sonin.mn
Одоогоос гурван жилийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, “Мобиком” корпораци хамтран Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх гурван жилийн хугацаатай гурван талт төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр 24 цагийн хугацаанд дөрвөн ээлжээр 4-6 шугамаар нэгэн зэрэг хүүхдийн асуудалтай холбоотой дуудлага хүлээн авч үнэ төлбөргүй үйлчлэх болсон юм.
 
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн  оны наймдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэвшүүлсэн саналыг дэмжиж “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” болгон өөрчилж, өдөр бүр  дөрвөн ээлжээр ажиллахаар зохицуулсан. Тодруулбал, нэг ээлжиндээ гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан  дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
 
Тэгвэл өнөөдөр “Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг  “Блью Мон Цетр”-т боллоо.
 
Хэлэлцүүлэгт Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа, “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Д.Ундраа, Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Г.Дорждэрэм, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын мэргэжилтэн Т.Өлзийханд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
 
Үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 70–80 хувийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлж байна.  Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт дунджаар 450-500  дуудлага хүлээн авдгаас зорилтот дуудлга 62 хувийг эзэлж байна.  Мөн хамгааллын дуудлага 1.5 дахин, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 1.7 дахин, зөвлөгөө 1.4 дахин, мэдээлэл 1.5 дахин өссөн бол тоглосон дуудлага 1.5 дахин, тасарсан дуудлага 1.5 дахин буурчээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаны хүмүүстэй цөөн хором ярилцлаа.
 
О.Алтансүх:Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд хамгаалах байр ажиллаж байна
 
/Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/
 
 -Өмнө нь 108 утас зөвхөн дуудлага авч, холбон зуучилдаг байсан. Одоо бид яаралтай тусламжийн үйлчилгээ, хамгаалах байртай болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчигдөхөд яаралтай тусламжийн машин хүүхдийг очиж аваад, хамгаалах байранд байрлуулах боломжтой болж байна гэсэн үг. Дэлхийн жишгээр энэ бол хамгийн наад захын үйлчилгээ. Харин бид дөнгөж энэ үйлчилгээг л бий болгож байна. Тэгэхээр цаашдаа үйлчилгээг хэрхэн сайжруулах, зөвхөн хүүхдийг бус, гэр бүлийнх нь нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Бид хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр том өөрчлөлт хийж чадна. УИХ-ын өчигдрийн чуулганы төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр хүүхэд хамгааллын салбарт нийт 5 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.
 
Д.Ундраа:Хөршүүд хүүхдийн хүчирхийллийг мэдээлдэг болж байна
 
/Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал/
 
-Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, “Мобиком корпораци”, Хүүхдийн төлөө газар гэсэн гурван байгууллагын санамж бичгийн хүрээнд ажиллаж эхэлсэн. Бид гурван жилийн хугацаанд 730 мянга гаруй дуудлага хүлээн аваад байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн тусламжийн утсанд хандаж буй дуудлагын тоо эрс нэмэгдэж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, хамгааллын дуудлага өмнөх оноос 1.5 дахин өсөж, андуурсан тоглосон дуудлага 1.5 дахин буурсан. Энэ нь хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний талаарх мэдээлэл өндөр болсонтой холбоотой. Сүүлийн үед хөршийн дуудлагын тоо нэмэгдэж байна. Хуульд зааснаас гадна иргэн хүний үүргээ ухамсарлаж, хүчирхийллийн талаар мэдээлэл өгч байгаа нь сайшаалтай. Цаашид программын шинэчлэлийг хийж, баг хороо сумын хамтарсан багийнханд дуудлага ирэхэд мессеж хүрдэг байх, дуудлагын операторын тоог нэмэх шаардлага байна. 24 цагаар ажиллаж буй сэтгэлзүйч нар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хүлээн авч зөвлөгөө өгсний дараа стресс менежмент хийх ёстой байдаг. Гэвч  дараагийн дуудлагыг алдахгүйн тулд шууд ажиллахаас өөр аргагүй болдог. Тиймээс хүний тоо нэмэх шаардлагатай
 
Г.Дорждэрэм:108 утсасны мэдээлэл хүлээж авах байдлыг сайжруулахад анхаарна
 
/“Мобиком Корпораци”-ийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал/
 
-Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах хоёр том төсөл дээр ажиллаж байна. Тодруулбал, Олон улсын стандартын дагуу хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, сумдын хүүхдийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг хийж байна. 2014 оны зургадугаар сарын 1-ний өдөр хүүхэд хамгааллын анхны дуудлага хүлээн авч эхэлсэн. Энэ цагаас өнөөдрийг хүртэл өдөрт 450 мянга орчим зорилтот дуудлагыг хүлээн авч, улсын хэмжээнд 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Тусламжийн төвийн техник, программ хангамж, дата болон дуудлагын төв, интернэт холболт, өрөөний тохижилт зэргийг хариуцан ажиллаж байна. Мөнгөн дүнг бодитоор тооцох боломжгүй. Хамгийн багадаа мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээ нь 600 сая орчимд хүрэх болов уу. Бид хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаан дээр цаашид ч хувь нэмрээ оруулсаар байх болно. Цаашид гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байнга орж тусламж авахыг хүсдэг ч, гэрийнхнийхээ дэргэд 108 дугаар руу холбогдож чаддаггүй хүүхдүүд зурвас бичиж, тусламж хүсэх боломжтой болгохын төлөө ажиллана.