sonin.mn

Нэг үе алба хааж байсан 1971 оны цэрэг Б.Доржготов, Д.Мархаахүү

Чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа Норовын Амгалангийн манай сонинд ирүүлсэн сонирхолтой дурсамжийг хүргэж байна. Тэр үеийн цэрэг дайчид бэрхшээлийг хэрхэн даван туулж байж, өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийг бататгав гэдгийг уншигч Та энэ дурсамжаас мэдэх болно. Тэгээд ч бэлтгэл хурандаа маань... "Урьд өмнөх дурсамжуудад дандаа л цэргийн дарга байсан, хүн даргалж, дарганцар царайлж явснаа дурссан байх юм. Харин энэ удаад урьд өмнөхөөс тэс өөр, армийн хамгийн бага тушаалтан эгэл бор цэргийн амьдрал, одоогоос 44 жилийн тэртээх хөгтэй, хөгжилтэй өдрүүдээ дурсаж байгаа нь өвгөн надад олон дахиж олдохгүй боломж хэмээн бэлгэшээж суунам" гэжээ.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ


Би 1969 онд 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд элсэн орсон юм. Сургуульдаа 1 жил суралцаж I дамжаагаа дуусгаад зуны амралт эхэлж байтал цэргийн зарлан авч цэрэгт татагдав аа. 1970 оны 6 дугаар сарын сүүлчээр /22-нд шиг санаж байна/ Хар усан тохой дахь цэрэг татлагын баазад, Ажилчны районоос 3ил-130 машин дээр үеийн олон нөхдийн хамт ачигдан очиж хөл тавьснаар цэрэг амьдрал маань эхэлсэн юм даа.

Энд буугаад л халимаг үсээ авахуулж, халуун усанд орж, эмч нарын үзлэгээр орж цэрэгт тэнцээд өмсөж явсан энгийн хувцсаа хураалгаж, цоо шинэ цэрэг хувцас өмсөж, мөрдөс, таних тэмдгээ будилан байж муруй хазгай оёж тогтоогоод байлдагч цолтой цэргийн албан хаагч болов оо. Хувцсаа өмсөөд л хувиарилах байрнаас нэр дуудаад Ардын армийн 134 дүгээр ангид хуваарилагдсан болохыг мэдлээ.

Чухам энэ анги хаана байдаг, ямар зориулалтын болохыг мэдэх юм алга. Чанга дуутай, орос хромон гутлыг гармошик гарган дарж өмссөн нэлээд ганган дэслэгч цолтой дарга бидний 6 цэргийг дагуулж явлаа. Явах замдаа нөгөө дэслэгчээс:
-Ах аа 134 дүгээр анги гэж хаана байдаг, юун анги вэ гэж асуугаад хариуд нь нэг сайн зандруулж аваад нам болж билээ. Энэ дэслэгч нь тэр үед ЗХУ-д УАЭХЦ-ийн дээд сургууль дөнгөж дүүргээд ирсэн Даваадорж гэж офицер байж билээ.

Ингээд Хар усан тохойд Туул голын эрэг дээр барьсан палатканд лав л 7-8 хоносон, өдөрт 10 орчим, түүнээс цөөн цэрэг шинээр ирнэ. Лавлаж сонирхвол голдуу л дээд сургуулийн 1-2 дугаар ангид сурч байсан, эсвэл аль нэгэн техникум төгссөн, мөн 10 дугаар ангийг энэ онд төгссөн нөхдүүд л байх. 134 дүгээр анги нь Дархан хотод байрладаг, шинээр байгуулагдаж байгаа, зэвсэглэл нь их л нарийн техниктэй юм гэнэ гэсэн бүдэг бадаг сураг гардаг юм байна.

Ингэж би гэдэг хүн 1970 онд шинээр цэрэгт татагдсан он жавуудынхаа хамтаар АА-ийн 134 дүгээр анги буюу зенит пуужингийн II дивизионы ууган цэрэг болох бахархалтай амьдрал маань, бүр цаашлаад 30 орчим жил ажил, амьдрал маань армитайгаа холбогдох хувь заяа энэ ангиас эхэлсэн юм даа. Ингээд 7 дугаар сарын эхээр Дархан хотоос баруун тийш 20 гаруй километрт "Ширээ нуруу" хэмээх дэнжид байрласан нэлээд олон палатканд хүрэлцэн очсоноор тухайн үед цэргийн анхан шатны бэлтгэлийн үеийн карантин гэдэгт орлоо доо.

Энэ үеийн цэргийн карантины дэг журам, сургалт, өдер тутмын амьдрал, үйл явдлыг тухайн үеийн цэрэг дарга нар маань өнөө үеийн өвгөн буурал ахмадууд маань л мэднэ дээ. Ангийн байрлалын районд ердөө л шинэхэн хэдэн палатка, биднээс нэлээд зайтай ангийн үндсэн байрлал болох барилга байгууламжийгбарилгын цэргүүд барьж байх. Ирсэн даруйд бүх л юм цоо шинэ. Палаткууд, бидний ор дэр, хөнжил гудас, бүр хоол идэх аяга таваг хүртэл урьд огт хэрэглэж байгаагүй зүйлс угтаж билээ. ёстой л эр биеийн чадал, авхаалж шалгасан 40 гаруй өдөр хоногууд үргэлжилж, бид цэргийн анхан шатны бэлтгэлээ дуусгаж билээ.

8 дугаар сарын 10-дын орчим бид тангарагаа өргөх болсон учир урьд өдөр нь бүх бэлтгэлээ хангаж, хувцас хэрэглэлээ угааж цэвэрлээд, тангараг өргөх талбайгаа туг лоозонгоор чимэглэж бэлтгэл хийсээр их л орой амарцгаасан юм.  Хэвтээд удаагүй байтал тэнгэр дуугарч, аянга цахилгаан тачигнаж, аймшигтай хүчтэй салхи гарч аадар бороо эгээ л хувингаар асагах мэт орлоо. Энэ үед бараг л нөгөө галав юүлнэ гэгч нь энэ юм болов уу гэж бодогдохоор байж билээ.
Удалгүй палатка майхныг салхи авч шидээд 2 давхар орон дээр хэвтэж байсан цэргүүдийг лав л 2-3 метр хол шидсэн юмдаг.

Аянгын гялс хийх төдий гэрэлд харваас бүх майхан хавтгай болсон, энд тэндгүй л нүцгэн цэргүүд гүйлдэж, газраар ундуй сундуй хөглөрсөн зүйл харагдана. Ийм байдлаар үүр цайхын өмнө бороо зогсож, гэгээ орвоос байрлалын районд босоо үлдсэн нэг ч зүйл үгүй. Офицеруудын гэрүүд хүртэл нурж бүгд хавтгай болжээ. Дайн    болоод өнгөрсний дараах дүр зургийг кино дэлгэцнээс харж байсантай адил тийм л дүр төрх харагдаж билээ. Гэгээ орж өглөө болохын хамт хувцсаа өмсөх гэсэн бүгд байхгүй, салхи аваад арилжээ.

Бүх л карантинаараа эрэлд гарсан ч хааяа нэг өрөөсөн гутал, суран бүс, бутны оройд орооцолдож үлдсэн өмд, китель төдийхөн зүйл олдов. Ингээд бид хувцас байхгүй, нүцгэн, дан цагаан цамц, эсвэл майк, турсик төдийхэнтэй жагссан юм даг. Нөгөө тангараг өргөхөөр зассан хүндэтгэлийн байр, туг лоозон сураг ч байхгүй болжээ. Гэвч бид энэ өдөр тангарагаа өргөсөн л юм даа. Цуглуулан байж бүрдүүлсэн хувцсаа ээлжлэн өмсөж 4-5 уул нэг ээлж болоод буугаа цээжийдээ агсаж тангарагаа өргөцгөөж билээ.

Тэгээд зарим маань унасан тарсан, урагдаж хэмхэрсэн зүйлүүдээ сэргээн босгох, зарим нь салхинд унасан офицеруудын гэрийг босгох ажилд дайчлагдав аа. Би ангийн орон сууцны албаны дарга, бага дэслэгч Ванягийн гэрийг босгохоор хэсэг нөхдийн хамт хуваарилагдсан юм. Гэрийг нь босгох гэж ханых нь эрсийг буруу харуулж барьсан хэрэг мандаж нуруу руугаа унь хугартал гөвшүүлж байсан хөгжилтэй дурсамж үлдэж дээ.

Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдпээр манай оныхон эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангарагаа өргөж байсан нь олон давтагдаагүй тохиол байх аа. Энэ! өдөр бид ихэнх нь нүцгэн явцгааж, оройхон БХЯ-наас ирсэн шийдвэрийн дагуу ангийн нөөцөд байсан шинэ хувцсыг олгосноор ёстой нөгөө "сохорсон биш завшив" гэгчийн үлгэрээр дахин шинэ хувцас өмсөх завшаан тохиолдож, бид бөөн баяр болцгоож билээ. Ер нь бүх зүйл шинээр байгуулагдаж байсан учир ажил, хөдөлмөр ч нэлээд хүндхэн байж дээ.

Эд бүгдийн дотроос Ширээ нуруун дээр зэвсэг техникээ далдлах нуувч, окопуудыг ухах ажил хамгийн хүнд нь байсан юм. Тэр их том нүхнүүдийг бид ямар ч техникийн оролцоогүй улаан гараараа ухацгаасан юм шүү гэж дурсахад тус ангид алба хаасан дараа үеийнхэн гайхаж байсан. Улмаар    Дархан хотын төмөр замын буудлаас тэр үеийн ЗХУ-аас ачигдаж ирсэн зэвсэг техникээ хүлээн авч ангийн байрлалдаа татан авч ирэх нүсэр их ажил олон хоногоор үргэлжилж, бид ард нь гарснаар цэрэг даргагүй бүгд баяр хеөр болцгоож билээ.

Энэ үед ажиллаж байсан офицер, дарга нар бараг бүгд залуухан, ихэнх нь ЗХУ-д цэргийн дээд сургууль төгсөөд ирсэн 1-2 дахь жилдээ ажиллаж байсан шинэхэн залуучууд байсан. Удалгүй өвлийн улирал эхэлж маш их цастай хүйтэн жил болсон юм. Дүн өвлийн хүйтнээр бид дан даавуун палатканд амьдарцгааж, даарах хөрөхийг биеэрээ үзсэн юмдаг. Палатак, асар болгонд 200 л-ийн поошигоор хийсэн зуух байрлуулж өдөр, шөнөгүй мод түлдэг боловч тэрүүхэн орчиндоо халааж дулаацуулаад, майхны мухарт халуун дулаан илч хүрч очно гэж юу байх вэ.

Шөнө хөвөнтэй хөнжил, дээрээсээ цэмбэн шинелээр хучаад хэвтэхэд орон дотроо бөмбөгнетөл чичирч байгаад өдрийн ажилдаа ядарцгаасан бид өөрийн эрхгүй л нойрондоо нам цохиулж өглөөтэй золгодог байлаа. Идэх хоолоо ангийн гал зуухнаас байрандаа авч ирээд хөлдүү талхаа түлээний сүхээр бяц цохиж няцлаад халуун цай, шөлөндөө хийж гэсгээгээд идэцгээдэг байж билээ. Цэргүүд усанд орно, нүүр гараа угаана гэдэг ердөө мартагдсан зүйл байлаа. Ингээд шинэ жилийн дараахан бидний амьдрах казармууд ашиглалтад орсноор шилжин байрласан нь ёстой л нөгеө диваажин гэгч нь ийм байдаг байх даа л гэж бодогдож байж билээ.

Тэр үед улс орны болоод армийн удирдлагаас хүйтэн дайны хэнээрхэлд автаж цаг хугацаатай уралдаж, байлдааны бэлэн байдал гэдэг үл үзэгдэх хийрхэлд захирагдаж байснаас бус хүнээ огтхон ч боддоггүй байсны нэгэн жишээ юм даа гэж өнөөгийн өндөрлөгөөс дурсаж сууна. Эхлээд цэргийн байр, амьдрах орчин, зэвсэг техник, эд ахуйгаа хадгалах байр саваа бэлэн болгочихоод хүмүүсээ авч шинэ ангиа байгуулж болох л байсан. Гэсэн ч тэр үеийн бэрхшээл бидэнд муу юм болоогүй, харин ч хатуужил, тэвчээр суулгасан амьдралд өгөөжтэй болж өнгөрч дээ гэж өвгөн би одоо мунхаглаж сууна.

Шинэ дайчид бид тангарагаа өргөөд гурван жил албаа хаах үндсэн салбартаа хуваарилагдахад миний бие дэслэгч Галиндэв захирагчтай Тагнуулын салаанд СРЦ-ийн паланшетчин цэрэг болж томилогдов. Манай салаа СРЦ тасаг, холбоо тасагтай бүрэлдэхүүндээ 20 орчим хүнтэй байлаа.


1971 оны хавар явагдсан ангийн захирагчийн шалгалтаар бүх хичээлдээ "онц" суралцсан учир би ахлах байлдагч цолоор, 6 дугаар сард 1968 оны цэрэг халагдаж тасгийн дарга хэмээх албанд томилогдож бага түрүүч цолоор шагнагдаж байлаа. 1971 оны зун дэслэгч Галиндэв захирагч маань /хожим хурандаа цолтой Дундговь аймгийн цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан/ албан тушаал дэвшиж Улаанбаатар хот руу томилогдож оронд нь сургууль дөнгөж төгссөн дэслэгч Аюушжав манай салааны захирагчаар томилогдон ирж билээ.

Ингээд бид 1971 оны намраас байлдааны жижүүрлэлтэд гарч эхэлсэн юм. Энэ байдалд дараах үйл явдал нөлөөлсөн байх. 1971 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна. БНХАУ-ын БХЯ-ны сайд байсан Линь-Бяо-ийн хөлөглөж явсан онгоц манай улсын нутагт учир битүүлэг шалтгаанаар сүйрч, энэ нь дэлхийгээр шуугисан үйл явдал болсон юмдаг. Уг онгоцонд Линь-Бяогийн гэр бүл, ойр дотны хүмүүс явсан гэдэг. Тухайн үед Мао Цзэ-Дүнтэй муудалцсанаас Мао-ийн амийг хорлох ажиллагаа явуулж үйл ажиллагаа нь бүтэлгүй болмогц Линь-Бяо орос руу зугтаж яваад онгоц нь осолдсон тухай цуурхал ч юм шиг яриа гараад өнгөрсөн юм даг. Түүний онгоцыг БНМАУ-ын хилийг нэвтэрч нутгийн гүнд хүртэл явахад тухайн үед манай агаарын хяналтыг хийж байсан орос цэргийн ангиуд, манай өөрийн цэргийн ангиуд ч мэдээгүй юм билээ.

Алба маань хэвийн тайван үргэлжилсээр 1972 он гарав аа. Хавар 5 дугаар сарын эхээр шиг санаж байна. Нэг өдөр ЗХУ-д цэргийн дээд, дунд сургуульд сонсогч элсүүлэхээр БХЯ-ны боловсон хүчнээс хүн ирсэн сураг    гарлаа. Өдөр нь ангийн захирагчийн өрөөнд дуудаж байна гэсэн тушаал жижүүрээр дамжин над ирлээ. Тушаал ёсоор ороод захирагч, дэд хурандаа Нанзайхүүд илтгэв.

Хажууд нь нилээн ширүүн харцтай, халзан толгойтой дэд хурандаа цолтой, ахимаг насны дарга сууж байлаа. Нанзайхүү дарга маань нөгөө хүнд миний дуудуулсан цэрэг энэ байна Бага түрүүч Амгалан гэдэг гэж байна. Гэтэл нөгөө дарга /дэд хурандаа Долгордорж/ миний талаар лавлаж байснаа ЗХУ-д цэргийн сургуульд хүн элсүүлж байна. Чамд цэргийн сургуульд сурч төгсөөд ирээдүйд цэрэг армитай амьдралаа холбох бодол байна уу? гэж палхийтэл асуугаад, танай ангийн захирагч, ирээдүйд офицер болох боломжтой хүн гэж чиний тухай танилцуулж байна гэв.

Яг энэ үе хүртэл би цэргийн хүн болж, офицер болно гэсэн бодол байгаагүй юм. Халагдаад ХААДС-д үргэлжпүүлэн сурч төгсөнө гэж боддог байсан. Нөхөр дэд хурандаад илтгэе! Энэ талаар би өөрөө бодож байж шийдвэрээ хэлье гэж илтгээд гарлаа. Байр руугаа ороод болсон явдлын талаар салааны захирагч, дэслэгч Аюушжавт илтгээд бид хоёр зөвлөлдөв. Дарга маань чи цэргийн сургуульд явах нь зүйтэй. Тэгэхдээ бүр улс төрийн дээд сургуульд яв.

Украины Львов хотод цэргийн улс төрийн дээд сургууль байдаг юм. Тэнд манай монголчууд сурдаг юм. Чи ирээдүйд цэргийн улс төрийн ажилтан бол, энэ талаар чамд авьяас, чадвар бий гэж ятгалаа. Уг нь би салааныхаа ухуулагч гэж албанд томилгоотой, бас ч үгүй ангийн тэргүүний гэсэн сэтэртэй байсан нь нөлөөлсөн болов уу? Гэхдээ миний эрхэм дарга ирээдүйг маань зөв олж хараад замыг маань чиглүүлж өгч дээ гэж хожмоо би Аюушжав даргадаа ямагт талархаж явдаг юм даа.

Дарга маань хэдийгээр тэнгэрийн орондоо заларсан ч таныгаа би ямагт дурсаж, хүндэтгэж явдаг даа Ингээд л өргөдлөө бичиж, дэд хурандаа Долгордоржид өгснөөр сургуульд элсэх бүрэлдэхүүнд багтаж, ангиасаа 30 орчим цэрэг Зил-130 машины тэвшин дээр чихэлдэн байж Улаанбаатарт ирж эмнэлгийн үзлэг, ерөнхий эрдмийн шалгалтад орж, намар нь 8 дугаар сарын 20 хүртэл карантинд бэлтгэл хийж байгаад өөрийн хүссэн Львов хотын цэргийн улс төрийн дээд сургуульдаа элсэн орсон билээ.

Анх ангиас 30 орчим цэрэг ирж байсан бол намар нь ердөө 4-үүл үлдэж I батарейнд алба хааж байсан 1969 оны цэргүүд болох түрүүч С.Нэргүй, Г.Асралжав бид гурав Львовын сургуульд, зэвсэг засварын салаанд алба хааж байсан манай оны цэрэг, бага түрүүч Арсланбаатар Одесс хотын ЦНДС-ийн их бууны ангид элсэн орцгоож, бусад нөхөд маань албаа үргэлжлүүлэн хаахаар анги руугаа буцацгааж билээ.

Чөлөөнд байгаа хурандаа Н.АМГАЛАН

Эх сурвалж: "Соёмбо" сонин