sonin.mn

Монголын төрийн тогтолцооны хэв маяг, явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь ардчилсан хэмээх алчуур дор нуугдсан харамч, хахир, шуналтай, атгаг, бусдыг хуурсан, мэхэлсэн, мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний өмнө зусардсан өөдгүй өнгө төртэй болон хувирч байна.

Нийгэм тэр чигтээ намын эрх ашиг ярьсан даргаа шүтсэн, намаа дагаж, намдаа хандив, нэрийдлээр хахууль өгч албан тушаалд хүрсэн дарга л үнэн хэлдэг бусад нь худал ярьдаг мэт ойлголтыг нийгэмд түгээх болов.

Монголын төрийг гаднаас нь харвал Англи-Саксон маягийн ардчилсан мэт харагдавч дотор тал руу нь өнгийгөөд үзвэл дорно дахины буюу тэр дундаа хятад маягийн "Бүдүүн дарга"-д л шүтэх дүр төрх хэдийнэ бий болоод бүр "нутагших" янзтай.

Даргын дүрдээ хувирч, жүжиглэж ядан ардчиллаар бамбай хийж, амьдрал сайхан байна гэж ичихгүй ярьж чаддаг шинэхэн дарганцарууд. Бүтэж байгаа ч юм гэж алга. Зун болонгуут бүгд наадам хэсээд, найрлаад алга болцгоов. Долларын ханш нь дөрвөн оронтой тоогоо голоод таван оронтой тоо руу жирийж одов.

Найр дуусаад хотод ирэхэд нь жолоо цулбуургүй алдуурсан долларын ханш, тавиад туусан эдийн засаг, тал дүүрэн хурааж дийлэхгүй тариа, хурааж амжаагүй хадлан, намрын хүйтэн шамарга угтах биз. Өмнө нь угтаж буй зовлонг бус жаргалыг нь түрүүлж хардаг нь дорно дахины ард түмэн тэр дундаа хятад хүний онцлог.

Монгол төрийн дарга нар зуны найртаа бялуурч, намрын улирал болсон ч их ажпын бус их найр, хуримын заллагад дарагдана. Дарга нарт зусардагсад хүүгийнх нь, охиных нь, дүүгийнх нь найранд хэдэн зуун саяын бэлэг өргөж, амьдрал сайхан байна хэмээн хундага тулгана.

Ингэсээр нэг л мэдэхэд зусардагсдын төр дараагийн зусардагсдаа залсаар өөрөө өөрсдийгөө мөхөөдөг нь Хятадын түүхийн уламжлал. Энэ бол хятад маягийн төрийн тогтолцоо бөгөөд тэд хэдийгээр энэ байдлаа мэддэг ч "Бүдүүн дарга"-аасаа айх айдас нь тэднийг улам л хөшүүн, хөгжил цэцэглэлтгүй болгосоор ирсэн.

Гэтэл хятад маягийн "дарга шүтэх" тогтолцооноос хэдэн зуун жил сэргийлж, төр сульдаана хэмээн сэрэмжилж ирсэн атал өдгөө тахин шүтэх болов. Төр төмөр нударгатай гэж монголчууд ярьдаг.

Төр, төмөр нударгатай байж гэмээнэ дарга нарын эрх мэдлийг хумьж чаддаг. Харин төр нь дарга нартаа захирагддаг болсон цаг үед улс орны амьдрал уруугаа явна уу гэхээс өөдөлсөн түүх ер үгүй. Бид төргүй, "Дарга төр"-тэй болчихоод л манаргаад байна. Хэдэн жил ингэж манаргах юм бол, уг нь Монголын заяа их л гэдэгсэн.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: