sonin.mn

Далд санаа

Байгаль дэлхий өөрөө өөрийгөө нөхөн сэлбэгч, гоо сайхныг шаглан бүтээгч уран гартан аж. Түмэн баялаг цогцлон бүрдсэн байгалиас хишиг хүртсэн минь тоймгүй. Хүмүүний ертөнц түүний үрээр хөгжин манджээ. Хүн, байгаль хоёр бие биеэ шүтнэ. Хэн хэнээ тэтгэнэ. Өнгө будгийн зохицол, уянга эгшгийн нийцэл, яруу сайхны хэл аж.

Хөхрөх хөвч тайга, цэцэг алагласан нуга, шувуудын жиргээн, гол усны хоржигноон дан хөгжмийн найрал шиг юутай сонсголонтой. Харзын ус мөнгөн утас шиг мяралзаж, хан хөхөө нэгэн хэмээр донгодоход түмэн бодол эргэлдэнэ. Зүрхэн хэлбэрт навчис зүүсгэл чимэглэл шиг бүжиглэж, яруу авиа хөгжмийн хэлээр аргадна.

Өнгө, уянга хоёр өөр хоорондоо зохицно. Сэтгэл санааг сэргээж илбэнэ. Хүн байгальд хайртай. Байгаль хүнд хайртай. Нууц увдис байгальд олон. Ухаанаа хөгжүүлэг гэж увдис нууцаа ил гаргалгүй хүнийг яруу сайхны эрэлд хатаана.

Алтны эрэлд хатаж, газар шороо онгичиж нүдний булай болж явсанд орвол байгалийн нугачаанд нуугдсан яруу тансгийн эрэлд хатсан ч яахав. Хойч үеийнхэнд зүхүүлэхгүй, магтуулах юм чинь.

Албан тушаал

Өнөө үед хүний нүдэнд мөнгө харагдаад бие сэтгэлийг нь шаналгах болжээ. Мөнгийг хэрхэн олох вэ гэдэг нь ёстой асуудал болжээ. Хооллоход хоолойд нь нэг юм тулж ирээд, нойрсоход нь зүүдэнд ороод барагтай хүнийг амраахаа байжээ.

Ингэж шаналж зүдэрч байгаа хүнд хамгийн түрүүнд юу санагддаг вэ гэвэл албан тушаал. Баяжигчид газрын эрдэс баялгийг, миссэрхүү хүүхнүүд мөнгөтэй бэлтнийг бодох төдийгүй зүүдэлнэ. Угтаа энэ бүхэн цөм албан тушаалд зангидагдана.

Шоовдор

Айлын шоовдор хүүхдийг харахаас нүд халтирна. Өрцийг минь мянган зүүгээр шивэв гэлтэй зүрх шимширнэ. Өрөвдөв гэдэг үг шаналгааных нь хагасын хагасыг ч илэрхийлж үл чадна. Эзний дуу хоолойн дээрэнгүй авиа, эзэгтэйн харам хуншгүй сэтгэхүй шоовдор хүүг хэтэрхий хүлцэнгүй занд сургажээ.

Шоовдорт хөдлөхгүй цаг, хийхгүй ажил гэж алга. Тэгсэн мөртлөө хашрааж зодуулахгүй, харааж зүхүүлэхгүй үе гэж бас байхгүй. Хоногийн нойроо алдаж, хоолны шавхруугаа хасуулах нь энүүхэнд. Шоовдорыг өмгөөлөх, энэрч хайрлах хүн тэр гэрээс олдохгүй.

Гэрийн эздийг идээ зоог, амттан шимттэнээ хүртэх үед нь гай болоод тааралдчихвал шоовдор нүдээ унагачих шахан горьдож, улаан хоолой нь гүрэлзэж шүлсээ гудхийн залгина. Өнгөөр биш, мөнгөөр түрий барьж гэрт минь эзэн болоод суучихсан хар элгийн хойт эцэгт унаж үхэн хамаг байдгаа дэлгэсэн гэрийн эзэгтэй ямар байдаг сан билээ.

Үрчилснийг бүү хэл төрсөн үрээ ч ад үзэж шоовдорлох нь бий. Манай ихэс дээдсүүд үүнтэй агаар нэгэн аж. Харь баяны түрийвчин дэх хэдэн "ногоон"-ыг харчихаад түмэн олноо шоовдорлож, элэг барих нь даанч хэтэрхий. Сонгуулийн үед "Ард түмээн, та нартайгаа би амь нэгтэй шүү" гэж хайр зарлаж, молиго үмхүүлсээр зөөлөн сэнтийд хүрцгээчихээд төрөл арилжсан мэт хөрхийсөн царайтай хойт эцгүүд болчих юм.

Сонгуулийн өмнө амлалт, магтаалын үгээр цатгаж "Та нар жаргана аа. Маргаашаас эхлэн амьдрал чинь цэцэглээд ирнэ" гэж чихэн дээр цэцэг ургуулж байсан нь яасан бэ? Нөгөө нэр барьж саймширч байсан ард түмэн чинь шоовдор хүүхдийн суудлаас, зовлон зүдгүүрээс салгахыг гуйсан горьдсон харцаар гэгээн дүрийг тань эгц харж чадахгүй гөлөлзнөм. Ард түмнээ шоовдор хүүхэд болгож доош хийгчдийг хэзээ гийгүүлэхийг хэн ч хэлж үл чадна.

Гонжийн жоо

Мөнгийг мөндөр шиг цацаж гарч ирээд төрийн жолоо атгасан эрхмүүд маань Англид ингэдэг, Америкт тэгдэг, Шведэд ийм загвар байна. Швейцарт тийм туршлага байна гэж алтан гургалдай шиг донгодно.

Өөрсдийн оюун тархи, сэтгэх ухаан гэж байна уу? Туслах нэртэй нэг биш, нэлээд хэдэн сэргэлэн нөхдийн сэтгэсэн тархи, сийрүүлсэн бичлэгээс будаа идэж цэцэрхэнэ. Нэг бол харийнхнаар заалгана. Хар элэгтэй харийнхны өмнө бөхөлзөж. хар алттай хөрсөө сэндчүүлж, хадтай толгодоо нураалгаж, ус булгаа ширгээлгэж, унац ашгаа зузаатган сууж элэг барина.

Ийм байхад бид эс мэдэгчийн дүр эсгээд, дүлий дүмбэ оргиод суугаад байх уу. Оюун ухаанаа уралдуулж, овсгоо самбаагаа дайчилж, хөгжлийн гарцыг олно гэж найдах уу? Монголчуудаа бодож, тэднээр хийлгэж байна гэх молиго үгэнд нь хууртагдсаар байх уу? Бүтээчихсэн овойж товойсон юм харагдахгүй л байна. Хашрахгүй л байна.

Төрийн мэлмий хаалттай, өрийн сүлжээ торлоостой боллоо гэж гомдол нэхэн гонгиновоос "хуучнаа санагалзлаа" гэж зэмлэх юм. Хоосон сүржигнэл, номлол айлдагчдаар бид яах юм. Гар биеэ хөдөлгөдөг бүтээгчид, хийгчид хэрэгтэй санж.

Тийм үлгэр жишээч хүмүүс ховорджээ. Бодоод үзэх нь ээ, ер нь баяжихын донд шунагч, банжихын сөн түшигч түшмэдүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болж. Ийм золиг шиг завхрал байх гэж... Тэднээс дарс шиг оргилуун хурц, даацтай мэргэн сэтгэлгээ гарна гэдэг ч гонжийн жоо юм аа.

Чадаж байгаа юманд арга алга

Дээхнүүр нүүртэй, сээхнүүр явдалтай нэг бүсгүйг хүмүүс "Гавьяат" цол авчихсан байхад нь, "Гавьтай бүтээлгүй энэ юугаараа гавьяат болчихдог байна. Яасан үнэтэй юмтай новш вэ?" гэж ам амандаа шивнэн хэлэлцэж байхуйд харин нөгөө бүсгүй "чадаж байгаа юманд арга байхгүй" гэсэн аястай "Би ч яахав, Гавьяат авчихлаа. Тэмдгээ зүүчихлээ. Одоо нөхөртөө олоод өгчихвөл... гэсэн гэдэг" хэмээх шог яриа байдаг. Өнөөгийн өндөр дээд гавьяатнууд бол өнгө, мөнгөөр авлига өгөгчдийн сэтэрлэлт юм биш үү. Авдаг, өгдөг хоёрын үнэ ханш, эзнэээ олоогүй шагналын хур хэтэрч байх шиг ээ.

Тарнийн хүчийг хариулсан нь

Овжин сэргэлэн, оломгой хэлэмгий, атигар ахархан биетэй Самдан, лантуу шиг бадриун лагс жинтэй Цагаанбух хэмээх үй зайгүй хоёр найз нэг өдөр тарвага агнаж, хорхойгоо дарж, ходоодоо баярлуулахаар анд явжээ. Тарвага таргалж, тараг айраг бялхаж, мах гээч юм магнаг болсон цаг байж. Авдгийгаа ч авч, агнадгийгаа ч агнаж гэнэ. Тарган гээчийн сувай тарчийг туламлан шулж, туухлан суутал Цагаанбух Самдандаа хандан,

-Ганц хоёр сонгино олоод хийчихвэл дээд урууландаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ үзүүлэмгүй амттай зоог болно доо гээд санамсаргүй хэлбээс атигар Самдан:

-Тэндээ тулбал, тэр юу байсан юм. Сонгинотын Улаан хайрхан ойрхноос даллаад байхад солиотой юм шиг Бух минь бодлогоширч суугаад юугаа хийнэ. Алив мордъё, хоёулаа. Ав аа гэж савдаг нь дуудаж байна гэхэд Цагаанбух:

-Атигар минь, яаж болдог юм. Мод чулууг нь хөдөлгөж ч болдоггүй догшин газар гэдэг юм чинь, би айж байна гэвээс Самдан:

-За Бух минь, айлтгүй дээ. Хоолонд хийх хоёр сонгино авахад юуг нь харамлаа аж. Би аргадаж учирлаж, тарни унших юм чинь гээд уруулаа хөдөлгөн тангад ном амандаа шивнэн, хуруугаа инчдэн, нүдээ анин залбиран сүжиглэж эхлэв. Цагаанбух, атигар Самдан хоёр тэр дорхноо Сонгинот хайрханд хүрч Самдан нь сонгино ухаж гарган марсайтал инээж,

-Бух аа, чи яагаад сонгино малтахгүй, намайг хараад модон өмд өмсчихсөн юм шиг хөшчихөө вэ? гэхэд Цагаанбух:

-Чи амандаа шивнэж гайхуулаад суусан тарни мааниа уншихгүй яасан бэ? Догшин газрын сонгиныг зүгээр ингээд аваад байж болно гэж үү? гэвэл Самдан:

-Нээрээ тийм л дээ. Тарни хэлэхээ мартах шахаж гээд

Догшин улаан хайрхан минь

Доорд биднийг өршөөж хайрла

Мухар гэхгүй бол Бухыг ав.

Ахар гэхгүй бол намайг ав гээд шившихэд,

-Атигар минь, чи амаа мэдэж бураарай гээд лантуу шиг бадриун Цагаанбух чинэртлээ уурлан, Сэндийлж төнхсөнөөр нь Самданг ав аа! Сэргэмжлүүлж хэлснээр нь намайг үлдээ! гэж тарнийн шидийг хариулсан гэнэ.

 

Зохиолч Ч.Онгоодой

Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин