sonin.mn
Монголчууд бид баялаг түүхэн уламжлалтай. Ийм учир орчин цагийн залуус эх түүхээ шимтэн судалж, эх оронч үзэл гэж юу болох талаар өөрийн биеэр мэдрэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь бидний хойч үед энэ улс, үндэстэн бүрэн бүтэн өвлөгдөх учиртай буй заа. 
 
Оршил
 
"Монголын түүхийг судалъя гэвэл цэргийн түүхийг нь судал" гэдэг. Тэртээ 2000 жилийн өмнө Төв Азийн өндөрлөгт нүүдэлчдийн соёлыг дархлан, тив, дэлхийг донсолгож байсан Хүннүгийн эзэнт гүрнээс эхлэлтэй бидний монголчуудын цусанд дайчин уламжлал бүрэлдэн тогтож, өнөө цагт өвлөгдөн иржээ. Түүний нэгэн жишээ бол XX зууны эхэнд монгол үндэстнийг хагалан бутаргах зорилго бүхий харийн түрэмгийллийн эсрэг эвлэлдэн нэгдэж тусгаар улсыг байгуулж чадсан баатар, жанжид юм. Тэдгээр гавьяат үйлстнүүдийн түүчээ нь болж,  эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төр, нийгэм, цэргийн гарамгай зүтгэлтэн бол БНМАУ-ын Ардын цэргийн хэрэг эрхлэх яам (АЦХЭЯ)-ны орлогч сайд асан хурандаа генерал С.Равдан юм. Энэ эрхэм хүний баатарлаг гавьяаг мэдэх тусам "Эх оронч" гэж хэн болохыг илүү ойлгох шиг. Тиймээс түүний талаар бичигдсэн түүхийн үнэт баримтуудыг уншигч танд өгүүлье.
 
 
Малчин ардаас 
Монголын сэхээтэн
XX зууны эхэн үе монголчуудын хувьд нэн чухал цаг хугацаа байлаа. Олон арван жилийн харийн түрэмгийлэлд дарлагдаж байсан үндэстэнд тусгаар тогтнол хамгийн чухал асуудалд тооцогдож, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгал зэрэг томоохон үйл явдлууд шил дараалан гарсаар байв. Чухам тэрхүү хүндхэн жилүүдэд ард түмэн хувьсгалч, тууштай тэмцэгч үзэл санаан дор нэгдэж байсан учир тухайн цаг үед өсөж торнисон хүүхэд, залуус бага балчир наснаасаа эх оронч үзлээр хүмүүжсэн нь мэдээж. Тэдгээрийн нэг бол 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотод А.Сандивын зургаа дахь хөвгүүн болон мэндэлсэн С.Равдан байв. Бага балчир насаа мал маллаж, эцэг, эхийнхээ ажилд тус дэм болж байсны сацуу гэрээр бичиг, үсгийг шимтэн сурчээ. 14 нас хүрмэгц нь Ардын хувьсгалт тэмцлийн өдрүүд Монгол Улсын хэмжээнд өрнөхөд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч болох замдаа эргэлт буцалтгүйгээр оржээ. Хувьсгалын салхи Монгол орныг "эргүүлж" төр, засгийг шинээр төвхнөн байгуулж, нам, олон нийтийн байгууллагууд ар араасаа гарч ирж байсан 1924 онд 17 настай залуу хөвгүүн С.Равдан орон нутагт нь байгуулагдсан залуучуудын эвлэлд сайн дураар элсэж, удалгүй Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн III их хуралд төлөөлөгчөөр сонгогдон Нийслэл хүрээнд ирэв. Тэрээр хожмоо Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн алдрыг хүртсэн Б.Элдэв-Очир, зохиолч Д.Нацагдорж нартай ойр дотно танилцсан ажээ. Олны газар хөл тавьж, үеийн залуустайгаа танилцсан залуу хүү С.Равданд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Дорно дахиныг судлах дээд сургуульд суралцах боломж олджээ. Тэр бээр тэр даруй сургуульд явах сонирхолтой байгаагаа мэдэгдэн 1924 оны өвөл хойд хөршийг зорьсон. Суралцах хугацаандаа Зөвлөлт Холбоот Улсын нэрт монголч эрдэмтэд болох Б.Я.Владимирцов, С.А.Козин, А.В.Бурдуков нараар хичээл заалгах ховорхон завшаан тохиож, Зөвлөлт Холбоот Улсын аж амьдрал, бүтээн байгуулалттай танилцан, ихийг сурч мэдэн эх орондоо 1928 онд эргэн ирсэн аж. 
Залуу сэхээтэн С.Равдан 1928-1930 онд Аж ахуйн яаманд хэрэг хөтлөгч, Улсын хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж байгаад 1930 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдсан талаар шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Д.Гомбосүрэн түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлдээ дурдсан юм. Тухайн үед нам, засгийн шийдвэрээр ухаан бодол сийрэг, бусдыгаа манлайлагч, жинхэнэ хувьсгалт тэмцэгч байсан олон залуусыг Зөвлөлт Холбоот Улс руу сургуульд явуулдаг байжээ. Улмаар сургууль төгсөөд ирэхэд нь улс төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулдаг байв. Гэвч нам, засгаас урван тэрсэлсэн, харь орны тагнуулч байх магадлалтай хэмээн тэдгээр боловсон хүчний ихэнхийг нь хэлмэгдүүлсэн нь тэр үеийн улс төрийн хамгийн бусармаг үйлдлийн илрэл болдог. Тэдгээр хэлмэгдэгсдийн дунд С.Равдантай хамт суралцаж байсан олон найз нөхөд нь багтаж, цаазын ял сонсож байсан гашуун бөгөөд үнэн түүх бий. Хожим С.Равданг өөрийг нь ч мөн дотнын нөхөд нь хилс хэрэгт гүжирдэж байв. Аргагүй л ямар ч буруу хэрэг үйлдээгүй, эх орноосоо урвасан нэг ч үйлдэл гаргаагүй учир яллагдаж байгаагүй талаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D) хошууч Т.Сүхбаатар ярьж байв. 
Дайны жилийн дайчин сониныг эрхлэв
Төд удалгүй дэлхий дахиныг дайны хар сүүдэр нөмрөв. Төр, засгийн удирдлагууд тухайн үеийн "Улаан од" сонины эрхлэгчийн орлогч С.Равдангийн 1932 оны баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослого, 1936 онд зүүн хязгаарт болсон Адаг дулаан, Булан дэрсний байлдаанд оролцож гавьяа байгуулсан туршлагыг нь бодолцон үзэж, 1939 оны Халхын голын дайны фронтод “Эх орны төлөө” нэртэй хээрийн сониныг эрхлэн гаргах үүрэг өгөв. Энэ талаар С.Равдан өөрийн дурдатгалд тэмдэглэхдээ “Халхын голын байлдааны өдрүүдэд Ардын Армийн дайчдад баатарлаг зоригийг өрнүүлэх, дайсныг үзэн ядах үзлээр хүмүүжүүлэхэд зориулан "Эх орны төлөө" сониныг гаргах болсон. Энэ сонин 1939 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бүгд 80 дугаар хэвлэгдсэн. Анх бид Тамсагбулагт сонин гаргаж байсан боловч фронтоос 100 гаруй километр хол, мэдээ, материал авч, сурвалжлах ажил удаашралтай байсан тул 6 дугаар сарын сүүлчээс Хамар давааны нэгэн жалганы окопонд хэвлэн гаргах болсон юм" гэжээ. Тус сонины өрөгчөөр ажиллаж байсан Д.Чимэддорж дурсамждаа "Манай сонины газар нь эрхлэгч С.Равдан, сурвалжлагч Банзрагч, үсэг өрөгч Чойндон, Даваажаргал, хэвлэгч Сэвжид, жолооч Чойжил, Дамдинсүрэн нарын 10 гаруй дарга, цэргүүдээс бүрддэг байлаа. Тэр бээр энэ сониныг гаргахын тулд маш их хүч, хөдөлмөрөө дайчлан ажилласан юм" гэжээ. 
Үүнээс үзэхэд цэрэг, дайчдаа зоригжуулж, тэднийг байлдааны улаан шугамд нүүр тулан ирэхэд үгээр хурцалж өгдөг хүмүүсийн төлөөлөл бол "Эх орны төлөө" сонины эрхлэгч С.Равдан байсан нь харагдаж байна. Энэ талаарх түүхийг тус сонины талаар өгүүлэх "Эх орны төлөө" номоос дэлгэрэнгүй судалж болно. Өөрөөр хэлбэл, түүний талаар бичигдсэн сонирхол татам түүхүүд элбэг. Тэдгээрийг судлах боломж бидэнд өнөөг хүртэл нээлттэй хэвээр байна.
Халхын голын байлдааны хүндхэн цаг үед цэргүүдийнхээ найдвартай ар тал нь болж, эх орныхоо өмнө үнэлж баршгүй гавьяаг байгуулсан хэмээн үзэж, түүнд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хошууч генерал цол хүртээжээ. Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 8 дугаар дивизийг амжилттай удирдан ялалт байгуулжээ. 
Дипломат албан дахь 
он жилүүд
Дэслэгч генерал Ю.Цэдэнбалын хашиж байсан Улс төрийн газрын даргын албан тушаалыг Чөлөөлөх дайны дараа  хошууч генерал С.Равданд шилжүүлэв. 1945-1950 оны хооронд тэр бээр цэргийн албанаас олон мянган хүнийг халж, аж ахуй, соёлын байгууллагад шилжүүлэх, анги, нэгтгэлийг татан буулгаж, орчин цагийн Зэвсэгт хүчний үндэс суурийг тавих чиглэлээр цэргийн командлалын удирдлагын хамт ихээхэн ажлыг хийж гүйцэтгэжээ. Харин 1950 оноос эхлэн Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албанд зүтгэж эхэлсэн байна. С.Равдан нь 1950-1952 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, 1952-1955 онд БНМАУ-аас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1955-1956 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдыг хамаарагч, 1956-1959 онд БНМАУ-аас БНСЧСУ, БНБАУ, БНААУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож дипломат албанд нийт 10 жил зүтгэсэн түүхтэй. 
Тэрээр дээрх өндөр бөгөөд хариуцлагатай албыг дараалан нэр төртэй хашиж, улс орны гадаад харилцааг хөгжүүлэх, дипломат албыг бэхжүүлэх, боловсон хүчнийг сурган боловсруулахад жинтэй хувь нэмрийг оруулсан байна. Түүний урьд өмнө нь сурч, мэдсэн, хуримтлуулсан туршлага нь тус албанд зүтгэх үндэс суурь нь болжээ. Энэ талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Бэхбат “Элчин сайд С.Равданы дипломат алба хашиж байх үеийн архивын баримт, материалуудаас харахад, тэрээр ажил хэрэгтээ туйлын хариуцлагатай ханддаг, тэсвэр хатуужилтай, нэн ажигч гярхай, сайн удирдан зохион байгуулагч хүн байсан нь тодорхой харагддаг. С.Равдан гуайн энэ бүх чанарыг, түүний олон талт үйл ажиллагааг, тухайлбал, БНАСАУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан үеийн зарим эх сурвалжаас иш татах замаар тодруулж үзэх оролдлого хийвэл илүү сонирхолтой байх болов уу. Элчин сайд С.Равдан Монгол болон Ардчилсан Солонгосын харилцааг хөгжүүлэх, дайны үед Ардчилсан Солонгосын ард түмэнд тусламж үзүүлэх, Монголын ард түмний эв санааны нэгдлийг илэрхийлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. 1952 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ким Ир Сентэй уулзаж ярилцсан тухай тэмдэглэлээс иш татвал "Ким Ир Сен: Монголын ард түмнээс манай ард түмэнд 3000 адуу, 1000 үхэр бэлэглэх гэж байгаа явдал бол үнэлж баршгүй их тусламж мөн бөгөөд бид тэрхүү тусламжийн адуугаар Солонгост монгол адуутай болох суурийг тавих болно. 1500 гүүнээс жилд 1000 төл өгнө гэж бодоход тэр нь 5-10 жилд үлэмж их тоотой болох ба дараа нь манай эдийн засагт ашигтайгаар барахгүй улсыг батлан хамгаалахад их чухал ач тустай болно. Таны бие Солонгосын ард түмний хүнд байдлыг зөвөөр ойлгож, дайны хүнд үеийг зориг, хатуужилтай тэсвэрлэн, өөрөө их даруу зантай байсан учир таны ажлыг манай Засгийн газар өндөр үнэлж байгаа тул нөхөр Цэдэнбал, Дамба нарт миний мэндийг хүргэхийн хамт таны ажлыг манай Засийн газар өндөр үнэлсэн явдлыг дамжуулж өгөхийг хүсье" гэжээ. Элчин сайд С.Равдан хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө ийнхүү ажиллахын хажуугаар Элчин сайдын яамны мэдээллийн эх үүсвэрийг өргөжүүлэх, чанар чансааг нь сайжруулахад анхаарсан байдал харагддаг" гэж тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд С.Равдан нь Монголын орчин үеийн дипломат албаны түүхэнд нэгэн тод хуудас болон мөнхжиж, залуу хойч үедээ үлгэр дуурайл болон үлджээ. 
Иргэний хамгаалалтын газрыг үндэслэгч 
 
 
Дипломат албанд зүтгэж байсан С.Равдан 1959 онд Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны орлогч сайдаар томилогдон 1970 оныг хүртэлх хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор дэслэгч генерал цол хүртсэн байна. Тухайн цаг үед дэлхийн улс гүрнүүдийн дунд "Хүйтэн дайн" ид хүчээ авч, БНМАУ-ын гадаад орчин нарийн төвөгтэй болж ирэв. Энэ үед БНМАУ-ын удирдлагаас социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай гадаад бодлогоо уялдуулж, улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүний нэг жишээ нь, Улсын Иргэний хамгаалалтын тогтолцоог бий болгосон явдал юм. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын Иргэний хамгаалалтын газрыг бие даалган байгуулж, даргаар нь дэслэгч генерал С.Равдан томилогдож, 1972 оны 5 дугаар сард насан эцэслэх хүртлээ удирджээ. Тэрээр тус газрын дарга байх хугацаанд улсын иргэний хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь энэ чиглэлээр олон зуун боловсон хүчин бэлдэх үндсийг бий болгосон юм. Энэхүү гавьяаг нь төр, засаг өндрөөр үнэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор хурандаа генерал цолыг хүртээжээ. Тухайн үеийн Улсын Иргэний хамгаалалтын газар нь өдгөө Онцгой байдлын Ерөнхий газар болон өргөжин хөгжөөд байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равданы нэрэмжит Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай "Улс оронд иргэний хамгаалалтын үндэс суурийг тавихад чиглэгдсэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 10 гаруй тогтоол, олон тооны захирамж, шийдвэр гарч байснаас үзэхэд, энэхүү салбарыг бий болгоход төрөөс баримталж байсан томоохон бодлогын илэрхийлэл юм. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд байнгын бэлэн байдлыг хангуулах, цаг үеэ дагасан шинэчлэлийг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, дадлагажуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хурандаа генерал С.Равдан чадварлагаар удирдан зохион байгуулж, нөр их хүч, хөдөлмөрөө зориулсан юм. Иргэний хамгаалалтын үйл ажиллагаа нь үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн үед хүний амийг хамгаалах, улс орны аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах, хөнөөлт аюулын эсрэг тэмцэх, сэргээн босох хүч хэрэгслийг бэлтгэх, тэдгээрт ард иргэдийг сурган дадлагажуулахад чиглэгдэж байснаараа бүх нийтийн систем болж өнөөг хүртэл хөгжиж чадсан юм" хэмээн хурандаа генерал С.Равданы талаар түүхийг өгүүлэх "Дорнод Монголын эх оронч" номд тэмдэглэн үлдээжээ.
Монголын түүхэнд мөнхрөн үлдсэн алтан мөрдэст генералуудын түүх хойч үе болсон бидэнд олон зүйлийг ухааруулдаг жамтай. Тэдгээрийн нэгэн төлөөлөл, үзэл санаа, байр суурь нь цаг зуурын эрхэнд ганхаагүй, тууштай эх оронч үзлийг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, цэргийн шилдэг удирдагч хурандаа генерал С.Равданы талаар ийн өгүүллээ.
 
 
Дэд ахлагч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин