sonin.mn

1939 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Квантуны цэргийн хижгээс сэргийлж усаар хангах цэрэг бактериологийн дайн хийх 731 дүгээр ангийн Окари Цүнешике хошуучийн дагуулсан амиа золиослогч 22 хүн Халхын голд 22.5 кг хижиг, холер, ям зэрэг өвчний бактерийг цацав.

Ингэж зөвлөлт, монголын цэргийн эсрэг бактериологийн дайн хийв, Бодонгууд Цэрэнжавын Авид "Номун хааны дайн" 2005 он 268 талд. Ц.Авид нь 1915 онд ОХУ-ын Чита мужийн Доод Бооржид төрсөн. Буриад хүн. Хайлаарт орос бага сургууль, Харбинд Төмөр замын дээд сургууль төгссөн. Хайлаарын галт тэрэгний өртөөнд тасалбар худалдагчаар ажиллаж байсан.

ӨМӨЗО-ны Солон хошууны Ардын Засгийн ордонд мал аж ахуйн товчооны дарга, Шинэхээн сумын дарга, Хөлөнбуйр аймгийн улс төрийн зөвлөлгөөний дэд нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж байсан. БНХАУ-ын иргэн Ц.Авид 1989 онд Монголд ирж "Улаан-Од" сонины сурвалжлагч Ц.Элбэгдоржтой уулзаж ярилцлага өгч байсан аж.

Японы цэргийн эрхтэнүүд Манжуурыг эзлэн авсны дараа бактерийн туршилт судалгаа явуулж, мөн төрлийн зэвсэг үйлдвэрлэх тусгай анги байгуулж, цэргийн эмч, хошууч Иши Широгоор удирдуулжээ.

Иши Широ бол Японы бактериологийн дайныг гардан эхлүүлсэн хүн юм. 1933 оны эхээр Иши Широ Зүүн хойт Хятадад бактери судлах суурин газар байгуулах санал боловсруулан Японы армийн командлалд өргөн барьсан байна. Японы армийн удирдлага энэ саналыг зөвшөөрч бактери судлалын тусгай анги байгуулан захирагчаар нь Иши Шираг томилжээ.

Зүүн хойт хятад нь бактери судлах тусгай анги байгуулахад хамгийн тохиромжтой газар болохыг Квантуны армийн удирдлага сайтар тооцоолсон байна. Учир нь тухайн газар орноос бактерийн туршилт явуулах "материал" буюу амьд хүн, амьтан амархан олдох боломжтой, мөн ЗХУ-тай хил залгаа, цаг агаарын хувьд адилавтар, цаашид зөвлөлттэй дайн хийхэд хүрвэл бактерийн зэвсэг хэрэглэхэд дөхөмтэй байсан юм.

1933 оны 8 дугаар сард Харбины Нан гань тойрогт маш нууцаар "Иши Широгийн цэргийн анги" буюу "Квантуны армийн хижгээс сэргийлж, ус түгээх анги"-ийг байгуулж, түүний харъяа бактерийн туршилтын талбайг 70 километрийн зайтай Бей Ень голд байгуулжээ. Энэ цэргийн ангийг байгуулсан цагаасаа эхлэн маш нууцалж нууц нэр, нууц дугаар өгч байсан бөгөөд шинэ байгуулсан ангиа Ишо Широ "Шиян муу анги", "Дүн Сиан анги" гэж нэрлэснээс гадна нөгөө нэгийг нь "Квантуны армийн хижгийг сэргийлж, ус хангах анги" гэж нэрлэжээ.

1936 онд Японы эзэн хаан Хирохитогийн зарлигийг үндэслэн Армийн жанжин штаб зүүн хойт Хятадад хоёр онцгой цэргийн ангийг нэмж байгуулжээ. 1938 оны 6 дугаар сард Ишигийн цэргийн анги нь Харбины Пин Фан дүүрэгт нүүн очиж нийтэд "Эиан My анги" гэж нэрлэгдэж байснаа удалгүй "Дүн сиан анги" хэмээн өөрчлөн нэрлэх болсноос гадна "Манжийн 659 дүгээр цэргийн анги" гэж нууц дугаартай болжээ.

Энэ анги 1941 оноос "Манжийн 731 дүгээр отряд" гэдэг нэрийг хэрэглэж, 1945 оны 5 дугаар сард "Манжийн 25202 дугаар цэргийн анги" гэж өөрчилжээ.

...Квантуны армид хими, бактерийн зэвсэг судлан бүтээж, туршин хэрэглэх үүрэгтэй онцгой анги буюу 731 дүгээр отрядад 3000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд 1940-1945 оны хооронд 3000 гаруй хүнийг бактерийн туршилтад оруулан хөнөөжээ.

Туршилтад орж амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь хятад үндэстэн байсан бөгөөд мөн орос, монгол зэрэг бусад үндэстэн ч цөөнгүй байсан юм. (Жао Юй Ся "Японы түрэмгийлэгчид Хөлөнбуйрын газар оронд хими ба бактерийн дайн явуулсан нь" Улаанбаатар. 2009 он. 19. 20 талд)

Номунханы (Халхын голын) дайны үед Квантуны армийн удирдлага бактерийн зэвсэг хэрэглэсэн нь одоо нэгэнт тодорхой болсон байжээ. АНУ-ын иргэн Д.Варнерын 2008 онд хэвлүүлсэн "Халхын голын эрэг хүртэл" номонд "1939 оны 8 дугаар сарын сүүлчээр Харбинаас ирж Хайлаастын голд гэдэсний хижгийн нян хийхийг оролдсон гэж мэдэгдсэн. Тэдгээрийн болгоомжгүй үйлдлийн улмаас японы 40 цэргийн алба хаагч нас барсан" гэжээ.

Хятадын судлаач Han Xiao-гийн бичсэн "Японы армийн 731 дүгээр ангийн ялт хэргийн шүүх" номонд "Эдгээр боомын бактеритай сумыг хийсний дараа Ямакүчигийн тасгийн хүмүүс Номунханы фронтын их бууны галын шугаманд хүргэсэн ...

Япон дайнд ялагдсаны дараа эх орондоо буцаж ирсэн 731 дүгээр отрядын албан хаагч Камата өгүүлсэн нь: "Нэг өдөр манай 3 хүнтэй хэсэгт Хулстай голд бактери цацах тушаал өгч, бид тахлын ба хулганы хижгийн бактеритай, шингэн агуулсан сав болон хижиг халдварлуулсан хулгана, хор цацах багажийг машинд ачиж Жанжин сүмээс хөдлөв.

Бид яарч тэвдсэнээс болгоомж алдаж манай тасгийн дарга халдвар авч, өвчин тусч Хайлаарын эмнэлэгт очиж эмчлүүлсэн боловч удалгүй үхсэнийг би сүүлд сонссон. Тэр голд бактери цацах гэж үдийн хойно Жанжин сүмээс гарахдаа замдаа нэг тариачин айлд орж зам өнгөрч байгаа жирийн япон хүн гэж худал хэлж түр амарсан.

Тэр айл халиараар банш хийж биднийг дайлав. Тэднийхээс явах үедээ гэрийнхний анхаарамжгүй байдлыг ашиглан биедээ авч явсан хулганы хижгийн хатаасан бактериа гэрт нь хаяж орхисон. Бид Халхын голд бактери хаях үүргээ биелүүлээд буцахдаа энэ айлд ирэхэд тэр өрхийн 3 хүн бүгд үхсэнийг мэдсэн" гэжээ.

Японы армийн дээд командлал Квантуны армийн удирдлагад шууд заавар өгч энэ дайныг удирдсан юм. Номунханы дайн дөнгөж эхлэхэд Квантуны армийн генерал Үеэдэ 731 дүгээр ангид очиж үзээд тэдний бодит боломж, хүчийг мэдэрсэн юм. Энэ үед тус отряд зохих хэмжээний бактери үйлдвэрлэх чадалтай, бактерийн зэвсэг хэрэглэх арга барилаа олсон, дайны үед өөрийн цэргийг хамгаалах ус шүүн тунгаах машиныг зохион бүтээсэн байжээ.

Энэ нь Японы армийн дээд командлалын урам зориг, итгэл найдварыг төрүүлж, тэд Номунханы дайны (Халхын голын дайн) үед бактерийн зэвсэг хэрэглэхээр шийдвэрлэсэн юм.

Иши Широ ч 731 дүгээр отрядынхаа хүч боломжийг дээд удирдлагадаа харуулахын тулд Ерөнхий хэлтсийн эрхлэгч, ахмад Идо ба мөн 6 хүнд тушаал өгч түр цагийн дэлгэн үзүүлэх байрыг бэлдэж, бактери үржүүлэх сав, хайрцаг, бактери тээгч сумны хонгио, ус шүүх машин зэрэг бактерийн дайнд хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, өмнө нь туршилт хийж буйг харуулсан гэрэл зураг, Зүүн хойд Хятадын газрын гадарга, уур амьсгалын газрын зураг зэргийг дэлгэн үзүүлжээ.

Квантуны армийн удирдлага эдгээрийг үзээд зориг шулуудан Иши Широд Номунханы дайнд (Халхын голын дайн) оролцох төлөвлөгөө, төсөв хийх үүрэг өгчээ. Квантуны армийн удирдлагын энэ шийдвэрийн дагуу 731 дүгээр отряд уг дайнд оролцох төлөвлөгөө боловсруулав. Тэд дайны үед бактерийн зэвсгийг хэрэглэх хэд хэдэн арга боловсруулсан байна.

Үүнд:

Нэгд, боомын бактерийг их бууны сумны хонгионд хийж, их буугаар Зөвлөлт, Монголын цэргийн зүг буудаж дайсны фронтын гүнд бактери тараах.

Хоёрт, их бууны сум мэт шавар бөмбөг хийж, дотор нь бактери халдварлуулсан жижиг амьтан, бодис, хүнсний зүйл хийж Халхын голын баруун эрэгт нисэх онгоцоор хаях. Нэг онгоц хэдэн арван бактеритай бөмбөг тээх бөгөөд нэг бөмбөгөнд л гэхэд 5000 орчим хулганы хижиг халдварлуулсан нохой бөөс тээж дайны гүнд хаяна. Бөмбөг газарт унаж хагарахад бактери халдварлуулсан нохой бөөс газарт цацагдан богино хугацаанд үлэмж талбайд тарж, улмаар хүнийг хазаж цусаар дамжуулан бактери тарааж хулганы хижиг өвчнийг халдварлуулна.

Гуравт, тусгайлан бэлтгэсэн нэг салаа буюу "Үхэн байлдах анги"-ийг (амиа золиослох анги) Халхын голын баруун эргийн гүнд оруулж гол мөрөн, худаг зэрэг ундны усны эх булагт бактери ба хорт бодисыг тавьж Зөвлөлт, Монголын цэргийг хордуулах. Японы 731 дүгээр отрядын удирдлага дээрх 3 арга замаар дайны явцад бактерийн зэвсэг хэрэглэх боломжтой гэж үзсэн байна.

Гэвч тэд хулганы хижгийн бактери, боомын бактерийг халдварлуулах арга чадвар дутмаг, харин булчин задрах тахал, цусан суулгын бактери болон бусад тахлын халдварлах арга замыг тодорхой мэдэж байсан юм. Иймд Иши Широ Номунханы дайнд (Халхын голын дайн) хулганы хижиг, боомын бактерийг туршилтын журмаар хэрэглэж, булчин задлах тахлын ба цусан суулгын бактерийг голлон хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Ингээд тусгай тасаг Халхын голын баруун эргийг судлан зургийг нь зурж, бактериар хордуулж болох гол, булаг, шанд, нуур, худаг зэргийг тусгайлан тэмдэглэсэн байна. Квантуны армийн 23 дугаар явган дивизийн командлагч, дэслэгч генерал Комацубара Номунханы дайныг удирдсан билээ.

Тэрээр олон жил цэрэг, тагнуулын ажил хийсэн туршлагаараа 731 дүгээр отрядын боловсруулсан дээрх 3 төслийг хэрэгжүүлэхэд гарч болох хохирол, сөрөг талыг урьдчилан сайтар хянаж үзсэн байна.

Түүний тооцоолсноор хэрвээ их буу, миномётоор бактерийг харвахаар бэлтгэсэн тохиолдолд их хэмжээний бактери агуулсан их бууны сумнууд нь буудаж амжаагүй байхад Зөвлөлтийн цэргийн их бууны галд өртөж болзошгүй юм. Энэ тохиолдолд бактерийн сум өөрийн цэргийн дотор дэлбэрч, өөрсдөө бактерийн хорыг амсаж болзошгүй гэж М.Комацубара үзсэн байна.

Мөн нисэх онгоцоор бактеритай бөмбөг хаях тохиолдолд онгоц нь нам өндөрт нисэж байхдаа дайсны галд өртөж, Халхын голын зүүн талд унавал мөн л өөрийн талд бактерийн аюул тарина. Харин тусгай анги дайсны фронтын гүнд орж ундны усны эх булагт бактери цацахад Зөвлөлт, Монголын цэрэг усны эх булгийг сайн хамгаалж байгаа тул баригдах аюултай гэж үзжээ.

Хамгийн гол нь Квантуны арми Халхын голын баруун эрэгт гарахаас өмнө бактерийн зэвсэг хэрэглэвэл өөрсдөө голын баруун талыг эзэлсний дараа хор аюулыг амсч болзошгүй хэмээн дэслэгч генерал М.Комацубара ихэд болгоомжилсон байна. Тэрээр гарч болзошгүй эрсдлийг зайлшгүй харгалзан үзэх нь чухал гэж шийдвэрлэжээ.

Японы 23 дугаар явган дивизийн удирдлага эдгээрийг нарийн нягт судлан эргэцүүлсний эцэст бактерийн зэвсгийг зөвхөн өөрсдөө ялагдаж ухрах үедээ л хэрэглэвэл зохистой гэж үзжээ. Тэд дайны байдал өөрсдөд нь ашиггүй болбол Халхын голын дээд урсгалд бактери хийж урсгалын доор байгаа Монгол, Зөвлөлтийн цэргийг хордуулах замаар давшилтыг нь зогсоох, мөн дайнд ялагдвал нууц байдлаар бактерийн сум харвахаар тооцоолсон байна.

Харин Японы 731 дүгээр отрядын дарга Иши Широ Халхын голын дайнд оролцох тушаал аваад "Их дорнодын цахилгаан дайн"-д гавьяа байгуулах, бактерийн зэвсгийнхээ хүчин чадлыг турших боломж олдсонд ихэд баярлаж байжээ.

Тиймээс 731 дүгээр отрядын бактери судлаач 400 гаруй хүнийхээ бараг хагасыг нь дайны талбарт татан ирүүлж "Квантуны армийн хижгээс сэргийлэх тасаг" гэсэн нэрээр уг дайнд оролцуулжээ. Тэрээр "Квантуны армийн хижгийг сэргийлэх тасаг"-т дайнд хоёр чухал үүрэг гүйцэтгэхийг даалгажээ. Үүнд:

Нэгд, бага дэслэгч Сасакийн удирдлага дор 3 хэлтсийн арав гаруй бага түрүүч, сурган хүмүүжүүлэх хэлтэст суралцуулсан хүмүүсийг оролцуулж, бактерийн хижгийг сэргийлэх, ус хангах тасаг ба тохируулах тасгийг зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тасаг нь голын усыг шүүн тунгааж, өөрсдийн цэргийг цэвэр усаар хангах үүрэгтэй юм.

Энэ тасгийн хэрэглэх ус тунгаах багаж 20, ус шүүн тунгаах багаж 100 болон бусад хэрэгцээтэй багаж хэрэгслийг 6 дугаар сарын сүүлчээр галт тэргээр Хайлаарт авчирсан байна. Харин хүмүүс нь 731 дүгээр отрядын тусгай машинаар өдөр, шөнөгүй явсаар шууд Номунханы дайны талбарт хүрч иржээ.

Дайны үед хижгийг сэргийлэх тасаг бүрд ус тунгаах машин нэгийг өгсөн бөгөөд энэ нь нэг суман цэргийн нэг долоо хоног хэрэглэх усыг шүүн цэвэрлэх чадалтай байжээ. Энэ машины усны сав нь модоор хийсэн тул дайсанд олзлогдоход хүрвэл шатааж орхино. Ийм төхөөрөмжийг тэр үед Зөвлөлтийнхөн судлан бүтээж чадаагүй байжээ.

Хоёрт, тусгай тасаг зохион байгуулж бактерийн зэвсгийг туршин хэрэглэнэ. Зургаадугаар сарын сүүлчээр Иши Широ хошууч Дей Чүгээр удирдуулсан "Үхэн байлдах анги"-ийг (амиа золиослох анги) байгуулжээ. Хошууч Дей Чү тушаал аван Харбины 731 дүгээр отрядаас Хайлаарын зүг мордохын өмнө Иши Широгийн нүүрэн дээр хуруугаа тас хазаж, Японы туган дээр цусаараа нэрээ бичиж үнэнч зүтгэхээ тангарагласан бөгөөд түүний удирдсан үхэн байлдах ангийн дайчид ч мөн адил тангараг өргөжээ.

Тэд "Ямато"-гийн зориг санааг бадруулан Наран улсын эзэн хаанд үнэнч шударга зүтгэн, 731 дүгээр отрядын нууцыг задлахгүй байхаа андгайлан тангарагласан байна. Энэ тасаг нь Халхын голын усанд бактери цацаж дайсны цэргийг халдварт өвчнөөр өвчлүүлэн хохирол учруулах үүрэгтэй байжээ.

Японы армийн бактерийн дайны тухай Хан Сиү, Син Пен Лин нарын бичсэн "Япон цэргийн 731 дүгээр отрядын нүгэлт түүх" номонд, "7 дугаар сарын 12-ны өдөр Үхэн байлдах анги Халхын голын хөвөөний нарсан модон дотор орлоо. Тэд бүгд погон, малгайн тэмдэгтэй, япон цэргийн шар хувцас өмссөн нь хүмүүс тэднийг Квантуны армийн бактерийн анги гэж мэдэхээс сэргийлжээ.

Хийлдэг завинд арван хэдэн том төмөр бочка нэг хэсэг шилэн сав, усны төмөр сав суулга, урт бариултай шанага зэргийг тээж, онцгой багаж материалаа хуваан үүрчээ. Тэд хошууч Дей Чүгийн удирдлагаар нарсан ойн захаар нуугдан явсаар Халхын голын хөвөөнд ойртов" гэжээ.

Японы 731 дүгээр отрядын "Үхэн байлдах анги" өөрөөр хэлбэл амиа золиослогч анги Халхын голын хөвөөнд хүрэхэд Зөвлөлт, Монголын цэрэг мэдсэнгүй. Тэд сахлаг өвс, нарсан ойн дундуур нуугдаж, завиндаа сууж бактерийн шингэнтэй лонх, усны төмөр сав суулга, шанага зэргээ тээвэрлэн завины татлагын нэг үзүүрийг нь эрэг дээрх бүдүүн модноос уяж завиа аргамжжээ.

Тэд завиндаа хурдан сууж голын дундуур сэлэн завь аргамжсан олс чангарах үед байлдагчид хор цацах бэлтгэлээ хийв. Тэд өөрсөддөө халдварлуулахгүйн тулд урсгал сөрөн явж бактериа цацна. Эрэг дээр үлдсэн цэргүүд модонд уясан аргамжаар урсгал өөд завийг татаж, завин дээрх цэргийн зарим нь сэлүүрээр завиа сэлүүрдэж, зарим нь бактерийн лонхны бөглөө авч, бактерийн шингэн өсгөврийг лонхтой нь усанд хаяна.

Ойролцоогоор 1 километр хиртэй урсгал сөрөн явж 22.5 кг орчим бактбри цацжээ. Үүнд: булчин задлах тахал, цусан суулга, ямын бактери байсан бөгөөд эдгээр бактери усанд уусан урсана. Завь голын эрэгт хүрмэгц тэд машиндаа сууж Жанжин сүмийн зүг явав. 1939 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 1 цаг 30 минутад 731 дүгээр отрядын 1 дарга Иши Широ Хулстай голын өмнө хөвөөнд байсан Квантуны армийн 71 дүгээр ангийн төвд байсан дарга, байлдагч нарт "Халхын голын усыг хэрэглэж болохгүй. Голын ус нэгэнтээ хордсон" гэж мэдэгджээ. Ийм учраас Номунханы дайны өмнө фронт дахь Япон цэрэг болон хуурмаг Манжийн цэрэг ус тунгаах машинаар усаа шүүн хэрэглэх болов.

Хятадын судлаач Han Xiao-гийн бичсэн "Японы армийн 731 дүгээр ангийн ялт хэргийн шүүх" номонд "Эдгээр боомын бактеритай сумыг хийсний дараа Ямакүчигийн тасгийн хүмүүс Номунханы фронтын их бууны галын шугаманд хүргэсэн гэж бичсэнээс үзвэл бактери агуулсан их бууны тэдгээр сумаар буудсан нь эргэлзээгүй.

1939 оны 8 дугаар сарын дундуур Хайлаарт 731 дүгээр отрядын Ямашитагийн удирдсан өвчний гаралтыг судлах тасаг мөн хижгийг сэргийлэх 10 гаруй мэргэжилтэн цугларч өвчний тархалт, бактерийн үйлчилгээг судалжээ.

Тэд 7 хоногийн дотор япон цэргийн дарга, байлдагчдад үзлэг хийж шалгахад 8500 хүн өвчилсөн байсан бөгөөд өвчйн нь өөрсдийн тавьсан бактериас үүсэлтэй болохыг тогтоожээ. 731 дүгээр отрядын 2 дугаар эмнэлгийн цэргийн эмч, дэслэгч Катами, цэргийн эмч, хошууч Мияа, Биба, Күраками нарт тахлын нян халдварлаж нас баржээ.

1954 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хятадын Мүгдэнд болсон Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн шүүх хурал дээр Японы цэргийн эмнэлгийн дэслэгч Такуйчи мэдүүлэхдээ "Иши Широ бактерийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, бактерийг их хэмжээгээр үржүүлж байсан.

Тэрээр Квантуны армийн цэргийн эмнэлгийн хэлтсийн дарга, дэслэгч генерал Озикатай биечлэн харилцаж Хайлаарын хуурай замын цэргийн эмнэлэгт том хэлбэрийн өндөг дарах машин (бактери үржүүлэх багаж) хуурайгаар бактери устгах багаж 2, бактерийн өвчний үүсэлт, шинж байдлыг хянан шалгах багаж 2, тодотгогч шил 2 суурь болон өвчний зүйн туршилтын төхөөрөмжийг нэмэн өгч, барилга байгууламжийг нь ч хоёр дахин өргөтгөсөн" гэжээ.

Япончууд 1939 оны 7 дугаар сарын 13-нд хорлон сүйтгэх зорилгоор Халхын голын усанд хийж халдварлуулан бохирдуулсан биологийн агент-бактери нь олон улсын өвчний 10 дугаар ангилалд багтдаг бөгөөд одоо нийтээр хэрэглэж буй өвчний нэр нь дээр заасан эх үүсвэрүүдээс ихээхэн зөрөөтэй байгаа тохиолдолд Анагаах ухааны олон улсын байгууллагуудын зөвлөлөөс зөвлөмж болгосон боом, холера, балнад зэргийг ашигласан байдаг.

Ч.Чулуунбаатар

Эх сурвалж: “Соёмбо” сонин