-р суваг" телевизүүдэд өнгөрүүлсэн авьяаслаг зураглаач М.Памаасүрэн гээд Алтайн зохиолчид аяны дөрөө нийлсэн юм.

Бид дорхноо ёотон шиг цайран харагдах хэдэн цагаан байшинтай Шарга сум дээр ирж, хурлын дарга Г.Ариунаа, Засаг даргын орлогч С.Бямбаа нартай уулзан сумынхаа түүхт ойг тохиолдуулан бүтээн босгож байгаа "Номын өргөө"-ний ажлыг сонирхоод замаа хөөн сумын чанх урд байх "Рашаан" дээр очиж магнай хага ташсан булгийн хүйтэн уснаас залгилж сэрүүцлээ.

Тэгээд заг бударганат тэгш сайхан талын хөх хайргыг үсчүүлэн давхисаар Өгөөмөрийн гол руу орж ирэв. Энд, тэндгүй тэмээ бэлчиж, зээр гөрөөс цахилна. Төхөмийн талын шаргачин чихээ сортолзуулан, уран гоё хөлеө цавчлан, тэнгэрт дүүлэх мэт дэгдсэнээ элчилгүй уудам талын зүг нэг их сүрхий шуд дайран цагаан тууз мэт тоос босгон шуугихыг хараад Памаа маань, янзаганаасаа бусдыг холдуулах гэсэн эхийн санаа. Энд ойрхон янзага нь байгаа... гээд өрөвдөх сэтгэл төрсен янзтай уяран өгүүлж байна.

Нээрээ тийм байх, амьтан хүртэл өөрийн ухаантай байх юм гэж бодогдож явлаа. Өгөөмөрийн голын хөндий ергөн тавиун, үржил шимтэй газар юм. Энэ хөндийг дүүргэн буусан айлууд мөөгөн хүрээ шиг цайран голын захаар тогорууд явгалж, тэмээ мал хаа сайгүй бэлчээрлэж харагдана. Аргагүй л тэмээний нутаг юм. Тийм болоод энэ манарсан шаргал хөндийгөөс тэмээчин аварга төрсөн биз.

Алдарт "Хос зогдорт" тэмээний цөм сүрэг энэ хөндийд л бий гэнэ. Хөндий дүүрэн тариалангийн талбай харагдана. Нутгийн айлууд малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалдаг ажээ. Мал хуйгаас хамгаалж гадуур нь төмөр тор татжээ. Манай-Болормаагийн аавынх болон ах дүүс нь энд зусаж байна. Болороогийн аав Палсан гуай насаараа газрын шим, өгөөж хишгийг нь хүртэж яваа хашир туршлагатай тариаланч аж.

Бид орчин тойрон, тэмээн сүрэг, ботгоны зэл гээд бишгүй зүйлийг сонирхож явсаар Өгөөмөрийн голын баруун хөвөөнөө орших "Хүүхдийн овоо" хэмээх бяцхан товцог дээр гарлаа. Толгод гэсэндээ бас орой дээр нь гарахад салхи сэвэлзэж байна. Уг толгойн чанх урд дор "Жаахан буудал" нэртэй зүлэгт ногоон дэнж байна. "Энэ зуслан манай Хүрлээ ахын төрсөн газар..." хэмээн Болороо бахархан өгүүлсэн нь соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, доктор Үржингийн Хүрэлбаатарын төрж өссөн тоонот аж.

Аргагүй л өвөр дээрээ төрж өссөн хэнд ч өлзий буянаа хайрламаар дагшин сайхан нутаг юм. Тарган хонины мах ингэний айргаар даруулж зооглоод нар хэвийх үед Бага Дарвийн хөх уулсыг чиглэн довтолголоо. Хүн бүрийн сэтгэл өндөр, бодол санаа цэлмүүн, үг яриа нийлсүү, Болороогийн ах дүүсийг өгсөн ингэний ааруулыг амтархан идэж шуугилдан явсаар зуны улаан наран Цаст богд Сутай хайрхны араар шургах үеэр Дарви сумын төвд ирлээ.

Сумын удирдлагуудтай уулзан удтал ярилцаж хөөрөлдөөд, бидэнд бэлтгэсэн буудалд хоноглоод өглөө эрт Тонхил сумыг зорьсон юм. Тонхилын төвд ирэхтэй зэрэгцэн усархаг аадар шаагиж эхэллээ. Бидний хамгийн түрүүн уулзаж учран гэрт нь очсон Монгол Улсын ардын эмч П.Шижээ "Та нар бороо дагуулж ирлээ..." гээд биднийг хөөрөгдөж байв. Усархаг аадар орж байснаа гэнэт ширүүсэн том том ширхэгтэй мөндөр бууж гарлаа.

Бид Сутайн их овоон дээр гарч чадахгүй нь дээ гэж санаа зовнисонд Шижээ эмч "Одоохон гийж сайхан болно. Манай богд хайрхан уран бүтээлч хүмүүст ээлтэй шүү" хэмээн тайвшруулсан нь ташаа үг биш байжээ. Үнэхээр юу болоод өнгөрөв гэмээр аадар, мөндөр гэнэт зогсож, тэнгэр цэнхэртэн бөөн бөөнөөр нүүх үүлсийн чөлөөгөер хурц нар илч гэрлээ илгээж эхэллээ.

Биднийг Шижээ эмч эмнэлгээрээ аваачин өнгөрсөн зун ашиглалтад орсон шинэ эмнэлгийнхээ ажил байдалтай танилцуулсны дараа сумын удирдлагуудтай уулзаж ярилцан, хоол унд зооглоод Их овооны зүг хэд хэдэн машинтай хүмүүс хөдөллөө.

Тэртээ хойт тэнгэрийн хаяанаа цаст Сутай хайрхан үүл мананд хучуулсан хэвээр сүртэйхэн угтав. Монгол төрийн тахилгатай их хайрхнуудын нэгэн болох Сутай богд ёстой л хэдэн сумын нутгаас суусан ч, боссон ч харагддаг гэнэм. Хайрхны энгэр дээрээс баруун хойшоо Мөнххайрхан, зүүн тийшээ Отгонтэнгэр, өмнө зүгт Бурхан буудай тэргүүт алдарт их хайрхнууд бараа бараагаа тольдож байдаг ажээ.

Өтгөн бараан үүл манан оргил биеийг нь хучиж байснаа биднийг очсоны дараахан төдхөн нүүн одож, хэсэг хэсгээр нүүдэллэх үүлсийн дундаас нар хурцаар ээж, Сутай хайрхан наранд гялбалзан, мөнгөн оргилоо цайвапзуулан мишээв. Хайрхны зүүн баруун энгэр бэлээр саяын орсон мөндөр цайрч, тэртээ доор Зүйлийн гол цэнхэртэн мэлмэрч, хоёр талынх нь дэнж дэвсэг зүлэг ногоон өнгөөр номинтоно.

Энэ бүхнийг анзааран болгоовоос евөл, зун хоёр нэгэн дор айлсан байх шиг санагдах ажээ. Зуны дунд сарын арван тавны билэгт сайн өдөр ийнхүү аяллынхан маань Сутай хайрхны их овоон дээр гарлаа. Нутгийнхаа их хайрханд заяа төөрөг, амь амьдралаа даатган сүслэн мөргөж, идээний дээж, эдийн дээдээ өргөн тахиж тайв.

Сайн санааны үзүүрттос, сайхан этгэлийн үзүүрт шим гэдэгчлэн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх буй заа. Ийнхүү цаст Богддоо мөргөж сүслээд үдээс хойш ирэхэд зохиолч Г.Чардаг, найрагч бүсгүй С.Бямбасүрэнгээ дагуулаад аймгаас ирчихсэн хүлээж байлаа.

Бид орой нь Тонхил сумд яруу найргийн уншлага зохиосон юм. Өдөр нь ус ихтэй аадар, том ширхэгтэй мөндөр орсон ч үдээс хойш цэлмэж сайхан болсон энэ нутгийн хөх тэнгэрт зуны дунд сарын арван тавны тэргэл cap мэлтийж, Усан Зүйлийн торгон цэнхэр гол хөөмий исгэрүүлэн харгиатах нь яруу эгшиглэнт шүлгийн мөрүүдтэй өнгө хоршин сумын соёлын төвийг дүүргэн ярайтал суусан тонхилчуудын цэнгэл баярыг хөгжөөж байлаа.

Оройн цэнгүүнийг МЗЭ-ийн Говь-Алтайн салбарын тэргүүн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Г.Чардаг удирдан хөтлөн явуулсан. Тонхилчууд дуу хуур, яруу найрагт дуртай хүмүүс ажээ.

Тэд нутгаасаа төрсөн нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү, зохиолч Шоовойн Шажинбат, яруу найрагч, сэтгүүлч Доржийн Чимгээ, зохиолч, судлаач Бажуудайн Ганбат, шог зохиолч Мажаагийн Дэмчиг, яруу найрагч Дэлэгийн Лхагваа нараа дурсан, тэдний зохиосон дуунаас дуулж, мөн тус суманд ажиллаж амьдарч байсан болон уугуул зохиолч төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Нанж Лхагва, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ланзадын Мөнхбаатар, зохиолч, сэтгүүлч Шаравын Содномжамц нараараа бахархан гайхуулж байлаа.

Шөнөдүүлж Дарвидаа ирж хоносон бид өглөө нь тохиролцсон ёсоор өвөр хадаар явахаар дээд тал өед гурван машинтай давхиуллаа. Зам зуур бөхөнгийн сүрэг үелзэн хатирч, цахилж одно. Хоолой худаг, Даавгын ам, Элстийн ам гээд танил дотно газар орон нүднээ тусч, баруунтаа Бага Дарвийн нуруу улаан, хөх өнгөөр тарлантан хөндөлсөж, тэртээ өмнө Товхийн орой тэнгэрийн хээлэнд зангидсан сампин мэт тодхон харагдана.

Биднийг манай ангийн анд, сумын хүн эмнэлгийн жолооч Б.Төмөр, сумын урдаа барьдаг анчин, бидний хүүхэд ахуй цагт манайхан олон жил нэг бууцанд хамт нутаглаж явсан Л.Нямбаатар хоёр газарчилж, бидний урд бараг л морин жимээр "69"-өөрөө янгир шиг дүүлэх ажээ. Бид зоо хяраар явалгүй өвөр талаар нь явж Их огторгын буган хөшөө чулуу, баавай худгийн шандын жингэнүүр хад, Майханы голын өлгий хад, Цагаан эргийн бичигт хад зэрэг байгаль ээжийн урласан өвөрмөц сонин
газруудаар очиж, нутаг усныхаа сайн сайхан аяллынхандаа сонирхууллаа.

Ийн явсаар Хуйтангийн хөндийгөөр орж дээр үеийн хийдийн туурь сонирхоод, Хараат хайрхны өвер бэлд байх Их гашууны өвөлжөөн дээр ирлээ. Энэ нутаг манай Пүрэв баавайгийн эхээс мэндэлсэн тоонот юм. Их гашуун...хойноос урагш цуварсан ижилхэн хөх толгодын төгсгөлд байх энэхүү эзгүй бууцанд Монголын шинэ үеийн утга зохиолын нэгэн том төлөөлөгч мэндэлжээ.

Болжмор ч үл ниснэ. Гэхдээ л нэг уяралтай, сэтгэлд хөгжим эгшиглэнэ. Өвөлжөөнөөс доош тал нутаг цэлийн цэнхэртээд цаад дор сумын төв, цаана нь Ихэс нуур, тэртээ алсад Сутай хайрхан цайвалзаж, хажууханд Хараат хайрхан уул өвгөн эцгийн дүрээр дотно дулаан харагдана. Бид өвгөн зохиолчийн тоонот дээр баахан саатаад нар хэвийсэн хойно сумын төвийг зорьж, замдаа Шар довны хүн чулууг үзэж сонирхоод энэ өдрийн аяллаа өндөрлүүлсэн юм.

Маргааш нь Дарвийн цэнхэр нурууг зорин давхиж, зоо хяр дээр гарлаа. Далаад онд завод сааж, битүү дүүрэн айл ярайж, сарлагийн сүрэгбагширч байдаг асан Майханы голын эх нэг ч айлгүй эзгүй зэлүүд харагдах нь халагламаар ажээ. Пүрэв баавай бид хоёрын аль алиных нь хүүхэд нас цахилж өнгөрсөн газарсан.

Майхан хар уул минь дүнхийж, Морин туурайт, Авдар хад, Оройн буудал, Гурван Яргайтын эх гээд хүүхэд ахуйд нутаглаж явсан зуслан дэнжүүд яг л байснаараа сэтгэлд дотно харагдаж, тугал бяруу сүүлдэж, унага сарваа чихдэж, зурам мөндөл хөөцөлдөж явсан бага нас минь сайхан зүүд шиг санагдан, аль хэдийнэ бурхны оронд заларсан ч найрын хоймор дүүргэн зээглэн суудаг байсан өвгөдийн дүр төрх эргэж хурган бодогдоно.

Цагийн аяс, хорвоогийн жам гэгч хүмүүн бидэнд дурсамж үлдээгээд л оддог ажээ. Гозон буурлын бэлчир Хойд талд нь ноёлог буурал хайрхан нөмөрлөж, баруун, зүүн талдаа хадат сэрвэн бүхий уулсаар хүрээлэгдсэн тавиун дэлгэр дэнж бүхий энэ зусланг Гозонгийн бэлчир хэмээх бөгөөд миний мэндэлсэн газар юм.

Сүүлийн үед айл амьтан нутаглаагүй эдгэрч хулширсан энэ бууцыг хараад өөрийн эрхгүй ээж минь бодогдож, эргэн тойрныг саравчлан харж зогсохуй сэтгэл уясан зовхи чийгтэв. Төрсөн нутаг гэдэг аргагүй л ижий сэтгэлтэй, аав нөмөртэй, амь аргамжаатай ариун дагшин диваажин байдаг ажээ.

Эндээсээ бид хярлаж давхисаар Хортын цахирын тавиухан энгэрт болж буй Жавхлант багийн нээлттэй өдөрлөгт оролцож шүлэг найраг уншицгаав. Хөдөөгийн малчин залуус манай Билэгсайханд өөрийнх нь шүлгээс нэр зааж захиалан дахин дахин уншуулж байв. Энэ нь Билэгсайхандаа ч биш, ер нь хөдөөгийн залуус яруу найргийг ямар ихээр хүндлэн шүтэж буйн илэрхийлэл юм.

Энд мөн энэ нурууны унаган хүү, Монгол Улсын гавьяат эдийн засагч, чөлөөт уран бүтээлч Б.Авирмэд нутаг усныхаа тухай бичсэн шүлгүүдээсээ уншсан юм. Найраг шүлгийн цэнгэлд умбаж байх яг энэ агшинд бараалан байсан тэнгэрээс аянга цахилгаан гялалзан аадар бороо шаагилаа. Пүрэв баавай нутгийнхандаа хандан сэтгэлийн үгээ хэлэхдээ "Бид Тонхилд мөндөр оруулсан. Одоо энд бид бороо оруулна" гэсэн нь ёсоор болж цаг орчим ус ихтэй бороо аадарлаад гэнэт юу болов гэмээр зогсож, бөөн бөөнеөр бужигнан нүүх үүлэн чөлөөгөөр хурц нар тунаран мэлтийлээ.

Бид Дэл цахирын оройд гарч, овоонд нь мөргөж сүслээд Хярын нуурын хавтгайгаар зурайх чийгт зөөлөн бор замаар буцаж давхисаар Дарвийн нурууны ноён оргил Гүнгээгийн овоон дээр очив.

Энэ өндөрлөгөөс сумын нутаг бүхэлдээ харагдаж, тэртээ баруун хойд этгээдэд Сутай хайрхны цасан оргил гялалзан, Ихэсийн нуур цэнхэртэж, түүний цаана их, бага Эрээн ягааран нүүгэлтэж, Хараат хайрхан, Товхийн орой дэргэд юм шиг тодхон агаад, өмнө талд Дэл Цахир ягааран сунайж, баруун өмне талд Бага Дарви улааран тарлантаж, Овооны өндөрлөгөөс чанх баруун тийш өнгийвөөс алдарт Хүйсийн говь хязгаар хярхаггүй цэнхэртэнэ.

Саяхан орсон бороо газар дэлхийн өнгийг засаж, хэзээ мөдгүй дэлгэр сайхан зун болохын эхлэл тавигджээ. Нутаг минь ямар ч байсан гандуу байсан үеэ мартах цаг нь иржээ. Одоо бид ингээд Дунд хөндийгөө уруудсаар ар говь руу орж, Бургасын ам, Аръяа, бөөргөөр зусч байгаа найрагч бүсгүй О.Тогтохпүрэв, Г.Хосбаяр нарынхаар зочилж, Далантүрүүний хунт нуураар саатаж, улмаар цааш алдарт Хүйсийн говийг хөндлөн туулан Баян-Уул сум хүрч, малчин найрагч Д.Ерөөлтийнхөөр морилох болно.

Ийнхүү сэтгэл санаа нийлсэн бид алаглан харагдах Алтай нутгаар аялж, баавай бид хоёр ёстой л юмтай хүн түүгээрээ гайхуулахын үлгэр лугаа явсан бөлгөө. Алаглан харагдах Алтай сайхан нутаг минь түр баяртай. Ижий цэнхэр нутаг тандаа дахиад мөдхөн хүрч очно оо.

МЗЭ-ийн "Утга зохиолын төлөө" шагналт зохиолч, сэтгүүлч А.Моломжамц