sonin.mn
SAYAN группийн үүсгэн байгуулагч, Инжинаш паблишингийн захирал Д.САЙНБАЯРЫГ урьж ярилцлаа. Тэрбээр залуучуудад олон талаар үлгэр дуурайл болдог шинэ үеийн лидерүүдийн нэг.  
 
Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе ... 
 
-Баярлалаа. Намайг ярилцлагад урьж, олон мянган цэрэг дайчидтай уулзуулж байгаа танай сонины хамт олонд болон эх орноо батлан хамгаалж, дархан хилийн манаанд зогсож буй эрэлхэг залуус, бүсгүйчүүддээ, цар тахлын энэ хэцүү үед хамгийн ачаалалтай ажиллаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад шинэ оны баярын мэнд хүргэе ээ.
 
Тун завгүй хэдий ч миний урилгыг хүлээн авч манай сонины уншигчдад цаг гаргаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна ...
 
-Ажлын ачаалал их байгаа ч “Соёмбо” сонины редакцын урилгаас татгалзаж зүрхэлсэнгүй. Цэргийн сонины шинэ оны анхны дугаарт уригдах нь нэр төрийн хэрэг юм. Миний хувьд маш дурсгалтай үйл явдал гэж хүлээн авч байна.
 
Шинэ оныг ямар ажлуудтай угтсан бэ, өөрөөр хэлбэл та яг одоо ямар ажил өрнүүлж байна вэ? 
 
-Би яг одоо өөрийн ажиллуулдаг “Инжинаш Паблишинг” ХХК-иас эрхлэн гаргасан “Сониучхан” гэж шинжлэх ухаан, танин мэдэхүйн 30 орчим сэдэвтэй хүүхдийн цуврал номын борлуулалт, орон нутаг, гадаад улсууд руу хийх түгээлт дээр илүү анхаарч байна. Ковидын хөл хорио эхлэх үед би энэ цаг хугацаанд юу хийж болох вэ гэж өөрөөсөө асуусан. Орхигдоод удаж буй хүүхдийн боловсрол, фэйсбүүкийн мэдээнд итгэдэг иргэд буюу сэтгүүлчдийн боловсрол, улс төр, шийдвэр гаргагчдын боловсрол, нийгмийн соён гэгээрэлд зориулсан шилдэг бүтээлүүдийг гаргах нь “Инжинаш” хэвлэлийн газрын тэргүүн зорилт гэж тодорхойлсон. Манай уриа бол “Инжинаш хэвлэлийн газар-Мэдлэг түгээнэ”. Нэг ёсондоо иргэдийг хэдэн тийш хуйлруулж, талцуулаад байгаа баримтад тулгуурлаагүй, хариуцлагагүй сэтгүүлзүйг засах ёстой гэж үзээд сэтгүүлзүйн боловсрол, нийтийн талбай гэх ойлголтыг ойлгохыг хүсдэггүй хотын удирдлагад зориулж хотын хөгжил, монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсрол зэрэг үндсэн таван чиглэлээр 30 орчим бүтээл гаргах жагсаалт гаргасан. Дэлхийн хамгийн том хэвлэлийн газруудаас эрхийг нь аваад одоо сайн дурын болон гэрээт 50 орчим хүн эдгээр номууд дээр ажиллаж байна.
 
Английн “ПанМакмиллан” компаниас албан ёсны эрхийг нь аваад хавраас хойш өөрөө орчуулсан “Сониучхан” цувралын эхний таван цуврал оны өмнөхөн хэвлэлтээс гарлаа. Би бүтэн жилийн хугацаанд зарах байх гэж бодсон эдгээр номын багц маань шинэ жилийн баяраар зарагдаж бүрэн дуусаад одоо хоёр дахь хэвлэлтээс гарч байна. Нэг ёсондоо сүүлийн долоо хоногийн дотор манай компанийн борлуулалт Монголын цахим худалдааны түүхэнд дээд амжилт тогтоолоо. Хамтарч ажилладаг байгууллагууд, харилцагчид бидэнд баяр хүргээд сайхан л байна.
 
Танайх дээд амжилт эвдсэн гэсэн үг үү? 
 
-Тийм ээ. Хамтарч ажилладаг борлуулалтын компаниудын дата тийм үзүүлэлт харуулж байна. Өдөрт хэдэн зуун багц номын захиалга иргэдээс хүлээн аваад ачааллаа дийлэхгүй, түгээлтийн гурван компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ковидын үеэр замын түгжрэл бага байгаа нь манайд давуу тал болж байна. Гэхдээ он гараад QR код шинээр авах гэх мэт зүйлс түгээлтийг удаашруулах хүчин зүйлстэй тулгарч байгаа ч бид 24 цагийн дотор хүргэлтээ хийсээр байна. Хөдөө орон нутагт ч захиалга их байна. Манай фэйсбүүк хуудаснаас хүмүүс захиалгаа хийж байна. Ингэхэд би танай сонины уншигч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд борлуулж буй бүх номынхоо үнийг 15 хувиар хямдруулан шинэ жилийн бэлэг барья. Манай компанийн “Инжинаш бархан” гэж фэйсбүүк хуудсаар зочилж шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Сониучхан” цувралыг захиалаарай. Нэмэлт мэдээлэл хэсэгт patriot гэж үг бичвэл дээрх хөнгөлөлтийг олгож, тусгайлан бэлдсэн бэлгийн уутанд таван багц ном, ил захидал зэргийг гэрийн хаягаар нь хүргэж өгнө.
 
Маш сайхан бэлэг болох нь ээ ... 
 
-Ном уншдаг хүүхэд сэтгэдэг хүн болж төлөвшдөг. Xүүхэд бүр чанартай боловсрол эзэмшиж, Монголын, дэлхийн үнэ цэнтэй иргэд болж өсөж хүмүүжих ёстой. Энэ итгэл үнэмшилдээ тулгуурлаж бид шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Сониучхан” цуврал номыг нэмэлт халамж шаардлагатай хүүхдийн асрамжийн төвүүд болон 365 сумын Ерөнхий боловсролын сургуулиудын номын санд хандивлаж байгаа. Энэ аяныг аав ээж, эмээ өвөөгийнхөө төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг, Галуут сумаас эхлүүлсэн. Оны босгон дээр номоо хүлээж авсан байна лээ.
 
Таныг “Глобал CEO” нэвтрүүлгээр залуус сайн мэддэг болсон. Одоо “Ард” санхүүгийн нэгдлийн “Apprentice” гэж шоу нэвтрүүлэг гарч байна. Та үзэж байгаа юу, ер нь яагаад энэ нэвтрүүлэгт анх орсон бэ?
 
-2008 онд Америкаас түр хугацаагаар ирээд байхдаа тус нэвтрүүлэгт орж байлаа. Одоо бодоход “legalTech” компанид ажилладаг 26 настай залуу байж. Есөн жил байхгүй байж байгаад ирсэн болохоор өдөр нь Монголынхоо нийгэмтэй танилцаж, нөхдийн хамт бичсэн номоо хэвлүүлэх, гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийн асуудлаар намуудын удирдлагатай уулзах зэргээр олон нийтийн ажилд оролцоно. Цагийн зөрүүнээс хамаарч шөнө нь Чикаго дахь оффисынхоо сервер рүү VPN-ээр нэвтэрч цаашлаад 22 мужийн сервертэй холбогдож ажлаа хийдэг байв.Эмээгийндээ их очно. Нэг удаа “Global CEO” нэвтрүүлэгт бүртгэж байна гэсэн реклам UBS телевизээр гарч байна. Эмээ зурагт руу заагаад чи энэ нэвтрүүлэгт орвол яасан юм, одоо Монголдоо ажиллах цаг чинь болсон, өөрийгөө сорь, миний хүү чадна шүү дээ гээд ятгав. Эхэндээ би татгалзаж байгаад надад алдаад байх юм юу байх вэ дээ гэх маягийн юм бодоод харих замдаа бүртгүүлсэн. Бүртгэлийн сүүлчийн өдөр байсан ч хэд хоногийн дараа тэнцсэн хариу авсан. Тухайн үед хамгийн их үзэгчтэй болсон яг одоогийн “Apprentice” нэвтрүүлэгт орсноор өөрийгөө шинээр нээсэн гэж боддог.
 
Уншигчдад сонин байж магадгүй. “Глобал CEO” нэвтрүүлгийн дараа та яасан бэ?
 
-Сонин болгож ярихад энэ нэвтрүүлгээс өмнө Интернэт хэрэглэгчийн гарын авлага гээд хамтарч бичсэн номын санхүүжилтийг босгох гээд одоогийн УИХ-ын гишүүн тухайн үед “МСS” группийн Л.Энх-Амгалан захиралтай уулзахад намайг дөнгөж үүсэн байгуулагдаж байсан “Unitel” компанийн бизнес төсөл дээр хамтран ажиллах санал тавьж Ж.Оджаргал захиралтай уулзуулж байсан. Мэдээж би Америкт ажилладаг хэвээр бас ийм том төслийг удирдах туршлага байхгүй гэж үзсэн тул эелдгээр татгалзсан.
 
Харин нэвтрүүлгийн дараа “MCS”, “Mоннис”, “Макс” зэрэг олон компаниас ажлын санал тавьж байсан. Энэ дундаас “Глобал CEO” нэвтрүүлгийг зохион байгуулж, ивээн тэтгэсэн “Шунхлай” группийн П.Батсайхан захирлын саналыг хүлээж аваад “Та шинэ үеийн залууст маш сайн хөрөнгө оруулсан тул би танд өртэй. Иймд би таны удирдлагад ажиллая” гэж хэлсэн. Энэ бол зарчмын асуудал байлаа. Ингээд би Монголдоо үлдэх шийдвэр гаргаж Америкт авч байсантайгаа ойролцоо түвшний цалин, урамшуулал аваад хоёр жилийн гэрээ байгуулсан. Монголдоо ажиллахын тулд магистрын хөтөлбөрөө дундаас нь хаяж, ажлаасаа гарч, АНУ-д чөлөө заваараа ажиллуулдаг байсан хувийн компаниа хаасан. Чикагогоос тавилга сэлт, хэдэн хайрцаг номоо нүүлгэж авчрахад мөнгө шаардагдах болов уу гэж П.Батсайхан захиралд хэлэхэд надад 6000 доллар цохож өгч билээ. Signing bonus гэж ажилд орж байгаа хүнд нүүлгэн шилжүүлэх зардлыг өгдөг энэ барууны соёлыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэх үү дээ. Ингээд л би сүүлийн 12 жил бизнесийн салбарт ажиллаж байна. Үнэхээр сайн нэвтрүүлэг байсан шүү. Одоо ч хөдөө гадаа явах, таксинд суухад хүмүүс таньдаг. Хааяа уушийн газар ороход хүмүүс шар айргаар дайлах тохиолдол ч бий. Миний үсний хэв босоо хэвээр байгаа болохоор таниад байдаг юм болов уу л гэж боддог. (инээв)
“MongolHD” телевизийн “Apprentice” нэвтрүүлгийг үзэхийг хичээдэг. Нэвтрүүлгийн цаг Бостон, Лондон дахь түншүүдтэйгээ хийдэг цахим хуралтай давхацдаг болохоор эхний гурван дугаарын сүүл хэсгийг нь л үзсэн. Их сайн нэвтрүүлэг шүү. Хийц, чанар, зураг авалт, даалгавар, шүүлт зэрэг нь маш сайн. Ганхуяг захирал чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч, нийгэмд хэрэгтэй үзэл санааг нэвтрүүлгээрээ илэрхийлж байгаа нь таалагдсан. Саяхан зусланд нь зочлохдоо би түүнд баяр хүргэсэн. Шүүлт шударга явагдаж байна гэж бодож байна. Нэвтрүүлэгт оролцогчдын зарим нь 10 жилийн хүүхэд, оюутан байхдаа “Глобал CEO”-г үздэг, намайг дэмждэг байсан гэнэ. Өчигдөр O.Энхжин гэж маш чадварлаг оролцогч надад хандаж ийм үг жиргэж байгааг хараад баярласан. Энэ бүсгүйг би түрүүлэх боломжтой гэж харж байгаа. Түүнд CEO хүнд байх ёстой чанарууд их тод харагддаг. Хэн ялахыг би хэлж мэдэхгүй. Хэн нь ч ялж, ялагдсан бай “Ард” санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг захирлын хажууд маш их юм сурах тул энэ залуус өөрсдийгөө маш азтайд тооцох хэрэгтэй.
 
Таныг олон жил фэйсбүүк, жиргээнд дагаж байна. Ажаад байхад таны карьер их амжилттай, байнга шинийг санаачилж бүтээж яваа нь олон залууст урам зориг өгдөг. Ер нь таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ. Яагаад Америк руу явсан юм бэ?
 
-Миний карьер гэж юу байхав дээ. Бусдын туулдаг л замнал. Тавдугаар ангиасаа аравдугаар анги хүртэл би аавынхаа барилгын засвар хийдэг компанид долоо хоногийн хоёр өдөр айлын ханын цаас наах, цавуу түрхэх, цонх будах ажил хийдэг байв. Ажилдаа гарахдаа 20 англи үг жижиг цаасан дээр бичиж аваад өдөржин цээжилнэ. Будгийн ажил хийх үед гар хуруун дээр дуссан цагаан будаг арилдаггүй тул ангийнхнаасаа ичнэ. Заримдаа гараа ширээнд доогуураа нуудаг байж билээ. Нэг мартагдсан дурсамж сэргэж байна. Нэг удаа Английн Элчин сайдын гэргий манай сургууль дээр ирэх болоод Алимаа багш маань жүжиг бэлдүүлэв. Жүжгийн үзүүлбэрт ангийнхан тоглоод би англиар жүжгийн дундах тайлбар уншигч болсон юм. Элчин сайдын гэргий жүжгийн дараа надад хандаж “Удахгүй нэг тэтгэлэг зарлаж магадгүй, чи материалаа заавал өгөөрэй” гэж хэлээд явсан. Ингээд наймдугаар ангид байхад Английн Засгийн газрын тэтгэлгээр Английн элитүүд сурдаг “Этон” коллежид хоёр хүүхэд суралцуулна гэсэн тэтгэлгийн зар “Ардын эрх” сониноос уншив. Аав ээждээ ч дуулгалгүй хамаг материалаа өөрөө бүрдүүлж өгсөн. Эссэ бичив. Дүнгийн хуулбар, багш нараасаа тодорхойлолт аваад тэрийгээ өөрөө англи руу орчуулаад л. Нөгөө Элчин сайдын гэргий миний эссэг унших болов уу, яадаг бол гэхээс нойр хүрэхгүй. Ингээд 200 орчим хүүхэд өрсөлдөөд сүүлийн дөрвөн хүүхдийн нэг болж тэнцээд бөөн баяр. Гэтэл тус тэтгэлгийн шалгаруулалтыг хамтарч хийж байсан төрийн бус байгууллагын монгол ажилтан эцсийн шатны ярилцлагыг авах англи хүний нислэг хойшиллоо гэх мэт олон шалтгаан хэлж ярилцлагын тов өөрчлөхдөө нэг мэдэхэд намайг ярилцлагад оруулахгүй өнгөрөөчихсөн юм. Ээжтэйгээ Их Британийн Элчин сайдын яамны хаалга мөргөөд буцахдаа энэ хүнд гомдоод нэг их уйлж билээ. 15 настай миний бүх мөрөөдлийг хулгайлчих шиг санагдсан. Уг нь сүүлийн шатанд үлдсэн дөрвөн хүүхдийн хоёр нь явна гэхээр 50 хувийн боломжтой л доо. Энхтайваны корпусаар ирсэн анхны америк багшаар англи хэл заалгаж, дандаа л өөрийгөө бэлддэг байсан тул их найдлага тавьсан. Үүнээс хойш аав ээжээсээ намайг америк руу явуулаад өг гэж байнга гуйдаг болов. Өдөр бүр л явах тухай бодно. Жил бүр л визэнд орно. Хааяа АНУ-ын Элчингийн номын санд сууж англи ном шагайна. Биерхүү болох гээд аавынхаа пальтог өмсөөд очихоор Америкийн консул над руу хараад “Чи бие даагаад явах нас чинь бага байна” гээд л хар тамга дарчихна. Ингээд 1998 онд дунд сургуулиа төгсөөд 17 нас ч хүрэв. Дахиад л визэнд орлоо. Ширүүн харцтай консул над руу харж инээгээд энэ удаа виз дарж өгсөн. Аав ээж минь бүх хадгаламжаа өгсөн. Үлдсэнийг нь өндөр хүүтэй зээлж аваад америк явсан. ЛосАнжелест коллежид орох үедээ би 18 нас хүрэв. 21 нас хүрээгүй тул зөөгчийн ажил олдохгүй. Ингээд Холливудын түргэн хоолны газар кассчин хийж ажлын гараа эхэлсэн. “Hollywood”, “Sunset boulevard”-д киноны зураг авалт их болно. Жүжигчид, найруулагчид хааяа орж ирж хоол захиалахад нь их баярлана. Бүтэн жил давхар ажил хийж, нэг ч өдөр амраагүй. Ингээд жилийн дараа гэхэд аав ээжийнхээ найз нараас зээлсэн өрийг хаагаад, хоёр улирлын сургалтын төлбөрөө өөрөө төлчихсөн, 19 насны төрсөн өдрөөрөө 1200 доллароор1992 онын “Pontiac 6000” гэдэг машин авч унаад нэг их баярлаж билээ. Арван жилд байхдаа ажил хийгээд байх шаардлагатай айлын хүүхэд байгаагүй л дээ. Нэг их баян биш ч аав ээж минь намайг юугаар ч дутаагаагүй. Тэд минь боловсрол, ном, шударга хөдөлмөрийг дээдэлдэг сэхээтнүүд. Заримдаа ээж маань аавыг яагаад хүүхдээр ажил хийлгээд байгаа юм гэж загнадаг байлаа. Харин аав хариуд нь хүүгээ би ажлын дөртэй болгож, шударга хөдөлмөрөөрөө амьдрах хамгийн амттай байдаг гэдгийг зааж сургаж байгаа юм гэдэг байсан. Эргээд бодоход 17 настайдаа Америкт буухад ямар ч ажлыг төвөггүй хийдэг, ачаалал даадаг болчихсон байсан. Ингэхээр миний карьер одоо обойчин байхаас эхэлсэн гэх үү дээ. Ажил үйлс бүтэмжтэй байх бүрт би аавдаа талархаж явдаг.
 
Карьерын сургамж гэвэл та юуг онцлох вэ?  
 
-Оюутан байхдаа кассчинаас туслах менежер хүртэл хоёр жил, дараа нь сургуулийнхаа лабораторид компьютерын техникчээр хоёр жил, сургуулиа төгсөөд системийн аналист, програмистаар гурван жил, албаны даргаар хоёр жил, гүйцэтгэх захирал, группийн дэд ерөнхийлөгчөөр нийт таван жил гээд бүх хувийн хэвшилд бүх шатанд нь ажиллажээ. Үүнийгээ аз гэж боддог. Их сургуулиа төгсөөд шууд дарга, захирал болсон хүнд мэргэжилтэн болох боломж дахиад олдохгүй. Иймд цагийн юмыг цагт нь сураад явахад гэмгүй. Нэг ёсондоо лифтэнд суухгүйгээр шат шатаар ахиад явчихвал шат буурсан ч нэг их доошоо гэнэт унаад байхгүй юм болов уу даа. Сүүлийн таван жил би өөрийн хувийн бизнесүүдийг удирдаж байна. Хоёрт ЖакМагийн хэлдгээр 30 нас хүртэл ер нь сайн лидерийн дор ажиллаад юм сураад авбал сайн гэж захидаг. Энэ их үнэн.
 
Миний хувьд эргээд бодоход “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар гээд Монголын шилдэг бизнесийн лидерүүдийн гар дор ажиллаж, маш их зүйл сурсан. Надад хийж бүтээх эрх чөлөө олгож, байнга дэмжиж байсанд нь одоо ч талархдаг.
 
Таны алхам тутамдаа баримталдаг зарчим юу вэ? 
 
-Хэлсэндээ хүрэх. Тухайн үед амжихгүй, чадахгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй ч хэзээ нэгэн цагт биелүүлж, дуусгаж байж санаа амардаг. Бас аливаа зүйлийг ядаж л өөрийн санаанд хүртэл хийж гүйцэтгэхийг хичээдэг. Энэ нь нэг талаар цагийн дайсан байдаг ч нөгөө талаар ирээдүйдээ маш их цаг хэмнэх үндэс болдог. Нэг ёсондоо юу ч хийсэн бай цаглашгүй зүйлийн төлөө тэмүүлэх нь маш чухал. Нөгөө нь шударга байх, үнэт зүйлдээ үнэнч, цуцашгүй хөдөлмөрч байх явдал. Энэ гурван зүйлийг баримталж чадвал хэзээ нэгтээ үр дүнг нь үзнэ.
 
Эх орны үнэ цэн юунд оршдог гэж боддог вэ? 
 
-Их сургуулиудад хааяа яриа хийхдээ хэлдэг хэдэн санаагаа давтаж хэлье. Яагаад та бид, манай залуу үе, бидний дараа үе эх орноо хөгжүүлэх ёстой вэ, яагаад та бидний зарим нь хилээ манаад өвлийн тэсгим хүйтэнд зогсож байна вэ, ер нь бүгдээрээ Аргентин яваад тэнд усан үзэм тариад амьдардаггүй нь ямар учиртай вэ? Чингис хаанаас Лигдэн хаан хүртэл, залгаад Амарсанаа, Чингүнжав, Богд хаан, Бодоо, Данзан, Чойбалсан, Цэдэнбал.. 90-ээд оны ардчилсан хувьсгалыг хийж, эдийн засаг,  улс төрийн хувьд бүрэн тусгаар тогтнуулахад хувь нэмэр оруулсан хүн бүр эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн гавьяатай. Өмнөх бүх үе Монголын тусгаар тогтнолыг авч үлдэж, бидэнд өвлүүлсэн. Энэ тэмцэл нь маш олон жил үргэлжилсэн, даанч их зовлон гуниг, дарангуйлал дамжсан маш хүнд түүх байдгийг бид мартах учиргүй. Бидний эх орон бол та би, та бидний эцэг эх, таны хөрш, гудамжинд яваа хүн, дээр дурдсан хүмүүс, тэдний үнэлэмж, итгэл, мөрөөдөл бүх зүйлс нийлээд юм. Эх орон чамаас, надаас, биднээс эхэлдэг. Иймд тa өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь эх орноо хөгжүүлж буй хэрэг. Өөрийгөө хөгжүүлдэггүй, юу ч хийдэггүй мөртөө хийж бүтээж, хөдөлмөрлөж буй бусдыг гоочилж, эх орон гэж хамгийн чанга хашхирдаг хүмүүс бол эх орончид биш. Мэдээж та космополитан хүн байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гэхдээ та яаж ч мэтгээд монгол хүн хэвээрээ. Монгол гэдэг нэр бол та бидний үүрдийн овог. Чиний угшлын нэр. Чиний сонгодог, туйлын оршихуйн нэр. Монгол бол чи бидний оршихуй юм. Чи бидний оршихуйн үг үндэс , суурь шалтгаан нь юм. Mонголыг үгүйсгэнэ гэдэг бол чи өөрийгөө болоод өөрийнхөө гэр бүлийн модыг тань ургуулсан үндэс, угсаа, мөчир болгоныг үгүйсгэж буйн хэрэг. Нэг ёсондоо чи өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр. Хэрэв монгол эх орон, ард нийтийг маань хэн нэг нь дорд үзвэл тэр бол хамгийн том гутамшиг, доромжлол юм. Тэгж доромжлуулахгүйн тулд бид өөрсдөө сайн байх ёстой. Эцсийн дүндээ хүн болоод амьд байгаль оршихуйн төлөө байдаг. Тэр оршихуй тань Монгол бөгөөд Монголын сэргэн мандал юм. 
 
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжидт хүсье. 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин