sonin.mn
“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит нээлттэй ярилцлага болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд Төв, Хөвсгөл аймгуудад ажиллаад иржээ. Төв аймаг олон улсын нисэх буудал, төмөр зам, хурдны зам, орон сууцны хороолол бүхий хөгжлийн том төв, дагуул хот болно.
 
Төв аймагт өрнөж эхэлсэн бүтээн байгуулалтын эдгээр ажлын төлөвлөлт, явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн бол Хөвсгөлд шинээр барьж буй дулааны цахилгаан станц, барилгын материалын үйлдвэрүүд зэрэгт анхаарлаа хандуулж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэснээ танилцууллаа.
 
Мөн Засгийн газрын хуралдаанаас “Олуулаа хууль”-ийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ төслийг УИХ намрын чуулганаар хэлэлцэн баталснаар жирэмсэн эхчүүд болон хүүхдээ хоёр нас хүртэл харах эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ өснө гэнэ.
 
 
Сэтгүүлчдийн зүгээс орон сууцны моргэйжийн зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг тодрууллаа.
 
-Энэ даваа гаригаас эхлэн 8/±1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Үүнээс болоод барилгын үнэ зохиомлоор өсч, урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаалах боломжгүй байна?
 
-Засгийн газраас зээл авч, орон сууцны хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд барилгын үнээ өсгөхгүй байх үүрэгтэй, хэрвээ зөрчвөл гэрээг цуцална, Засгийн газар орон сууцны нийлүүлэлтэд илүү анхаарч татаас өгснөөр энэ жил 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орно.
 
Өнгөрсөн жил 11 000 айлын орон сууц ашиглалтад орж байсантай харьцуулахад энэ боломжийн тоо. Тав тухтай амьдралынхаа төлөө хөдөлмөр зүтгэл гаргадаг хүн бүрт өргөн боломж нээгдсэн. Халамж хүлээж суудаг, гутранги, ядуу хүмүүс орон сууц авах боломжгүй жишиг аль ч улсад бий.
 
Монголчууд нийтээрээ хөдөлмөрлөж, хүн бүр нэг бөндгөр, дөрвөн булчингаа ажиллуулах цаг ирсэн. Ингэж чадвал тавхан жилийн дараа гэхэд ядууралд баяртай гэж хэлж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, өөдрөг амьдралд хүрнэ. Хоёр зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажил хөдөлмөр эрхэлж ядуурлаасаа салах. Өглөө эрт бос, тааз ширтэж хэвтэх хэрэггүй.
 
 
-Зээлийн журамд урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж заасан ч банкууд 30 хувийг л төлөхийг шаардаж байна?
 
-Байрны урьдчилгаа төлбөрийн хувьд өмнө нь ч 30 хүртэл хувийг төлөх ёстой гэх шаардлагыг банкууд тавьж ирсэн. Энэ бол цоо шинэ зүйл биш. Харин улсад 10, 20 жил ажилласан хэрнээ орлого багатай иргэдээ яаж орон сууцжуулах вэ гэдэг дээр засаг бодлого гаргана.
 
Өндөр настан, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийнхэн 10 хувийн урьдчилгаа төлж байртай болох тусгай зохицуулалтыг ирэх намраас тодорхойлж зарлана. Шинэчлэлийн Засгийн газрын орон сууцны зээлийн хөтөлбөр бол хүн амын дийлэнх хэсэг буюу дундаж орлоготой иргэдэд чиглэсэн.
 
Тиймээс Тийм учраас өнөөдөртөө байрны урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг төлж чадаж байгаа нь ипотекийн зээлд хамрагдаад явж байг гэж бид тооцсон.
 
 
Эх сурвалж: