sonin.mn

Ядуурал, ажилгүйдэл нэ­мэгдэх тусам хий хоосон зүйлд итгэдэг




Түүнд эдгээж чадахгүй өвчин, мэдэхгүй эмгэг гэж үгүй. Хорт хавдрыг хоёр цагийн дотор, цөсний чулуу мэтийн жижиг асуудлыг цай уух зуураа авчихна. Элэгний хатуурал, уушгины үрэвсэл зэргийн өвчнийг цагаан сарын бууз чимхэх зуураа эдгээчихдэг гэнэм. Ийм нэг ид шид, эрдэм чадал нь энэ цаг үед багтаж ядсан монгол эмэгтэй Тайланд, Япон, Сингапур, АНУ-ын хооронд нисэж яваа аж.

Түүнд үзүүлэхэд хоёр сая төг­рөг, эмчилгээ хийл­гэхэд 15 мян­ган ам.дол­ларын төл­бөртэй. Хүний тархийг төмөр шиг хатуу гэж ярьцгаадаг. Дээхнэ үеийн тархины мэс засалчид алх, цүүц ба­риад зогсож буй зураг ч бай­даг. Гэтэл тэр эмч мэс хэрэг­лэл­гүйгээр хүний тархинд гараа оруулж, гэдэс гүзээг нь ном эр­гүүлж байгаа мэт онги­­чино. Нүдний уганд наалд­сан бүлхэрсэн цус, нө­жийг хүртэл био энергээ ашиг­лаад татаад авчихна.

Гарын судас бариад хаана, хаана хавдар байгааг, нүдний харц хараад ямар зовиур байгааг MRA-гаас харалгүйгээр шууд хэлнэ. Энэ агуу хүнтэй хэрхэн танилцснаа ийн өгүүлье.

Бурхан, чөтгөргүй цаг үед өсч төрсөн, МАН-ын гишүүн танил минь харанхуй шөнөөр утасдаж байна. Тэрбээр “Зайсангийн баячуул урьд шөнө унтсангүй. Анагаах ухааны сод үзэгдэл, ид шидтэн С.Дэлгэрмаа ирээд биеэ үзүүлэх гэсэн олны урсгал дийлдэхгүй байна. Ах нь аргалж байгаад элэг цөсөө эмчлүүлчихлээ. Хоёр сая төгрөгөө аваад хүрээд ир” гэдэг байна. Хэдэн төгрөгөө өгөхөөсөө өмнө С.Дэлгэрмаа гэж хэн бэ гэдгийг асууж сурагладаг юм байгаа биз дээ.

Ямартай ч Анагаах ухааны их сургууль төгссөн нэгэн гэнэ. Хувь хүний намтар, ажилласан он жилүүд нь тун бүрхэг. Мэргэжил нэгтнүүд нь хүрээнд С.Дэлгэрмаа гэ­дэг эмч байсан, гэхдээ ид шидтэн болсон гэж дуу­­лаагүй гэцгээсэн юм. Хувийн эмнэлэг байгуулах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй аж. Ямартай ч ийм нэг түүх­тэй эмэгтэйн алдар цуу Зайсангийн баячуулын мөн­гийг ууталж байна.

Тавь гарч буй С.Дэлгэр­маа эмчид үзүүлэх гэсэн хүний тоо дэндүү олон. Гэвч тэрбээр өдөрт нэгээс хоёр хүн л үзнэ. Эмчилнэ. Эдгээнэ. Яаж эдгээдэг вэ гэж үү. Таны элэг муу байлаа гэхэд “Элэгний чинь дээд талд нөжирсөн цус, идээ бээр байна. Татаад авчихья” гэнэ. Тэгээд гэдсийг чинь илж байгаад цус нөж болсон муухай үнэртэй зүйл гаргаад ирнэ. Түүний дараа гэдсээ арчихад ямар ч ул мөр, эсгэлт байхгүй.

С.Дэлгэрмаа “Нүдний чинь хараа муу байгаа юм байна. Яг дээд талд нь судас бөглөрсөн байна” гэх аж. Тэгээд тэр хүний нүдийг илэх шиг болсноо нөжирсөн цус сад тавиулна. Ийм нэг хүн байна. УИХ-ын цөөнгүй гишүүн үзүүлсэн юм билээ. Нэг бус гишүүний аав,ээжийн хорт хавдрыг эдгээсэн юм. С.Дэлгэрмаа “Хорт хавдрыг эдгээхэд хувь хүнээс маш их энерги, чадавхи гардаг. Би УИХ-ын гишүүний аав, ээжийн хорт хавдрыг олон удаа эмчилсэн. Гараараа гаргаж дийлэхгүй болохоор амаараа сорсон” гэж ярина.

“Та энэ их авьяас бил­гээ нийтийн тусын тулд ашиглаж яагаад болдоггүй юм бэ” гэхэд тэрбээр “Дэл­хий дүүрэн хүн хар гөрөөс байна. Би олон хүнтэй зуу­ралдаж өөрийн авьяас, энергийг алдмааргүй байна. Цөөн хэдэн хүнд төлбөртэй эмчилгээ хийдэг. Борчуул, ядууст үйлчлэх юм бол бие дийлэхгүй” гэсэн юм. Энэ хүний авьяас билэг гэж юу юм бэ.

Түүнийг бишрэн шүтэгч нар “Дэлгэрмаа эмч бол гайхамшиг, ид шид. Бид бурханд итгэдэггүй байсан. Харин түүнтэй учирснаас хойш итгэдэг болсон” хэ­мээн ярина. С.Дэлгэрмаа эмч Тайланд, АНУ, Японд хүртэл эмчилгээ хийдэг гэнэ. Тэрбээр Хиллара Клин­­тоныг эмчилж байсан ту­хайгаа ярьдаг. Түүнийг Цагаан ордонд ороход сэ­жиглэн нэгжсэн юм билээ. С.Дэлгэрмаа эмч шиг мэс заслын хутгагүйгээр эм­чилгээ хийдэг найман хүн дэлхий дээр байдаг гэх.

Нэг ийм хүн чимээгүйхэн мөнгө хийж явна. УИХ-ын эрхэм гишүүд булагнаж лам, бөө нарт үзүүлдэг. Түүнтэйгээ адил С.Дэлгэрмаа эмчийн талаар нэг нэгэндээ дамжуулан сэм сэмхэн үзүүл­дэг болсон байх юм. Түүний талаар их эмч Б.Батнасан сонирхолтой зүйл ярьсан юм. “Дэлхий дээр сэтгэл зас­лын эмчилгээ гэж байдаг. Зарим улс оронд зөвшөөрдөг юм.

Тэгэхдээ туулайн бөөр, тахианы цус зэргийг ашиг­ладаг. Тэр ч бүү хэл камерын өмнө хүний гэдэс дотрыг гаргаад ирдэг. Тэр бүхэн илбэ байдаг” гэсэн юм.

Яг ийм төрлийн видео бичлэгүүд интернэтэд дүүрэн байна. С.Дэлгэрмаа эмчийн тухайд тийм ангиллын хүн юм болов уу гэж бодов. Харин шүтэн бишрэгчид нь “Тэр агуу хүнийг энд тэн­дээ тахианы цус нууж явдаг” гэж хэлэх гээд байна уу” хэмээн аашилж заг­наад байна лээ. 15 мянган ам.доллар төлөөд хорт хавд­раа авахуулчихсан гээд гүйж яваа хүнд “Дэлгэрмаа бол илбэчин” гээд хэлчихвэл тэр дороо унана биз.

Энэ жил ОХУ-ын улсын “Зөн билгийн тулаан” нэвт­­рүүлгийн ялагч болох хоёр ч үзмэрч ирэв. Нэг нь Налай­хын замд цусаараа та­хил өргөж сүржигнэсэн байгаа юм. БОНХ-ийн сайд С.Оюуныг С.Зориг ахын­хаа үхлийг асуу гэж олон хүн зөвлөсөн.

Гэвч тэрбээр үзүүлээгүй юм билээ. ОХУ-ын телевизээр гардаг “Зөн билгийн ту­лаан” нэвт­рүүлэг бол шоу. Үүнийгээ ч нэвтрүүлгийг бэлддэг эрх­мүүд хэлсэн шүү дээ. “Манай нэвтрүүлгийн 40 хувь нь шоу” гэж. Оролцогч нарт 40 хувийн бололцоо олгодог гэсэн үг. Үхсэн хүнийг бос­гож ирээд камерийн өмнө ярилцдаг агуу оросын зөн билэгтнүүд Малайз улсын сураггүй болсон онгоцны талаар нэг ч таагаагүй.

Харин манай “Зөн бил­гийн тулаан” нэвтрүүлэг хийдэг нөхөр эхлээд зуун хувь үнэн хийгээд онигоонд орсон. Монгол Улсын гавьяат дуучин Д.Энхзулыг 16 машины нэгэнд хийгээд хэнгэрэг, цан, эрхи, дамар, зоос, шагай, чулуу, радионы антенн бүхий эрхмүүдээр мэргэлүүлдэг юм даа.

Нэг нь ч таагаагүй шүү дээ. АНУ-д “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг зохион байгуулсан ч амжилт олоогүй. Яагаад гэвэл тийм зөн билэгтэн, ид шидтэн тэр баян оронд олдоогүй юм билээ.

Сүүлийн арван жилийн дотор Монгол Улсын хүн ам асар шашинлаг болж ирэв. Бүгд дээд тэнгэрээс мэдээлэл авдаг онгодтой элч болон хувирчээ. Дээд тэнгэртэй холбогддог эрхмүүдийн те­ле­виз, сонин, сэтгүүл, сайт бий болсон. Тийм хол­боо сүлбээгүй нэгнийг “Тэн­гэргүй, буруу номын” гэж ад үзэх шинжтэй. Энэ төрлийг бизнес хүчээ авч, 500 мян­гаас хоёр сая төгрөгийн хооронд өгөө аваа яригдах болсон байна.

Ядуурал, ажилгүйдэл нэ­мэгдэх тусам оюуны хоосрол, хий хоосон зүйлд итгэдэг юм болов уу. Гэдэс хоосон хүний толгой эргэж, хий юм хардагтай адил. “Мөнгө дууддаг” гэх Сарандавааг сэтгэцийн гажигтай, зальдагч хэмээн твиттерчид муу хэлэх дуртай. Нөгөө та­лаас нь үзвэл Сарандаваа шиг бизнесийн орон зайгаа мэдэрсэн хүн цөөхөн. Тэр­бээр нийгмийн сэтгэлзүйг соргогоор мэдэрч “Мөнгө дуудах” санааг сэдсэн.

Түүний бизнесийн санаа амжилт олж дөрвөн давхар байшин барьж, олон хүнийг ажлын байртай болгож чад­сан. “Эрэлт байгаа га­зар нийлүүлэлт хэрэгтэй” гэсэн зах зээлийн хуулиар Сарандаваа иргэд юу хүсээд байгааг мэдэрсэн учраас амжилт олсон. Одоо түүний гаргасан замаар олон хүн явж байгаа билээ. “Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох” гэсэн сэтэхүйтэй хүмүүс зөндөө байна цаана чинь.

Бөөгөөс болоод гэрээ шатаачихлаа, эхнэр хүүх­дээ хаяад Хөвсгөл рүү яв­чихлаа, байшин дээрээс унаад үхчихлээ. Гурван өрөө байраа зальдуулчихлаа гэсэн мэдээлэл тасрахаа байв.

Зарын бүх сонин “Тар­нийн бясалгалын хүчээр 2000 хүний нүдний өмнө 20 тохой хөөрдөг Ц.Болд хад чулууг хэрхэн алт болгох аргаа заана. Зулын шар тос, хоёр тавгийн идээ, өргөлийн архи, 5000 төгрөгтэй ирнэ үү” гэсэн байх юм.

Тэр хүний бясалгалын хичээлд 2000 хүн хүртэл цуглардаг гэнэ. Энэ нийгэм ингэж гажигтаад байна уу. Би өөрөө гажиг болохоор мэдэхгүй, харахгүй бол­чихоод байна уу гэж бодоход хүргэж байгаа юм даа. Дэмий хүний ярианд итгэхээргүй шинжлэх ухаа­ны эрдэмтэн, докторууд хүр­тэл шинэ ца­гийн хутагт хувилгаадын лекцинд сууж байгаа үзэгдэх болов. Ам.доллар ховордохын хэ­рээр хутагт хувилгаад олширч улстөрчдөөсөө эхлээд жирийн иргэд хүртэл дагаж давхина. Нөгөө хувилгаан нь “Гала” хамтлагийн Анугийн утсыг сураад сууж байх жишээтэй.

Яруу найрагч Б.Галсан­сүхийн “Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг ард түмнийг минь гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла” гэсэн шүлгийн мөр байдаг. Зарим­даа энэ шүлгийг хэлмээр, хаш­гирмаар санагдах юм.



Т.Эрдэнэ





Эх сурвалж: