sonin.mn

Монголчууд эрт үеэс эдүгээ хүртэл жилдээ нэг тэмдэглэдэг үндэсний их баяр наадмаараа баярлаж, нутаг усаараа амарч, бүх нийтээрээ найрлаж ирсэн түүхтэй ард түмэн. Хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, эрхий мэргэнээ сорьдог энэхүү уламжлалт баярыг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэдэг болсон нь Ардын хувьсгалтай салшгүй холбоотойг түүхээс харж болно.

Өөрөөр хэлбэл, 1921 онд Ардын хувьсгал ялж, 1925 оны тавдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас "Ардын наадам"-ыг дээрх өдөр хийж байхаар тогтсон байдаг. Түүнээс өмнө Цэргийн наадам, Арван засгийн наадам гэх мэтчилэн нэрлэж зуны тэргүүн сард тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тухай түүх бий.

Харин Ардын хувьсгалаас хойш энэхүү баяр наадам 93 дахь жилдээ үргэлжилж байна. Жилдээ ганц болдог баяр наадмаараа монголчууд уламжлалт зан заншлаа сэргээж, түүх соёлоо хүндэтгэн, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан өвөг дээдсийнхээ алдар гавьяаг дурсдаг уламжлалтай.

Гэвч сүүлийн жилүүдэд эрх баригчид үзэл суртал, үзэмжээрээ түүхэн уламжлалыг өөрчилж, баяр наадмын утгыг алдагдуулж эхэлснийг ахмадууд шүүмжлэх боллоо. Тухайлбал, өнгөрсөн жилийн баяр наадмаар "Ардын хувьсгалын 92 жилийн ой"-г хасч оронд нь "Ардчилсан хувьсгалын 23 жилийн ой" хэмээн бичсэн нь бий.

Энэ нь ард түмний дургүйцлийг ихээхэн хүргээд авсан. Харин өнөө жилийн баяр наадмаар АН-ынхан Ардын хувьсгалын ойг сэргээн оруулсан ч нээлтийг "Хонхны дуу"-гаар эхлүүллээ. Юун тэр ард түмний наадам, ардын баяр вэ...

Уг нь үеийн үед наадмаар уртын дуу, морин хуураа эгшиглүүлж, үүнд нь монгол түмний сэтгэл сэргэж, омогшдогсон. Тэгээд ч үндэсний их баяр наадам бол эв нэгдлийн бэлгэдэл. Гэтэл АН-ынхан өнөө жилийн баяр наадмаар

"Урьд шөнө хар дарж зүүдлэлээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ..." хэмээх бослого, тэмцэлд уриалсан дуугаа ард түмний эв нэгдлийн их баяр наадмын нээлтэд дуулуулсан нь ямар учиртай вэ. Нөгөө талаар "Түүхэн уламжлал..." хэмээн яриад байдаг гавьяат жүжигчин Д.Сосорбарамын толгой хаашаа эргэв.

Баяр наадмын нээлт, хаалт, төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт гээд урлаг соёлын арга хэмжээнд наадмын нийт төсвийн 42.6 хувь буюу 946 сая төгрөгийг зарцуулах эрх авсан энэ хүн АН-ынханы сурталчилгааг хийхээс өөр аргагүйд хүргэв үү. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар бол эрхэм гавьяатын зохион байгуулсан ажилд нэг тэрбум шахам төгрөх ахадсан тоо аж.

"За яахав, энэ их мөнгийг баруун, зүүнгүй цацаад л дуусгаа биз" хэмээн бодож болох. Харин иргэдийн олонхи нь "Үндэсний их баяр наадмыг "Хонхны дуу"-гаар яагаад нээх болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбарлах байх" хэмээн хүлээж сууна. Нөгөө талаар Төв цэнгэлдэхийн ногоон талбайд бөхчүүд орж, гардаг хэсгийн хоёр талд цагаан морины хоёр өндөр толгойг урласан байсан.

Үүнийг "Морин жил учраас..." хэмээн тайлбарлах хүн байсан ч "АН-ынхан 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаа дурсчээ" гэх нь ч байв. Мөн баяр наадмын урилга, хөтөлбөрт байх гал, нар, cap, морь буюу морьтой хүний дүрсийг "АН-ын лого" гэж тайлбарлах хүн олон байна. Уг нь төрийн сүлдийг дүрсэлсэн байж мэдэх ч "Хонхны дуу", цагаан морины хоёр толгой нь үүнийг иргэдэд АН-ын логотой адилхан санагдуулаад байж болох юм,

Энэ мэтчилэн ард түмний баярыг АН-ын сурталчилгаа болгох санааг хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, наадмын ерөнхий найруулагч Д.Сосорбарам нар гаргасан сурагтай, Иймхүү эрх баригчид сүүлийн жилүүдэд Ардын хувьсгалын ач гавьяаг бүдгэрүүлж, харин Ардчилсан хувьсгалыг товойлгох оролдлого хийсээр байна.

Уг нь Ардчилсан хувьсгалыг ард түмэн нэг их үгүйсгээд байдаггүй. Гэтэл эрх баригчид өөрсдөө "Жижиг юм чинь мартагдаж магадгүй" гээд байх шиг. Тийм учраас л ардчиллаас өмнө бий болсон түүхэн дурсгалуудыг үгүйсгэж, баллуурдаж, нураагаад байдаг юм болов уу. Эцэстээ бүр ард түмний их баяр наадмыг АН өмчилж намын баяр болгох дээрээ тулж байх шив.

Өнгөрсөн жил Ардын хувьсгалыг хасч, өнөө жил "Хонхны дуу"-гаараа нээж байгаа юм чинь энэ янзаараа хойтон жил бүр дэндэх байх даа... Яана даа, уртын дууны шуранхай, морин хуурын татлагаа сонсч, улстөрчдийн тэнэглэлээс ангид нэг сайхан наадамлах юмсан.

М.Наранболд

Эх сурвалж: