sonin.mn
Монголын кино урлагт 1970- аад оны сүүлээр хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрхөөрөө үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Т.Кармаг ярилцлагын зочноор урилаа. Тасалгааны ургамлаар гэрээ гоёсон тэрбээр цэцэг тарих дуртай ажээ.
 
“Зүүдэнд ч оромгүй явдал”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Мятаршгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан тэрбээр сүүлийн үед нам жим байсан юм. Гэтэл саяхан түүнийг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, хайрлаж хүндэлдэг үзэгчдийнх нь хувьд хүсэн хүлээсэн баярт өдөрт тохиосон билээ.
 
“Ховор хүмүүс”, “Тань уруу нүүж явна”, “Сахиул уу, сахиус уу”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл”, “Нүцгэн уулын бэлд”, “Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол, туслах дүрд тоглосон жүжигчний хувьд энэ шагнал арай оройтож, чамламаар санагдаж байсныг нуух юун.
 
 
-Соёлын тэргүүний ажилтныг арай л орой авчих уу даа? 
 
-Хамгийн гол нь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгэндээ байгаа юм биш. Манай Кино үйлдвэр 1994 онд бутарсан. Тэр үед бид чөлөөт уран бүтээлч нэртэй нэр хаяггүй, харьяалагдах газаргүй хүмүүс болж хоцорсон юм шүү дээ.
 
Гэхдээ тухайн үед ганц Кино үйлдвэр ч биш миний насны ажил хөдөлмөр эрхлээд ид цэцэглэж явсан залуус орон тооны цомхтголд орох нэрийдлээр гудамжинд гарсан. Үйлдвэрүүд хаалгаа бариад лангуун дээр юу ч үгүй болж ганзагын наймаанд явах нь яваад сэлүүргүй завь далайд хөвж яваа юм шиг л болсон доо.
 
Тэгээд зарим нь тухайн үед хөлөө олохгүй “живж” Монголд сэтгэл зүйн сүйрэл болсон. Бид түүнд л өртчихсөн юм. Гэхдээ би энэ тэмдгийг аваад хамт олонтой хүн гэдгээ мэдэрсэндээ маш их баярлаж байна. Түүнээс биш өмнө нь ийм зүйлийн талаар боддоггүй байлаа.
 
Кино үйлдвэрийн хамт олон маань хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж ирсэн. “Ацаг шүдний зөрөө” кинонд тоглодог жүжигчин Сүхбаатар, Зоригоо, Цэцэгээ гээд хэдэн жил уулзаагүй найз нар маань баяр хүргэсэн. 
 
 
-Шагналаа гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй хамт авсан юм уу. Та хоёр хамтдаа зургаа авахуулсан харагдлаа? 
 
-Н.Батцэцэг миний хийсэн хэдэн ажлыг Урлагийн ажилтны холбоонд аваачиж өгч би энэ тэмдгийг авсан юм шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс Карма Соёлын тэргүүний ажилтан аваагүй байсан юм уу гээд гайхаж байсан гэсэн. Тэр үед л үе тэнгийн нөхөд маань намайг мартаагүй, надад хайртай юм байна гэдгийг мэдээд сэтгэл их хөдөлсөн.
 
Хүмүүсийн сэтгэл надад Соёлын тэргүүний ажилтны тэмдгээс илүү үнэ цэнэтэй санагдсан. Ер нь сүүлийн үеийн залуус амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ярих болж. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүний аз жаргал сайхан сэтгэл дээр тогтдог. Энэ үг үнэн гэдгийг өнгөрсөн хэд хоногт мэдэрлээ. 
 
 
-Хэд хоногийн өмнө Хүй долоон худагт болсон Соёл урлагийн ажилтны өдрөөр та очив уу? 
 
-Жил бүр л болдог байсан юм. Соёл урлагийн ажилтны өдрөөр биднийг урьдаггүй. Бидний өмнөх үеийн ахмад үеийнхнийг урихгүй байгаа юм чинь бид ч яахав гэж бодоод тоодоггүй байсан. Гэхдээ энэ жил хэрэг болгоод очсон чинь манай жүжгийн ангийн хамт олон ирээгүй, жүжигчдээс Н.Батцэцэг бид хоёр л байлаа.
 
Тэгэхэд Кино үйлдвэрийн монтажныхан, лабораторийнхан, үйлдвэрийн хэн ирчихсэн байсан. Тэр үед дотроо хамт олноо үгүйлээд сэтгэл тиймэрхүү л байсан даа. Тухайн өдөр Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр 100 гаруй хүн зэрэг шагнуулсан. Ёстой л тэмдгээр бороо орж байгаа юм шиг болсон. Тэгэхэд л шагналын үнэ цэнэ шалдаа буусныг бүрэн утгаар нь мэдэрсэн дээ. 
 
 
-Таны хувьд энэ шагналыг өмнө нь авчих боломжтой байсан. Гэтэл өдий хүртэл аваагүй байсан нь магадгүй тухайн үеийн нийгэмтэй холбоотой байсан юм болов уу? 
 
-Мэдэхгүй юм. Гэхдээ би шагнуулъя гээд өөрийгөө тодорхойлоод гүйж чадахгүй. Тийм ч хүн биш. Энэ нийгэмд шагналын хоббитой хүн олон байна. Хоббийтсоор байгаад бүгдийг нь авчихсан нөхөр ч байна. Гэтэл тэгж гүйгээд авсан шагнал нь ард түмэнд үнэ цэнэ байхгүй л байна шүү дээ.
 
Хэн ч тэр жүжигчнийг гавьяат гэж тоохгүй, танихгүй хүн шагнал авдаг болжээ. Тэгэхээр чинь шагналын үнэ цэнийг алдагдуулаад байна. Үнэ цэнэгүй гавьяатаас үнэ цэнэтэй Соёлын тэргүүн авсан нь дээр биз дээ. “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэдэг. Түмэн нүд гэж ард түмнийг хэлж байгаа юм. Тэр олон хүн харж байхад буруу зүйл хийж болохгүй. 
 
 
-Таныг хамгийн сүүлд “Нар гарна аа, аз жаргал минь” кинонд тоглосныг санаж байна. Ер нь ажиглаад байхад дэлгэцийн бүтээлд нэг их тоглохоо больчихсон юм уу даа? 
 
-Би кинонд тогломоор байна, хаана юу байна гээд гүйхгүй юм. Намайг санаад хүүхдүүд санал болгоод ирвэл би тоглоно шүү дээ. Санахгүй бол сануулах гэж урдуур хойгуур нь бүртэлзэж гүйхгүй л дээ. Гэхдээ бас нэг зүйл хэлэхэд залуус тооны хойноос их гүйж байна. Тоо бол ердөө л тоо.
 
Миний дэргэд киноны гол дүрд тоглосон мундаг хүмүүс байна. Гэтэл түүний бүтээсэн дүрийг ард түмэн санахгүй байна. Харин ганцхан дүрд тоглоод хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлч бий. Тухайлбал, манай Цэцэгбалжид “Анхны алхам” кинонд тоглоод олонд танигдсан.
 
Ер нь зүгээр л кинонд тоглоод байвал нэр хүнд нь өсчихнө гэсэн үг биш шүү дээ. Дүрийг хүний зүрх сэтгэлд шингэтэл тоглоно гэдэг чинь өөр зүйл. Ингээд ярихаар хэлэх зүйл олон байх юм. Тэгэхээр залуусыг шүүмжлээд буг болчих гээд байдаг юм, одоо больё доо. 
 
 
-Гэхдээ таны хэлснээр жүжигчин хүний хувьд гол, туслах дүрдээ чухал бус. Авсан дүрээ хэрхэн амилуулах нь чухал байдаг биз дээ? 
 
-Гол дүрийн дайтай туслах дүр бүтээсэн олон жүжигчин бий. Сүүлийн үед монгол кино олон гарах болжээ. Хааяа телевизороор үзэх юм. Би кино театр уруу барагтай бол явдаггүй. Зурагт хараад суухад “Яана даа болиосой” гэж хэлмээр жүжиглэж байгаа хүн олон байна.
 
“Овоо доо гайгүй жүжигчин болох нь” гэж хэлмээр нь ч бас байна. Тиймээс бүгдийг үгүйсгэж болохгүй. Авьяасыг худалдаж авч болдоггүй. Авьяас бол тэр хүнтэйгээ ирээд хамт дуусдаг. Хуучны бид чинь олон шат дамжлага давж байж дүр авдаг байсан.
 
Тэгээд киногоо хийгээд дууссаны дараа олон хурлаар орж алтан үеийнхний зэмлэл сургаалыг сонсдог байжээ. Ер нь кинонд хүссэн нь тоглодоггүй байсан гэдгийг л ойлгох хэрэгтэй. Би тэгж явсаар Соёлын тэргүүнийг 60 насны босгон дээр авлаа даа. 
 
 
-Киноны чанар муудаад байгаа нь уран бүтээлчидтэй нь холбоотой байх? 
 
-Монгол кино хийхгүй байна гэдэг чинь л тэр байхгүй юу. Энэ хүүхдүүд жинхэнэ монгол кино хийхгүй байна. Тэдэнд монгол ёс заншил, зан үйл, сэтгэл зүй дутагдаад байна. Хүмүүсийн хэлээд байгаа Солонгос киног дууриадаг болсон гэдэг ч худал яриа биш. Үнэнийг хэлэхэд Солонгос киноны дүрийг гаргах их амархан.
 
Жүжигчнээс тоглолт шаарддаггүй. Кино үйлдвэр жилд долоон кино хийдэг байсан. Кино бүрт тааруулсан хувцас хэрэглэлтэй ёстой нүсэр ажил хийдэг байж. Түүхийн кино гэхэд л түүхэнд ямар байсныг нь гажуудуулахгүйн тулд их судалж ажилладаг байлаа. Тэр үед төр засаг ч дэлгэцийн бүтээлд их анхаарал тавьж байсан.
 
Одоо түүхэн кино хийе гэхээр хувцас хунар, жижиг хэрэглэлээ яах вэ гээд асуудал их байна. Яг үнэнийг хэлэхэд түүхэн кино “Мандухай сэцэн хатан”-аар дууслаа. Яахав түүнээс хойш хэдэн түүхэн кино гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л нөгөө хувцас хэрэглэлийг нь харахаар хуурамч санагдаад санаа зовоод байдаг юм. 
 
 
-Таныг Кино драмын ангид урилгаар орсон гэдэг юм билээ. Тэр талаараа сонирхуулаач? 
 
-Хүүхдүүд шиг нэг их айхавтар жүжигчин болно гээд мөрөөдөөд энэ мэргэжлийг сонгоогүй. Би 52 дугаар сургуульд сурдаг байсан. Тэгээд тухайн үедээ л их галтай цогтой охин байж дээ. Тийм байсан болоод ч тэр үү сургуулийн захирал намайг жүжигчний шалгаруулалтад оролцоод үз гэж зөвлөснөөр жүжигчин болох гараагаа эхэлж байсан.
 
Манай ангийнхан ч гэсэн чи очоод үз гэж хөөргөөд шалгалт өгөөд тэнцсэн шүү. Намайг шалгалтад тэнцсэн чинь сургуулиар нэг шуугиан болж, сургуулиа төгсөөгүй мөртлөө хуваарь авчихлаа гэсэн яриа гарсан. Тэгэхээр нь би чинь тэрэнд нь хөөрөөд кино драмын ангид яваад орчихсон юм.
 
Тухайн үед ерөнхий эрдэм, орос хэл, нийгмийн шалгалт өгсөн. Түүнээс өмнө захирал маань сургуулийн нэр гаргадаг гээд онц төгсөөгүй ч гэсэн хамгийн түрүүнд сургуулийн хуваарь сонгуулна гэж хэлж байсан.
 
Гэхдээ тэр үед хүмүүсийн дургүйцлийг хүргэхгүй, надад ч амар юм байна гээд жүжигчин болсон. Тэгээд л сургуулиа төгсөөд Кино үйлдвэрт урилгаар орсон. Ингэж л миний амьдралын зам дардан эхэлсэн дээ. 
 
 
-Та алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээр зэмлүүлж номын дуу сонссон хувьтай хүн шүү дээ? 
 
-Тэр үед ёстой номхон зогсч байгаад л загнуулдаг байсан. Одооны хүүхдүүд тэгэхгүй дээ. Тэгж загнуулсан нь ч бидэнд сайн болсон. 
 
 
-Галзуу гэдэг хочийг танд хэн өгсөн юм бэ? 
 
-Миний жижиг сажиг дүрэнд хүн бүр дуртай байдаг юм. Гэхдээ би хүнд тоогдох гэж тэр дүрүүдийг бүтээгээгүй. Би зөвхөн ажлаа л хийсэн. Миний дүрийг ард түмэн хүлээгээд л авсан. Би мундаг жүжигчин гэдгээ харуулах гэж жижиг дүрд тоглоогүй. Одоо бодохоор би өвөрмөц имижтэй жүжигчин байсан шиг байгаа юм.
 
Тийм учраас Карма галзуу характертай жүжигчин юм чинь тийм дүрийг сайн гаргана гэж боддог байсан байх. Галзуу гэдэг тодотголыг надад хэн ч өгөөгүй. Миний бодсон санаснаа шулуухан хэлчихдэг зан нь л намайг галзуу Карма болгосон. Хүн өөрөөрөө байх шиг сайхан зүйл байхгүй гэдэг дээ.
 
Би ч гэсэн байснаараа өтөлж байна даа. Урлагийн хүн бусдын нүдэнд сайхан харагдах ёстой, ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг нь зөв. Гэхдээ би жүжигчин гээд бүх зүйл дээр жомбойгоод дуугүй суугаад байж чадахгүй.
 
Би хүнд хиймлээр гоё харагдахыг хүсдэггүй. Намайг хүмүүс байгаагаар нь хүлээж аваг. Ямар муухай ааштай авгай вэ гээд бодвол түүгээрээ л хүлээж аваг. Миний энэ байгаагаараа байдаг занд найзууд маань их дуртай байдаг. 
 
 
-Таны дуу оруулсан олон сайхан бүтээл бий. Сүүлийн үед яагаад кинонд дуу оруулахаа больчихов? 
 
-Дуу хийхээ больсон. Арга барилын хувьд таарахаа байжээ. Одоогийн залуус хоолойгоороо тоглож байна. Гэхдээ тэднийг буруутгах арга алга. Бидний үед аль ч салбарт боловсон хүчний бодлого гэж том юм байж. Тэр бодлого одоо алдагджээ. Ямар ч тооцоогүй үй олон хүн төгсч, ажлын байр ч алга. Босго гэж алга.
 
Шүүсээ шахуулах нь холгүй олон шалгуур давж байж хүссэн мэргэжлээ сонгон суралцдаг. Энэ нь ч чанартай сайн боловсон хүчинтэй болох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан байх. Байгалийн шалгарал гэдэг шиг шалгарал үгүй болсон. Сурч мэдсэн юмгvй шахам байж өөрсдийгөө нэг их том жүжигчинд тооцчихсон хүмүүс олширчээ. 
 
 
-Та залуудаа загвар хэр сонирхдог байсан бэ? 
 
-Тэр үед одоогийнх шиг загвар үзүүлдэггүй байсан. Миний үед Зөвлөлт Холбоот Улсын “Мода” нэртэй сэтгүүл гардаг байлаа. Түүнийг дууриагаад манайхан нэлээн өнгө, хавтас, зураг муутай сэтгүүл гаргадаг болсон. Оросын сэтгүүл хувцасны эсгүүр хийх заавартайгаа ирдэг байлаа.
 
Тухайн үед дэлгүүрээс ноосон цамц авахад тэрийг нь бүх хүн өмсчихдөг байсан юм. Тийм болохоор “Мода” сэтгүүлд гарсан таалагдсан загвартай хувцсаа дэлгүүрээс даавуу авч байгаад өөрөө оёод өмсдөг байсан. Бас цув оёод, цамцаа өөрөө нэхээд өмсчихдөг байж. Ер нь хүнтэй адилхан хувцас өмсөх дургүй хүүхэд байж дээ.
 
Миний үед топ модель Одгэрэл чинь хүүхэд байсан юм. Ээж нь Дүүдээ гэх сайхан ааштай хүн манай хувцасны эрхлэгч байсан. Тэр үед Одгэрэл чинь зургадугаар ангид л байсан байх. Намайг Кино үйлдвэрт байхад анх загвар үзүүлэхийг Одгэрэл хийж эхэлсэн байх гэж боддог. 
 
 
-Тухайн үеийн нэгэн сэтгүүлд та нүцгэн зургаа авахуулсан. Тийм зүйлийг буруушаадаг нийгэмд юу бодож нүцгэн зураг авахуулсан юм бэ? 
 
-Тэр 1990-ээд оны сүүлээр авахуулсан зураг л даа. Тухайн үед харьцангуй өөрийгөө залуу гэж боддог байжээ. Одоо ч гэсэн өөрийгөө чавганц болчихлоо гэж боддоггүй /инээв/. Би тэр зургийг авахуулахдаа 46 настай байсан. Тухайн үед Даваажав гээд сэтгүүлч намайг тийм зураг авахуулах санаа гаргасан.
 
Тэгээд би чинь хөөрөөд “Яахаараа 40 нас гараад өөрийгөө хөгшин гэж бодох ёстой юм бэ” гэж бодоод л тэр зургийг авахуулсан. Үнэндээ ч тухайн үед эмэгтэйчүүд 30 нас дөнгөж гараад л өөрсдийгөө хөгшин гээд бодчихдог байсан. Тэгээд л би өнгөрлөө дууслаа, удахгүй нас барна гээд боддог байсан цаг.
 
Энэ сэтгэхүйг нь эвдье гэж бодсон. Монголд байгаагүй тийм сэтгэхүйг гаргаснаараа нэг бодлын би буруутай нөгөө бодлын гавьяатай хүн. Миний бодлыг зөв тусгаж авсан хүн намайг ямар зоригтой юм бэ гэж хэлж байсан. Үнэхээр 40 нас залуу юм байна гэдгийг тухайн үед өгсөн ярилцлагаас минь уншаад өөрийгөө хурцалсан бүсгүйчүүд байсан.
 
Харин үүний эсрэгээр намайг доромжилж байсан хүмүүс ч байлаа. Гэхдээ би тэр ярилцлагыг өгсөндөө хэзээ ч харамсч байгаагүй, харин ч баярладаг. Одоо нас бол тоо биш гэж ярьдаг. Гэхдээ нас тоо биш гээд насандаа намбаганахгүй байж болохгүй. 
 
 
-Өнгөрсөн хойно гаргасан алдааныхаа талаар бодох юм уу? 
 
-Кино хийчихээд дараа нь үзэхээр зөндөө алдаа гаргасан байдаг. Нэгэнт дэлгэцэнд гарсан алдааг засах боломжгүй байдаг. Драмын жүжигчин тайзан дээр гаргасан алдаагаа дараагийн өдөр нь засаад явах боломжтой бол дэлгэцийн урлагт тийм боломж байдаггүй.
 
Харамсаад өнгөрнө үү гэхээс өөр зүйл байхгүй. Ер нь би өөрийнхөө тоглосон бүтээлүүдээ эргээд харахаар сэтгэл хангалуун бус байдаг. Өөрийгөө хараад нэг л голонгуй санагддаг. Кинонд гаргасан алдаа маань харагдаад байдаг болохоор өөртөө уурладаг байх даа. 
 
 
-Таны ээж өндөр насалсан сайхан буурай байдаг гэж сонссон. 
 
-Хүн ээж болсныхоо дараа ээжийнхээ зовлонг ойлгоно гэдэг үнэхээр үнэн үг. Миний ээж долоон өнчин хүүхэд өсгөсөн. Аав маань намайг 17 настайд, дүү нарыг бага байхад бурхан болсон. Тэгэхээр ямаршуу янзтай долоон өнчин хүүхэд үлдсэн нь ойлгомжтой байгаа биз.
 
Ээж минь Халдвартын больницын сувилагч, тухайн үед 300 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Гэхдээ хэдий тийм бага цалинтай ч биднийг хоосон хонуулаагүй өсгөсөн дөө. Би аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон. Тухайн үед ээжийн цалингаар хоол, өөрийнхөө стифентээр дүү нарынхаа хувцсыг авч өгдөг байсан.
 
Тэр үед тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж бас багахан мөнгө авдаг байжээ. Түүгээр гэрийнхээ тавилгыг шинэчилнэ гэж хадгалдаг байлаа. Тэгээд муу ээж минь 24 цаг ажилдаа гарчихаад өглөө нь ирээд олон хүүхдийн хоол ундыг зохицуулж гэрээ цэвэрлэдэг байсан. Дараа нь олон хүүхэдтэй болохоор боорцог хайрна.
 
Боорцгоо хайраад гаргахад эхнээсээ амны тоогоороо дуусчихдаг байсан даа. Гэр хороололд амьдардаг байсан болохоор түлээ нүүрсээ бэлтгэх том ажил гардаг байлаа. Тэр үед манайх Зайсанд амьдардаг байсан. Тэгээд л гишүү үүрнэ дээ. Тэр их ажлыг ганцхан эмэгтэй хүн нуруундаа үүрээд долоон өнчин хүүхдийг өсгөсөн миний ээж баатар байгаа биз.
 
Надтай зүйрлэмгүй тийм ээжтэй хүн дээ би. Би бол ганц хүүхэд төрүүлсэн болохоор ээжийнхээ тэр зовлонг мэдэхгүй шүү дээ. Одоо эргээд бодоход өглөө босоод ороо хураахгүй явчихдаг яасан тэнэг хүн байж вэ гэж өөрийгөө зэмлэдэг. 
 
 
-Таны охин одоо хаана амьдарч байгаа вэ? 
 
-Японд доктрантурт суралцаж байгаа. Би охиндоо хангалттай боловсрол эзэмшүүлсэн гэж боддог. Охин минь “Би ээжийнхээ ачаар дуртай сургуульдаа сураад, хүссэн мэргэжлээ эзэмшиж байна” гэж хэлдэг. Одоо манай охин ээж болоогүй л яваа. Би охиноо 26-тайдаа төрүүлсэн. Дахиад хүүхэд гаргаж чадахгүй явсаар өдий хүрлээ дээ.
 
Одоо дахиад нэг хүүхэд гаргачихдаг байж гэж боддог юм. Эмэгтэй хүн ээж болно гэдэг их том үүрэг хариуцлага юм байна гэдгийг ухаарсан. Манай урлагийнхан нэг л их ажил хийгээд явахаас хүүхэдтэй болохыгоо оройтуулаад байдаг. Тэр бас бидний нэг алдаа шүү. 
 
 
-Япон уруу явах бодол бий юу? 
 
-Энэ жил Японд өвөлжье гэж бодож байна. 
 
 
-Та их шүтлэгтэй юм шиг санагдлаа? 
 
-Ер нь бурхныг хүндэлдэг. Бурхангүй хүн бол жолоодлогогүй машинтай адил шүү дээ. Бурхны өмнө нүглээ наминчилж байж бид зөв явна. Энэ дэлхийд нүгэлгүй хүн гэж үгүй байх.
 
 
Б.Сэлэнгэ
 
Эх сурвалж: