sonin.mn

/2014. 04.17-ны өдрийн УИХ лахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд дээр УИХ-ын гишүүн Г.Уянгын “Давхар дээл”-ийн тухай хуулийн асуудлаар хэлсэн үг/

Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал бидэнд өөрсдийгөө хэн бэ гэдгээ эргэцүүлэх, өөрөө өөрсдийнхөө байр суурийг тодорхойлох сайхан боломж олгож байна.
Сонгуулийн өмнө юу ярьж байснаа эргэн санацгаая. Монголоо өөрчлөх таван хувьсгал гэж сонгуулийн том хөтөлбөртэйгээр бид 2012 оны сонгуульд оролцсон. Нийгмийг засах бүхэл бүтэн том хөтөлбөртэй, бүр Үндсэн хуулийн төсөлтэй сонгуульд оролцсон цорын ганц хүчин. Тийм ч учраас чамгүй санал авч өнөөдөр гуравдагч хүчнийг Монголын парламентад бодитойгоор бий болгож чадсан. Харамсалтай нь, манай олон хүн сонгогдмогцоо ЗГ-ын гишүүн, сайд болдог гээд амласан, ярьснаа таг мартсан, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт томоохон шинэчлэлийн заалтуудаасаа оруулж чадаагүй ээ. Бидний амлалт сонгуулийн өмнө хашхирдаг сайхан уриа байх ёсгүй. Одоо л Шударга ёс эвсэл гол хөтөлбөрөө ярих, түлхэх сайхан боломж гарч ирлээ гэж бодож байна.


Олон нийтэд таалагдая гэвэл давхар дээлийг тайлаад хаячихаж болно. Гэвч Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг өөрчлөлгүйгээр энэ хуулийг баталбал бид төрийн гажуудалд косметик засвар л хийх болчихоод байна. Дээл гутал, өмд цамцаа тайчих яах вээ, цаад мөн чанараар нь асуудлаа шийдмээр байна. Өнөөдрийн тайлаад тавьсан дээлийг маргааш нэг нь аваад өмсөх эрх Үндсэн хуулийн 29.1-ээр нээлттэй хэвээр л байна.


Нөгөө талаар би Ерөнхийлөгчийн хийж байгаа энэ ажлыг ихээхэн шүүмжилмээр байна. Асуудлыг ул суурьтай, нухацтайгаар шийдвэрлэхийн оронд өнгөц ийм хууль оруулж ирээд парламентыг хооронд нь хэрэлдүүлж талцуулаад сайхан самарч байна. Нэг талд нь өөш хаяж өгөөд, нөгөөдүүлийнх нь дотоод зөрчлийг улам өдөөж хаяад өөрөө алга боллоо. Төрийн тэргүүнд эв нэгдлийг хангах байтугай ямар ч ноён нуруу алга. Монгол төрийн ноён нуруу ихээхэн гэмтжээ.


Ийм талцлын дундуур Шударга ёс эвсэл аль нэг талын нь ашиг сонирхолд нийцүүлж аль нэг тал руу нь налалгүйгээр Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтийн асуудлаа бодлоготойгоор сөхөж тавих хэрэгтэй. Нийгмийн цогц өөрчлөлтийн байр сууриа хүчтэй түлхэх сайхан бололцоог бидэнд хувь заяа дахин олгож байна. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтөөр өнөөдрийн төр, нийгмийн гажуудлыг засна гэдгийг бид сайн мэдэж байгаа хирнээ энэ талаараа ямар ч бодитой алхам хийхгүй байгаа шүү. Юу ярьж, амлаж байснаа хэзээ ч мартаж болохгүй. Одоо ярьснаа хийцгээе.


Өнгөрсөн Даваа Мягмар гарагт болсон “Монголын нэг өдөр-2014” цуглаанд оролцогчдоос уриалга гарсан байгаа, өнөөдөр УИХ-ын бүх гишүүдэд албан бичгээр хүргүүлнэ. Агуулга нь, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах. Цуглааны үр дүнг бүлгийн хурлаар авч хэлэлцэнэ гэж өмнөх бүлгийн хурлаар ярилцацгаасан. Бид хурлаараа энэ талаар илүү нухацтай ярилцаж Ард нийтийн санал асуулга руу хэлэлцэж байгаа асуудлын үзүүрийг чиглүүлбэл ямар вэ? 20 жил хэрэглээгүй, салхи ороогүй энэ хуулийг хэрэглэж үзэх саналыг манай бүлэг тавибал ямар вэ? Үүнийг би бүлэгт албан ёсоор тавьж байна.



УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга