sonin.mn

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Гайхалтай нь нэр дэвшигчдийн гарааны зурхай адилгүй. Дээр нь зөвхөн телевиз, радиогоор сурталчилгаа явуулах эрхтэй.
 
 
Урьдын юм ул болсон гэдэг шиг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөрийн хөтөлбөрөө таниулан сурталчилдаг үе өнгөрсөн. Энэ бол эрх баригч намын олонх гишүүний оролцоотой боловсруулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэ заалтууд.
 
 
Сайтуудын сэтгэгдлийг хязгаарласан нь багадаж, нэр дэвшигчдийн сурталчилгааг байрлуулахыг хориглов. Мөн сониныхныг энэ жагсаалтад багтааж, хориотой тэмдэг зурчихаж. Уг нь сонин уншиж, мэдээлэл авдаг сэхээтнүүд энэ нийгэмд бий, эрх баригчид аа.
 
 
Шинэчлэл гэхээрээл бүхнийг зааглаж, ялгаварлан гадуурхахыг хэлдэг юм уу, Ерөнхийлөгч өө. Зурагт үзэж, радио сонсохыг ардчилал, тэр дундаа шинэчлэл гэж үзвэл гадныхны элэг доог болох байлгүй дээ. Эбэ-д сонин биш телевиз хэрэгтэйг нь харлаа, мэдлээ.
 
 
Тийм байна. Ганц нэвтрүүлгээ хэд хэдэн сувгаар цацчихаар олон үзэгчид хүрдэг юм байна. Бодвол ганц ярилцлагыг олон сонинд тавьснаас илүү үр өгөөжтэй байгаа байлгүй.
 
 
Хуулийн төслийг өргөн барихаас эхлэн нэг л хүнд тусгайлан зориулсан өнгө аяс цухалзаж, үнэр нь хамар сэтэлчих гээд байгаа тухай сөрөг хүчнийхэн шүүмжилж байлаа. Олны үг ортой гэдгийг энэ мэт олон жишээ гэрчилнэ.
 
 
Хуульд зааснаар нэр дэвшигч 21 аймаг, 200 гаруй сумынхантай 35 хоногийн дотор амжиж уулзах учиртай. Ороод гарах биш үдлээд морьдох даалгавартай байдаг. Тэгж байж уулзалтын үр дүн гарна. Харамсалтай нь, хуулийн хугацаа богино.
 
 
Албан тушаалаа ашиглаад ар, өврөөр явж айл амьтнаар орсон хүнд шүргээд өнгөрөхөд болохгүй юмгүй. Харин шинэхэн нэр дэвшигчдийн хувьд айл бүрт ордоггүй юм аа гэхэд сум бүрт саатаж, таван үг солих хугацаа зайлшгүй шаардлагатай.
 
 
Ингээд бодохоор Цахиагийн хүүд цахиур хагалах боломжийг хэдэнтээ олгох гэсэн атгаг санаа хуулиас ханхлаад байна, цаана чинь. Сонгуулиас өмнө төрийн тэргүүний хувиар сардаа хоёроос доошгүй аймгаар зочлоход л бусад нэр дэвшигчээс хавьгүй илүү боломж, давуу эрхийг эдэлсэн нь тодорхой.
 
 
Нийслэлийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, нэлээдгүй хүнтэй нүүр учирчихлаа. Тийм байхад дараагийн удаа шүргээд өнгөрөхөд л хангалттай. Харин өнөөх хоёр нэр дэвшигч нь царайгаа харуулж, хэдэн үг солиход хэдэн цаг битгий хэл хоног ч шаардагдах нь бий.
 
 
Тэгээд ч тэр дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашсан учир монголчууд нийтээрээ ядаж л Ц.Элбэгдоржийн төрхийг танина. Танихгүй нэг нь гадарлана. Ямартаа л сонгогчид анх удаа нэр дэвшигчдийн гэрэл зурагтай саналын хуудсыг дугуйлна гэж хуулийн төсөлд тусгаж оруулж ирж байх вэ дээ.
 
 
Тэрийгээ бичиг үсэг мэдэхгүй хүмүүст зориулж саналын хуудасны шинэ загвар боловсруулсан тухай цэцэрхэн тайлбарлаж байсан нь санаанд тодхон байна. Нэр дэвшигчийн нэрсийг дугуйлаад өнөөдрийг хүрсэн сонгогчдыг доромжлоод байна уу гэдгийг эрх баригчдаас асууя.
 
 
Тийм л байсан юм бол олон нэр дэвшигчтэй УИХ, орон нутгийн сонгуулиар санал дугуйлахдаа төөрч будилдаггүй хүмүүст нүүр дүүрэн инээмсэглэсэн гэрэл зураг харуулах нь яасан юм гэж хүртэл асуумаар үе байлаа.
 
 
За тэгээд улс төрийн намууд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бус УИХ-д хэдэн суудал авснаасаа хамаарч эрэмбэлэгдэнэ гээд мөн ч олон шинэчлэлийг өөрт ашигтайгаар хийсэн дээ, хөөрхий, Бодвол үр шимээ өгөх байлгүй.
 
 
Дээр нь автомат машин байхад айх зүйл юусан. Шударга л байхыг уриалахаас биш үлгэрлэж чаддаггүй Цахиагийн хүүг дараагийн дөрвөн жил хийж, бүтээнэ дээ гэж найдах уу, эсвэл улс төрийн карьер нь ингээд өндөрлөж байгаа юм хөөрхий гэж харж суусаар үдэх ёстой юу.
 
 
Намынхных нь хэлж байгаагаар дараагийн дөрвөн жил жинхэнэ утгаараа ажиллаж, амнаасаа гарах авиа бүрийг бодлого болгон боловсруулж, ажил хэрэг болгох юм гэсэн. Дараагийн сонгуулиа бодоогүй хүн буух хугацаагаа бодож ажил хийх үү гэдэг хачирхалтай л зүйл. Юутай ч нэг л хүнд зориулагдсан хууль удахгүй үр дүнгээ өгөх биз ээ.
 
 
Л.Нинж
 
Эх сурвалж: