sonin.mn

Монголчуудын УИХ удахгүй Засагийн газарын гишүүн болчихсон мөртлөө УИХ-ын танхимын гишүүний суудал дээр суудаг давхар сандалтан давхар дээлт гишүүний квадратуудыг хөөж гаргах цаг ирж байгаа бололтой. Хэрвээ УИХ удахгүй Засагийн газарын гишүүдийг танхимаасаа хөөж тууж салж тусгаарлаж чадвал төр шиг төртэй болно доо.

Энэ хоёр тусгаарлаж тус тусдаа эрхтэн болж чадвал эрх мэдэл байр байрандаа очно. Түүнээс биш хэдэн арван жил давхар эрхтэнтэй эрх мэдэлтэнгүүд эрх мэдлээ саармагжуулж Монголчуудыг ардчилсан төргүй харин олигархийн төртэй болголоо шүү дээ. Ямар их дампуурал вэ.

Монгол хүний улстөрийн боловсрол дэндүү доогуур тул ард түмнийг хоосон хуурч 20 гаруй жил төөрөгдүүлж баяжиж улстөр нэрийн дор сэтгэлийн хөдөлгөөнөөр тоглож баахан гадаад дотоодынхон баяжих шивдээ. Түүний хариуд энд тэнд зам байшин барьж өгч хуурцгаав.

Нийгэмд шинэчлэлт хийж Монгол хүнийг хөгжүүлэх дээр юу ч хийсэнгүй. Монгол хүн ухамсараа алдсан сэтгэлийн хөдөлгөөнтэй л байхад хэн ч Монгол оронд баяжаад л буцна.

Намууд сонгууль нэрийн дор орлогогүй тэтгэврийн хөгшидийг цаашлаад мөнгөгүй оюутны холбоонуудыг тулалдаанд мордуулж ёстой бууны нохой болгоцгоосон. Хувийн сонингууд хувийн зурагтын сувагууд нийлээд хэвлэл мэдээлэл нэрийн дор мөн ч олон жил Монгол хүнийг мэдрэх мэдрэлгүй бодох ухаангүй болгосон. Зүгээр л нэг бол за гэдэг эсвэл үгүй гэдэг автомат машинууд болгожээ.

Мэдээж бүх Монголыг, бүгд Монголыг, хамуг Монголыг, даяар Монголыг хуурч чадахгүй. Жижигхэн амьдрал жижигхэн зорилгоор хөөцөлдөгчид 20 жил УИХ-д сууж 20 жил хулгай хийсээр байгаад бүр уйдаад хийх юмаа олж ядаж гал түлдэг л болцгоох шив. Хүн удахаараа чөтгөр болдог гэдэг.

УИХ-аар дүүрэн сандал дээр суусан ширээний бөглөөс болсон чөтгөрүүд дүүрэн. Чөтгөрүүдийн хажууд агаарт олон жил давьхсан хээр мориуд их л гайхаш тасардаг бололтой.

Чөтгөрүүд дотор яам сольж тоглодог сонгуулийн тойрог сольж жүжиглэдэг эрэгтэй эмэгтэй давхар болооод дан гишүүд олондоо. Тэд удахгүй хөгөө чирч нүүрээ хийх газаргүй болноо. Тэд ичихгүй байж болно ичээгээд өгөх л чухал шүү дээ. Тэдний дуусах цаг ойртож байна. Монгол хүн баярлах хэрэгтэй.

Жинхэнэ улстөр Монгол оронд ирж насанд хүрсэн юм үзэж нүд тайлсан хүмүүс УИХ-д сууцгааж Засагийн газарын гишүүдийг байцааж хаана хэдэн төгрөг зарцуулсаныг асууж лавлаж чадах ардчилсан ил тод улстөр ирэхнээ. Германы Бундэстаг нэртэй парламэнтийн хуралдаануудыг ажиглаж сонсож байхад парламэнтийн гишүүд тойроод суучихсан харин тэдний өөдөөс Засагийн газарын гишүүд сөрөөд суучихсан байдаг.

Засагийн газарын гишүүд яг л шүүх хурал дээр байцаагдаж байгаа аятай ажлаа тайлагнаж шалгалтанд ордог. Стандартын Засагийн газар гэж энэ шүү дээ. Монголчууд удахгүй стандардын УИХ-тай болохнээ.

УИХ өнөөдрийг хүртэл хянан шалгах үүргээ биелүүлсэнгүй. Яагаад гэвэл шалгуулах ёстой Засагийн газарын гишүүн хамт нэг сандал дээр сууж байгаа хойно доо. Давхар дээл өмсөөд давхар сандал дээр суусан гишүүний квадратууд Монголыг улстөргүй болгосон. Нэгэнт улстөргүй болгосон тул Ард түмний төр биш олигархийн төр болсон.

Давхар дээлтэй буюу гишүүний квадратуудыг яг л автобусны жолоо ч бас зорчигч гэж бодох хэрэгтэй. Автобусны жолооч эцсийн буудал дээр ирэхэд ганцаарханаа автобус дотор сууж байна гэж төсөөлцгөөе. Энэ зорчигчгүй автобус байна гэхээр жолооч ингэж хариулах жишээтэй үгүй би зорчигч гэнэ.

Тэгвэл зорчигчийнхоо мөнгийг төлсөн үү гэхээр үгүй би бас жолооч хийж байна шүү дээ гэнэ. Ингээд энэ автобуснаас ганц ч төгрөг автобусны компани авч чадахгүйтэй л адил.

Цаашаа бүр инээдэмтэй юу вэ гэхээр жинхэнэ ардчилалын зарчимаар бол УИХ, Засагийн газар, Дээд Шүүх гэсэн гурван өндөрлөг байх ёстой. Гэтэл олигархууд өөрсдийгөө шалгуулахгүйн тулд зориуд Дээд Шүүхийг эрх мэдэлгүй болгосон.

Хэрвээ Монголын Дээд Шүүх зарчимаараа эрх мэдэлтэй байсан бол давхар дээлтэй гишүүний квадратууд сийх ч үгүй ичих ч үгүй бас Дээд шүүхийн гишүүн болох байсан гээд төсөөлдөө. Тэгвэл одоогийн гишүүний квадратууд Дээд Шүүхийн гишүүн болж гурван давхар дээлтэй нэг үгээр хэлэхэд гишүүний куб буюу гурван зэрэгт болох л нөхдүүд шүү дээ.

Бүх зүйл утгаа алдаж буруу алдаатай болсон энэ орон өөрчлөгдөж өөрчлөн байгуулалтын цаг ирж байна. Энэ цагийг ойртуулах хэрэгтэй. 7 сарын 1 нд биш 6 сарын 1 нд Засагийн газарыг УИХ-аас хөөж гаргах хэрэгтэй.

УИХ дотоод зохион байгуулалтаа сайжруулж асууж лавлаж үргэлж хуралдаж хоорондоо ярилцаж байх боломжтой индэртэй болох хэрэгтэй байна. УИХ-ын танхимыг ардчилалтайгаар засаж зохион байгуулах цаг ирсэн. Тэр бүдүүн том номын сангийн сандал ширээнүүдийг сольж хөнгөн шингэн орчин үеийн болгох хэрэгтэй.

УИХ тэднийг хөөж гаргасны дараа сар бүрийн эцсээр ээлжлүүлэн дуудаж илтгэл тавиулдаг журам тогтоож алтаа хааш явуулсан, зэсээ хэнд зарсан, нүүрсээ хаашаа ачуулсан гээд л эдийн засгийн асуудлуудыг ард түмний өмнө ил тод тоо баримттай яриулдаг болох хэрэгтэй. Тэр боломж ойртож буй.

УИХ-ын болон Засагийн газрын давхар гишүүн болсон гишүүний квадратууд өнөөдөр хүртэл УИХ-ыг ямар ч чанаргүй болгосон. УИХ-ын гишүүд төрийн ажлаа хийхгүй засагтайгаа холилдон сууж арилжаа хийдэг шахуу тэр арилжааны танхим төрийг дампууруулсан. Төрийн дампуурал эцэслэл болохнээ.

Гишүүний квадратуудыг байхгүй болгосноор гадаад харилцаанд дэвшил гарах боломжтой болно. Өнөөдөр хүртэл Монгол Улс дэлхийн улстөрд үг хэлэх чадваргүй дуугүй болтолоо Засагийн газарын гишүүдээр амаа бариулсандаа.

Гадаад явдлын яам бол засаглал тул гадаад харилцаагаа л хийх ёстой. Харин УИХ бол гадаад харилцааны яамны сайдаас дээгүүр илүү төрийн хэмжээнд эсэргүүцэл үзүүлж хуралдаж ярилцаж ард түмэндээ асуудлыг олон талаас ярилцаж ойлгуулах учиртай.

Дэлхийн улстөрийн том тоглогчид болох Америк, Орос болон Европын холбоо яагаад Украины тэнд мөргөлдөн үүсгээд буй тухай УИХ хуралдаж нам бүрээс дэлхийн улстөрөөр мэргэшсэн хүмүүс илтгэл тавьцгааж Украины тухай улстөрийн дүгнэлтүүдийг гаргах ёстой. Гэтэл том улстөр хийж чаддаггүй УИХ-ыг ямар төрийн байгууллага гэх вэ дээ. Ийм жижигхэн юу ч чадахгүй УИХ байна гэдэг өрөвдөлтэй.

Ард иргэд Украины тухай мэдээлэлийг УИХ-ын танхимаас сонсох болохоос хаа нэг мэдээгээр сонсох учиргүй. Том улстөрийн тухай зурагтын мэдээнээс сонсох гэдэг дэндүү хямдхан арга шүү. Бүхий л сонингууд болон зурагтын сувагууд цаанаа нэг олигархуудтай бөгөөд тэр л намдаа үйлчилдэг гэдгийг хэн ч хэлүүлэхгүй мэднэ.

Тиймээс мэдээлэл үнэн байхын тулд УИХ-ын танхимд Украины тухай ярилцаж ухаанаа уралдуулж ард түмэндээ үнэн бодит ойлголт өгөх хэрэгтэй.

Өчигдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Расмусэн гэж этгээд мэдээлэл хийжээ. Тэр ингэж хэнээрхсэн байна. Бид Ukrainian people буюу Украин хүмүүсийг хамгаална гэжээ. Расмусэнд хэлэхэд Украин гэдэг бол маш олон ард түмнүүдээс бүрдсэн олон үндэстэний орон тул яг Украин хүн гэж хэнийг хэлнэ вэ?

Расмусэн этгээд цааш NATO’s core task is to protect and defend our Allies гэж хэлжээ. Үүгээрээ бид хам хамсаатануудаа хамгаална гэжээ. Хэнээс хамгаалах гэж байгаа юм бэ? Ерөөсөө НАТО-гийн хам хамсаатан луу хэн дайрсан бэ? Хэн?

Расмусэн цаашаагаа бүр хэтрүүлсэн мэдэгдэл хийлээ. Тэр хэлэхдээ: We will have more planes in the air, more ships on the water, and more readiness on the land. Бид агаарын хүчин, усан дээр усан цэргийн хүчин болон газраар ч гэсэн бүх хүчээр довтолход бэлэн гэжээ. Хэн тэгээд хэний эсрэг агаараар, усаар, газраар дайрхад бэлтгээд байна вэ?

Дэлхийн 1-р болон 2-р дайнд Англи болон Америк хоёр л баяжиж ашиг олсон байдаг шүү дээ. Дайн болоход л хөөрхий Германы ард түмнийг Оросын ард түмний эсрэг дайтуулж турхирдаг арга бол шинэ биш хуучин сурсан арга даа. Германы Меркэл гэж канцлер авгайг Оросын ерөнхийлөгч Путины эсрэг өдөөгөөд хэн хожих вэ?

Хэн хожих вэ гэвэл Вашингтоны администрац болон Английн Сити оф Лондон хоёр л хожно. Сити оф Лондон нэртэй банк санхүүгийн төвд манай нөхдүүд очиж алт дилер болон бонд нэрийн дор бүх хөрөнгө мөнгөө алдаад өнөөдөр өрөнд барьцаанд улам л гүн орж байгаа шүү дээ.

Монголын ард түмэн Украины ард түмний эсрэг биш бас тэдний талд ч биш, Орсоын ард түмний эсрэг ч биш бас тэдний талд ч биш, Америкийн ард түмний эсрэг ч биш бас тэдний талд ч биш, Германы ард түмний эсрэг ч биш бас тэдний талд ч биш. Монголчууд өөрийн гэсэн хэнээр ч заалгуулж турхируулахгүй тийм л том улстөртэй болоход УИХ-ын бие даасан байдал чухал байна.

Ядаж байхад яр гэгчээр энэ Сорос гэж нөхөр бол бас л аюултай этгээд байна шүү дээ. Түүний тухай сонинд ингэж бичжээ: George Soros pushes Obama to release strategic oil reserves to ‘ruin’ Russia. Орос орныг баллаж хаяавал Америкууд газрын тосоо зарах боломжтой болно гэж Обама руу турхирчээ. Мэдээж Европыг л Англи, Америк хоёр нийлээд гартаа оруулах гэж байна шүү дээ.

Сорос гэж Унгар гаралтай энэ этгээд Азийг 90-ээд онд тэр чигээр нь эдийн засгийн хямралд оруулж олон ч хүнийг хохироосон доо. Гэтэл энэ хүний байгуулсан улс орнуудыг балладаг байгуулага Улаанбаатар хотод дүнхийж байна шүү дээ. Энэ тухай УИХ-д ярилцсан уу. Шалгах л хэрэгтэй бус уу.

УИХ тусгаар тогнож чадвал Засагийн газар яамандаа очиж хийх ажлаа олигтойхон хийх л үлджээ. УИХ яамны сайдуудыг тушаах тэр л цаг үе ойртох мэт. Сайн цаг ирж сайхан болохнээ. Үүний тулд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Зөвхөн оюутны холбоо эсвэл тэтгэврийн хөгшид биш энд тэнд явж сурч боловсорсон хүмүүс үгээ хэлэх цаг иржээ. Хуучин хоцрогдсон арчаагүйдээ битгий хорогдоорой. Гараад ир.

Доктор С.Молор-Эрдэнэ