sonin.mn
XX зууны Монголын уран зохиол хөгжлийн цоо шинэ шатад дэвшин хөгжсөн юм. Монгол үндэстний цоо шинэ утга зохиолын хэлийг бий болгож, өмнө нь байгаагүй уран тансаг хэллэг, өвөрмөц содон дүрслэл, гойд хурц санаа, гүн бодрол, утга уянгын төгс төгөлдөр илэрхийллийг их зохиолч Д.Нацагдорж, Улсын алдарт гавьяат зохиолч С.Буяннэмэх нар бичжээ.
 
Тэдний шинэ үеийн уран зохиолд оруулсан хувь нэмэр үлэмж их. Хуучин уран зохиолын бичгийн хэлийг орчин үежүүлэхэд гол нөлөө үзүүлсэн нь тэдний уран бүтээлээс тод харагддаг. Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэг, С.Буяннэмэхийн “Алсын зорьсон алтан загас” тууж XX зууны уран зохиолын онол, туурвил зүйн хөгжил, судлагдахуунд чухал хувь нэмэр оруулсан гайхалтай бүтээл. Эл зохиолын талаар эрдэмтэн судлаач, уншигчид янз бүрийн таамаглал дэвшүүлж, өөр өөрийн санал бодлоо хэлсэн нь зохиол юутай их өргөн цараатай болохыг харуулдаг. /“Ламбугайн нулимс”-ийг эмгэнэлт, хошин гэж маргацгаасан л даа. Гэхдээ “Харанхуй хад”, “Алсыг зорьсон алтан загас” хоёр бол өөр маргаан/. Зохиолд буй далд ёгт утга бүхий дүр дүрслэл, уран сэтгэмжийн гүн утгат өгүүлэмжийг судлан тайлах ажилд утга зохиол судлаач, В.Я.Яцковская, С.Байгалсайхан, Д.Цэнджав, Г.Галбаяр, Д.Цэвээндорж нарын гадаад дотоодын эрдэмтэн шамдаж өөр өөрсдийн санал бодлоо дэвшүүлжээ. Хэдий тийм ч өдийг хүртэл эл өгүүллэгийн утга агуулгын талаар судлаачид маргаан өрнүүлсээр байгаа билээ.
 
Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын амьдралын замнал олон талаараа төстэй. Тэд бага насандаа өнчирч, гэр сургуулиар боловсрол эзэмшиж, хувьсгалын хэрэгт гар, бие оролцож, хилсээр хэлмэгдэж, тухайн цаг үедээ шахагдаж хавчигдаж байсан юм.
 
“Нацагдоржийг сэрүүн тунгалаг цагт хамгийн алдаршсан том зохиолч нь С.Буяннэмэх байв. Нөгөөтэйгүүр тухайн цаг үеийн оюун санааны том удирдагч нь С.Буяннэмэх байсныг утга зохиолын болон бусад үйл хэрэг нь харуулдаг. Ядуу ард гаралтай ч ерөөлөөр тэмцэгч Тогтох тайжийнд үрчлэгдэн, багаас ном эрдэмд суралцаж, сайн явдлын зам мөр хөөсөн гэдэг. С.Буяннэмэхийн ирээдүйн амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол нагац эгч Чимэдийн нөхөр болох цахар Лувсан хэмээх эр байж. Хүргэн ах нь анх С.Дамбадоржтой нөхөрлүүлж, улмаар С.Бодоотой ойртон танилцуулжээ.
 
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, бичгийн их хүмүүн С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ой энэ жил тохиож байна. Зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, “Төгөлдөр Буяннэмэх” сангийнхан хамтран “Монголын бичгийн их хүн Сономбалжирын Буяннэмэх” эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын хүүхдийн төв номын санд өчигдөр зохион байгууллаа. Хуралд УИХын гишүүн  Г.Мөнхцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч судлаач Д.Цэдэв, Д.Цэнджав, С.Дулам, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, утга зохиол судлаач С.Байгалсайхан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар оролцлоо. Хуралд оролцсон судлаачид С.Буяннэмэх судлалын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, зохиолчийн уран бүтээл, намтрын талаар шинэ содон мэдээ баримт хуваалцаж халуун дотно яриа өрнүүлсэн юм.
 
С.Буяннэмэх нь Монголын орчин цагийн яруу найраг, хүүрнэл зохиол, утга зохиол судлал, ший жүжгийг үндэслэгч бөгөөд тэдгээрийг цаашид хөгжин цэцэглэх үүдийг нээсэн бичгийн их хүмүүн юм. Тэрбээр 1902 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Бага байхад эцэг, эх нь нас барж нагац эгч дээрээ очсон ч эгч нь ядуугийн эрхээр түүнийг Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайжийнх тэр үедээ боловсролтой айл байсан тул эрдэм номтой улсыг авчирч хүүхдүүддээ ном заалгадаг байсан байна. Энэ тухай Тогтох тайжийн охин Хаснавч “Манай аав бидэнд харчин угсааны Ашинга гэдэг хүнээр монгол, манж бичгийг голлон хятад хэл бичиг заалгадаг байсан” гэж дурссан нь бий. Тогтох тайж орой бүр үлгэрч, туульч нарыг цуглуулан явган үлгэр яриулан, хуучир хөгжмийн аялгуунд тууль хайлдаг байсан учир С.Буяннэмэх хуучир тоглож сураад хожим өөрийн бичсэн шүлэг зохиолоо хуучрын аянд аялгуулан уншдаг байжээ. Тэрбээр багаасаа цахар хүмүүсийн дунд өсч бойжсон учир хэлний аялгад нь цахар дуудлага сууж хүмүүс түүнийг “цахар” хэмээн дуудах болсон байна.
С.Буяннэмэх бага залуугаасаа Монгол түмий эрх чөлөөний төлөө тэмцэж Сүхбаатарын байгуулсан хувьсгалт нууц бүлгэмд орсон бөгөөд 1921 оны эхээр МАН- ын гишүүнээр элсчээ. Тэрбээр Хиагт хотод ардын журамт цэрэг ялсны дараагаар ардын түр засгийн газрын гадаад хэлтсийн бичээчээр эхлэн ажиллажээ. Үүний дараагаар С.Буяннэмэх Эрхүү хотод очиж “Монголын үнэн” сонин болон хувьсгалчдын ухуулга хуудсыг эрхлэн гаргаж байгаад 1921 онд нийслэл хүрээнд ирж цэрэг ардын дотор суртлын ажлыг эрхлэн хийж байхдаа “Ертөнцийн улирал”, “Хувьсгал”, “Ардын намын аливаа учир”, “Засаг төрөл гарал учруудыг товчилсон толь” гэдэг номыг Б.Ишдоржийн хамт 1922 онд бичиж гаргажээ.
 
Тэрбээр 1922 оны гуравдугаар сарын 28-нд их жанжин Сүхбаатарын нэрэмжит клуб нээхэд “Ойрхи цагийн товч түүх” жүжгээ найруулан тавьжээ. Жүжгийг 1922 онд бичээд 1924 онд хэвлүүлэхээр засвар хийн таван дэвтэр 32 бүлэг болгосон байдаг.
 
1922 оны өвөл Москва хотноо хуралдсан Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар Их хуралд С.Буяннэмэх очиж В.И.Ленинтэй уулзсан түүхтэй. Энэ үйл явдлаас сэдэвлэн тэрбээр “Алсын зорьсон алтан загас" зохиолоо бичсэн хэмээн утга зохиол судлаач С.Байгалсайхан хурлын үеэр ярьсан нь сонирхол татлаа.
1924-1926 онд С.Буяннэмэх Өвөр монголд байсан бөгөөд тэнд байхдаа “Дотоод Монголын ардын сэтгүүл” гэдэг уран сайхны сэтгүүл эрхлэн гаргаж байсны зэрэгцээ шүлэг, өгүүллэгээ үргэлжлүүлэн бичжээ.
 
Эх орондоо буцаж ирсний дараа С.Буяннэмэх Буриад Монголын гуйлтаар Буриадад очиж БагшийнНМ сургуулийн монгол хэл бичгийн отс багш, сонин хэвлэл, урлаг утга өх зохиолыг хэвлүүлэх ажлыг хийжээ.
 
Тэрбээр Буриадад байхдаа ‘‘Алсыг зорьсон алтан загас” тууж, ‘‘Аюулт дайны чимээ”, хүүхдийн 10 гаруй өгүүллэг ,“Нарны эргэлт” шүлэг “Ленин” нийтлэл зэргээ бичиж 1927 онд “Уран үгсийн чуулган”-д нийтэлсэн байна.
 
Тэрбээр 1928 оноос эхлэн Хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга болон “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлийг эрхлэн гаргалцаж байжээ. С.Б. 
 
Оросынхувьсгалын удирдагч В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг бүтээж, “Ленин”, “Биеэр Ленин багш лугаа учирсан байдлаас”, “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найрууллыг бичжээ.
С.Буяннэмэх гучаад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйл үүсч төлөвшихөд томоохон хувь нэмэр оруулж, найруулал (“Гайхамшигт учрал”), сурвалжилсан тэмдэглэл (“Шив шинэхэн цуурай”) зэрэг зүйлийг анхлан бичиж байв. Тэрбээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд захиалга, зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг байв. Мөн Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлд утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүллийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ.
 
Түүний уран бүтээл олон талт, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон теарын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг, зохиолч, сэтгүүлч байлаа.
 
С.Буяннэмэх зохиол бүтээл бичихийн сацуу энэ үеэс уран зохиолын онол, шүүмжлэл судлалын ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. 1929 онд “Уран үгсийн чуулган”, “Уран зохиолыг хэрхэн зохиох сэдэв” зэрэг бүтээлээ хэвлүүлжээ.
 
1936 онд зохиосон “Малчин Товуудай” тууж нь тухайн үеийн уран зохиолд шинэ үзэгдэл болж байлаа. С.Буяннэмэх “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Марал шар”, “Харанхуй засаг”, “Шөнийн буг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Хар барс”, “Ардын долоон баатар”, “Үнэн” зэрэг арав гаруй жүжиг бичсэн бөгөөд “Хоршоо жингийн дуу”, “Сэрэмж” , “Нутаг усны тэмцэл” зэрэг хэдэн жүжиг нь хараахан олдоогүй байна. Эднээс хамгийн алдартай нь “Харанхуй засаг” юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабаадий түүний “Баатар хөвгүүн Тэмүүжин” жүжгийг хэлмэгдүүлэлтийн үед хорьж тайзнаа тавьж чадаагүй юм. Энэ жүжгийн зохиол тайзнаа тавихад бэлэн ямар ч засвар орохооргүй сайн зохиол. Гэвч манай найруулагчид тоодоггүй. Би тэдэнд энэ зохиолоор жүжиг тавиач гэж олон удаа хэлсэн. Тэд гаднын зохиолчдын бүтээлийг орчуулж байхаар  Монголынхоо суут хүний бэлэн бүтээлийг тайзнаа амилуулбал сайнсан” гэж хурлын үеэр онцолсон юм.
 
 
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин