sonin.mn

МЗЭ-ийн гишүүн, ахмад зохиолч Алаг морьт Ванчингийн Суранхүү нь Дөрвөд Далай хан аймаг /одоогийн Увс, Бөхмөрөн сум/-ийн харьяат. Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын бага сургууль, Өлгий хотын 10 жилийн 2-р дунд сургууль /1969/, МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын анги /1974/-ийг тус тус төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Бугат сумын найман жилийн сургууль, Өлгий хотын 1-р сургуульд багшилж байгаад 1977 онд өөрийн төрөлх 2-р сургуульдаа очжээ. 2009 оноос гавьяаныхаа амралтанд гарсан ч Өлгий хот дахь турк сургуульд урилгаар багшилж буй. Ардын үрст эрдмийн үрийг түгээхийн сацуу утгын ертөнцөд авьяас билгээ сорьж 2007 оны Улаангомд болсон Баруун бүсийн яруу найргийн наадамд тусгай байр, Ховд хотод зохиогдсон "Алтайн дуулал-2008" яруу найргийн наадмын гутгаар байрын шагналыг хүртэж явсан нэгэн. Шүлэг зохиол нь төв, орон нутгийн сонин, сэтгүүл дээр нийтлэгдэж байснаж гадна яруу найргийн "Босоо заяа" /2008/ түүврээ хэвлүүлжээ. Монгол хэлний улсын олимпиадын багш нарын зэрэглэлд алт, хүрэл медалийн эзэн тэрбээр 2012 оны казак түмний Наурызын баярын үеэр Монгол улсын "Гавьяат багш" хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн билээ. Бид энэ удаагийн "Утгын их хоймор" буландаа В.Суранхүү зохиолчийг урин залж, баруун Монголын сонин сайхныг лавшруулан ийн хөөрөлдсөн болой. Таалал ай хотлоор орших болтугай!
Авгаржин Жа.Баяраа

-Монгол улсын Гавьяат багш хэмээх эрхэм дээд цолыг та хүртсэн. Чухам ямар гавьяат үйл хэргийг тань засаг төр үнэлсэн юм бол оо?

-Мэргэжлийн ур чадварын хувьд энэ 40 жилийн хугацаанд аймагтаа урдаа ер нь хүн гишгүүлээгүй явсан шүү. Монгол хэл, сэтгүүлч мэргэжлээр гэхэд миний алган дээрээс 130 шахам хүүхэд ниссэн байна. Энэ бол том амжилт, том тоо юм. 2-р сургуулийн миний шавь нар тэнд очсон монгол хэлний ангийн бүх хуваарийг авч байсан жилүүд цөөнгүй. Монгол бичгийг шавь нартаа заахаас гадна Баян Өлгий аймгийн хэл уран зохиолын бүх багш нарт хоёр ч удаа шаталсан сургалт зохион байгуулж үр дүнд хүргэсэн. 1990-ээд оны эхээр ЕБС-иуд монгол бичгээр хичээллэж эхлэхэд багш нарыг нь бэлтгэж өгч байлаа. Аймгийн төвийн бүх байгууллага, хамт олонд миний бие засаг төрийн даалгавраар монгол бичиг заалаа шүү дээ. Мэдээж уран зохиолын дугуйлан байгуулж, залуу авьяастныг тодруулж, дэмжих чиглэлээр ажилладаг. Тэр бүгдийг төрөөс үнэлсэн юм байлгүй дээ.

-Мартсанаас, Баян-Өлгий аймгийн зарим суманд дунд сургуулийн хичээлийн программаас монгол хэлийг хассан гэх дэл сул яриа чих дэлссэн. Тийм юм болсон уу?

-Яг хасчихсан юм байхгүй шүү. Монгол хэлний цаг угаасаа цөөхөн. Монгол сургуулиуддаа ч цөөхөн. Төрөөс ийм сонин бодлого яваад байдаг юм. Зарим сумын сургуульд монгол хэлний хичээлийг жаахан гурилддаг тал бий. Ухаандаа огт монгол хүнгүй дөрвөн сум байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Улаанхус, Баяннуур дөрөв. Элсэлтийн шалгалтанд хүүхдүүд их унах, их дээд сургуульд Баян-Өлгийгөөс элссэн оюутнууд I, II дамжаанаасаа хасагдах тохиолдол элбэг. Яг үнэндээ энэ нь монгол хэл муу мэддэгтэй холбоотой. Энэ тухай би олон жил ярьж байгаа ч хүмүүс янз янз л ханддаг.

-Та ер нь ингэхэд хаана төрж, мэргэшиж, хаагуур ажиллаж яваа сурган хүмүүжүүлэгч вэ?

-Баян-Өлгий аймгийг 1940 онд байгуулахад Бөхмөрөн сумын нутаг, Ховд голын хойд биеэр нутаглагч гурав, дөрөвдүгээр багийг газар нутгийн ойролцоо байдлаар нь шинэ аймагт татаж оруулсан байдаг. Тэгээд л Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрж, өссөн дөө. 1926 онд байгуулагдсан баруун монголын соёлын уурхай Өлгий хотын 10 жилийн 2-р сургуулийг төгссөндөө бахархаж явдаг. Нутагтаа хэл уран зохиолын багшаар очиж, өдгөө 40 дэх жилдээ багшилж байна.

-Одоо хүртэл төрөлх сургуульдаа багшилсаар л байгаа юм уу?

-Үгүй ээ, хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарч, сэтгэл санааны хувьд тулгамдаад байж байтал турк сургуулиас санал ирж, тэнд мэргэжлээрээ одоо хүртэл багшилж байна. Туркийн хөрөнгө оруулалттай, их сайн ахлах сургууль. Мөдхөн 20 жилийн ойгоо хийнэ.

-Та нийслэлд хөл тавих нь ховор хүн. Ямар нэг зорилгоор л ирсэн байж таараа.

-Монгол хэл бичгийн улсын олимпиадад нэг сурагчтайгаа цуг ирлээ. Энэ уралдаанд миний бие 13 дахь удаагаа оролцож байна. Миний нэг шавь аймагтаа дэд байрт шалгарсан. Монгол бичигт оролцоод буцаж байгаа. Одоо шалгалтаа өгч байгаа охин бол манай 2-р сургуулийн хүүхэд. Багш нарынх өчигдөр боллоо.

-Та мэдээж оролцсон байх. Ямар амжилт үзүүлэв?

-Нэг их сүйдтэй давхисангүй дээ. Монгол улсын шилдгийн шилдэг 31 багшаас 11-т орлоо. Яахав, урьд нь би 2012 онд алт, 2011 онд хүрэл медаль хүртэж байлаа. Энэ жил Улаанбаатарын багш түрүүлсэн шүү. Сансартуяа тэргүүлж, Орхон аймгийн Нямсүрэн дэд тэргүүн байрт шалгарсан.

-Түрүүлэхээр яадаг юм. Томоохон мөнгөн шагнал өгч, дэв зэрэг, цалин хөлс нэмэгдэнэ биз дээ?

-Тийм юм байхгүй ээ.

-Эх хэлний тухай таны бичсэн цуврал томоохон нийтлэлүүд "Утга зохиол, урлаг" сонин дээр гарсан. Хүмүүс хэр уншсан байх юм?

-Сонингоо захиалдаг улс нэлээн уншсан байна. Хүмүүс баяр хүргэж, санаа бодлоо хэлж байна билээ. Өчигдөр гэхэд л багш нарын олимпиад дээр МУИС, БИС-ийн багш нар ярьж л байна билээ.

-За тийм байдаг байж. Сониноос, хилийн цэргийн удирдлагад байдаг найзууд намайг Баян-Өлгий аймгийн Арал толгойн заставт хөл гишгүүлж үзүүлэхсэн гэж ярьдаг юм. Тэнд үнэхээр газрын диваажин цогцолсон хэрэг үү?

-Очиж байсан, сайхан газар. Ер нь манай аймагт говь, хээрийн бүс зонхилдог. Баруун талын Цэнгэл, Улаанхус, Булган сум руугаа жаахан ойтой. Таван Богд бол хамгийн цэвэр агаартай, дэлхийд гайхамшиг нь түгсэн уул. Арал толгой, Сыргалын заставын орчим ан амьтан, ховор сонин ургамал цөм байна. Хил орчмоор хүрэн баавгай, халиун буга данхайж явах нь нүднээ содон. Вансэмбэрүү жинхэнээрээ тэнд л ургана шүү дээ.

-Ахуунаг би ганцхан Баян-Өлгийд байдаг дархан цаазтай шувуу гэж сонссон.

-Бугат, Цагааннуурын Хуйлагийн амны эхээр ахууна тогтмол байна шүү. Хав хар нүдтэй, чандаган цагаан, их ганган шувуу бий. Алтайн хойлогтой зэрэгцэж амьдардаг жигүүртэн.

-Хэр том шувуу юм. Хотон шиг үү, халбаган хошуут шиг үү?

-Үгүй ээ, ятууны дайны л шувуу. Махыг нь ардын эмчилгээнд хэрэглэдэг болохоор олноор агнаад ховордсон хэрэг.

-Казакийн ард түмэнд .тухайн үед Чойбалсан ч юм уу, Монголын Засгийн газраас тавьсан нэг болзол байдаг юм гэсэн. Энэ нь уул усны нэрийг өөрчлөхгүй байх. Гэтэл Сыргалын нуруу гээд л аймгийн гэрэл зургийн цомог дээр гарсан байна билээ.

-Монгол нэртэй л байж таараа. Би сайн мэдэхгүй байна. Нэлээн дээхнээс л Сыргал гэдэг байсан. Цагийн аясаа дагаад газар усны нэр хаа сайгүй л өөрчлөгддөг юм байна. Дандаа казакууд нутагладаг газар Улаан толгой, Хөх толгой гэдгийг казакаар махчилаад орчуулчихсан л байдаг. Уул усанд янз бүрийн нэр өгсөн явдал нэлээн бий.

-Миний бие түүх их сонирхоно. Ухаандаа Монголд казакууд хэзээ, яаж орж ирсэн юм. Хүмүүс хоорондоо зөрүүтэй гурван цаг үеийг онцолж, барин тавин тайлбарладаг. Энэ тухай танаас их сонин зүйл сонсоно гэж найдаж байна.

-Анхны казакууд Алтай, Шинжаанаар давж ирээд хичнээн жил ч болж байгаа юм. Хилийн зааг нутгаар байж байгаад л наашаа ороод ирсэн юм билээ. Ойролцоогоор анхны казак хүн хөл тавьснаас хойш 150 шахам жил улирч буй гэх. Казакийн овог айлууд Богд хаант Монгол улсад 1912 онд анх дагаар орсон байдаг. Алтай Шинжааны казак, Алтайн урианхай, Далай ханы дөрвөдүүд бараг нэг дор шахуу ийм хүсэлт гаргасан байдаг. Богд хаан түүнийг болгоосон хэрэг.

-Тэгэхээр Шалгарсан хошой баатар Х.Чойбалсан маань анх тэдэнд зөвшөөрөл өгч, аймаг байгуулж өгсөн гэж ярьдаг юм. Энд бас учир байна аа?

-Баруун сумдаар нэлээд казакууд нутагшаад эхэлчихэж. Тэгээд маршал аймаг байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Анх тэд тусгай аймаг байгуулж өгөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм билээ. БНМАУ-ын Засгийн газрын онц эрхт төлөөлөгч Сүрэнжав хязгаар нутагт тусгай томилолтоор нэлээд хэдэн cap ажилласны эцэст Сайд нарын Зөвлөлөөс "Казак-Урианхайн аймаг байгуулах" тогтоолыг баталсан байдаг. 1930-аад оны дунд үеэс яригдсан асуудал ийн 1940 онд шийдэгдсэн.

-Маршал Чойбалсан Оспантай Алаг толгойд уулзаж зэр зэвсгээр хангасан хачин сонин үйл явдал өрнөдөг.

-Сая хилийн тухай "Босго тотго" кинон дээр энэ тухай их тодорхой гаргасан байна билээ. Зүүн Туркестаны улс байгуулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэдэг. Цаанаа Гоминданы намын эсрэг авсан арга хэмжээ байх. Нөгөө Оспан нь улам хүчирхэгжиж, дээрэм тонуул нь хэтрээд, эргээд манай нутаг руу халдсан байдаг. Хэлэлцээр хийсэн газар нь би очиж үзсэн. Тэнд одоо застав байна. Нуурын хойно модоор хүрээлэгдсэн нэг жижиг толгойн өвөр бэлд гэр барьж уулзсан юм билээ. Цагаан голын рашаан орох зам тэрүүгээр дайрч гардаг юм.

-Түүхт Толбо нуурын халдашгүй дархан байдал ямаршуухан байна даа?

-Нуурын эргэн тойрон Урианхайн Саруул гүний хошууны нутагт харьяалагддаг. Хасбаатар, Байкалов нарын хориглолт хийж байсан хүрээ өнөөдөр туурь төдий юм байгаа байх. Ардын хувьсгалын ялалтанд зориулсан нэг дурсгалын самбар нуурын хөвөөнд бий. Сүүлийн үед тордлого аваагүй. Толбо нуур цэв цэнхэр харагддаг уулын нуур. Нөгөө С.Баярын ээж доктор Дулмаа гуай загас аваачиж үржүүлсэн газар. Харьцангуй зэлүүд болохоор бохирдол байхгүй. За тэгээд, Даян, Хар, Сыргал, Ачит, Цагаан нуур гэж олон сайхан нуурууд бий.

-Таны нэг шүлэгт "... Их дөрвөдийн нутаг Ихэр гурван цагаан нуур" гэсэн мөр бий. Төрсөн нутаг чинь уу?

-Тийм.Холбоо гурван нуур бий.

-Онгон зэлүүд баруун хязгаар тийш хужаа нарын мөр гарч эхэлж байна уу?

-Тэд Баян-Өлгийд харьцангуй бага гишгэсэн. Гэхдээ Ногооннуур сумын нутаг, Дулаан хар гэж уул бий. Казакаар Гурван хар ч гэдэг. Зарим нь Таван хар ч гэдэг. Нарийн тоолбол долоон хар уул бий. Тэр нь сунжраад Дулаан хар ч болсон байж мэднэ. Тэнд Хятадын хөрөнгө оруулалттай хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр гэв гэнэт байгуулагдсан байна. Саяхан би хажуугаар нь өнгөрлөө. Асар том үйлдвэр ашиглалтанд орчихсон оволзож байна. Хятад хотхон боссон байх магадлалтай. Ховд голоос төмөр хоолойгоор ус татсан байгаа юм. Хүмүүст хар тугалга, цайр гэж яриад байгаа ч эцсийн дамжлага дээр нь Монголоос хүн байдаг нь юу л бол. Ихэнх ажилчид нь газрын гүнд амьдардаг гэдэг нь их ноцтой. Урд газрын бүртгэлд ороогүй хүмүүс ч ажилладаг байж болох. Хар тугалга, цайрыг их хэмжээний цагаан алт, гөлтгөнүүр дагаж явдгийг манай Аюулгүйн зөвлөлийнхөн мэддэг байлгүй дээ.

-Танай тийшээ байгаль хамгаалах ажлын эрч хүч ямар түвшинд байдаг юм бэ дээ?

-Байгаль хамгаалах тал дээрээ их тааруу. Ховд голын сав, Өлгий хотын эргэн тойрон хогоор дүүрчихсэн шүү дээ. Энд тэнд байдаг цөөн тооны ойн төглүүд үндсэндээ огтлогдоод дууссан. Харин ард түмний амьдрал Баян-Өлгийд дажгүй байгаа. Манай казакууд аминдаа арчаатай, суусан газраасаа шороо атгаж босдог хөдөлмөрч ард түмэн. Өлгий хот өндөр хөгжсөн. Маш олон машин, тансаг хаус цөм байна.

-Тэдний өвөрмөц сонин зан заншил хэвээрээ биз дээ. Бүргэдийн ав, тулам булаалдах... гээд л.

-Бүргэд бол гайхамшигтай. Цэвэр бэлгэдэл. Тэд хөх ямааны тулам булаалддаг. Тулам авсан нэг нь гүйцэгдэхгүй явсаар нэг айлын тооноор ч юм уу, гэр дээр нь шидээд л. Тэр айл нь найр хийдэг уламжлалт наадгай. Бас нэг өвөрмөц тоглоом бий. "Хүүхэн.хөөх" гэдэг энэ наадгай эрэгтэй нь зугтаж, эмэгтэй нь араас нь элдэж очоод ташуурддаг. Мөн мөнгө, ташуур сэлтийг морин дээрээс шүүрдэг уулынхны олон янзын тоглоом бий. Сүүлийн жилүүдэд казакууд "Курбан баяар" гэдэг наадмыг өргөн тэмдэглэх болсон. Түрэгээс үүдэлтэй шашны баяр. Энэ нь хаврын баярын дараа орох том баяр шүү. Мөн "Рамазан" хэмээх мацаг барих ёслол бий.

-Cap шинийн баяраа та бүхэн ер нь тэмдэглэдэг үү?

-Бид халхчуудаас илүү хүчтэй, өргөн дэлгэр, ёс төртэй тэмдэглэдэг. Өлгий хотод 100 шахам дөрвөд айл байна. Ер нь бүгд надад ирж золгоно шүү. Тэгэхээр би нэлээн ахмад настай болсон хэрэг.

-Казак үндэстний утга зохиолын хөгжил дэвшил ямар түвшинд байна вэ. Сүүлийн үед Сураганаас бусад нь нэг л тийм нам гүмхэн.

-Хуучнаа бодвол утга зохиол сонирхдог залуус эрс цөөрсөн. Ахтаан, Хурманхан зэрэг суут зохиолчид бурхны оронд явчихсан. Ерээд оны үед казакаар овоглосон олон авьяаслаг зохиолч Казакстан гараад явчихсан. Өлгийд өнөөдөр МЗЭ-ийн гишүүн дөрөвхөн хүн байна. Саяхан нэг хүн сонсогдож ирлээ. Түүх, нийгмийн багш мэргэжилтэй Жанат гэдэг залуу бий. Өөрийгөө ялж чадвал их сайн яруу найрагч болно. "Ховд гол" гэдэг шүлгийг нь уншаад эрхгүй бахдах сэтгэл төрсөн. Саяхан Казакстанд зохиогдсон олон улсын яруу найргийн наадамд амжилттай оролцлоо. Энэ жилийн хүүхдийн яруу найргийн "Хүрэл тулга" наадамд урьд урьдаас илүү олон хүүхэд шүлгээ уншсан.

-Таны нэрэмжит томоохон яруу найргийн наадам Өлгий хотод боллоо. Энэ тухай яриач.

-Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс 2-р сургуулийн захиргаанд албан бичиг явуулсан байна. Тэндэхийн утга зохиолын дугуйланг миний шавь ажиллуулдаг. Тэр утгаараа хоёр ч удаа тус сургууль дээр миний бие "Ном" хөтөлбөрийн хүрээнд уран зохиолын уулзалт хийсэн. Эцэст нь утга зохиолын сэдвийг нэг сургуулиар хязгаарлаж болохгүй гэдгийг санаж, илүү олныг хамарсан уран зохиолын ажил сэдсэн хэрэг. Яахав, би тийм том яруу найрагч биш, гэхдээ утга зохиолын тухайд унтаа байгаа олныг нэг удаа сэрээе хэмээн санаж нэрэмжит наадамдаа сэтгэл гаргаж оролцсон. Энэ жил миний нэрэмжит наадам сайхан боллоо. Дараа дараагийн наадмууд Ардын уран зохиолч Б.Бааст, С.Магауия, Гавьяат уран зохиолч Б.Ахтаан... гээд л хүн бүрийн нэрэмжит болж явагдах учиртай.

-В.Суранхүүгийн нэрэмжит "Өлгийн цом-2014" яруу найргийн наадам ямаршуу болов доо?

-Сайхан боллоо. Сум, орон нутгийн 25 яруу найрагч эцсийн даваанд шүлгээ казак нь казак, монгол нь монголоор уншлаа. 2-р сургуулийн монгол хэлний багш Хандсүрэн сэтгэлгээний чиглэлээр их сайн шүлэг бичсэн байна билээ. Алтанцөгц сумын Пагвадорж ч сүрхий шүлэг уншсан.

-Ингэхэд таныг уран бүтээлийн онгод хэр ивээж байна вэ?

-Хоёр яруу найргийн түүвэр үндсэндээ бэлэн болгочихоод байна. Хүүрнэл зохиол бичих сэдэв байгаа ч би үгүүллэг бичихгүй байна. Найруулах авьяас дутаад байх шиг байна.

-Таны хүүхдүүд мэргэжлийг тань өвлөж байгаа юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд бараг гуч гарчихлаа. Том охин маань сэтгүүлч мэргэжилтэй. Аймгийн Спорт цогцолборт бичиг хэргийн ажилтан. Удаах охин маань Өлгий хотын 10 жилийн 2-р сургуульд 10 гаруй жил багшилж байна. Дараагийн хүү Дархан-Уул аймагт Энхийг сахиулах тусгай батальонд офицер. Энхийг сахиулах үйлст хэд хэдэн удаа оролцсон. Отгон хүү маань эдийн засагч мэргэжилтэй. Гашуун сухайтын боомтонд эрэлч нохой хариуцсан гаалийн байцаагчаар ажилладаг. Хөгшин маань гавьяаныхаа амралтанд гарснаас хойш хоол хийгээд л, намайг бөөцийлөөд л байж байна.

-Хааяа ханьтайгаа байгалийн үзэсгэлэнд зорчих уу?

-Бид хоёр нэг их тэнэхгүй байгаа. Жил бүр нутаг руугаа очно. Хуйлагийн голын хөвөөндөө очиж, гэрээ барьж, аргалаа түүгээд л явнадаа. Манай нутагт Ногооннуурын оргил гэж мөнх цаст уул бий. Ёроолдоо цэл ногоон нууртай. Хамгийн сонирхолтой нь тэр нов ногоон нуураас хав хар гол нь өгсөж урсан гардаг. Бураатын эх рүү орохоор дахиад л хоёр нов ногоон нуур бий. Нэг нь хуурай, нөгөө нь устай. Мөн эцэг өвгөдөөс хэдэн зуун жилээр тахигдаж ирсэн Бөхөн шар толгойн овоо гэсэн хайрхан байна. 1940-өөд он хүртэл тахигдаж байсан Дөрвөн Далай ханы том овоо. Нэг хэсэг тасраад 1990-ээд оны эхээр Х.Гаадан хамбыг урин залж, тахилга юуг нь сэргээсэн. Их сургуульд намайг оюутан байхад төвд хэлний багш маань байлаа. Царцаа шаргиж, хярвас ханхалсан цагаар өвгөн хамба заларч, мөн ч их ном уншсан даа. Ном ч өндөрлөсөн, цагаан мөндөр асгасан. Тэгээд л манай нутагт 1991 оноос хойш 1995 он хүртэл түүхэнд байхгүй сайхан зун болсон доо. Бүр элсэн дундуур 18 км ус жирэлзэн урсдаг байлаа.

-Тахилга гэснээс Алтай Таван Богдын төрийн их тахилга энэ жил тохиож байгаа гэсэн байх аа?

-Ерөнхийлөгчийн зарлиг гараад дөрвөн жил болж. Шил дарсан сонгууль болж, нэг л тахиж завдахгүй байсан. Тэгээд л энэ жил наадмын өмнөхөн төрийн тахилга болно доо. Хаа газраас олон хүн амьтан зорьж очих байх.

-Сая Таван Богдын салбар ууланд нэг Гавьяат уулчин амь алдлаа. Улс амьтан энэ тухай юу гэж байх юм. Ер нь их догшин хайрхан байх аа?

-Ер нь зургаадугаар cap хүртэл тэнд тэнгэр догшрон эргэж байдаг. Мань хүн туршлагандаа эрдсэн юм уу яасан юм, хоёрдугаар сард дайралт хийсэн юм билээ. Тэгж болдоггүй юм. Яахав, аархуу, ясны уулчин байсан биз дээ. Манайхны хамаатан Агваанданзан гэж залуу бий. Түүнтэй уулзаж, цуг авиръя гэж санал тавьсан юм билээ. Хариуд нь мань хүн "Дүү нь ажил их байна. Та одоо авиралт хийж болох юм уу. Энэ чинь хоёрдугаар cap шүү дээ" гэж зөндөө учирлатал "гайгүй байлгүй дээ" гээд яваад өгсөн байгаа юм. Тэр нөхөр бас болоогүй, оюутан охиноо дагуулж явсан юм билээ. Хар бараан талыг нь барилгүй уулчны авирдаг саадтай хэсгээр нь Малчины оргилд гараад, бууж явтал хав харанхуй болсон байгаа юм. Гэнэт нэг юм шуугиад л охин ухаан балартаад унасан. Сэргэсэн, аав нь байхгүй. Цасан нурлага уу, салхины эргүүлэгүү, нэг л юм болохгүй юу. Охин шөнөжин явж нэг айлд очиж, цааш аймагт мэдээ дуулгасан байна билээ.

-Та тэр ууланд саваагүйтэж асч байв уу?

-Үгүй чиш. Одоо л очиж барааг нь харах санаатай.

"Тэнгэрийн уул Таван богд эцэгтэй
Тэлмэн цэнхэр Ховд гол ижийтэй" гэж шүлэглэдэг хэрнээ хүн гэдэг чинь их арчаагүй амьтан байдаг юм байна. Дэргэд нь байгаа Малчины оргилд гаръя гэж мөрөөддөг мөртлөө барааг нь харалгүй өдий хүрчээ. Уул нь тийшээ томчуулын эхнэрүүд хүртэл гараад л байдаг юм билээ. Мань мэт одоо даралт өөрчлөгдөж мэдэх тул доод овоонд нь очиж мөргөөд л эргэх байх даа.

-Баян-Өлгийд Таван-Богдоос өөр мөнх цаст уул байна уу?

-Цэнгэл хайрхан, Цаст хайрхан гэдэг хоёр ихэр уул бий. Нөгөө агуу их Цамбагарав байна. Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Ховдын Эрдэнэбүрэн гэдэг гурван сумын голд оршдог хайрхан.

-Хүслийн диваажин гэвэл аймгийнхаа аль газрыг нэрлэхсэн бол?

-Мэдээж миний төрсөн нутаг. Нөгөө нэг нь Цагаан голын рашаан. Гол хүрхрээ, ан амьтан, өвс ургамал ёстой цогцлол гэдэг тэр л нутагт байна. Уулын тагтан дээр мөнх цас, цэнгэг нуур хоёр нь зэрэгцэн оршино шүү дээ. Мөн Дэлүүний Чихэртийн рашааныг хэлэх байна. Хүрмэн чулуун дундаас вансэмбэрүү сагсайтал ургана шүү дээ. Өөр олон гоё цэцэгс бий. Нэрийг нь мэдэхгүй ээ. Мэддэг маань тарваган шийр, эрээн гомбо.

-За тийм байдаг байж. Ингэхэд өөрөө хөрш Казакстан руу хэр зочилж байв даа?

-Үгүй ээ, үгүй. Ер гардаггүй. Миний сонирхол тийм байна уу, хувь заяа минь тийм юм уу, ажил маань тийм юм болов уу, уяатай тугал шиг гэрээ эргээд л байж байдаг. Хятад руу нэг очсон. Орос руу албан ажлаар Тошкентээр гарах гэсэн чинь хил дээрээс буцаачихсан.

-Нөгөө цул мөнгөөр бүтсэн хэмээгдэж аль социализмын үеэс домогшуулан яригдаж байсан Асгат хайрханы хувь заяа юу болж байна. Оросууд хусчихсан гэл үү?

-Мөнгөн уул гэж л ярьдаг юм. Би нэг очиж байсан. Уулын өвөр тал нь Монгол, ар нь Оросынх. Хуучин замаар голоо дагаад явахад хоёр гурван ч удаа Оросын нутгаар орж байж очдог. Олдворлолт эхэлсэн эсэх нь бүү мэд. Одоо лав цэргийн нэг жижиг застав байгаа.

-Оросын үйлдвэр хэдийнэ босоо биз?

-Асгатын асуудал шийдэгдэж байна. Барилгын цэргийн анги наанаас нь зам зассан. Ургаа чулуутай, явах нөхцөлгүй бэрх. Ноднин зун янзалж аятайхан болгосон. Цахилгаан очсон, дэд бүтэц талаасаа оросуудыг түшихээс өөр арга байхгүй. Хил дээр оршдог стратегийн ач холбогдолтой бүхий цорын ганц уул.

-Уул уснаас гадна улс амьтны тухай санаа оноо юу хэлмээр байна даа. Та бидэн хоёрын яриа ингээд өндөрлөх тийшээ даяллаа шүү.

-Би 40 жил дэлхийн болон нүүдэлчдийн уран зохиолыг шавь нартаа ойлгуулах гэж зүтгэснийг бурхан харсан шүү. Тэр жил Олон улсын монгол хэлтнийн яруу найргийн наадамд гурван шүлгээ явуулсан. Монголоос 15 яруу найрагч шалгарахад би багтсан. Тэгээд л жаахан урам орсон шүү. Шагналын тухай нэг зүйл хэлье. Шагнал бол эзнээ олох, эсвэл эвгүй байдалд оруулах хоёр талтай. Манай зохиолчид чамгүй шагнал хүртжээ.  Би зарим хүнд харамсдаг. Д.Содномдоржид яагаад төрийн шагнал өгөөгүй юм бол. Хүүхдийн уран зохиолын загалмайлсан эцэг Хүүхдийн жүжиг, дуурийн цомнол, шүлэг, найраглал    цөмийг нь төгс туурвисан. Д.Нацагдоржийн шагнал том ч төрийн шагнал өлхөн хүртчих хүн. Яасан юм бол гэж одоо хэр нь харамсаж явдаг. Д.Гармаа, Ж.Дашдондог гээд шавь нар нь зөндөө бий. Орчин үеийн уран зохиолд одоо хоёр хүн байна. Ч.Галсан. Нүүдэлчний өв соёл, зан заншил, сэтгэлгээг    дэлхийд таниулсан хүн.. Саяхан би түүний хоёр номыг уншлаа. Үнэхээр монгол үнэр, монгол сэтгэлгээ, үг, үгүүлбэр байна шүү. Нөгөө нь Санжийн Пүрэв. "Хар" Пүрэвийн шилмэл үгүүлэгийн түүвэр ширээн дээр минь хоёр cap байлаа. Яаж тэгж сэтгэж, бичиж байна аа. Социализмын үед ёс суртахууныг нь үнэлж шагнадаг байж. Хар Пүрэв бол царай муутай, гүндүүгүй байж болно. Ноомой ч байж болно. Галсан омогтой, зөрүүд, аархуу байж болно. Төрийн шагналыг зан чанарт нь биш туурвилд нь олгодог юм бол энэ хоёр зохиолчид өгөх хэрэгтэй. "Соёлын гавьяат зүтгэлтэн" тэдэнд хэрэггүй. Энэ цолыг уран бүтээл хийдэггүй, Монголын радиод юм уу, Монгол телевизэд 20 жил ажилласан хүн ч авчихдаг.

-Тийм ч байж мэднэ. Гэхдээ бүтээл туурвилын эцсийн шалгуур нь шагнал биш юм даа. Ямар ч алдар цол хүртэвч эцэс хойно нь яруу найрагчаас ганц хоёр шүлэг нь л үлддэг гэж П.Бадарч найрагч үгүүлсэн нь буй. Та сониныхоо уншигчдад хандаж юу хэлэх сэн бол. Таны үгээр эл дуусаагүй хөөрөлдөөнөө өндөрлөе дөө.

-За, би "Утга зохиол, урлаг" сониноо 1969 оноос хойш захиалж байгаа. Монгол түмнийг соён гэгээрүүлэх тал дээр асар их үүрэг гүйцэтгэдэг сонин. Ер нь монгол хэл, уран зохиолын багш хүн "Утга зохиол, урлаг", "Хүмүүн бичиг” сонин, "Цог" сэтгүүлээ захиалахгүй бол түүнийг ямар багш гэхэв дээ. Миний бичсэн үгүүллүүдийг уншсан дунд сургуулийн уран зохиолын багш саяын олимпиад дээр тааралдаагүй шүү. Их эмгэнэлтэй байгаа биз. Гэтэл уран зохиол гэдэг сэрдэг мэдэрдэг, гэгээлэг, сэтгэлийн эд эрхтэнтэй хүмүүсийн мэдрэхүйн "талх". Мэдээллийн өндөр хурдны эрин үед өөр өөр юм хөөцөлдөөд, зохиол уншиж суудаг хүн ховордсон гэж бодвол их эндүүрэл, их эмгэнэл. Ардчилсан төр бага ангиас уран зохиолын хичээлийг хассан. Дунд ангийн сургалтын хөтөлбөрөөс мөн л хасагдахын даваан дээр баахан хэл ам болж байж тогтоосон. Үнэндээ монгол хэл, нүүдэлчдийн уран зохиолыг бодлогоор устгачихвал энэ үндэстэн үгүй болно гэдгийг төрд шургалсан хүний цустнууд сайн мэдэрч байгаа. Уран зохиол гэдэг юмны шидэт чанар нь хүнийг хүн болгохдоо байдаг. Их гүрний биднийг уусгах хөтөлбөр шатлан хэрэгжиж байгаа юм биш биз. Хэдэн жилийн өмнө Д.Урианхай зохиолч "Монгол хятаджиж дууслаа. Энд 300 мянган хужаа байна" гэсэн чинь нэг өвөр монгол залуу "Тийм биш ээ, ах минь. Наадах чинь зуны тоо. Энэ 11-р сарын байдлаар 700 мянган хужаа Монголд байна" гэж мэдэгдээ биз дээ. Хэтрүүлсэн ч байж болно. Гэхдээ энэ төрд шургалсан эрлийз, хурлийзууд замаа алдлаа. Тусгаар тогтнолын төлөө өвдөг нь чичирч, цусаар уйлах эр хүн ховордож байна. Монголын бизнесменүүд өнөөдрийн хэдэн халтар төгрөгөөс эх орон, тусгаар тогтнолоо худалдаж байна. Ингэж болохгүй шүү дээ.

-Сонин маань энэ тухайд ариун үнэний дуу хоолой болох үүргээ гүйцэтгэж байгаа. Цаашид ч бид та бүхний сэтгэл зүрхний үгийг хүргэсээр л байх болно.

Эх сурвалж: “Утга зохиол урлаг” сонин