sonin.mn

2010-7-6-ны өдөр тутмын сонинуудын  хуудаснаа нэгэн жижигхэн мэдээ нийтлэгдсэн нь хожим их улс төрд хөдөлгөөн оруулж, орон зай,хүчний харьцаанд өөрчлөлт гарахад чухал нөлөө үзүүлнэ гэж олон хүн тааварлаагүй байх.

Таван толгойн ордыг ашиглах тухай “Мон мэдиа” агентлагаас явуулсан санал асуулгын дүнг нэгтгэн харуулвал:
Н.Энхбаярын санал...... 65,2%
Монгол 999-ын санал... 24,5%
Засгийн газрын санал....7.6%
Бусад ...............................2,7%
Ийм л мэдээ.Санал асуулгын дүнгээс харвал Таван толгойг 100 хувь ард түмэнд эзэмшүүлнэ гэсэн ерөнхийлөгч асан Н.Энхбаярын саналыг олон нийт дэмжсэн нь илэрхий.Та бүгдийг нь авах уу эсвэл 10-ыг нь авах уу гэхэд хэн ч байсан бүгдийг нь гэж хариулах нь мэдээж болохоор асуулгын дүн үнэн гэдэгт эргэлзэх хэрэггүй.

     ”Таван толгойг ард түмэнд өгнө” гэсэн тавхан үг л “Шударга ёс” эвслийг УИХ-д суудалтай болгож  эрх баригч хүчний нэг болгосон юм.Учир нь тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн ганц амин сүнс, санал цуглуулагч фактор нь таван толгой байсан юм.Тэрнээс матрын нулимстай үнэн худал өрөвдөл, марзан ярианы сэдэв болох 5 хувьсгал,таавар, тавьтар муутай шантааж мэт  нь сонгуулийн хар машин, түүнийг өөрийн дураар “жолоодогч” нарт л бага зэрэг нөлөөлсөн байх.

         Өдөр болгон дарга цэрэггүй өгнө гэж хэлээд байхаар авна гэдэгтээ ард олон ч итгэсэн.Өгөхийн төлөө ажиллах байтугай тэмцэх нь гэж баярласан.Гэтэл их санасан газар 9 шөнө хоосон гэгч болов.Учир нь нэр ус ч үгүй, гудамжинд байхдаа өгнө гээд байсан мөртөө засгийн газарт багтмагцаа таван толгойг таг мартаж орхисон.

Боломжгүй байхдаа хийж чадна гэчхээд боломж олгохоор хийдэггүй энэ их хууралт сүүлийн 20 жилийн монголын улс төрийн үнэн нүүр царай юм. Эхэндээ ч олон түмэн ядахдаа ордон дотор төөрөхөө болиг доо өөр хүний туслалцаагүйгээр өрөөгөө олоод оччихдог болог доо  гээд  хүлээгээд байсан.

Гэтэл мөнөөхөн ордон дотор төөрөгсөд маань өрөөгөө нэг юм олдог болсон ч гэсэн өөр юманд төөрчихдөг байгаа.Албан тушаалд төөрөөд ард олонд өгсөн амлалтаа мартчихсан. Төрийн ордон ч түнэр харанхуй МАНАН-тай хэвээрээ байгаа л даа.

Нэгэн цагт би П.Гэндэн, А.Амар нарын бахархам атлаа эмгэнэлтэй хувь заяаны талаар ”Төрийн ордонд төөрсөн хүн төрсөн биеэ эргэж олоогүй” гэж бичиж байсан. Харин өдгөө өөр утгаар нь “Шударга ёс эвсэл”-ийнхэнд хэлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.Өрөөн дотроо төөрөх өөрийн толгой дотроо төөрөх хоёр уул нь өөр л дөө

Худлаагаар дүүрэн энэ асуудал санамсаргүй  бус байсан гэдгийг тодруулахын үүднээс дахин нэг жижигхэн мэдээг сонирхоё.

                                               УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танаа
... Монголын Бүх Ард Түмний Их Хуралдайн төлөөлөгчдийн санал асуулгаар монголын толгой 15 олигархийн нэгээр УИХ-ын дарга Дэмбэрэл та тодорсныг урьд нь танд хүргүүлсэн Их хуралдайн тогтоолоор хүргүүлсэн билээ...

...Эх орноо худалдсан, эх орноосоо урвасан, үндэсний эрх ашигтаа харшлах үйлдэл хийж байгаа олигархиудыг өөгшүүлж, хаацайлж төрийн хар хүний ноён нуруугаа хугалсан таныг ард түмнээсээ уучлалт гуйн албан тушаалаасаа сайн дураараа 2011-5-15 дотор огцрохыг шаардаж байна.   “Монголын Бүх Ард Түмний Их Хуралдайн төлөөлөгчид”

 Ур хийц, утга муутай энэ бичвэрт Д.Дэмбэрэл гуайг арай л 15 толгойтой мангас гэсэнгүй Гэтэл ердөө 2 сар ч өнгөрөөгүй байхад буюу МАХН нэрээ олж авмагцаа мөнөөхөн “хугархай нуруутаа “ бидэнтэй нэгд, хамтрая гэж дууддаг байгаа. Хамт олгархижъя гээд байгаа юм уу хамт нуруугаа хугалъя гээд байгаа юм уу бүү мэд.

Тэгсэн хирнээ МАН-тай нэгсэхгүй гэсэн хамтран зүтгэгчдээ МАН-ын тагнуул гээд байдаг. Эцэст нь  хань нөхөддөө бурууг тохож урвагч хэмээн  гишүүддээ  ойлгуулж билээ.Гэхдээ хэнд урвасныг нь хэлж чадаагүй. МАНАН-д урвасан гэхээр өөрсдөө тэднийг хамтрая гээд дуудчихсан байдаг.

 Харин МАХН-ыг орхисон хүмүүсийн зөв, тэд нийгмийн сэтгэхүйд нөлөөлж чадлаа гэдгийг мэдрэнгүүтээ дараагийн дуудлагадаа”зарчмын өөрчлөлт” оруулж “олигархиудаа Оюутолгойн гэрээг засчхаад ир гэж “ дуудаж билээ.Тэгээд ч МАХН-аас холдогсдын зөв байсныг дараа дараагийн үйл явдлууд олон түмний нүдэн дээр нотолсоор. Ямар сайндаа жирийн гишүүд нь “Анхдагчдын холбоо” хүртэл байгуулж тэмцэж байхав дээ.

         Хариуцлагатай улс төрийн зарчмаар бол ”Шударга ёс” эвсэлийнхэн Таван толгойн асуудлыг болзол болгон тавьж, зөвшөөрсөн тохиолдолд АН-ын Засгийн газарт орох ёстой байсан.Учир нь  аливаа улс төрийн нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л засгийн эрхийн төлөө тэмцдэг.

Гэтэл таван толгойг таван сайдын суудлаар арилжиж орхисон. Нөгөө авлигачдынхаа нэгийг ерөнхий сайд болгоод өөрсдөө ерийн сайд нь болоод нэг хөнжилд шургачихсан.Сонгогчдод сая таван зуун мянгаа өг. Амласнаа биелүүл гэж бусдыг шахаж, буруутгаж байсан хирнээ өөрсдөө тэднээс олон арав дахин их мөнгө амлачхаад амлалтаа биелүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй.

Түүний оронд байшин савны хэрүүл хийж оффис хэрэггүй, эмнэлэг хэрэгтэй гэх мэт аахар шаахар заргыг илүүд үзсэн.Уул нь Таван толгойг зүй зохистой ашиглах талаар сэтгэл гаргасан бол өчнөөн эмнэлэг , өчнөөн оффис барих байтугай тулгамдсан олон  асуудлыг шийдэх гарц нээгдэх учиртай байлаа.

Гэтэл шударгачууд маань 100-г олоод 50–иар нь эмнэлэг барья, 50–иар нь оффис барья гэхийн оронд 100-г олж яах юм бэ. 50-ийг олоод нэгийг нь л барья гэж хэлэхээ зөв гэж үзсэн бололтой. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай нам бол засгийн эрх баригч нам гэж удаа дараа мэдэгдэж байгаа.

Тэгвэл тэр нам болгонд олдоод байдаггүй бүрэн эрхээ хэрэгжүүлээч дээ  гэж олон түмэн шаардаж амлалтаа нэхэх цаг хэдийнэ болжээ. Тийнхүү МАХН болоод МҮАН–нхан чинь Шударга ёс эвсэл үү, Шударга ёс.. эсвэл үү гэж асуух бас хариулах эрх ард түмэнд нээлттэй хэвээр  үлдэж байна.

Оюутолгой монголчуудыг баяжуулна гэж амлаад МАНАН засаг барьсан. Таван толгой таны дансанд бөөн мөнгө болж орно гээд МАХН засаг барьж байна. Аль алин нь ард олныг хуурлаа. Дээдсүүдийн хэлж ярьж байгаагаар эдийн засаг өсөөд байдаг.Мөнгө нэмэгдээд байдаг. Гэтэл ард олны амьдрал улам дордоод байдаг.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Монгол орон баяжаад байхад монголын ард түмэн ядуураад байна гэж хэлэх үү? Чилийсэн урт  2 жилийг чи би гэсээр өнгөрөөсөн шударгачууд маань одоо үлдэж байгаа 2 жилд  өгч чадаагүйгээ зөвтгөх гэж арга ядахдаа өөрөөсөө бусдыг буруутгах сурсан арга аа л хэрэглэхээс өөр аргагүй болж байх шиг байна.

Одоо тэд Таван толгойг өгч чадаагүй нь АН-аас болсон гэж буруугаа бусад руу чихнэ Яг л нөгөө өөрсдөөс нь холдсон хүмүүст бурууг үүрүүлж байсан хуучин арга, хуучин зангаараа Тэгэхээр дээрх 2 жижигхэн мэдээ нийлж нэг утга илэрхийлэх нь: Муу хань нөхөд муу хамтрагчид болдог.

Д.Өрнөхбаяр / Шинэ үе-шинэ хүчний холбоо/.