sonin.mn

Дэлхийн бөмбөрцөг бөө­рөнхий гэдэгт сүүлийн үед эргэлзэх болов. Учир нь дэлхийн бөмбөрц­гийн нөгөө буланд болж буй зүйлийг интернэт гэгч гайхамшгийн ачаар цаг ал­далгүй, үзэх боломжтой болсон нь ийнхүү дэлхийг хавт­гайруулахад хүргэж бай­на. Интернэтийн ач хол­богдлын талаар өнөө үед тоочоод баршгүй.

Гэхдээ түүний сөрөг тал ч сайнаасаа дутахгүй. Тод­руулбал өчигдөр л гэхэд ца­хим мэдээллийн сайтуудаар “Өмнөговь аймгаас алмаз эрдэнэ олдлоо”, “Нийслэлээс 2.2 кг жинтэй цул алт олд­жээ” зэрэг мэдээлэл борооны да­раах мөөг шиг шилээ даган гарцгаасан. Энэ нь даамжирч фэйсбүүк, твиттерт шуугиан тарьж, өдрийн гол сэдэв болоод байв.

Гэтэл Өмнөговийн ал­мазын тухайд тус аймгийн Цогт-Овоо сумаас 40 км-ийн зайтай газраас олдсон гялтгар чулуулаг нь хатуу зүйлээр хүчтэй цохих, хазахад үйрч байсан гэнэ. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа болж таарав. Ямартай ч өмнөговьчууд “бу­тардаг алмаз”-аа гео­ло­гийн төв лаборатор руу шинжил­­гээнд өгөхөөр болсон гэнэ.

Энэ мэдээллээс үүдэн алмаз олдсон гэх газар руу хүрз, жоотуу барьсан иргэд ихээр очих болсны улмаас сумын Засаг дарга нь “Тэр хавьд одоо ямар ч хүн, ма­шин тэрэг байхгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Тэгвэл Өмнөговийн ал­маз­ны дууль ердөө л мөнгө­тэй болох гэсэн хүний суурь хэрэгцээ, үндсэн хүсэлд дө­рөөлсөн “элийрэл” байж таарав. Нутгийн олны эндүүр­лийг шүүрэн авч, элдвээр хачирлан нийс­лэлчүүдийн арааны шүлсийг асгаруулах арга ядсан арга ч байж болох юм.

Энэ явдал ердөө л интернэт гэгчийн бараан талыг харуулж байгаа хэ­рэг. Нэг нь сенсаацлаж, нөгөө нь дэвэр­гэдэг халтуурны хэдэн сай­туудын балаг.

Нөгөөтэйгүүр нийтийн дунд шуугиан дэгдээж, улайр­сан олон тийшээ хошуурахыг мэдсэн хэсэг бүлгийн явуур­гүй арга байхыг ч үгүйсгэх боломжгүй. Бидний нэрлэдэг “нинжа” гэх бүлэг хэзээний л алт гарлаа гэсэн газрыг гараараа ч сэндийччих сүй­хээтэй.

Тэгэхээр энэ сургаар Цогт-Овоо сумын нутаг руу улаан нүдэлж, хүрз, жоо­туугаар зэвсэглэсэн нөхөд хошуурсан болоод газар нут­гаа аварахын тулд сумын Засаг дарга нь албан ёсны мэдэгдэл хийсэн байж таараа.

Энэ явдлууд дээх нь үед жинхэнэ скандал болж явсан “Гал гаргадаг Өнөрмаа”, “Ром­­бу гарагийнхантай ярьдаг Ч.Дашцэрэн” зэрэг нөх­­дийг эрхгүй санагдуулав. Сонссон бүхэндээ итгэж, телевизийн урлагийг “Халтар царайт”-аар төсөөлж явсан бараан түүхэнд одооноос гэгээ татах нь уу гэтэл “Бурханаар бөөлждөг” В.Мөнгөнчимэг гэгч бүсгүй гарч ирээд хэсэгтээ л донсолгоод авсан. Тэгэхээр интернетийн ачаар хавтгайрсан бөмбөрцөг дэл­хийн задгайралд хазаар хэ­рэгтэй болж байх шиг.

М.Санчир

Эх сурвалж: