sonin.mn
Монгол хүн хэзээ ч олуулаа нийлж байгаад хүнийг ингээд амьдаар нь шатаачихаад, түүнээ үзвэр үзэж буй мэт хараад зогсож чадахгүй, ийм юм хэзээ ч хийхгүй. Бид чинь мал амьтнаа хүртэл муулахдаа зовоохгүйг хичээдэг. Хүнийг бүү хэл адгуусан амьтныг тарчилж байхыг ч харж чаддаггүй, нүд халирдаг, сав шимийн мөн чанар, сэтгэлгээтэй ард түмэн.
 
Бидний үндэстний сэтгэлгээ, үзэл хандлага их өөр. Барууны хэмжүүрээр бидний ахуй байдлыг харвал ихээхэн соёлгүй бүдүүлэг. Гэвч яг үнэндээ тэр соёлтой, боловсон атлаа чөтгөрийнх мэт дотоод мөн чанартай тийм араншин монгол хүнд маш ховор илэрдэг юм. Тэр МНТ-д Далан тогоонд далан залууг буцалгаж алсан гэдэг бол төөрөгдөл, буруу тайлсан хэрэг. Тэр дайсныхаа зүрхээр туг тахидаг, амьдаар нь шөрмөсийг нь сугалж, арсыг нь хуулдаг гэдэг бол хожуу, яргачин манж, хятад, уйгурын нөлөөгөөр орж ирсэн зүйл болохоос монголчуудын эртний цэрэг дайны түүхэнд зүрхээр нь туг дахиад, шөрмөс сугалаад бархираад бахархаад гүйгээд байсан юм огт үгүй. 
 
Монголчуудын их аян дайнууд бол оршин тогтнохын төлөө хийгдсэнээс биш алж хядах донтойдоо хийгээд байсан юм огт үгүй. 
 
Хятадуудын, зүүн өмнөд азийнханы хоол идшээ амьдаар нь зулгааж иддэг тийм соёлыг бид үзэж чаддаггүй, ерөөс огтоос ойлгодоггүй. Өнөө Лалын ертөнцөд үснээс нь атгаж байгаад толгойг нь огтолдог цаазын ялыг хүүхэд хөгшид, эр эмгүй ирээд хараад зогсодог шиг байж бид чадахгүй, цэл залуухан охидыг шонд хүлж байгаад олноороо чулуу шидэж алдагийг монгол хүмүүс хэзээ ч олноороо хийж үйлдэж чадахгүй. Бид чинь мал муулж байхдаа хүртэл хажуудаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг байлгахыг цээрлэдэг ард түмэн. Яахав ганц нэг маниканууд байна. Гэхдээ нийтлэг мөн чанар маань их өвөрмөц, тун ч ховорхон дотоод ертөнцтэй, сав шимээ шүтэн хайрладаг ард түмэн юм шүү дээ, бид чинь.
 
Энэ зураг дээрх чинь 1919 онд буюу зуу хүрэхгүй жилийн өмнөх явдал байна шүү дээ. Юун дундад зуун, юун хөгжил... Хүнийг амьдаараа шатаачихаад, хэрхэн тарчилж байгааг нь циркийн үзвэр мэт олноороо тойрч ирээд хараад зогсож байх. Тэгээд ард нь бахтай нь аргагүй зургаа авхуулцгаасан байх юм. 
 
Соёлтой, цэвэрхэн, дүрэм журмаа хүндэлдэг, эелдэг боловсон, найрсаг атлаа цаанаа сэтгэл зүрхгүй бол түүнийг соёл, хөгжил, дэвшил гэх үү? "Хуурамч хоосон инээмсэглэл, хүйтэн амьгүй соёл"...
 
Ингэхэд хөгжил гэдгийг өндөр байшин, өндөр технологиор хэмжиж болдоггүй гээд байдгын гол учиг нь энэ. Хүний хөгжил гэдгийг олон хэлтэй, олон ромбо, дипломтой, бас цэвэрхэн, соёлтой, мэргэжлийн өндөр чадвартай, өрсөлдөх чадамжтай гэдгээр нь үнэлдэгийн өрөөсгөл тал ч бас энэ.
 
 
Б.Наминчимэд