Нойргүйдлийн үеийн зөвлөмжийг гар утасны апплекэйшн, вэб сайтаар сурталчилна

Нийтэлсэн: 2017-11-24 14:41:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анагаах ухааны академи, Японы “Кoike medical” компани хамтран “Нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сургалтыг өнөөдөр ШУА-ийн “Эрдмийн өргөө”-нд зохион байгуулав.
 
Энэ удаагийн сургалтыг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
 
Сургалтад MAYA, Японы Ehime их сургуулийн нойрны эмгэг судлалын төвийн профессор Ясунари Ока, Маса Такахаши, Такааки Сато, Улын Нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч, доктор Л.Энхсайхан, “Рефлекс” эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Ж.Сарангэрэл, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Д.Нарантуяа нар лекц уншив. Энэ үеэр мэргэжилтнүүд нойрны эмгэг болон бусад тусламж үйлчилгээний орчин үеийн оношилгоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.
 
Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаажав хэлэхдээ, “Нойрны эмгэг бие даасан өвчин биш ч гэсэн хүн амын дунд нэлээд тохиолддог тул өнгөрсөн жил унтаж буй үед амьсгал тасалдах өвчний чиглэлээр орон нутгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн эмч нарт зориулан сургалт зохион байгуулсан бол энэ жил нийслэлийн төв болон анхан шатны эмнэлгийн эмч нар хамарч байна. Орчин үед нойргүйдэл хүн амын дунд түгээмэл байна гэж олон улсын хэмжээнд тогтоосон боловч манай улсад одоогоор судалгаа хийгээгүй байна. Нойргүйдэл нь хүний сэтгэл санаа, ор дэр тухгүй байх, ачаалалтай байх зэргээс шалтгаалдаг. Нойр хүрэхгүй үед иргэд дур мэдэн нойрны эм ихээр хэрэглэдэг нь буруу юм. Харин хүн үүнийг өөрөө зөв таньж, эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Иргэдэд зориулсан зөвлөмж, заавар гарган гар утасны апплейкэйшн, вэбсайтаар сурталчлах, мэдээлэл бэлтгэж нийтийн хүртээл болгоно” гэв.
 
Сургалтад оролцогчид хүн амын дунд цөөнгүй тохиолддог нойрны эмгэгийн талаар ойлголттой болж, улмаар тэд олсон мэдлэгээ монголын эмч мэргэжилтнүүдэд түгээж, дээрх эмгэгийг оношлох, эмчлэх орчин үеийн аргыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөн хэрэглэх, нэвтрүүлэх боломжтой болох юм.
Сургалтад эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд, их, дээд сургууль, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн мэдрэл, дотор, зүрх судас, сэтгэц, хүүхдийн эмч нарын 60 гаруй төлөөлөл хамрав.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: