sonin.mn

Хилийн 0198 дугаар ангийн Эрс уулын заставын үүдээр орохтой зэрэгцэн сүүдэр бараадан хэдэн багачууд наадахыг олж харав. Танилцахаар очтол өөрсдөө угтан,

-Танилцах уу намайг Мөнхжин, Шинээ гэдэг гэсээр гараа өгцгөөв. "Би таван жил заставт үүр цайлгаж байна даа. Том болоод хурандаа болно" гэж арай том нь болох Г.Мөнхжин дуржигнуулав. Алтны дэргэдэх гууль шарладаг ёсоор дөрвөн настай Э.Шинэхүү,"Би ангийн захирагч болно ш дээ" гэж нусаа татав.

Хөөрхөн бор хөвгүүдийн яриа хэвлүүн гэж жигтэйхэн. Мань хоёр заставтаа найз охидтой төдийгүй аавынхаа аранзны шоколадыг төрсөн өдрөөр нь сэм бариад харайж явдаг адтай жаалууд.

Заставт байх ямар вэ гэж сонирхвол,

-Цэргийн хүнд гоё байлгүй яахав. Том болоод жинхэнэ цэргийн хүн болно гэж бодохоор бүр ч гоё санагддаг. Манай аав чинь харуулын дарга Мөрөн байхгүй юу. Шинээгийн аав нь харуулын дарга бас жолооч. Мундаг байгаа биз?

-Цэргүүд та хоёрыг дээрэлхэж байна уу. Та хоёр өөрсдөө дээрэлхэж байна уу? гэж яриа цааш өрнүүлбэл,

-Аа цэргүүдийг дээрэлхэж байгаа. Гэхдээ Түвшинбаатар ах заримдаа дургүй хүргээд байдаг юм. Хүнийг зүгээр байхад чинь нясалж аваад байгаа юм даа. Буцаагаад би харин хариугаа авч барахгүй л байгаа. Цэрэг ах нар муухай муухай юм зааж өгөөгүй ээ. Гоё үлгэр уншиж өгөөд аймаар гоё ш дээ.

"Удахгүй сургуульд ороод заставаа санана. Гэхдээ сургуулиа төгсөөд заставтаа дарга болоод эргэж ирнэ ээ" гэж ярих хоёр хүүгийн гэгээн хүслээр би жигүүрлэлээ. Хилч удмын залгамж тасраагүй нандин хэлхээ ердөө энэ. Өөрсдийнх нь хэвлүүхэн гэгч нь таван жил заставт үүр цайлгаад байгаа хонгорхон үрс минь илүү олон гэгээн өдрийн үүрийг хил дээр цайлгаж, хүүхэд насны мөрөөдлөө заавал биелүүлээрэй.

Ахлагч Б.Алтанцэцэг

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин