sonin.mn

Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөхийг сайхан боллоо гэж олон түмэн магтаж байна. Тийм ээ. Сонирхолтой болсон гэдэгтэй санал нийлнэ. Монголчууд уйдамхай улс шүү дээ. Урьд нь түрүүлж, үзүүрлэж байгаагүй хүн гарч ирэхээр л нэг их хөөрдөг. Урьд тааж төсөөлж байснаа огт өөрөөр эргэхээр сайхан боллоо гээд өөрийгөө “ялладаг” тийм л зантай юм. Энэ жилийн наадам яг л ийм ухагдахууныг харуулах шиг.

Сүүлчийн дөрвөн бөх үлдэхэд наадамчид одоо заан Ч.Санжаадамбаас өөр хэн түрүүлэхэв дээ гэцгээсэн. Гэтэл мань хүн наймын даваанд яг л цол ахих агшиндаа унаж үнэнхүү наадмын одгүй бөх гэдгээ харуулав. Бас гарьд Н.Ганбаатарыг харж дэмжиж байсан зарим нь түүнийг уначихад урам нь хугарсан байх.

Ингээд улсын харцага Н.Батсуурь, улсын начин Ш.Жаргалсайхан хоёр үзүүр, түрүүнд үлддэг байгаа. Тэр хоёрын хувьд өөлөх юм байсангүй. Үнэхээр гялалзтал барилдсаан. Ш.Жаргалсайхан начин үнэхээр гайхалтай гэхээр байлаа.

Тавын даваанаас эхлээд л аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, гарьд Н.Ганбаатар нарыг яльгүй давстай хэлэхэд “үзээд өнгөрсөн” гэж болно. Х.Мөнхбаатарыг мөрөө бариад ёолтол, Н.Ганбаатарыг шөрмөс нь татаад савж унатал хаялаа л даа.

Үзүүр, түрүүний хоёр ч наадамчдыг уулга алдуулан хүч үзэж байгаад харцага Н.Батсуурь учраатайгаа бяр мэх тэнцүү байсан ч сэтгэлзүйн давуу талаа ашиглан давж төрийн наадмын түрүү бөх болж улсын арслан цол хүртэв.

Увсынхан ганцхан жил завсарлаад наадмын түрүү дахиад авч буй нь энэ байлаа. Энэ наадмын одтой бөх, начин Ш.Жаргалсайхан үзүүрлэж Завхан нутгийн гурав дахь гарьдаар тодорлоо. Бас таван шинэ начин төрсөн. Тэр дотроос Төв аймгийн харьяат, аймгийн хурц арслан Ч.Батчулууныг өөрийн хүчээр иймээ тиймээгүй цолд хүрсэн гэж болно.

Гурвын даваанд арслан Д.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан М.Бат-Отгонд, заан Ц.Мягмарсүрэн аймгийн арслан О.Хангайд, дөрвийн даваанд начин И.Ёндонсамбуу аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд, начин Б.Амарзаяа аймгийн арслан Н.Адъяабатад гээд нутаг нугаа татсан зориудын уналт найрааны зах сэжүүрийг харуулаад эхэлсэн.

Аварга О.Балжинням наадамч түмний нүдэн дээр учраа залуугаа барилдах гээд байхад нь илт гуйсаар байгаад барилдалгүйгээр тахим өгүүлсэн нь тун эвгүй харагдав. За яахав энэ бүхнийг байдаг л юм гэе. Гэтэл ёс зүйгүй, бүр танхайн сэдэлтэй явдал олон гарлаа.

Уржнангийн наадмаар допинг хэрэглэсэн энээ тэрээ гэсэн будлианд өртөж начин цолтойгоо “өршөөгдсөн” Б.Сугаржаргал уначихаад хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрийг элдвээр хэлж мөн л түмний нүдэн дээр салаавчтай гараараа нүүр лүү нь цохиж танхайрав. Бас болоогүй хөгшин төгцөг минь гаръя гэж давшлав.

Тив, дэлхийн тэмцээнд хүртэл жүдогоор барилдаж нүд тайлсан хүн ийм байж болох уу. Ичээч гэж хэлмээр байна. Бас төрийн наадмын доромжилсон нэг танхай бөх бол Архангайн харьяат аймгийн арслан М.Бат-Отгон байв. Тэр дөрвийн даваанд уначихаад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг нүүр рүү нь дэлссэн.

Бас эрүү рүү нь цохьсон. Яг л гудамжинд зодоон хийж буй согтуу эр шиг авирлана лээ.  Энэ дүр төрхийг зөвхөн унаж сураагүйн уураа гаргалаа гээд өнгөрөх биш төрийн наадам доромжилсон хэрэг гэж үзэх учиртай болов уу. Мөн төрийн наадмыг эхнээс нь бужигнуулсан хүн бол дархан аварга болсон А.Сүхбат байлаа.

Зодог тайлаад хэдэн жил болсон хэрнээ цол хүртэхтэйгээ зэрэг би барилдана гэж “давхиад” бүр “амаа мэдэхгүй” хадуурав. Намайг зүүний магнайд гаргахгүй бол би барилдахгүй гэж догширов. Бөхийн холбооныхонтой ч муудалцаад авав. Тэрний дураараа авирлалыг хэн ч зогсооож чадсангүй. Тэр зүүний магнайд дэвлээ.

Тэгээд гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авч барилдалгүй тахимаа өгч “жүжиглэв”.

Энэ бүхэн өөрийгөө дөвийлгөх гэсэн санаа юм байна л даа. Харин наадамч олны дийлэнх түүний үйлдэл, авирлалыг тийм ч таатай хүлээж авахгүй байсан. Аргагүй шүү дээ. Нэгэнтээ зодог тайлсан бөх дахиад барилдсан явдал монгол бөхийн түүхэнд байгаагүй юм билээ. Монгол бөхийн энэ ариун нандин дэг, заншлыг уландаа гишгэснээрээ А.Сүхбат хар бичээст үлдэв.

Дархан аварга, дархан аваргыгаа амласан гэдгээр алдарших гэсэн байх. Тэгвэл тээр жил паркад болсон нэгэн барилдаан дээр дархан аварга Ж.Мөнхбат дархан аварга Х.Баянмөнхийгөө нэг амласан гэх чинь билээ. Тэгэхэр шинэ юм биш байв. Ямар ч атугай А.Сүхбат гэдэг бөх төрийн баяр наадмын дэнжид дахиад дажин тарихгүй биз.

Уг нь дархан аварга болсныхоо хувьд зодог шуудгаа өмсч гарч ирээд есөн хөлт тугаа тойрч наадамчидтайгаа мэндлээд болох байсан байх. Тэгвэл төрийн наадамдаа хүндэтгэл үзүүлсэн зөв үйлдэл болж эрхэм дархан аваргын нэр хүнд өсч болох юм.

Басхүү наадамчин олны өмнө нэр нүүрээ барсан явдлыг улсын начин Ш.Уламбаяр, Ц.Одбаяр нар үйлдсэн. Тэд талбайгаас олон удаа зугтаж гарснаар бөхийн дүрмийн дагуу унасанд тооцогдсноо ухаарах тэнхээгүй зан гаргаж учраа бөхөө туг тойрч явахад нь барьж авч чаргууцалдаж байлаа.

Ер нь бөх хүний нандин чанар бол давж, унаж аль алинг нь чаддаг баймаар. Гэтэл иймэрхүү ёс зүйгүй зан гаргах явдал өөр бөхчүүдэд ч байсан юм. Заан Ч.Санжаадамба шиг мундаг бөх ховор. Гэтэл дандаа л ёс зүйгүй, элдэв юманд орооцолдох юм. Учраа бөхийнхөө өлмий дээр гишгэж мэх хийдэг гээд, бас хөлийн цэц нартай ёс зүйгүй авирласан гэх зэргээр эрхээ хасуулж ч үзсэн.

Тэгээд ухаарал авдаггүй “товарищ” юм даа. Энэ наадмаар улсын харцага Н.Түвшинбаярыг зургаагийн даваанд мөргөж унаган “зүггүйтэв”. Бөх хүний ёс жудаг Санжаадамбад дутсан байна. Энэ нь наадмын одтой байхад нөлөөлдөг байлгүй.

Бас нэгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Г.Өсөхбаяр дархан аварга цолоо мялааж барилдсан бол их шөвөгт зогсож байх л байлаа. Гэтэл нутгийнхаа залууг начин болгож тавын даваанд дархан унадаг гарьд И.Доржсамбуугийн орыг залгав. Уг наадамчид ярилцах нь И.Доржсамбуу хоёрын даваанд уналаа. Нэг начин хасагдлаа гэцгээсэн юмсан.

Ингээд эцэст нь хэлэхэд төрийн наадам дээр ёс зүйгүй авирлан танхайрсан нөхдөд Монголын үндэсний бөхийн холбоо хариуцлага тооцох байлгүй. Хэрэв чимээгүй өнгөрөх юм бол дараа жилийн наадмаар бүлэг зодоон ч гарч магадгүй шүү дээ. Бөхийн цолыг Ерөнхийлөгч зарлиг гаргаж олгодог.

Тэгвэл танхайрсан, төрийн наадмыг доромжилсон бөхийн цолыг хурааж авдаг байж болно. Найр тавиад өгч болдог байхад шударга ёсыг бодож буцаан авдаг байвал зохилтой биш үү. Саар юм олонтой “сайхан” наадмын тухай өгүүлэхэд ийм буюу.

Ц.Жаргалсүрэн

Эх сурвалж: