sonin.mn
Эрх чөлөөний төлөө тэмцэл ба Гуравдагч хөршийн бодлого
 
1990 онд манай улс чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжиж, бие даасан гадаад харилцаатай болсноос хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол ядруу эдийн засгаа бэхжүүлэх, дэлхийн бусад улсуудтай хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэх нээлттэй бодлого баримталж ирсэн. Үүнийг 1994 онд баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа нээлттэй зарлаж, хөрш орнуудын хэт их нөлөөг хязгаарлах, хүчний харьцааг тэнцвэржүүлэх Гуравдагч хөршийн харилцааг дэмжиж байв. 
1993 онд баталсан Гадаадын хөрөнгийн оруулалтын тухай хуулийн үр шимээр гуравдагч орны хөрөнгө оруулалт манайд тууштай нэмэгдэж байлаа. Социализмаас салж, картын бараанд байсан Монголчуудад хилийн чөлөөт худалдаа, ОУВС-гийн зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт дахин амьсгал авах боломж олгосон нь үнэн. 
 
2009 онд С.Баярын Засгийн газар Рио-Тинто компанитай Оюу Толгой төслийг хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан нь Англи-Австрали гаралтай хөрөнгө оруулалт Монгол улс руу чиглэсэн капиталын урсгалын тэргүүлэгч болгож, гуравдагч хөршийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн том ялалт болсон. Оюутолгойн гэрээ 2009 оны хямралын намгаас биднийг хурдан гаргасан. 
 
Тэр үед Монгол улс Бээжингийн олимпийн дараах олон улсын бирж дээрх түүхий эдийн үнийн уналт, дотоодын үнийн өсөлтөөс шалтгаалсан гүн хямралд орж, төгрөгийн ханш 30 хувь унаж, улсын валютын нөөцийн мэдээ нууцын зэрэглэлд орж, зөвхөн Монголбанкны валютын газрын захирлын гарын үсгээр нефть бүтээгдэхүүн борлуулагч компаниуд доллар худалдан авч байсанг хүмүүс мартсан бололтой. 
Гэтэл өнөө өглөө Хөвсгөлд болсон чичирхийллийн хажуугаар Монгол улсын засгийн газар манай улсын хамгийн том төслийг хэрэгжүүлж байгаа Туркоуз Хилл компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, шинэчлэх саналаа хүргүүлсэн тухай мэдээ сонссон нь бидний хувьд жинхэнэ газар хөдлөлт байлаа. Зөөлөн хэлвэл новшийн гоншигнол. Хатуу хэлвэл хөгийн хулхидалт. Зүйрлэвэл хавар зарсан бяруугаа намар нь харж харамсаад, хөгшин нь согтуудаа хямд өгчиж, тохиролцоо ашиггүй байсанг сая мэдлээ, надаа буцааж өг гэсэнтэй ялгаагүй. Нэг голд нутагладаг малчид иймэрхүү зүйлийг хоорондоо ярилцаж маргаад, тохирохгүй бол нялга зодолдоод архи ууж эвлэрээд салж болно. Хэдэн зуун жилийн бизнесийн түүхтэй соёлт ертөнцөд ийм асуудлыг шүүхээр шийддэг.
Олон улсын арбитрийн шүүхэд эцэс төгсгөлгүй маргаан үүсч, төслийн үйл ажиллагаа зогсч, төлж барахгүй өрөнд орох биз. Төсөл зогссон шууд зардлаас гадна алдагдсан боломжийн өртөг, олон жил үргэлжлэх шүүхийн зардлыг Монгол улс төлөх эрсдэл бий. 10 тэрбум доллар энүүхэнд. Би лав хувьдаа олон улсын арбитрын шүүхэд Монгол улс ялна гэдэгт итгэхгүй.
Канадын хөрөнгө оруулалттай Хан ресурсд 100 сая төлөх шийдвэр гараад 70 саяыг луу унжиж төлөөд салсанаа гавьяа байгуулсан мэт зарлаж байсанг эрх баригчид мартсан байж болох ч ард түмэн мартаагүй.  Үүнтэй зэрэгцээд Оюу Толгой ХХК-д 649 тэрбум төгрөгийн татварын акт тогтоолоо гэх баатарлаг гэхээс попорсон гэвэл зохистой мэдээ байна. Яагаад нийтэд нээлттэй зарлах ёстой вэ? Бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг давхар нэмүүлэх гээгүй байгаа? Монголын Татварын ерөнхий газар олон улсын бүртгэлийн стандартыг нэвт судлаад, олон улсын хэмжээнд хийгдсэн гэрээндээ нийцтэй торгууль ноогдуулаад, шүүх дээр үүнийгээ хамгаалах мэдлэг чадавхитайд үнэндээ эргэлзэж байна шүү. Үндэстэн дамнасан корпораци манай булган шубтэй рекетүүдэд ялагдах нь юу л бол. Шүүхээр явах хэдэн жилд үүнээс илүү тоологдох татвараа алдана гэдгийг харин Ванга шиг хэлчихье. 
 
 
 
Эцэст нь хэлэхэд Монгол улс олон улсын тавцанд найдваргүй этгээд гэдэг нэрийг үүрд зүүж, гуравдагч орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанаас үүрд татгалзлаа гэдгээ зарлахыг үзэх цаг иржээ. Угаасаа Венесуэлийн хойноос хурдтай нэхэж, Моносуэль алдар нэрийг олоход холгүй яваа.
Заримдаа энэ бүгд сайтар төлөвсөн ажиллагааны санаатай үйлдлүүд шиг санагдахыг хэлэх юун. Оюу Толгойн гэрээтэй холбоотой 7 хүнээс 5 нь шоронд сууж, нэг нь эрэн сурвалжлагдаж байгааг анзаарав уу. 
Эрх чөлөөний төлөө тэмцэл дарагдлаа, гурав дахь хөршийн мөрөөдөл баяртай. 
 
 
Олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгч, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир