sonin.mn

Шавар, шороо зэргийг шатааж, түүгээрээ чамин, тансаг зүүлт хийдэг Г.Тунгалаг хэмээх бүсгүйтэй уулзлаа. Энгийн даруу хэрнээ, эгэлгүй бүтээл урладаг түүний ярианаас сийрүүлснээ уншигч түмэндээ хүргэе.

-Керамик урлагийн талаар танилцуулна уу?

-Энэ бол чулуу, шаврын нэгдэл. Керамик гэхээр хүмүүс хатаасан шавар, ваар, тоосго гэж л боддог. Гэтэл энэ бол дотроо маш олон төрөлтэй нарийн урлаг юм. Миний хувьд тус материалаар голдуу зүүлт, бугуйвч хийж байна.

-Керамик материалын онцлог нь юу вэ?

-Шавар, шорооноос бүтдэг болохоор хүний биед янз бүрийн харшил, сөрөг нөлөө үзүүлдэггүй. Ялангуяа ходоод гэдэс, дархлаа зэрэгт сайн нөлөөтэй. Тийм ч учраас хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээгээс шавар, шороог шатааж, ваар урлан түүндээ хүнсээ хадгалж ирсэн байдаг. Мөн эдлэх, хэрэглэх тусам улам, өнгөлөг болдог.

-Таны зүүлтүүдийг хараад байхад эртний хэв маяг их анзаарагдлаа...

-МЭӨ-д хамаарах олон булш, эртний олдворуудаас ганцхан ваар л тэр чигээрээ элэгдэлгүй үлдэж хоцордог нь гайхалтай. Хүмүүс шаазан урлалыг хагарчихна гэж бодоод авдаггүй. Яг үүнтэй адил "Мянга хүртэл градуст зууханд хийж, шаврыг шатаан бий болгодог" гэж хэлэхээр бас л хагарах юм байна гээд яваад өгдөг.

Гэтэл огтхон ч тийм биш, янз бүрийн зүйлээр цохихгүй л бол эдэлгээ нь маш урт. Би өөрийн бүтээлээрээ аль болох уламжлалыг харуулахыг хичээдэг. Бөртэ чоно, Гуа марал, хас, цагаан уул цэцэг гээд л монголчууд бидний хайрлан билэгшээж, нандигнаж явдаг бүхнийг урлагийн бүтээл болгохыг зорьдог.

Өлзий хээ гэдэг чинь урт наслахын билэгдэл, эм хас тэмдгийг эртнээс хүчний билэгдэл болгон ашиглаж ирсэн гэх мэтчилэн хүүхэд залуустаа эртний уламжлалыг өөрийн бүтээлээрээ таниулдаг. Мөн ганц зүүлт гэхээсээ гадна түлхүүрийн оосор, гоёл чимэглэлийн эдлэл болгон хэрэглэж болно. Машин, хаалга, тотгондоо хэл ам, муу муухай зүйлээс сэргийлж зүүж ч болно.

-Та яагаад керамикчин болсон юм бэ?

-Гар урлалын үйлдвэр гэж байлаа. Би тэр газарт 1980 оноос хойш ажиллаж байсан. Одоо татан буугдсан л даа. Чухам тэр л газар намайг урлагийн хүн болгосон доо. Миний нөхөр мөн барималчин мэргэжилтэй. Би ч багаасаа урлагийн гэр бүлд өсч, хүмүүжсэн болохоор хийж буй зүйлдээ дуртай.

Мөнгө олохгүй байсан ч гэсэн энэ хэдэн хийж байгаа зүйлээсээ үргэлж сэтгэлийн таашаал авч суудаг даа. Би ер нь зүүлт болгоноо урлагийн бүтээл гэж төсөөлөн хийх дуртай.

-Тань шиг ийм материалаар зүүлт хийдэг хүн байдаг уу?

-Байдаг шүү. Их дэлгүүр, зарим нэг бэлэг дурсгалын газарт керамикаар бүтээсэн янз бүрийн зүйлс хийж, зардаг хүмүүс бий. Гэхдээ хүн бүрийн арга барил, онцлогоос шалтгаалаад янз бүр байдаг.

-Ер нь хүмүүс Таны бүтээлийг хэр ойлгож, худалдан авдаг вэ?

-"Номадс" гээд бичигтэй үхэр тэрэгний хөсөг бүхий зүүлтийг хүүхдүүд харчихаад "Өө энэ чинь Номадс сүлжээ ресторан байна шүү дээ" гэж андуурдаг. Үүнээс анзаарахад залуу үе маань юмсыг өнгөцхөн хардаг болжээ. Мөн эх түүхээ мэдэхгүй хүмүүжиж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Арга ч үгүй дээ ном, сонин уншихгүй болохоор яаж энэ бүхнийг ойлгохов.

Гэр бүлээрээ амрахаар Хархорин хотод очтол гадаадын жуулчдад борлуулж байгаа зүйлс дандаа хятадын бараа байсан. Бид түүхийн үнэт дурсгал бүхий газрууддаа өөрсдийнхөө л зүйлсийг зармаар байгаа юм. Монголчуудын эртний нийслэлээр аялаад ирлээ гээд хятадын түлхүүрний оосор хүнд үзүүлэх нь утгагүй.

Түүнчлэн өмнө нь би их дэлгүүрт бараа нийлүүлдэг байлаа. Гэтэл одоо зүүлтээ нийлүүлье гэхээр гял цал бараа байх хэрэгтэй гээд тоодоггүй. Тэгээд баахан хятадын бараагаар улсынхаа дэлгүүрийг дүүргээд байгаад нь би үнэхээр сэтгэл өвдөж явдаг. Төр Монгол орныг сурталчилж байгаа хүмүүсээ олж харах нь л чухал байна.

-Нэг бүтээл хийхэд хичнээн хугацаа шаарддаг вэ?

-Жижиг хэмжээтэй нэг зүүлт гэхэд дунджаар 10 дамжлагаар ордог. Хэвэнд цутгахаас эхлээд өнгө будгийг нь тааруулна, зурж, зүснэ гээд л чимхлүүр ажил ихтэй. Мөн ганцхан миний хэрэглэдэг нууц технологи ч энд ордог. Гараас минь гарч байгаа ширхэг бүтээл болгон минь хэзээ ч дахин давтагдашгүй байдаг. Зүүлтүүдээ эртний эдлэл мэт харагдуулахыг зорьдог.

-Цаашдаа юу төлөвлөж байна вэ?

-Хийж буй зүйлээ үйлдвэрлэлийн хэмжээнд болгоод жуулчдад эх орныхоо соёлыг сурталчлах болно. Ялангуяа түүх дурсгалын газруудыг керамикаар урлаж, бэлэг дурсгал болгоод ганцхан монгол хүн л үүнийг хийж чаддаг юм шүү гэдгийг олон улсад харуулахыг мөрөөддөг.

Ярилцсан Танд баярлалаа.

Эх сурвалж: "Соёмбо" сонин