sonin.mn

Сүүлийн жилүүдэд манай улсад хүчээ авч байгаа нэг албан тушаал бол зөвлөх болон туслах. Төрийн болон төрийн бус байгууллага, цаашлаад томоохон корпораци, компаниуд дэргэдээ салбар бүрээр мэргэшсэн зөвлөхтэй байх нь олон болсон. Харин туслахын орон тоо зөвлөхийг бодвол тийм ч олон биш.

Хэн нэг дарга, захирал туслахтай байх нь бий. Үүний дотор УИХ-ын гишүүд дэргэдээ туслах гэсэн статустай байх нь бий. Харин зөвлөхийн албан тушаал бол туслахаас харьцангуй дээгүүр гэж хэлж болно. Учир нь зөвлөхөөр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь төрд олон жил ажилласан байхаас гадна ямар нэг салбараар мэргэшсэн хүн байх нь элбэг.

Манай улсын хамгийн олон зөвлөхтэй хүн бол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж. Улс орон толгойлж, бодлого шийдвэр гаргаж байгаа хүний хувьд олон зөвлөхтэй байхыг буруутгах аргагүй. Гэхдээ мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэр баргийн хүн ажиллахгүй. Тодорхой хэмжээ хязгаар энд бий.

Товчхондоо, Ерөнхийлөгчид зөвлөж байгаа эрхмүүдийг "Шалгарсан хүн" гэж нэрлэж болно.  Ийм ч байх учиртай. Нэг ёсондоо Төрийн тэргүүнд, цаашлаад түмэн олонд зөвлөж байгаа тэд өндөр мэдлэгтэй байхаас аргагүй. Зөвлөхүүд өөрийн хариуцсан асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвлөхөөс гадна өөр хоорондоо зөвлөлддөг.

Ингээд олон талаас нь ярилцсан зөв санаагаа төрийн тэргүүнд танилцуулах үүрэгтэй. Ерөнхийлөгч Монголын хүн болгонтой уулзаж, санал бодлыг нь сонсох боломжгүй учраас зөвлөх, Тамгын газрын ажилтнууд энэ ажлыг гүйцэтгэдэг гэхэд болно.

Товчхондоо, зөвлөхүүд өөрийн хариуцсан салбараар аль болох олон хүн, эрдэмтэн мэргэд, олон түмэнтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсч, бодлого чиглэл боловсруулж, Еренхийлөгчид танилцуулах зорилготой ажилладаг. Харин одоо энэ бүх шалгуурыг хангасан эрхмүүдтэй хамтдаа танилцъя.

Өнөөдрийн байдлаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр долоон хүн ажиллаж байна.

Үүнд, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд нар Төрийн тэргүүний ажилд туслалцаа үзүүлж байна.

Эдгээрээс хамгийн олон жил ажиллаж байгаа бөгөөд чухал хариуцлага хүлээсэн нь Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Лүндэнгийн Пүрэвсүрэн юм. Түүний хувьд гадаад харилцааны салбарт 20 гаруй жил ажилласан нэгэн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны сургууль төгсч ирээд баруун европын чиглэлээр голдуу ажиллаж байсан гэдэг.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэйгээр төлөөлдөг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үйл ажиллагаанд нь шууд оролцдог цөөхөн салбарын нэг нь гадаад бодлого. Энэ чухал салбарын зөвлөхөөр ажиллаж байгаа хүн бол Л.Пүрэвсүрэн юм.

Түүний хувьд Ерөнхийлөгчийн гадаад томилолт бүрт хамт явдаг бөгөөд олон улсад Монгол Улс хэн бэ гэдэг талаар бүрэн дүүрэн ойлголттойгоос гадна маш олон хэлтэй, өндөр боловсролтой нэгэн. Дарга, түшмэдийн зөвлөхүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоос эхлээд муу нэртэй болсон энэ үед Л.Пүрэвсүрэнг хамгийн цэвэр зөвлөх гэдэг.

Дараагийн эөвлөхөөр Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярыг нэрлэж байна. Ерөнхийлөгчийн эөвлөхүүдээс олны танил болсон нь энэ хүн. АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссараар ажиллаж байхдаа л олонд танигдсан. Учир нь төрийн өндөр, дээр албан тушаалтнуудыг шалгадаг АТГ-ын үйл ажиллагаа хэзээд олны анхааралд байдаг.

Энэ ч утгаараа тус газраас хэвлэлийн бага хурал зарлахад эмх цэгцтэй ярьдаг, ам чангатай Ч.Өнөрбаярыг байнга сонгодог байсан нь түүнийг олны танил болохын эхлэлийг тавьсан гэхэд болно. Гэхдээ АТГ-т ажиллахаасаа өмнө тэрбээр Үндэсний аюулгүй байдлын эөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.

Товчхондоо, зөвлөх статустай ажилладаг эрхмүүдээс нас ахиж намба суусан хүмүүс ажиллахаас гадна зөвлөхийн албан тушаалыг "Дэвшүүлэн зайлуулах" алба ч гэж нэрлэдгийг үгүйсгэсэн ганц залуу. Хэдийгээр нас залуу, цус шингэн ч нас ахисан хойноо бус ид залуудаа зөвлөхийн суудалд суусан нэгэн.

Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулах үед АН-аас томоохон бялуу хүртэгсдийн тоонд түүний нэр зүй ёсоор багтаж байв. Хууль зүйн яамны дэд сайдад нэг хэсэг нэр нь ярьж байсан ч олны таамаг тэс хөндлөн байсныг илтгэж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогоор томилогдон ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс олны танил болсон дараагийн хүн бол Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын Эрхэмбаяр. Түүний хувьд зөвлөхөөр ажиллахаас өмнө улс төрд цөөнгүй жил ажилласан хуучин кадр. Тиймдээ ч өнгөрсөн 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч олны дэмжлэгийг хүлээж чадаагүй.

Энэ ч утгаараа олонхи зөвлөхийн жишгээр намынх нь удирдлагууд Л.Эрхэмбаярыг "дэвшүүлэн зайлуулах" аргаар зөвлөх болгосон гэдэг. Тэрбээр зүгээр ч нэг сонгуульд ялагдчихаагүй. Хэзээнээсээ Ерөнхийлөгчийн хүн гэх тодотголтой явсаар ирсэн түүнийг бие даан нэр дэвших боломжгүй гэж намыхан нь үзсэн ч Эбэгийн хүн учраас гэх хөнгөхөн шалтгаар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн гэх яриа байдаг.

Ямартай ч тэрбээр сонгуулийн үеэр мөнгө тараасан, сонгуулийн хорооныхонтой хуйвалдсан гэх тухай шуугиан хэсэгтээ л тасраагүй. Гэвч энэ бүхний эцэст түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсонтой зэрэгцэн Л.Эрхэмбаяртай холбоотой хэл ам харьцангуй намжсан гэж хэлж болно.

Ийнхүү ажин түжин суусан түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл оны өмнөхөн чих дэлссэн нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр "Давхар дээл"-ээ тайлсантай холбоотойгоор шинэ сайдын нэрийг ярьж эхэлсэнтэй холбоотой.

АН-ын фракцын зарчим улс төрд чухал өнгө болоод байгаа энэ үед МоАх фракцын хүн Х.Баттулгын орыг залгана гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад хамгийн магадлалтай хүнээр Л.Эрхэмбаярыг хэсэгтээ таамагласан ч УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж сайдын суудалд очсоноор энэ яриа намжсан юм. Бусад зөвлөхийн хувьд харьцангуй залуу хүмүүс бөгөөд ажлаа хийн,  ажин түжин сууна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: