sonin.mn

Монголын  улстөрийн  энэ  оны  хамгийн дуулиан­тай эрхмээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна Д.Арвин хатагтай өрсөлдөгчгүй  ша­хам  тодорч байна. Н.Энхбаярын хувьд асуудал то­дорхой. Эрт орой нэг л өдөр экс Ерөнхий­лөгчийн энэ асуудал өрнөх байсан нь тодорхой учир хүмүүс төдий л их анзаарсангүй, ач холбогдол ч өгсөнгүй.


Харин энэ  сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн МАН-ын нэгдүгээр үүрт УИХ-ын шинэхэн гишүүн Д.Арвин намаас гарах өргөдлөө батлахтайгаа аваа­чиж өгснөөр XXI зууны Дүлзэнгийн төрсөн дүү улс­төрчдийн дундаас тодрох нь тэр.


Энэ л намын хүчээр 12 жил УИХ-ын  ги­шүүн гэгдэж, төрийн тусгай хам­гаалалт, эрх ямба эдэлж явсан  энэ  эрхмийн  увайгүй үйлдэл  нь урвалт, шарвалтыг  тэвчдэггүй  хүмүүсийн хувьд ёстой л нартай өдөр аянга ниргэх шиг ер бусын, итгэж боломгүй хачирхалтай хэрэг байлаа.


Сонгуульд ялагдсан МАН-аасаа нүүр буруулж, олонх болсон АН руу горьдлого тээсээр урван гүйж очиж байгаа Д.Арвины дотор “ямбанд гарах янтгар хатан”-ы ядруу­хан төлөвлөгөө байгаа нь тодорхой. “Би эх орон, ард түмнээсээ урваагүй. Зүгээр л миний үзэл бодолд АН-ын хийж байгаа ажил нь нийцэж байгаа” хэмээн намжирдаж зогсох энэ хүн саяхан л ардчилагчдыг нэг нүдээрээ ч хардаггүй байсан билээ.


Намын дарга нараа хамгаалан тэмцэхдээ эмэгчин арслан мэт архирдаг байсан Д.Арвин гишүүний арван хэдэн жилийн улстөр нь урвагч Дүлзэнгийн баган дор сайтар нуугдсан хорлонтой хатны ямбалал байжээ.


Монголчууд үзэл бодол, анд нөхөд, үйл хэргээсээ урвагч хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой, хорсолтой этгээдүүдийг “Ардын элч” киноны урвагч Дүлзэнгийн дүрээр тө­сөөлөн бодож, жигшин зэвүүцсээр ирсэн. Аймхай хулчгар зантай ч хар толгойгоо авч үлдэх хорлонтой ажил хэргээ гүйцэлдүүлэхдээ хэнийг ч үл хайрлан, ханилж явсан нөхрөө дайсанд барьж өгөөд хар амиа хоохойлох арчаагүй үйлдлийг Дүлзэнчүүд л хийж чаддаг.


Тэдний төрөлхийн араншин нь хэний ч санаагүй бузар аргаар хар толгойнхоо төлөө ашиг унагах, ханилж явсан анд нөхдөө замын дундаас дайсанд барьж өгснийхөө шанд нүгэл шингэсэн хөрөнгө, эд баялаг цуглуулж, хөл­жиж хөрөнгөжихийг амьдралынхаа гол зорилго  болгоцгоодог. Гэхдээ буруу замаар цуг­луулсан  хөрөнгө мөнгөнийхөө золиос болж, гутамшигтайгаар дуусцгаадаг нь Дүлзэнгүү­дийн хөөрхийлөлтэй хувь заяа юм.


“Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио сольдог” хүн эцэст нь наашаа гэх найз нөхөргүй, итгэлт сайн хүлэг морьгүй ганцаар хоцорч, нүгэлт муу үйлийнхээ золиос болсоор дуусдаг тавилантай.


Д.Арвин гишүүн төрөлх намдаа гомдож, ганцаардаж явсан байж болно. Гэхдээ ганцаар­дал, гомдлоо тайлах арга нь урвалт яав ч биш гэдгийг энэ хүн тооцоолсонгүй. Тэгээд ч Д.Арвин шиг хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэм­шил нэг л өдөр ор мөргүй хийсэн алга болж, цоо шинээр бүрэлдэн тогтоод байдаггүй. Энэ бол зүгээр л  цагийн аясыг дагасан хамгийн ичгэвтэр урвалтаас өөр юу ч биш юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"