sonin.mn
Өглөө ажилдаа ирэхэд энгэртээ "Алдарт эх"-ийн одонг  "Онц хөдөлгөөнчин" тэмдэгтэй зэрэгцүүлэн зүүсэн эмэгтэй угтсан нь энэ удаагийн маань зочин
 
-Өчигдөр замын хэсгийнхээ хэдэн хүүхнийг цуглуулаад л банш жигнээд, хөхрөлдөж суутал утас дуугарч "Сонинд ярилцлага өг" гэж байна. Халуун цай хоол гарч байхад хамт олныхоо дунд ийм сайхан мэдээ сонссондоо их билэгшээлээ. Тэд маань ч хөөр баяр болж намайг үнсээд. Одоо ч тэр баярласан сэтгэлээрээ л явна. Ажил мэргэжил, хамт олныхоо тухай зөндөө яримаар бодогдох юм. Яг тулчихаар яриа эвлэхгүй хэцүүхэн л байна шүү дүү минь” хэмээн цагаахан яриа хөврүүлэв. Түүнийг Чулуунгэрэлийн Ариунтунгалаг гэдэг. Замын II ангийн X хэсгийн 452 дугаар км-ын гармын жижүүрээр ажилладаг тэрбээр есөн хүүюдгэй айлын том нь. Сэлэнгэ аймагт Барилгын ТМС төгсөөд Зүүнхараад мэргэжлээрээ ажиллаж байхдаа заяаны ханьтайгаа танилцжээ. Түүнээс хоёр жилийн дараа Зүүнхараад гал голомтоо бадрааж, удалгүй нөхөр нь Замын II ангийн 10 дугаар хэсэгт замчнаар ажиллахаар болсон байна. 1995 онд өөрөө ч ханийнхаа ажлын талбарт нь хамт байхаар сэтгэл шулуудаж, тэр цагаас хойш 27 жил замчнаар ажилласан гэнэ. Харин сүүлийн гурван жилд л гармын жижүүрээр ажиллаж буй юм. Энэ тухайд тэрбээр "Гэрийн эзэн чиглүүлж, гэргий дагадаг жамтай хойно, ханиа дагаад л УБТЗ гэх өнөр айлын хаалгаар орсон. Одоо том хүү маань Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид гагнуурчин, удаах нь Замын III ангид замчин. Энэ хоёр маань тусдаа гарсан. Одоо гурван бага хүүтэйгээ амьдарч байна. Гурав дахь нь хувийн компанид, дөрөв дэх нь ес, тав дахь нь гуравдугаар ангид сурдаг. Дөрвөн ачтай. Анх ой гарантай хүүхдээ дагуулсаар Баян зөрлөгт очсон бид хоёр өнөөдөр ийм л өнөр өтгөн гэр бүл болоод байна” хэмээв. Түүний нөхөр Н.Наранцогт ах дүү долуул. Ч.Ариунтунгалагийн аав, ээж нь Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт хөдөлмөр зүтгэлээ зориулсан төмөр замчид ч ид хийж бүтээх насандаа бурхны оронд одсон гэдэг. Ингээд л том эгчийн хувьд найман дүүгийнхээ амьдралыг нуруунд үүрэх үүрэг ирсэн байна Эмэгтэй хүний хувьд дэндүү ахадсан ачаа боловч амьдралын шалгуурт бууж өгсөнгүй. Магадгүй энэ өндөр давааг ажралгүй давахад адилхан орчинд өсч хүмүүжсэн, мэргэжил нэгт хань нь хамгийн их түшиг тулгуур болсон гэнэ. "Хүнээр хүн хийнэ гэдэг амаргүй шүү дээ. Эгч нь гарын таван хуруу шиг хүүтэй хүн дээ. Миний хамгийн их баялаг гэвэл хэдэн хүүхэд, гэр бүл минь. Миний гуравдахь хүү багадаа бие муутай. Төв эмнэлэгт бараг 45 хоног сэхээнд байсан байх аа. Төмөр замынхаа алтан гартай эмч нарын буянаар илааршиж, одоо бүр ах нараасаа ч өндөр залуу болсон шүү дээ. Бас үр хүүхдүүдийг минь өдий зэрэгт хүргэхэд  дүү нар маань маш их тус дэм болсон. Ер нь, хүн санаа зөвтэй явахад заяа нь дагадаг гэдэг үнэн шүү. Том хоёрыгоо гаргахдаа гэртээ нэлээд суусан ч дараагийн хоёрыг нь их жааханд нь ажилдаа орсон юм. Хоёр ах нь дүүгээ хөхүүлэх гээд л өдөр ажлын талбайд халтайтлаа гүйгээд очдогсон. Хүүхдүүдийн минь тэр төрх одоо хүртэл сэтгэлд тодоос тод үлдэж. Амьдрал сайхан шүү” гээд инээлээ.
“2013 онд манай гэр бүлд хэзээ ч мартагдамгүй баяртай үйл явдал тохиолдсон. Тухайн үед ангийн боловсон хүчин яриад "Уулзалтад орно хүүхдүүтэйгээ хамт ирээрэй" гэхээр нь хүүхдүүдээ дагуулаад л яваад очтол Ялалтын баярыг тохиолдуулан Замын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский манай гэр бүлд хүндэтгэл үзүүлэхээр урьсан нь тэр юм билээ. Манай нөхөрт "Тэргүүний төмөр замчин", надад "Онц хөдөлгөөнчин" цол тэмдэг, гэр бүлд маань ОХУ-ын нэрэмжит шагнал гардуулсан. Ямар ч төсөөлөлгүй ирсэн хүмүүс чинь хөлс гоожоод л, ядаж байхад манай бага дэггүйтэж гүйгээд ямар их сандарсан гэж санана. Гэхдээ л тэр бол энэ насанд мартагдамгүй сайхан үйл явдал. Орос дарга бага хүүг минь “Энэ дэггүй нөхөр л жинхэнэ замчин болно доо” гээд үнссэн. Ямар их урамшиж баярласан гэж санана. Хүүхдүүд маань Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар тус бүртээ захидал бичээд өгдөг. Би түүнийг нь их нандигнаж, хадгалдаг юм. Эх хүнд үр хүүхдүүд нь эрүүл саруул өсч бойжиж байгааг харахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ дээ” хэмээн ярихдаа нүднийх нь аяганд нулимс дүүрнэ. Ер нь, тэр үр хүүхэд, гэр бүл, ажил мэргэжлийнхээ талаар сайхан дурсамжуудыг хүүрнэх бүртээ дотогшоо өмөлзчихөөд байгааг нь анзаарч суусан юм. Энэхүү сэтгэл догдлолоо өөрөө ч сайн мэддэг бололтой. “Эгч нь амьдралын хатуу хөтүүд нугачуулж явах үедээ дүү нартаа мэдэгдэхгүй гэсэндээ дотогш мэгших үе чамгүй байсан. Одоо нас ахиад нулимсаа ил гаргах гээд байх юм. Их л уяхан болчих юм” гэлээ. Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилж, ажил мэргэжлийн онцлог, хамт олных нь тухай тодруулбал, “Залуудаа бид ядрахыг мэддэггүй. Ажлаасаа бууж ирээд хоол цай болоод л сэргээд явчихна. Зөрлөгийнхөн амь нэгтэй шүү дээ. Дулааны улиралд гадаа бөмбөг тоглоод л хэчнээн сайхан гэж санана. Нэг нь байхгүйд л үгүйлээд. Муухан ах, дүүгээс илүү дотно хүмүүс шүү дээ. Миний хувьд хээрийн гарам дээр ажилладаг. Хотыг бодвол хөдөлгөөн бага хэдий ч хүнд даацын машин их явна, мал олонтой гээд эрсдэл өндөртэй бүс л дээ. Төмөр замчин хүн хамгийн гол нь, ажилдаа чин сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хэзээ ч,тайвширч, назгайрч болохгүй. Хэдэн ч жил ажилласан, мэргэжилдээ дадсан байлаа сонор сэрэмж, анхаарал болгоомжийг дээд цэгт нь барьж явах ёстой гзж боддог юм даа” хэмээн ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хэрхэн баярлах гэж байгааг нь тодруулахад мөн л нүд нь гялалзаад огшоод явчихлаа. “Энэ жил гуравдугаар сарын 08-нд эгч нь "Алдарт ээж"-ийн шагнал гардаж авах сураг сонсогдсон. Халуун ам бүлээрээ цугааж байгаад л нэг сайхан зургаа авахуулна. Манай хүүхдүүд ер нь их гэрсэг. Баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээгээр гэртээ цугласаар байгаад бүр сурчихаж дээ. Хүүхдүүд гэснээс нэг зүйл ярихаа мартах нь. Манай хүн цэрэг армид их элэгтэй. Залуудаа цэрэгт явна гэж их үзсэн ч эхний жил нь хүүхэдтэй гэж хасагдаад. Дараагийн жил нь бас л нэг шалтгаанаар хасагдчихсан юм. Хүүхдүүд маань ч аавын хүмүүжил юм уу, бүгд л цэргийн алба хаана гээд үзнэ шүү дээ. Том хүүхдээ цэрэгт явахад нь, энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор алс холыг зориход нь гээд чухал үйл явдлуудад ингээд л цуглаж байгаад зургаа авхуулдаг уламжлалтай” хэмээгээд гэрэл зургууд гаргаж үзүүллээ. Ийнхүү гарын таван хуруу шиг эрсийг энгэртээ тэврэн бойжуулж, эх оронч эрс болгон хүмүүжүүлж, элгэндээ энхрийлэн бөөцийлж яваа Баян зөрлөгийн алдарт ээжтэй хуучилсан тэмдэглэлээ энэ хүргээд жаргаая. 
 
 
Том хүү энхийг сахиулах ажиллагаанаас ирэв 2016 он.
 
 
Б.Дэлгэрхишиг
 
Эх сурвалж: "Ган Зам" сонин