sonin.mn

Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадмыг Олон улсын театрын өдрөөр зохион байгуулдаг байв. Харин энэ жилээс тус наадмыг тавдугаар сард зохион байгуулахаар болжээ. Энэ талаар "Гэгээн муза" наадмыг санаачлагч Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа.

-Олон улсын театрын өдрөөр "Гэгээн муза" наадмыг зохион байгуулна гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл энэ жилээс тавдугаар сард хийхээр болжээ. Наадмыг ийн зохион байгуулах шийдвэр хэдийд гарсан бэ?

-Өнгөрсөн жил "Гэгээн муза" наадмын 10 жилийн ой болсон. Ойн үеэр наадамд оролцогч хот хөдөөгийн болон төвийн продакшнууд, төлөөлөгчид гээд нийт 300 гаруй хүний дунд санал асуулга явуулсан юм. Тэр санал асуулгаараа "Гэгээн муза" наадмыг хэзээ, жилд хэдэн удаа зохион байгуулах вэ" гэсэн саналыг асуусан юм.

Санал хураалтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь "Гэгээн муза" наадмыг тавдугаар сард хийвэл тохиромжтой гэсэн байсан. Хүмүүсийн саналыг харгалзаад 2014 оноос эхлэн наадмаа тавдугаар сард хийхээр болсон. Ер нь хүмүүсийн дэвшүүлсэн саналыг олон талаас нь хүндэтгэн үзсэн л дээ.

Жишээлэхэд, орон нутгийн театрынхан ирэхэд гуравдугаар сард их хүндрэлтэйгээс гадна тоглолтын оргил үе байдаг. Тэгэхээр тэр үеэр нь "Гэгээн муза"-д оролцохоор өөрсдөд нь бэрхшээлтэй байдаг гээд олон асуудлаар бидэнтэй санал хуваалцсан. Мөн цаг агаарын хувьд хот руу ирэхэд төдийлөн тохиромжтой бус байдгийг бид харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасан.

-"Гэгээн муза" наадмыг хоёр жилд нэг удаа хийхээр болсон гэсэн үг үү?

-Энэ тал дээр санал хуваагдсан учраас одоохондоо ямар нэгэн шийдвэр гараагүй байна. "Гэгээн муза" академи төрийн бус байгууллага. Тиймээс төр засгаас манай наадмыг драмын урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж үзээд дэмжих юм бол бид "Муза"-гаа жил болгон зохион байгуулах сонирхолтой байгаа.

Ингэж дэмжлэг хүсч байгаа маань ч учиртай. Бид наадмаа арван жилийн өмнө зөвхөн орон нутгийн хэмжээнд зохион байгуулдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс олон улсын наадам болон өргөжлөө. Хэдийгээр олон улсын наадам болоод удаагүй байгаа ч наадмын талаарх мэдээллийг гадаадын уран бүтээлчид их авсан байсан.

Өнгөрсөн жилийн наадамд зөвхөн ганц хүний жүжгийн төрөлд гадаадын уран бүтээлч ирж оролцож байсан бол өнөө жил төрөл тус бүрт гадаадаас ирж оролцож байна, Энэ жил дөрван төрөлд 80 гаруй уран бүтээлч өрсөлдөж байгаа.

Ингээд наадмаа олон улсын чанартай болгохоор ирж оролцож байгаа оролцогчид болон шүүгчдэд зориулах санхүү мөнгийг шийдэх хэрэгтэй болдог. Тиймээс л тусламж хүсээд байгаа юм.

-Одоо болж буй наадмыг дэмжин ажиллахаар болсон байгууллага бий юү?

-Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газар "Гэгээн муза-11" наадмыг хамтран зохион байгуулахаар болсон. Үүнийг наадам зохион байгуулах хорооныхон маш баяртайгаар хүлээж авсан.

-Та түрүүн 80 гаруй уран бүтээлч оролцож байна гэж хэлсэн. Энэ нь нэгдүгээр шатны шалгаруулалтын дараах байдлаар гарсан тоо юу?

-Өнгөрсөн жилийн наадамд 20 гаруй бүтээл бүртгэж байсан юм. Гэтэл 2014 онд 40 гаруй уран бүтээлийг нэр дэвшүүлээд байна. Наадмыг зохион байгуулах хороо өөрийн гэсэн дэг журамтай. Тэр журмынхаа дагуу мэдүүлэг өгсөн аль ч урлагийн байгууллагын бүтээлийг бид үзэх ёстой.

Энэ үндсэндээ нэгдүгээр шатны үзлэг гэж явагдаад хоёрдугаар шатны үзлэгүүд нь шилдгүүдээ шалгаруулах үзлэг болдог юм. Ер нь жил ирэх тутам оролцогчдын бүтээл чанаржиж байна. Өөрсдийнхөө хийж бүтээснийг мэргэжлийн үүднээс үнэлүүлж дүгнэдэг ганц наадам нь "Гэгээн муза" юм.

Наадмын хоёрдугаар шатны үзлэг ирэх сарын 12-нд эхэлж, 19-нд шагнал гардуулах ёслол болно. Ёслолын үеэр Чингисийн талбайд улаан хивсний баяр зохион байгуулахаар болсон.

-Харьцангуй шинэ гэж хэлж болох ганц хүний жужгийн төрөлд энэ жил олон уран бүтээлч өрсөлдөж байна. Тэр дундаа гадаадын олон уран бүтээлч өрсөлдөхөөр болсон тухай сонслоо?

-Анхны мэдүүлгээр энэ төрөлд 13 бүтээл орж ирсэн. Би цөөхөн орж ирэх байх гэж бодсон. Учир нь дөнгөж эхэлж байгаа төрөл шүү дээ. Гэхдээ өнгөрсөн жил тодорхой хэмжээний уран бүтээлчдийн дунд сургалт зохион байгуулсан. Би Польшид ганц хүний тоглолт үзүүлж тодорхой хэмжээний үнэлгээ авч байсан.

Тэр тоглолтоо тухайн үед хүмүүст сонирхуулж байсан юм. Түүнийхээ дүнд өнгөрсөн жил нэлээд хэдэн жүжиг орж ирсэн гэж бодож байна. Энэ жил Нигер, Тувагаас уран бүтээлчид оролцохоор мэдүүлгээ өгсөн.

-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?

-Ганц хүний жүжгийн төрөлд АНУ-ын Нью-Йоркоос шүүгч ирж шүүнэ. Элизабет Хеллс гээд өөрөө моно драмаар дагнаж ажилладаг, найруулагч, зохиолч, жүжигчин хүн бий. Тэрбээр олон улсын наадмуудаас шагнал хүртэж байсан. Мөн драмын жүжгийн төрөлд Тувагаас Сюзен Оржек гэх эмэгтэйг урьж байгаа. Энэ хүн ОХУ-ын шилдэг 10 залуу найруулагчийн нэгээр шалгарсан авьяаслаг, туршлагатай.

-Наадамд оролцож байгаа орон нутгийн бүтээлүүдийг шүүгчид биечлэн очиж үзсэн гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

-Ер нь манай дүрэмд энэ талаар заасан байдаг. Бид холын аймгуудын бүтээлүүдийг хүндэтгэн үздэг, Учир нь холоос хүрч ирээд тоглоход их бэрхшээлтэй байдаг юм шүү дээ. Тиймээс аль болох очиж үзэхийг чухалчилдаг.

Зарим тохиолдолд холын аймгуудын уран бүтээлчид уран бүтээлийн бичлэгээ явуулдаг. Гэтэл тэр явуулсан бичлэг нь шаардлага хангахгүй, сонирхогчийн камераар авсан учраас уран бүтээлийн нарийн зүйлийг харах боломжгүй байдаг юм. Энэ олон шалтгаанаас болоод очиж үзэхийг чухалчилдаг болсон.

-Жил жилийн наадмын тайз өөрийн гэсэн онцлогтой байдаг. 11 дэх жилийн тайз болон бусад зүйлээ хэрхэн бэлтгэж байна вэ?

-Тайзыг хэрхэн засах талаар одоохондоо ярилцаж байна.

-Наадмын шагналын санд өөрчлөлт орсон уу?

-Мөнгөн шагнал гэдэг нь арай өөр ухагдахуунтай юм л даа. Анхны наадамд бид шалгарсан уран бүтээлчдэд мөнгөн шагнал өгдөг байсан. Ер нь урлагийн бурхнаар өөрийгөө тодорхойлуулахаас илүү сайхан зүйл хаана байх вэ. Харин уламжлалаар Гранпри авсан бүтээлийг таван сая төгрөг дагалдуулан өгнө.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: