sonin.mn

Буриад түмний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “АЛТАРГАНА-2014”  наадам Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсанаас хойш өдгөө 20 дах жилтэйгээ золгож байна.

Энэ жилийн “Алтаргана-2014” наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд 20 жилийн дараа анх зохион байгуулагдаж байсан Дадал сумандаа боллоо. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байгаа юм.

Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй БНХАУ, ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. Энэ жилийн “Алтаргана-2014” наадамд  эдгээр нутаг орноос 10 мянга гаруй зочид төлөөлөгч оролцлоо.

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

20 дах удаагийн “Алтаргана-2014” наадмыг Монгол Улсын Ерөнхиий сайдын ивээл дор  ССАЖЯам болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан бөгөөд урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж хүч чадал, ур ухаан, авъяас чадвараа уралдуулж шилдэгээ тодруулсан юм.

Энэ үеэр зохион байгуулагдсан уралдаан тэмцээнээс дурдвал:

Их нас, соёолон, дааганы уралдаан,

буриад бөхийн барилдаан,

буриад сурын харваа,

“Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан,

Үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан,

Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/,

Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангилалаар/,

Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.

Медалийн тоогоор эхний 3 байрт:

ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл.

Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл.

БНХАУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай буцлаа.

Ч.Ариунболд

Эр сурвалж: "Монцамэ" агентлаг