Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатарыг урилаа. Тэрбээр энэ сарын 23-нд нээлтэй хийх Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийн гол дүрд тоглож байгаа юм. Ингээд түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Энэ жил УДЭТ-ынхан долоон найруулагчийн долоон өөр төрлийн жүжгээр бэлэг барьж байгаа. Харин та хоёр ч жүжгийн гол дүрд тоглож байгаа шүү дээ?
-Тийм ээ.
-“Бүүвэй” уянгын драмын жүжгээр дамжуулж үзэгчдэд ямар мессеж өгөхийг зорьж байна вэ?
-Бусад зургаан жүжгээ бодоход их онцлогтой л доо. Н.Ганхуяг найруулагч маань зохиолоо өөрөө бичсэн. Зохиолоо анх 1980-аад онд үр хөндөлтийг эсэргүүцэж бичсэн юм билээ. Харин өнөө үед үр хөндөлт гэхээсээ илүүтэй эх, үрсийн наднин холбоо, эхнэр нөхрийн ариун журмыг хөндөж гаргасан уянгын жүжиг.
-Тухайлбал?
-Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их байна. Хэдийгээр шалтгаан нь янз бүр ч тодорхой хувь нь нөхөр эсвэл эхнэр нь гадаадад олон жил ажиллаж байгаатай холбоотой. Яалт ч үгүй амьдралаа өөд нь татах, аяга хоолоо олж идэхийн тулд гэр бүлийн нэг нь харийн орныг зорьж байна шүү дээ.
Бие холдохоор сэтгэл холдоно гэж ярьдаг. Яг энэ замаар олон гэр бүл салж байна. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт маш хүнд сэдэв. Жүжиг маань энэ сэдвийг хөндөж, нийгэмд тодорхой хэмжээний мессеж, ухаарал өгөхийг зорьсон. Нөгөөтэйгүүр монгол ахуйг харуулсан сайхан жүжиг.
-Таны хувьд яг ямар дүр дээр ажиллаж байна вэ?
-Очирсүрэн гэдэг залуугийн дүрд тоглоно. Амьдралаа өөд нь татах гэж Америкт таван жил ажилласны эцэст эх орондоо ирж байгаагаар үйл явдал өрнөнө. Гэтэл эхнэр нь өөр хүнээс жирэмсэн болчихсон байдаг.
Эхлээд үзэгчдэд ямар хартай залуу вэ гэж харагдах байх. Ийм тохиолдолд ямар ч эр хүн уурлаж, хардана шүү дээ. Гэхдээ эр хүн ноён нуруутай байхаас гадна аливаа зүйлийг уучилж чаддаг ухаантай байх хэрэгтэй. Очирсүрэн бол тийм л уужуу, тайван ухаан, ноён нуруутай залуусын төлөөлөл.
-Дүр дээр ажиллахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?
-Үгүй ээ. Бидний амьдралд өдөр бүр тохиолддог зүйл болохоор хүндрэл гараагүй.
-Ингэхэд бэсрэг жүжиг гэдэг утгаараа их цөөхөн дүртэй байх?
-Тийм ээ, таван хүний дүртэй. Жүжигт маань Ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Тамир, Т.Хулан нар тоглож байгаа. Одоогоор жүжгийн бэлтгэл ид явагдаж байна даа.
-Нэлээд завгүй байгаа бололтой?
-Үүнээс гадна театрын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “Өчигдөр” хэмээх жүжигт тоглож байгаа. Дүрүүд дээрээ давхар ажиллаж байгаа болохоор зав муутай л байна.
-“Өчигдөр” жүжгийг хоёрхон хүний дүртэй гэж сонссон юм байна шүү?
-Тийм ээ, залуу жүжигчин М.Тогтохжаргал бид хоёр тоглоно. Маш шинэлэг санаатай, өөр хэлбэрийн сэтгэхүйн жүжиг. Үзэгчдэд их зүйлийг ойлгуулах байх. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгнээсээ яагаад уйддаг, хүн ямар учраас нууц амрагтай болдог вэ гэдгийг тод томруунаар гаргаж өгнө.
-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ажилласнаас найруулагч Н.Наранбаатартай ажиллахад хялбар байдаг байх л даа. Учир нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар та хоёр уран бүтээлч гэхээсээ илүү найзууд шүү дээ?
-Ялгаагүй л дээ. Бид адилхан л уран бүтээлчид. Яах вэ, найз нөхөд гэдэг утгаараа амархан ойлголцдог нь үнэн. Гэхдээ ажил, амьдралыг ялгах хэрэгтэй гэж боддог. Тайзан дээр би жүжигчин, Пара маань найруулагч шүү дээ.
Найзан дундаа орчих юм бол ажил явахгүй. Нөгөөтэйгүүр найзтайгаа ажиллахад сайхан байдаг. Манай театрын найруулагчид янз бүрийн л ааш аягтай. Бид ч хүнээс үг сонсоод сурчихсан. Ялангуяа манай драмынхан.
-Тийм шүү, уран бүтээлчид үг сонсоод сурчихсан нь ажиглагддаг. Та саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа жүжигчин Д.Шүүдэрцэцэг, мисс Э.Сэлэнгэ нарыг шүүмжилснээс болж багагүй хэл аманд өртсөн санагдана?
-Үнэнийг хэлэхэд миний дургүй хүрсэн л дээ.
-Юунд тэр вэ?
-Тэр хүмүүс бүхий л зүрх сэтгэл, цаг зав, оюун ухаан, мах цус, хөлс хүчээ урсган байж хийдэг ажлыг маань “Жүжиглэх миний хобби” гэж ярьсан. Үүнд нь дургүй хүрсэн. Гэтэл нэг бүтээл ямар их хүч хөдөлмөрөөр төрдөг билээ.
Түүнийг ч ойлгоогүй хэсэг хүмүүст зориулж хэлсэн юм. Ингэж жаахан ч гэсэн цочроо өгөхгүй бол болохгүй шүү дээ. Хэн дуртай нь жүжигчний мэргэжлийг “хобби”-гоороо хийдэг гэж яриад явж болохгүй.
-Гэхдээ нэг кинонд тоглоод ч юм уу, ганц дуу дуулчихаад л өөрийгөө “од” мэтээр бодчихсон залуус тоогоо алдлаа. Нөгөөтэйгүүр тэд урлагийнханы нэр хүндийг унагаад байх шиг?
-Яах вэ дээ, хэн ямар уран бүтээлч вэ гэдгийг цаг хугацаа харуулна шүү дээ. Дээр нь ард түмэн шүүгээд, ялгаад өгнө дөө.
-Сайхан хэллээ. Ингэхэд та УДЭТ-аар овоглоод их удлаа. Миний мэдэхийн л 10 гаруй жил болж байна шүү дээ?
-Театртай амьдралаа холбоод 14 жил болж байна даа.
-Анзаараад байх нь ээ, уран бүтээлчид урлагийн ертөнцийг хатуу, харгис гэж ярьдаг хэрнээ ажиллаад л байдаг. Урлагийн юу нь ингэтлээ татдаг юм бэ?
-Мэдэхгүй юм даа, оноод хэлчих төгс хариулт одоог хэр олоогүй л явна.
-Ингэхэд яаж яваад урлагийн хүн болчихвоо. Таныг хэрэг төвөгт орооцолддог, их сахилагагүй хүүхэд байсан гэдэг?
-Тийм ээ. /Инээв/ Хэл ам таталж, хэрэг төвөг их тарьдаг хүүхэд байсан. Нийгэм маань ч ороо, бусгаа байсан үе шүү дээ. Харин өвөөгөө бурхан болоход л ухаан суусан даа.
-Тэгэхээр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, хүслийг нь гүйцээх гэсэндээ жүжигчин болсон гэх яриа үнэн байх нь ээ?
-Намайг жүжигчин болоход өвөө маант их нөлөөлсөн. Өвөө маань намайг наймдугаар ангид байхад бурхан болсон. Тэр үед л би “жүжигчин болно” гэж шийдсэн. Өөрөөр өөртөө амалсан.
Би чинь өвөөгийнхөө амь нь байсан. Эрх дураараа өссөн. Өвөө дээрээ өссөн болоод ч тэр үү бусад хүүхдийг бодоход ахмад настнаа хүндэлдэг. Бас түүх соёлоо судалж, түүгээрээ бахархадаг. Нэг үгээр үндсэрхэг үзэлтэй болж хүмүүжсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Төрбат
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Nudend dulaahan saihan zaluu shuu, sain ch jijigchih.
ubuu no hen ym be ene zaluu sain jujugchin dee
Нүүр нь сорвижоод байгаа харагдсан. урлагийн хүн гаднах "үзэмждээ" сайхан анхаармаар. Хэт таргалахгүй байх, орой үдэш чихэж идэхгүй байх, сагс тоглочихоод бохир гараар хөлстэй нүүрээ арчихгүй байх гэээд л тоочоод барахгүй нь ээ...
тэр хоёр хүүхнийг ярих гэж ярилцлага өгсөн болж байна уу? эээ. тэр хоёр ч мандлаа л даа.
Ooriin meregjil ny tuunii hobbi baina gedeg harinch hamgiin aztai zuil. Bi olon delhiid nerd garsan jujigchin,zohiolch...yanz buriin meregjleeree nerd garsan humuusees ene ugiig olj unshij baisan. Uund emzegleed baih yum baihgui,harinch bayarlah heregtei!
монгол эрэгтэй жүжигчин дуучин гэхээр л хувцсандаа багтаж ядсан бордсон тоорой шиг юмнүүд бхиймда)
hobbi gej heljil baig l dee, ted nar ni hobbigooroo hiigeed sonirhogchiin, chi mergejiliinh l bolno biz, demii yumand sanaa zovoh yum
Сайн байцгаана уу? "хоббигоороо" атлаа мэрэгжлийн, мэрэгшсэн мэт ахөдөлмөрлөж ажилладаг гараас нь жинтэй нүнжигтэй юм гардаг нэгэн байхад, мэрэгжлийн атлаа юун мэрэгших вэ, ус ч гардаггүй нэгэн байх. Ердөө л аяга хоолоо л "аятайхан", бид амраар олж идчихээд тууж явах хэмээгээд, хар зоригоороо сургууль төгчихсөн, цаад дэвсгэр юм зүйл эд бие нь тэрхүү мэрэгжилдээ өгөө аваа байхгүйн улмаас яалт ч үгүй шаварт суучихсан, ингээд л "хоолноосоо салчихгүйн улмаас" учир зүггүй л өнгөн талаа, гадар үзэмждээ л анхаарал тавиад гял цал, гэмгүй ухаантай амьтан харагдах гэсэн амьтан яваад л байдаг, яваад л байдаг, нас яваад л байдаг, хийсэн юм үгүй, тас зогсонги, хаяж ч болдоггүй, авч ч болдоггүй зүйл болчих. өөрийн дур сонихолтой зүйлдээ, юмандаа л, аль эсвэл жамаараа өгөгдсөн олгогдсон ур чадвар чадцаа дагасан хүмүүн бодьгалиас л өгөөж тос нүнжиг бүхий эд гарч ундардаг төрдөг. Залуу минь, аливаа юмыг зүйлийг олж харж үзэж мэлмийдэхийн улмаас юмыг доторлож талбин уужуу тэнүүн тэнэгэрээр ухаарч авахыг хичээж явахад гэмгүй.
хөдөлмөрлөж, сонирхолтой, зүйлийг н олж.
jvjigchin chin zvgeer hoobii shvv dee vgsen elentsegiin ehn meregjil gej ymar umniin meregjil gej hench garaad alia salbadai l bolj chadna shvv dee ene eron ooriigoo uy geed bodchihson duh we alilagch chin
Gadaadiin mglchuud ger buleeree gadagshilj baiyaa
Mundag jujigchin zaluu daa amjilt