sonin.mn

Залуус баар, ресторан хэсч, бага­чууд “РС” тоглоомд цагаа үрэх нь ихсээд байгаа энэ үед урлаг, спортынхон “Спиртлэг бус спортлог амьдрах” уриа гаргаад байгаа юм.  МУГТ Х.Цагаанбаатар, “ТВ коктейль” хамтлагийн жү­жиг­чин Э.Цолмонбаяр, МУГТ, Спорт бэлтгэлийн тө­вийн захирал Б.Наранбаатар, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр нар уг аяныг зохион байгуулж буй бөгөөд тэдний эхний зогсоол нь 35 дугаар сургууль байлаа.


Сургуулийн багш, ажил­­­­чид, сурагчид гээд уг уул­­залтад бэлтгээгүй хүн байхгүй байсан гэмээр цэмц­гэр орчинд зочдоо угтан авсан.  Тус сургуулийг төгс­сөн жүжигчин Цоомоогийн сэт­гэл нэлээд хөдөлсөн нь илт байв. Тэрбээр өөрт нь хичээл зааж байсан багш нар­тайгаа зургаа татуулж, су­рагч насандаа эргэн очсон мэт догдолжээ.

 

Түүний энэ байдал багш, сурагчдад тун найрсаг уур амьсгал бий болгосон юм. Уг нь энэ өдрийн арга хэмжээнд хөдөлмөрийн баа­тар, МУГТ Э.Бадар-Ууган, МУГТ Н.Төгсцогт нар ирэх байсан ч хилийн чанадад тэмцээнд оролцож байгаа тул ирж амжсангүй. Гэхдээ МУГТ Х.Цагаанбаатар тэр­гүүтэй спортын шилдгүүд сурагчдад том бэлэг болж чадсан.



Урлаг, спортынхон хам­гийн тү­рүүнд тус сургуулийн үлгэр жишээ 11б ангид зо­чилсон юм. Эхэндээ нэлээд биеэ барьж, чимээ аниргүй байсан ангийн уур амьсгалыг эвдэж, Х.Цагаанбаатар гавьяат “Танай ангийн хам­гийн авьяастай залуу энэ юм байна” хэмээгээд, энгэртээ дүүрэн медаль гялалзуулсан хүүг заасан.

 

Түүний үгийг дэмжин, Б.Наранбаатар за­хирал “Угаа­саа манай сур­гуульд жижиг биетэй хүүх­­дүүд л ирээдүйд од болж гялалздаг юм” хэмээн егөөдлөө. Үнэхээр ажаад байхад Цоомоо, Наба, Цагаанаа, Жижгээ гээд хүрэлцэн ирсэн одод бүгд л нуруу намтай бай­сан нь олныг инээлгэж, “Багачуудын эрин үе” гэх хамт­лаг байгуулах санал гаргаад ч амжив.



Уулзалтын үеэр Цоомоо “Миний дүү нар зорьсондоо заавал хү­рээрэй. Ах нь та нарын насан дээр жижигхэн биетэй хүүхэд байсан. Тэгсэн хэрнээ ур­лагийн сургуульд орох хү­сэл­тэй байв. Даанч эхний жил элсэлтийн шал­галт өгтөл “Намхан байна” гээд буцаасан.



Харин дараагийн жил нь яаж, ийж байгаад тэнцсэн. Тийм  болохоор аливаа зүй­лээс битгий ухарч, шантраа­рай. Ахыг  нь  эрдмийн их өр­гөөнд анх өлгийдөн авсан Г.Алтанцэцэг багш маань тэнд зогсож байна. Багшдаа “Баярлалаа” гэж хэлье” хэ­мээсэн юм.



Э.Цолмонбаяртай нэг ши­­­рээнд тохой нийлүүлэн сууж байсан Б.Наранбаатар найзын­хаа ховор түүхийг су­рагчдад сонирхууллаа. Тэр­бээр “Цоомоо бид хоёр багаасаа нэг ширээнд суусан. Нэг өдөр саарал паль­то, чихтэй малгай өмс­сөн жаахан хүү над дээр ирээд “Чи чихэр идэх үү” гэж асуулаа.

 

“Идье”, гэсэн чинь “Байж байгаарай, би эмээгийнхээ амбаараас да­­хиад нэгийг хулгайлаад ирье” гээд гүйгээд явчихсан” хэ­­мээн танхимд цугларсан олныг инээлгэлээ. Энэ үеэр Цоо­моо­гийн нүүр багавтар улайж харагдав.



“Спиртлэг бус спортлог” өдрийг сагсан бөмбөгийн тэм­цээ­нээр хаав.

“Мотив”-ын Жижгээ, Х.Цагаанбаатар гавьяат нар тун дажгүй тог­лодог гэдэг нь харагдаж бай­сан. Гэхдээ 11в ангийн хөвгүүд ах нартаа “хичээл заах” нь уу гэмээр сайн тоглосон. Бас Цагаанаа гавьяат залуу хөвгүүдийн хурдыг гүйцэлгүй, сүүлийн тог­лолтын үеэр бахардаж байв.

 

Тун сонирхолтой, үзүүш­тэй тог­лолтын дараа Набагаар ах­луулсан оддын баг нэг онооны зөрүүгээр ялалт байгууллаа. Эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргаж, монгол­чуу­дынхаа бахархал болсон ах нартайгаа нэг өд­рийг хөг­жил­тэй, спортлог өн­гөрүүл­сэн сурагчид сэтгэл дүүрэн үлдсэн.



Уулзалтад оролцсон хүн бүр урлаг, спортынхныг цаашид олон сургуульд зочилж, зохион байгуулсан арга хэмжээ бүр нь үр дүн өгөх нь гэсэн итгэл, найдвар тээсээр 35 дугаар сургуулийн хаалгыг гаднаас нь хаасан юм.



Эх сурвалж: