sonin.mn

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ эдийн засаг хямарсныг харуулж байна гэх яриа гарч эхэллээ. Учир нь өнгөрсөн 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь тэрбумаар тоологдож байсан нэр бүхий УИХ-ын гишүүдийн орлого огцом буурсан үзүүлэлттэй гарснаас ийн дүгнэж байна.

Л.Гантөмөр сайдын жилийн орлого 18 сая байна

Хамгийн орлого багатай гишүүнээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тодорсон байна. Түүний бүтэн жилийн орлого нь 18 сая аж. Гишүүний цалин дээр сайдын урамшуулал нэмэгдээд үүнээс хэтэрдэггүй аж. Харин 2012 оны ХОМ-тээ 244 саяын орлого олсноо мэдүүлжээ.

Мөн жилийн орлого нь хорь хүрэхгүй сая төгрөгт эргэлддэг гишүүнд О.Баасанхүү, Д.Арвин, Я.Содбаатар, Н.Энхболд, Л.Энх- Амгалан, Чойжилсүрэн нар багтжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2012 онд 227 сая төгрөг жилд олж байсан бол өнгөрсөн жил түүний орлого 85 сая болж буурсан гэхээр огцом ядуурсан гишүүдийн нэг болж таарч байгаа юм.

Автомашингүй түшээд

Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд 10 гаруй төрийн түшээ автомашингүй гэж ХОМ-т дурджээ. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Б.Чойжилсүрэн, Л.Болд, Д.Дэмбэрэл, Д.Сумъяа-базар, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, С.Оюун, С.Одонтуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр,    Д.Лүндээжанцан нар автомашингүй аж.

Эдгээрээс Л.Эрдэнэчимэг гишүүн ХОМ-ээ дутуу мэдүүлсэн -,гэх хардлага нийгэмд төрөөд буй. Учир нь, өнгөрсөн жил худалдаж авсан хэмээн цахим хуудсаар гайхуулж байсан "Mersedes Benz S 500" нь энэ жилийн ХОМ-д бүртгэгдээгүй байна. Бүр "Benz" Л.Эрдэнэчимэг хочтой болоод байсан тэрбээр нэг ч машингүй хэмээн бүртгүүлжээ.

Тэрбээр 25 дугаар суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлэгт орохдоо уг "Benz''-ээ хөлөглөж олны сонорт хүргэсэн дээ. Олны эчнээ танил болсон "Benz''''-ийг ийнхүү бүртгүүлээгүй нь бусад гишүүнийг хардахад хүргэж байгаа юм. Харин автомашинаар тэргүүлж байгаа нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр бөгөөд тус бүртээ зургаан автомашинтай аж.

О.Баасанхүү орон сууцгүй

Өөрийн нэр дээр орон сууцгүй гэж "Шударга ёс" эвслийн О.Баасанхүү болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдүүлжээ. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар хамгийн олон буюу тус бүртээ таван орон сууцтай гэсэн мэдүүлэг гарсан байна.

Түүний араас орон сууцныхаа тоогоор УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга, С.Бямбацогт, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар орж байна. Тэд тус бүртээ дөрвөн орон сууцтай гэнэ.

Ямартай ч жил бүр гардаг төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-т эргэлзэх явдал олон гардаг. Арван жилийн хүүхдүүдийнхээ нэр дээр хэдэн тэрбумын тендер авдаг компанийн эзэд бий. Цаашлаад гадаадад суугаа хүүхдийнхээ дансанд өчнөөн тэрбум төгрөг шилжүүлдэг өндөр албан тушаалтан байдаг гээд маргаантай асуудал чамгүй гардаг.

Б.Цэцэг

Эх сурвалж: