sonin.mn

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй X ээлжийн Цэргийн багийн бие бүрэлдэхүүний дунд зохион явуулсан "Эх орон" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд эхний байруудад шалгарсан бүтээлийг сонирхуулж байна.

Xүний орчлонд хүн болж төрөөд, Монгол гэдэг Ази тивийн нэг улсад иргэн нь, хүү нь болж төрсөн минь асар том хувь зохиол гэж хэлэх байна. Би "Миний эх орон бол Монгол, би эх орондоо хайртай, Монгол хүн" гэж хэлэх дуртай, мөн олон хүмүүс хайртай гэж хэлэх дуртай байдаг болов уу гэж бодож байна. Бид эх орондоо амьдарч байгаа үедээ эх орон гэж юу болох, түүнийг хэрхэн хайрлах, түүний төлөө зүтгэх талаар боддоггүй, зөвхөн би, бид болж байвал, амьдрал хангалуун, идэх хоол, өмсөх хувцас, унах машин, дулаан, тав тухтай байр гээд энэ бүгд байхад болоо л гэж амьдардаг.

Гэтэл эх орон гэж шал өөр зүйл, тэр байр, машин, сайхан хоол, амьдралаас илүүтэй зүйл байдгийг миний бие гадаадад үүрэг гүйцэтгэх, сурч байхдаа ойлгож авсан, магадгүй болдог бол монгол хүн бүрийг хилийн дээс алхуулаад авчирах юмсан. Тэр үед олон зүйлийг ойлгох, тэр эх орон гэдэг нандин зүйлийг, тусгаар улсын бүрэн эрхэт иргэн гэдгийг, ямар байвал эх орноо хайрлах, хамгаалахыг, хойч үедээ өвлүүлэхийг бүрэн ойлгох болов уу гэж боддог.

Бид Монгол Улсын хойч, ирээдүйн залгамж болсон иргэний хувьд "Миний эх орон" би чамд хайртай гэж үргэлж хэлэх хэрэгтэй юм. Бидний өвөг дээдэс агуу түүх, алдар гавъяаг байгуулсан, өнөөдөр биднийг Чингисийн Монгол гэж дэлхий мэддэг, дэлхийн түүхэнд энэ хүн, түүний байгуулсан үндэстний талаар судлан суралцаж байна. Өнөөдөр дэлхийд нүүдлийн соёл, амьдрал ахуйг хадгалан авч үлдсэн үндэстэн биднээс өөр байхгүй болжээ.

Энэ ахуй, амьдрал нь байгаль дэлхий, эх нутгаа хэрхэн зөв ашиглах, хамгаалах, хайрлах талаар амьдрал дээр бодит шинжлэх ухаанаар тооцож амьдарч байдаг талаар цөөнгүй эрдэмтэн хэлсэнтэй санал нэгдэх олон хүн байгаа гэж боддог.

Нүүдлийн соёлгүйгээр бид өөрсдийгөө төсөөлж үл болно, бидний эд, эс бүхэнд шингээстэй байгаа тэр омог бардам эрэмгий зан төрх, сэтгэл мэдрэмжийг та зөвхөн хурдан морины уралдаан үзэхэд, бөх барилдахад, сур харвахад, морь сургахад, адуугаа хураахад, айргаа уухад, амрагаа тэврэхэд, хүүгээ өндөрт өргөж өхөөрдөхөд, аавтайгаа хүүрнэлдэхэд, ээжийгээ баярлуулахад, уртын дуугаа дуулахад, эмээдээ туслахад, уулын оройд овоон дээрээс алсыг харахад, үлээж байгаа салхинд, нүүж яваа үүлэнд, үйл уралж буй үйлчин бүсгүйн утсанд, манай, танай гэрийн хойморьт, монгол гэсэн бүх зүйл, тэнд бидний эх орон байдаг.

Монгол эх орны талаар уран сайхан шүлэг, хэллэг, бүтээлээр нь Монголын яруу найрагчдын уран бүтээлүүдийг унших, сонсоход үнэхээр яруу тансаг байдаг билээ. Түүн дотроос хэлбэл, "Би хаана төрөө вэ" Б!явуухулан, "Миний нутаг" Д.Нацагдорж, "Ерэн баатарын дууль" Ш.Сүрэнжав гээд олон зохиолоос эх орны тухай уншиж болно.

Тухайн бүтээлд эх орны талаар нүдэнд харагдаж, гарт мэдрэгдтэл хэлсэн байх бөгөөд энэ нь урлаг соёлоор залуу үедээ мэдээлэл өгч ойлгуулах том санаа явдаг байх, магадгүй зарим залуу үед энэ нь бага мэдрэгдэж байдаг болов уу, яагаад гэвэл бидний мэдэхгүй, орхигдсон зан үйл, ойлгож авч үлдээгүй өв соёл, гэрийн боловсролоос болдог байх гэж би ойлгодог. Энэ талаар та ч гэсэн бас бодож, ирээдүйдээ хэлж, сургах үүрэгтэй шүү гэж хэлэх байна.

Эх орон гэж энгийнээр хэлэхэд мандаж буй төрийн далбаанд, төрсөн гэр, хөлд орсон газар, ессөн амьдрал ахуй, ундаалсан ус, учирсан тавилан, гишгэж байгаа миний нутгийн хөрс, ээжийн минь цагаан сүүний цацал, өглөө мандаж буй нарны туяа, аргалын утаа үнэртсэн хөдөө талд, эх нутаг газар шороонд, уул, ус агаар, амьд байгаль, амьтан ургамал, мал сүрэг, өвөг дээдсийн түүх, алдар гавьяанд, хайралдаг бүх зүйл, гэр бүл, аавын айлдсан сургаалд, сургасан амьдралд, засаг төр, хил хязгаар гээд бид бүгдийн сэтгэл шингэсэн, хийсэн бүтээсэн, ирээдүйн үйл ажиллагаа маань бидний эх орон билээ.


Монгол улсын хөдөлмөрийн баатар Х.Бадар-Ууган олимпийн аварга болсон агшиндаа СГЗ Ш.Гүрбазарын
"Тийм ээ би Монголоороо гоёдог,
Айрганд нь ардын дуу иссэн Монголоороо гоёдог,
Зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" хэмээх шүлгийг омог бардам хэлж байсан. Түүнийг сонсоод хүн бүр олон зүйл бодож сэтгэл хөдөлсөн байх, миний хувьд сэтгэл хөдөлж, бас эх орноороо омогшиж байсан.

Цаг үе хувьсан өөрчлөгдөж, техник технологи маш олноор нэвтэрч, ахуй амьдралд улам гүн орсоор байгаа билээ. Орчин үед үүний нэгэн адил Пэйсбүүк /Facebook/ сайтыг ашиглан олон хүн өөрийн санаа бодлоо илэрхийлж байна. Түүнийг зөвөөр ашиглах, эх орноо сурталчилах, хойч үедээ ойлгуулж үлдээх үүрэг бид нарт байгаа юм. Эх орноо бид л авч явна, дараагийн үедээ өвлүүлэн үлдээнэ.

Бид орчин үеийн цаг хугацаанд түүнд нь тохирсон арга замаар шинэ үедээ энэ сайхан ахуй соёл, Монгол хүний амьдрал, агуу үндэстний талаар мэдээллээ өгч, ирээдүйн замыг нь зааж өгөх хэрэгтэй байна. Эх орны төлөө халуун амь, амьдралаа зориулсан зарим алдартай хүмүүс эх орны талаар олон сайхан үг хэлсэн байдаг.

Тухайлбал, БНМАУ-ын маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, улсын тэргүүнээр 40 жил ажилласан Ю.Цэдэнбал гуай "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, Үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно", БНМАУ-ын маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, улсын тэргүүнээр ажилласан Х.Чойбалсан гуай "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв", Хатанбаатар Магсаржав Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байхдаа "Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой", Их эзэн Чингис хаан "Алд бие алжаавал алжаа-тугай, Ахуй төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбол зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай" гэж хэлсэн нь "Эх орон" гэж тусгаар\лс, түүний бүрэн эрхт иргэнтэй байх, хил нь бүрэн бүтэн, харах хүнтэй, амьдрах эх газар, нутгаас бүрдэж байгааг бэлээхэн ойлгож болно.

Өнөө цагг баян Монгол орныг, ард иргэдийг байгуулахын тулд хүн бүр эх орны төлөө цохилох зүрхтэй, хайрлах сэтгэлтэй, зөв санаа бодолтой, хийж бүтээх эрмэлзэлтэй байж, бие биенээ элдэг хайрладаг, хууль дүрмээ ,агаж, мөрддөг байх нь чухал, тэгэж гэмээ нь бид эх орноо хөгжүүлнэ, хойч үедээ миний, чиний зүрхэнд байгаа эх орон, дэлхийд данстай Монгол Улсаа үлдээх болно.

Бид энэ сайхан эх оронд төрөн, иргэн нь болсон маань учиртай байх, эх орны хүү болсон нь ч бас учиртай байх. Энэ дэлхийн халуун цэгт ажиллаж байгаа маань ч бас утга, учиртай юм болов уу. Үүнийг бид бүгдээрээ ойлгож дэлгэр сайхан эх орноо ■ хайрлаж, дэлхийд бүгдээрээ эх орноороо гоёж, Монгол гэдэг бурханы зургаан үсэгтэй нэрээр нь үргэлж гангарч амьдрая.

Эх орон тандаа, өвөг дээдэс, алтан нутаг усандаа, амьд байгаль, алтан соёмбот далбаандаа, хөх толбот монгол хүн та нартаа залбирч, хүний амьдралын оногдсон цаг хугацаанд ч, үр хүүхдүүдээрээ ч эх орон таны төлөө зүтгэж явах болно гэдгээ эх орны хүү, эр цэрэг би амлах байна.

Миний дотор эх орны хөгжлийн талаар олон санаа байдаг тэрний нэг нь нүүдэлчин ахуй амьдралыг түшиглэсэн нэгэн гарц байгаа гэж боддог. Өнөө, ирээдүйн цаг дор газрын баялаг шүтэх биш, мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлж, дэлхийн хүнсний хэрэгцээг мал, махаар хангасан эдийн засаг бидний орны нэг хөгжил байх болов уу гэж иргэн хүний үзэл бодлоор өөрийн саналаа нэмэх байна. Монголын үндэсний радиогоор "Мал чандмань эрдэнэ" гэдэг нэвтрүүлэг явдаг байсан.

Тухайн үед би нэг их сайн тоодоггүй байж, харин одоо бол үнэхээр үнэн нэвтрүүлэг байж, нэвтрүүлгийн дундуур "Хэл, хил, мал, гуравтайгаа байвал хэн баян бэ? Монгол баян" гэж хэлдэг байсан. Энэ үнэхээр үнэн үг, ирээдүйн манай улсын хөгжлийн бодлого баймаар, цаг алдалгүй барьж, төр засгийн бодлого болгож, түүнийг бүх талаар хэрэгжүүлж, энэ салбарыг хөгжүүлмээр байдаг юм. Эрхэм уншигч та ч гэсэн энэ саналаар нэгийг бодож үзээрэй гэж хэлэх байна. Мөн үүнтэй санаа нийлэх хүмүүс байгаа гэж бодож байна.

Морин хуурын эгшигтэй, уртын сайхан дуу, хөөмэйн өвөрмөц авиатай, яруу сайхан шүлэг зохиолтой, нүүдлийн дахин давтагдашгүй агуу соёл, түүхтэй, нүдээр үзээд дуусашгүй, байгаль, ан амьтантай, хараа хүрч гүйцэмгүй тал, хангай, говь хосолсон нутаггай, таван эрдэнэ болсон таван хошуу малтай, танан цагаан гэртээ тааваар айьдран суудаг, энгийн гэхэд эгэл, жирийн гэхэд даруу, өнгө хосолсон хорвоод монгол эх орны төлөө хүн бүр цохилох зүрхтэй байх болтугай.

Миний Монгол эх орон минь үүрд мандан бадарч, агуу орноо хүн бүр хайрлаж, ассан гал шиг дүрэлзэж байх болтугай.

Цэргийн багийн X ээлжийн захирагчийн орлогч, дэд хурандаа О.ЗАЯАТ

Эх сурвалж: "Соёмбо" сонин