sonin.mn

Зохиолч Н.Даваадаш /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Ардын уран зохиолч Д.Цоодол танаа

Өндгөн хальсаа Бүрэнгийн хөндийд задалсан
Өврийн хангайн ламаас нэр хүртэж заларсан
Өсөх насандаа Явууг дагаж задарсан
Өтөлж яваа үедээ өвгөн Пү-до-той шадарласан
Савхин дээлээ өмссөн нь сайд маягийн Цоодол
Шүлэг найргийн ордондоо хуучин цагийн "феодал"
Саахар нь ихдээд ирэхээрээ хар талхны сахиул
Шооч нь хөдлөөд ирэхээрээ цагаан инээдийн дарвуул
Чеховыг баахан нухаж ухаан нэрж яргамтгай
Шилийг жаахан дундалж хууч дэлгэж даврамтгай
Шинэ хуучныг элээсэн төмөр замын "Дэр мод"
Шүлгийн тэнгэрт тодорсон энэ цагийн "Од"

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зохиолч И.Цэрэнжамц танаа

"Илжигэн халх"-ын хөх сэрх
Ишдорж өвөөгийн хэнз бэрх
Их шогийн Цэрэнжамц
Эхнэр хүүхнүүдийн идэр "чавх"
Хошин шогийн алтан "сагс"
Хоргүй архины мөнгөн "загас"

Түүхч, зохиолч Т.Мандир танаа

Түүхийн хүдэр ухаж хаадын үүдийг онголзуулдаг
Түвд, Манжийг судалж "түүхий" түүхчдийг өндөлзүүлдэг
Төрөлх эрдүү төрх нь эртний гүүшийн шинжтэй
Төгс уран авьяас нь торгон гуашийн зурагтай
Жаран хараа дэлгэвэл жавартай өвлийг тоодоггүй
"Жаа"-ны хэдэн найзаа жаргасан ч, зовсон ч мартдаггүй
Чингэлтэй буурал хайрхны сахалтай бор "Савдаг"
Шилтэй цэнхэр дарсны сахиустай хар "Дашмаг"

Багш Арго танаа

Хэл болгоноор эвлүүлсэн
Хэлбэр муутай хэлний уул
Хэдэн хэлбэрээр сэлж чадах
Хээгүй голын алтан тул
Арго чи
Хэлээр чимсэн Монгол "пап" уу
Хэлбэр муутай Хангал "топ" уу

Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Ёолк танаа

Халуун цус нь урианхай гэх
Харахад царай нь хасаг гэх
Хайрласан нэр нь орос байх
Харилцах хэл нь монгол байх
Ёолк ер нь даяаршсан Данхар
Монгол телевизийн дархан Банхар
Ёргоо урсгаж тэмээ бүжиглүүлж мэднэ
Ёс ярьж эмээг уйлуулж чадна

Цагдаагийн хурандаа зохиолч Л.Гаваасүрэн танаа

Засагт ханы гонзгор хөх
Цэцэрлэг хүүхний шодгор бөх
Цээлхэн дууны ороо тахь
Цагдаагийн чуулгын босоо салхи
Алтан нутагт төрсөн
Аавын цовоо хүү
Арай хожуу унаашсан
Аятай шүлгийн "гүү"

Шог зураач Л.Өлзийбат

Багс бийрээ барихаараа
Байгалийн авьяасаа гайхуулдаг
"Бараатын Дөмөн"-г дуулахаараа
Бавгар өвгөдийг уйлуулдаг
Бараан сахал нь ургахаараа
Баатар Будённийг санагдуулдаг
Байгууллага дээрээ очихоороо
Багачууд залуусыг айлгадаг
"Шанаган тав"-ын сахалтай Монгол
Шог зургийн сахиустай Хангал

"MACK" Продакшны жүжигчин М.Баярмагнай танаа

Бүсгүйн дүрд тоглохоороо
Янагийн салхи сэвэлзүүлдэг
Будаг шунх нялаад
Янхны үнэр сэнгэнүүлдэг
Бүдүүн аргил хоолойгоор
Ардын дуу сүнгэнүүлдэг
Бүрх тавин гангарч
Хүрээ гангараа бүрдүүлдэг
Баярмагнай том хангай
Бараа сүртэй шогийн хавтгай

Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин