sonin.mn
“Зууны мэдээ” сонин  Монголын боловсролын салбарын хөгжил, мөн чанарт дүн шинжилгээ хийсэн багц сэдвийг эхлүүлээд байгаа билээ. Бид 2017.11.15-ны дугаарт “Монголын ирээдүй хуулбарласан туршилтын золиос болох ёсгүй” сэдвийн дор боловсролын салбарын бодлого, тэр дундаа бага, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд шүүмжлэлтэй хандсан бол энэ удаа “Дээд боловсролын салбарын чанар буюу бид боловсролын чанараар дэлхийд хаана жагсч  явна вэ?” гэсэн сэдвийг хөндөж байна. Бидний дараагийн нийтлэл  “Хувь хүний хөгжил, хүмүүжил төлөвшил нь  боловсролын нэг хэсэг мөн үү?” сэдвээр үргэлжлэх болно.
 
МОНГОЛЧУУДЫН  АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН “МАШ МУУ” ҮНЭЛЭГДЖЭЭ
 
Дэлхий нийт глобальчлагдаж, хоёр настайгаасаа хорин нас хүртлээ боловсордог боловсролын салбарт битгий хэл, гэртээ интернэтийн сүлжээтэй айл бүрийн хүүхдүүд англи хэлийг төвөггүйхэн сурдаг, ганц нэг үг хэлдэг болчихсон цаг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө монголчууд англи хэлнийхээ мэдлэгээр дэлхийд битгий хэл, Азидаа сүүл мушгисан гэх мэдээллийг олж харав. Швейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “EF Education First” байгууллага энэ сарын 17-нд дэлхийн улс орнуудын ард иргэдийн дунд англи хэлний түвшин тогтоосон “Англи хэлний ур чадварын индекс” жагсаалтаа долоо дахь жилдээ гаргажээ. Энэ жагсаалтад 80 улс орныг хамруулсан байна.
 
Мөн жагсаалтыг улс орон бүрийн насанд хүрсэн нэг сая орчим иргэнээс авсан англи хэлний сорилын дүнд үндэслэн гаргажээ. Гэтэл Монгол Улс англи хэлний боловсролоороо “маш муу” гэсэн үнэлгээг авч, 80 орноос 71 дүгээрт бичигджээ. Шуудхан хэлэхэд, дэлхий нийтийн хэл гэгддэг англи хэлний мэдлэггүй улс орнуудын сүүлийг мушгиж байна. Хүйсээр нь авч үзвэл, Монголын эрэг­тэй­чүүдийн англи хэлний мэдлэг эмэгтэй­чүүдийнхээс арай илүү байна. Гэхдээ эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алиных нь англи хэлний мэдлэг дэлхийн дунджаас доогуур байна гэсэн мэдээллийг олж харав. Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн 122 улсыг боловсролын индексээр нь жагсаахад Монгол Улс 115 дугаар байрт орсон гэх мэдээллийг өнгөрсөн намар харж байсан. Энэ бүх мэдээллээс харвал манай дээд боловсролын чанар дэлхийн улсуудын бараг адагт нь жагсч байгаа нь үнэн болов. Бид “Дэлхийн боловсрол” гэж хэдэн жил ярьж байгаа нь хоосон мөрөөдөл бололтой.
 
МОНГОЛ ОЮУТНУУД АЖИЛ ДЭЭР ГАРААД Ч СУРАЛЦДАГ
 
Боловсрол гэдэг  зүйл улс орны хөгжлийг тодорхойлоод зогсохгүй, хувь хүний амьдралын өнгийг бас тодорхойлж байдаг. Тиймээс дунд сургуулийн босго алхаж буй зургаан настай хүүхэд гэлтгүй, дээд сургуулийн босго алхах шинэхэн оюутны боловсрол, мэдлэгт эцэг, эхчүүдийн олонх нь санаа зовж суудаг. Мөн аль болох чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө хуруу хумсаа хуйхлан байж олсноо хураадаг, хурааснаа зарцуулдаг. Гэтэл Монголын дээд боловсролын салбарын өнөөгийн дүр төрх ийм тодорхойлолтой сууж байгаа нь эмгэнэлтэй санагдав.  Он гараад хоёр сарын дараа элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ.  “Хүүгээ  ямар сургуульд оруулах вэ?. Гайгүйхэн боловсролтой болгочихвол… “ гэсэн эцэг, эхчүүдийн яриа  чих дэлсэнэ. Гэтэл элсэгчдийн чанар жил ирэх тусам муудаад,  их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо жил ирэх тусам  цөөрөөд байгаа нь бас л асуудал дагуулж буй юм.
 
Өнгөрсөн  жилүүдэд  их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн их сургуулиуд байдаг байсан.  Төгсөж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь улсын сургуульд элсэн ордог байсан. Гэтэл 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагсдын тоо 157.138 болж, өмнөх хичээлийн жилээс  5.488-аар буюу 3.4 хувиар буурчээ. Мөн төрийн өмчийн их сургуульд элсэгчдийн тоо 2.758-аар буурч, төрийн бус өмчийн их сургуульд элсэгчдийн тоо 13.075-аар нэмэгдсэн гэх  тоон мэдээлэл байна. Эндээс элсэгчдийн чанар муудаж байгааг харж болно.  Одоогоос 10 жилийн өмнө төгсөгчид  ажлын байраа олохгүй байгаа тухай,  эсвэл ажилдаа гологдоод, тэнцэхгүй байгаа тухай бид бичиж л байсан. Өнөөдөр мөн энэ тухай ярьж л байна. Энэ бүхнээс харахад  дээд боловсролын салбарт сургалтын чанар тааруухан, төгсөөд гараад ирсэн хэдэн нөхдийн мэдлэг боловсрол дутуу дулимаг бэлтгэгдэж байгаа нь харагдана. Мөн дээд боловсролын салбарт бэлтгэж буй боловсон хүчин, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлт хоёр тэнцвэртэй байж чадахгүй,  энэ салбарт бас ахиц гарахгүй байгаа нь анзаарагдана. Энэ нь эргээд л төрийн бодлоготой холбоотой юм. Шуудхан хэрэхэд, Засгийн газар солигдох  бүрт гарч ирсэн  сайд, дарга нар  хувийн ашиг сонирхлоороо ханддагаас  Монгол Улсын боловсролын салбарын бодлого алдагдаад байна. Дэлхий нийтийн жишгээр сайн суралцаж, чанартай боловсрол эзэмшсэн ажиллах хүчнийг  ажил олгогчдод  бэлтгэж өгдөг. Гэтэл манайд төгсөгчдийг дахиад бэлтгэдэг нь  нууц биш. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүүхдийг ажилд аваад,  бүх зүйлийг эхнээс нь зааж сургадаг. Дээд сургуулийн боловсрол нь ажлын байрны шаардлага хангадаггүй. Хөдөлмөрийн зах зээл дээр жил бүр нийлүүлж байдаг 40 мянган оюутны  чанар туйлын хангалтгүй байна  гэдгийг ажил олгогч нар хэлж байдаг. Бидний боловсролын чанар ийм л байна.
 
80 ГАРУЙ СУРГУУЛИЙН ДИПЛОМ ОЛОН УЛСАД “ХҮЧИНГҮЙ”
 
2016-2017 оны хичээлийн жилд манай улсын дээд боловсролын салбарт  96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.  Энэ бол мэдээж, цөөхөн монголчууд бидэнд  ахадсан тоо.  Эдгээрээс 74 нь дотооддоо магадлан итгэмжлэгдсэн байдаг. Харин олон улсын боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нь  13 сургууль бий. Үүнд нь улсын сургуулиудаас СЭЗДС, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, ШУТИС болон ХААИС-ийн Бизнесийн сургууль гэсэн цөөхөн сургууль багтсан байдаг. Бусад нь хувийн сургуульд орсон байдаг.  Шуудхан хэлэхэд, АНУ-ын Бизнесийн сургууль буюу олон улсын магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ээс гэрчилгээ гардсан 13 сургуулиас бусад 80 гаруй их, дээд сургуулийн  диплом  олон улсад хэн ч танихгүй эрээн цаастай адилхан үнэлэгддэг. Монголд их, дээд сургууль төгссөн олон залуус дахин зэрэг цол горилж, суралцахаас бусад тохиолдолд гадаадад үйлчлэгч, аяга угаагч, эсвэл барилгын салбарт, энэ тэндэхийн үйлдвэрт хар ажил хийгээд явдаг. Энэ мөн л манай боловсролын салбарын чанартай холбоотой асуудал юм. Гэтэл Сингапур улс гурван сая хүн амтай хэрнээ долоон дээд сургуультай. Сургуулийн тоо гэхээсээ илүү боловсролынхоо  чанарт анхаардаг. Гэтэл манайд  100 орчим их, дээд сургуульд суралцах элсэгчдийн тоо нь жил ирэх тусам буурч байгаа нь боловсролын чанарт анхаарахгүй бол болохгүй  гэсэн дохио юм. Мөн  ямар мэргэжлээр хэчнээн боловсон хүчин хэдийд бэлтгэх вэ гэдэг төрийн бодлого нь алдагдчихсан.  Гадаад хэлийг мэргэжил гэхээсээ илүү хэрэглээ  гэж үздэг болсон өнөөгийн нийгэмд бид дөрвөн жил суралцаж төгсөөд ч өөрийгөө олигтойхон танилцуулах чадваргүй, бусдын ярьсныг ойлгох чадваргүй чанаргүй “бүтээгдэхүүн” бэлтгэж гаргасан хэвээрээ л бэдчиж явна. Бодит байдал ийм байхад бид дэлхийн боловсрол гэж холын зүйл рүү, хоосон мөрөөдөж боловсролын чанараар хамгийн сүүлд нь л жагсч явна.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин