sonin.mn
Генерал Дорж, академич Дорж, зохиолч Дорж, Ардын их хурлын депутат модчин Дорж... гэхчлэн олны танил Доржууд бий. Миний уулзаж ярилцаж суугаа энэ Дорж гуай бол Монголын ахмад сурган хүмүүжүүлэгчдийн нэг, жирийн л нэг багш хүн. Онцлог нь “эсэргүү”Д.Төмөр-Очирын хамсаатан хэмээн олон жил "хар хаяг” зүүж явсан нэгэн.
 
-Дорж гуай , хоёул яриагаа бүр эртнээс эхэлмээр байна. Нөгөөх Хонгорын Ар- Хондлонгоос?
 
-Бололгүй яахав. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг Хонгорын Ар-Хондлой гэдэг чинь миний төрсөн газар. 1928 онд энд мэндэлсэн гэдэг. Аав Гүнсэнхорол, ээж Бадам хоёр маань жирийн л малчид байсан даа. Долоон хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь би. 12 нас хүртлээ би хөдөө мал маллаж байсан гэдэг. Биднийг малчин болгох л бодолтой байсан байх. Аав , 1940 онд Улсын 8 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож ирээд “ Энэ төрд чинь эрдэмтэй хүн л хэрэгтэй юм байна” гэж их ярих болсон. Тэгснээ л намайг шууд Гучин-Ус сумын бага сургуульд оруулж байгаа юм даа.
 
-Ингээд л сургууль номын мөр хөөгөөд явчихав уу?
 
-Сургуульд явж базаагаагүй. Дөрөвдүгээр ангиа гайгүй сайн төгсгөөд хотод анагаах ухааны дунд сургуульд явуулах гэж байтал “аймаг хүнээ мэднэ” гээд намайг бага сургуулийн багш болгочихдог байгаа. Тухайн үед багш ховор байсан учир дөрөвдүгээр анги төгссөн, жаахан өсгөлүүн биетэй хүүхдийг хэд хоног семинарт суулгаад л багш болгодог байлаа. Би тэгэж л, багш гэдэг хүндтэй замыг сонгосон хүн дээ. Гучин-Ус сумандаа багшилж байтал Баян-Өндөр суманд захирлаар томилж, 16настайдаа багш, 18 настайдаа захирал болж байлаа. Намайг ардын боловсролын замд залсан нэг ачтай буянтай хүн байлаа. Баян-Өндөр суманд, шоронд арван жил суугаад гарч очсон Дамдингийн Ажигмөнх гэж лут эрдэмтэй хүн байсан юм. Аймаг сумын удирдлагуудтайгаа ярьж байгаад тэр хүнийг сургуульдаа багшаар авч билээ. Хэл шинжлэл, утга зохиолын талаар бол хосгүй хүн. Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийг шүүмжилдэг хүн байсансан. Энэ хүнээс л их зүйл сурсандаа.
 
-Тэндээ л ажиллаад байв уу?
 
-Нэлээн хэдэн жил ажилласан. Сургуульд явмаар л санагдаад байдаг. Хөдөө орон нутагт чинь дэмжих хүн ховор. Удирдлагууд бол нутагтаа байлгаад л байх санаатай. Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Гончигдорж гуай нэг намар манай суманд ажлаар очлоо. Тэгэхэд нь уулзаж, сургуульд явмаар байна гэж учирласансан. Гончигдорж дарга тэхэд “Одоо сургууль эхэлчихлээ. Энэ жилдээ эндээ ажилла.Хойтон жил чамайг намын дээд сургуульд явуулж өгнө” гэлээ. Гончигдорж дарга хэлсэн үгэндээ хүрч намайг дараа жил нь Улаанбаатарт намын шинэ хүчний дээд сургуульд суралцуулж өгсөнсөн.
 
-Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүнийг намын дээд сургуульд авдаг байсан уу?
 
-Төгссөн сургууль хамаагүй, шалгалтанд тэнцвэл л ордог байлаа. Тэр олон оюутан дунд хамгийн бага боловсролтой, хамгийн залуу нь би байсан. Нөхдөөсөө хоцрохгүйн тулд биеэ дайчилсан даа. Чөлөө зав бүхнээ сурахад зориулж байлаа. Улстөр, эдийн засгийн холбогдолтой Орос номууд барьж аваад, Монгол Орос толь харан орчуулдаг байлаа. Багш нартаа үзүүлж зөвөлгөө авна. Эхний хоёр жил биеэ дайчилсны үрээр нөхөдтэйгээ зэрэгцэж очсон гэж боддог. Гуравдугаар курст байхдаа хотын намын хорооны томилолтоор албан газруудад очиж улстөрийн дугуйланд багшилдаг, ОХУ-ын Эрхүү хотод очиж дадлага хийдэг болсон. Нэрт эрдэмтэн философич Ч.Жүгдэр, Д.Дагвадорж нартай их ойртон дотносож, тэдний гарын шавь болж байлаа.
 
-Намын дээд сургууль төгсгөөд хаана ажиллав?
 
-Нам төрийн даалгавраар багшийн ажлаа завсарлах хэрэгтэй болсон. Сургуулиа төгсөхөд шууд л Баянхонгор аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилж байгаа юм. Дараа нь Богд сум нэгдлийн дарга гэхчлэн томилолтын ажилд баахан зүтгэсэн дээ. Тэгж байтал Намын төв хороо дуудаж Алма-Атад удирдах ажилтны дээд курст суралцуулаад шинэ ажил өглөө. Би бол боловсролын байгууллагадаа очъё. Багшаа хийе гэж гуйсан. Удирдлагууд хүлээж аваагүй. Шинэ тутам байгуулагдаж байсан Сангийн аж ахуй руу оч гэсэн. Ингээд Дарханы сангийн аж ахуй хариуцсан намын төв хорооны зохион байгуулагч, дараа нь сангийн аж ахуйн намын хорооны даргаар ажилласан. Энд есөн жил ажиллахдаа аж ахуйн ажил сайн гэж их л магтуулж байсан.
 
-Тэгээд юу боллоо? Эсэргүү хэрэгт холбогдчихлоо гэж дуулдаж байсан?
 
-Миний, Дарханы САА-д ажиллаж байх үеэр Д.Төмөр- Очир гуай буруудаад Дархан хотын музейн эрхлэгчээр нутаг заагдаж ирээд байсан юм. Бид хоёр жирийн сайхан холбоотой байсан. Тэгсэн чинь нэг өдөр Намын хянан шалгах хорооны Балдандаваа гэж хүн ирж байцаадаг юм байна. Эсэргүү Д.Төмөр-Очирын хань хамсаатан гэдэг пайз зүүлээ. Д.Төмөр-Очир гуайтай уулзаж учирч байсан бүх зүйлийг өдөр цагаар нь тагнасан байх юм. Үзэл суртлын ажилтны анхдугаар зөвлөгөөн дээр Д.Төмөр-Очирын даалгавраар Чингисийг магтаж үг хэлсэн гэнэ. САА-даа байсан Лениний том зургийг Д.Төмөр-Очирт бэлэглэсэн гэнэ. (Музейд нь тавиулсан юм шүү дээ). Д.Төмөр-Очиртой анд хамт яваад ангийн отгоос хол хоёул хэдэн цаг нууц зүйл ярьж зогссон гэнэ. (Бид хоёр ан л ярьсан байхгуй юу) гэхчлэн олон зүйл тулгаж загнаад буцлаа. Дараа нь Намын хянан шалгах хорооны хурлаар орж байгаа юм даа.
 
-Өнөөх л тулгасан зүйлээрээ ял тулгав уу?
 
-Үгүй шүү. Д. Төмөр-Очирын тухай огт дурсаагүй. Намайг ревизионист, дураараа, нам төрийн ажилд тэнцэхгүй гэхчлэн загнаад, намаас хөөхийг сануулж донгодон ажлаас халсан. Нутаг зааж Сэлэнгийн намын хороонд шилжүүлэхдээ “мал маллах юмуу тариа ногооны ажил өг” гэсэн юм билээ. Арга хэмжээ авагдаад гарахад үүдэн дээр Балдандаваа сууж байсан. “Нөгөө Д.Төмөр-Очирын хамсаатан гэсэн чинь яалаа? Тэр хүний нэр ч сонсолгүй арга хэмжээ авагдчихлаа" гэсэн чинь Бапдандаваа өөдөөс: “Д.Төмөр- Очирын хамсаатан 280 хүн шийтгэгдээд байна. Одоо нэр томьёог нь жаахан өөрчилж байгаа” гэж билээ.
 
-Тэгээд малчин болов уу?
 
-Нэгэнт нутаг заагдсан хүн чинь нөгөө л газраа очлоо доо. Сэлэнгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Хасбазар, Аймгийн дарга Цэрэндаваа, тусгай хэлтсийн дарга Ваанчиг гуай нар намайг их сайхан хүлээж авсан. Над гайгүй шиг ажил өгчих гээд л дээшээ яриад байх шиг. Хэсэг хугацааны дараа намайг ахуй үйлчилгээний товчооны даргаар түр томилж билээ. Энд би, нөхдийнхөө итгэлийг дааж ажилласаан. Миний харьяа нэг зочид буудал, хоёр орон сууц, ил далд шугам сүлжээ, нэлээн түвэгтэй ажил. Өвөл болох гэж байхад засвар үйлчилгээ, дулаан, цэвэр бохир усных нь шугам хоолой ажилгүй болсон газар байв. Надад яаралтай туслах хүмүүс бол Хиагтаас наахна байгаа орос цэргийн ангийнхан. Нэг өдөр цэргийн ангийн удирдлагуудтай уулзаж учир явдлаа хэлсэн чинь, дор нь баахан багаж төхөөрөмжтэй цэргүүд ирээд өнөөх ажилгүй  шугам хоолойнуудыг бүгдийг  нь сольж тавиад, дулаан, цэвэр  бохир усаар хангачихлаа. Тэгээд ч зогссонгүй захиргааны байрыг засаад ямар гоё болгосон гээ.Дарга нар тааламжтай хандаж,  өнөө жил дулаан өвөлжинө гээд  баярлаж байсансан. Энүүхэндээ гэхэд би Оросуудтай их нөхөрлөж явсан, ядрах үед тэд л тус болдог байсан даа. Энэ бүх засварүйлчилгээний ажилд , сохор зоос ч биднээс аваагүй.
 
-Энд бас нэг баларсан гэл үү?
 
-Тэгсэн. “Эрэг долоо нурдаг, эр хүн долоо бүдэрдэг” гэгч л болсон доо. Манай байгууллагад контор гэх юм байхгүй. Байр байшингийн булан зайд л хоргодож байсан юм. Би чинь юм юмтай болголоо. Хүн орохын эрхгүй, хаягдсан дан барилга байсныг Оросууд маань засаад хачин сайхан контортой болгочихлоо. Хаягдах гэж байсан нэг муу 69 машиныг мөн л Оросууд засаад шинэ юм шиг болгоод унуулчихлаа. Ажил өөдрөг, хүмүүсийн ам их сайн байсан үед дахин бүдрэх нь тэр.
 
-Яалаа, бас л эсэргүү хэрэгт холбогдсон уу?
 
-Нөгөө шинэ байшиндаа утас тавиулахаар тээврийн баазаас нэг эксковатор авчраад нүх ухуулж байсан чинь холбооны нууц шугам тасалчихаж. Бөөн юм боллоо. “Өнөөх Төмөр- Очирын хамсаатан чинь наадам болох гэж байхад холбооны нууц шугамыг зориуд тасалчихаж” гээд л шуугиж өгсөн дөө. Айлаа . Ядарсан үед тус болдгоор нь оросууд руугаа харайпгах нь тэр. Тэд мэргэжлийн хүмүүстэйгээ ирээд хэдхэн цагийн дотор холбож битүүмжлээд ажилд оруулчихаж билээ. Хурандаа И.Ф. Мараков даргатай орос цэргийн ангийн нөхдөдөө би насан туршдаа баярлаж явдаг хүн. Ингээд Сэлэнгэ аймагт сайн нөхдийн дунд сайхан байсаан. Гэхдээ нутгаа, ах дүү садан төрлөө их санана. Хааяа Хасбаатар даргадаа цухуйлгахад “Тэр бол бидний мэдэх ажил биш” гэнэ.
 
-Нутагтаа очоод юу хийв дээ?
 
-Ажиллаж байхдаа ХАА-н дээд сургуулийг эчнээгээр төгсөж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн маань хэрэг болсон. Намайг аймгийн захиргааны төлөвлөгөөний хэлтэст эдийн засагчаар ажиллуулж байснаа нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга болголоо. Энэ үед нөгөө Балдандаваа маань мэдчихээд Бүнчин даргад хатуурхаж. “Д.Төмөр-Очирын хамсаатан тэр эсэргүү нөхрийг яагаад дарга болгож байгаа юм!” гэж. Б.Бүнчин дарга хариуд нь: “Намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравданд дуулгасан. Дарга “өөрөө мэд” гэсэн гээд нэг удаа тогтоосон юм. Тэгтэл Балдандаваа маань ( төвд өндөр албанд ажиллуулж  болохгүй гээд харьяа яамны  сайдад хэлээд халуулчихаж байгаа юм. Тэгээд би 1972 оны их зуднаар, дарга нь аваарт ороод хүнд өвчтэй байсан Богд сумын даргаар очсон.
 
-“Богдод богд шиг хүндлэгдсэн” гэсэн яриа бий?
 
-Богд сум малаа өсгөхийн зэрэгцээ Ховд голоос суваг татан, анх удаа тариа ногооны өндөр ургац авдаг болсон. Сумынхаа ажилгүй хүмүүсийн хүчээр барилга байшин барьж аймагтаа анхны АТС-тэй сум болж байсан юм. Их юм хийсэндээ. Энэ маань намайг Богдод төдийгүй Өвөрхангайд таниулж өгсөн юм. Ажлынхаа үр шимийг үзэж байтал Шаравчогдон дарга маань илааршиж ажилдаа орох болсон, би ч бие муудаад Улаанбаатарт шилжиж ирсэн дээ. Намайг, арван зургаахан настайгаасаа галыг нь түлэлцсэн Боловсролын байгууллага маань түшиж авсан. Заамарын ХАА-н ТМС-д захирлаар  явуулж билээ. Энэ ТМС-ийг хөл дээр нь босгоход сайн ажилласан гэж, нөгөөх л хасагдаад байдаг шагналуудаасаа анх удаа алтан гадас одон хүртээж байгаа юм. Дараа нь, Дээд боловсролын хороонд ХАА-н сургалт үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга  зэрэг албыг хашиж байгаад  1987 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд ч зүгээр суулгүй, ОХУ-д оюутан сурагчдын багшаар явж  ажиллан, шавь нартаа гарын авлага болсон ном бичсээр 90 насны босгонд туллаа даа.
 
-Таны ном, бичсэн зүйлүүдийг уншиж байхад боловсролын өнөөгийн тогтолцоонд нэлээд шүүмжлэлтэй хандсан байдаг. Энэ тухай сонирхмоор байна?
 
-Аль ч улс үндэстэн хүүхдээ сайн хүн болох төлөвшлийг нарийн шүтэлцээтэй гурван зүйлээр олгож ирсэн. Монголчууд ч ялгаагүй. Уламжлал- хүмүүжил-боловсрол гурав бол салгаж болохгүй ойлголт. Сүүлийн үед, ялангуяа 1970- аад оны үеэс Монголын боловсрол дахь энэ шүтэлцээ алдагдсан. Уламжлал, хүмүүжил гэдэг хоёр гол зүйлийг боловсролын тогтолцооноос хасаад, оронд нь “барууны зэрлэг”-үүдийн хэв маягийг оруулж ирсэн. Хүний оюун ухааныг стандартчилалд оруулж байгаа нь тэр гэнэ. Хуулиндаа хүртэл тусгасан. Хүүхэд хичээлдээ суусан ч болно, суугаагүй ч болно гэнэ. Багш нараа элдвээр доромжилж, ахмад багш нараа доромжилсон дуу хүртэл гарч байлаа. Хүүхдийг, багаасаа мэргэжлээ сонгодог ТМС-үүдийг устгасан. Телевиз, цахим сүлжээ хяналтгүй болж, хүүхэд сониуч амьтан болохоороо барууны аль болохгүй зүйлүүдийг түүж үзэн, энэ нь миний яриад байгаа уламжлал, хүмүүжлийн орон зайг эзэллээ. Ингээд ганцхан боловсрол үлдсэн боловч энэ нь өнгө мөнгөний асуудал болсон. “Төрийн сан’’ гэдэг их мөнгөөр голдуухан ихэс дээдэс, баячуудын хүүхэд гадаадад суралцаад тэндээ шингэдэг боллоо. Өвгөн багш нь энэ бүхнийг шүүмжилж бичээд, ад үзэгдээд байгаа юм.
 
-Багш нараасаа болоод байгаа юм биш үү?
 
-Тийм тал ч бий. Бидний үед багш бэлтгэж байсан тогтолцоо алга болсон. Арван багшийн гурав нь хүмүүжил ёс суртахууны доголдолтой хүмүүс гарч ирж байна. Сурагчдаараа архи тамхи зөөлгөөд анги контортоо архиддаг, тамхилдаг, тэр битгий хэл хүүхдээ хүчинддэг багшийг ямар багш гэх юм! Багш бэлтгэдэг сургуулиудад онцгой анхаарал тавимаар байна.
 
-Боловсролд гадаад орны туршлагыг авч байна л гэх юм?
 
-Гадаадад, ялангуяа баруунд сайн юм их бий. Гэхдээ авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Улс үндэстнийхээ онцлогт тохируулахгүй, гаж буруу зүйлийг нь авч хэрэгжүүлээд байж болохгүй л дээ.
 
-Сүүлийн үед багш нар ажил хаяад сүйд болж байна. Та үүнийг ямар өнцгөөс харж байна?
 
 
-Цадигаа алдсан хүүхэд, цалингаа чамласан багш нарыг дэмжээд байх нь юу юм дээ?! Харьцангуй бага цалин авч байгаа багш нарыгаа би өмөөрнө. Адилхан ажил хийж байгаа хүмүүс, ямар нь сард 25 сая төгрөг аваад, ямар нь сард 450 мянган төгрөг авч байх учиртай юм. Төр засгийн энэ ялгаварлалыг би эсэргүүцнэ. Гэхдээ, барууны орны багш нартай жишээд сарын цалингаа 1,5 сая төгрөгт хүргэнэ гэдэг бол хэтэрхий даварсан сэтгэлгээ. Үүнийг багш нарын нэр бариад хөөргөж байгаа цөөн хүн байгаа л даа. Багш нарын цалинг ажилласан жилээр нь, ажлын үр дүнгээр нь шавь нараа төлөвшүүлсэн байдлаар нь, ёс зүйн хэм хэмжээгээр нь ялгавартай тогтоох хэрэгтэй. Дөнгөж сургуулийн ширээний араас босч ирчихээд 1500000 төгрөгийн цалин нэхээд байж болохгүй биз дээ?!
 
-Яриа өндөрлөх дөхлөө. Таны “эсэргүү” хэрэг юу болж төгслөө?
 
-Цагаадсан. Ардчиллын буянаар нэр цэвэр болсон. Балдандаваатайгаа учир зүйгээ ололцох гэж хөөцөлдөөд чадаагүй. Хилс хэрэгт хайран амьдралаа зольсноо эргэж харахад нэг л зүйл бодогддог юм. Намайг багад манай нутагт Эрэгзэдтүндэв гэж нэг тэнэмэл хүн байлаа. Хачин үнэн үгтэй. Тэр нэг удаа ‘Гэрийн хошлонгийн хоёр үзүүр хэзээ ч уулздаггүй юм" гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Балдандаваа бид хоёрын хувь заяа, яг л хошлонгийн хоёр үзүүр шиг төгссөн дөө. Тэр намайг “эсэргүү” болгох гэж зүтгээд, би “эсэргүү биш” гэдгээ батлах гэж насаараа хөөцөлдөөд, нэгэн үзүүрт уулзаж чадаагүй юм.
 
 
МУГЗ  Г.Жамьян