sonin.mn
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ
 
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
 
Япон улс өндөр настнуудын эмчилгээний зардлыг үнэ төлбөргүй болгосны улмаас ямар асуудал үүссэн тухай, цаашлаад эрүүл мэндийн даатгалын сан хүндрэлд орох зэрэг сөрөг үр дагавар үүссэнийг өмнөх нийтлэлдээ тайлбарласан. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд өвчтөнүүдээс тодорхой хэмжээний төлбөр авдаг болсон талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
 
Өвчтөн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсны дараа нийт зардлын 30 хувийг өөрөө төлдөг. Ингэхдээ насны ангилалаар нь нь хувийг нь тогтоосон. Тухайлбал, зургаагаас доош ба 70-аас дээш насныхан 20, 75-аас дээш насныхан 10 хувийг төлдөг болсон юм. Гэхдээ тухайн өвчтөний орлогын төвшин доогуур бол төлөх зардлын хэмжээг 30 хувиас дахин хөнгөлдөг билээ.
 
Ингэхийн тулд өвчтөний бүх шинжилгээ, эмчилгээний мэдээллийг тэр дор нь нэгтгэж зардлыг тооцон, өвчтөнг гэртээ харихаас өмнө эмнэлгийн кассанд тодорхой төлбөр төлүүлж авах шаардлагатай болдог. Хэрэв цаг алдахаар бол өвчтөн мөнгө төлөлгүйгээр гэртээ харих магадлалтай шүү дээ. Биеийн байдал тааруу, эмнэлэгт арай хийн ирж үзүүлж байхад төлбөр төлөхийн тулд дахиад хүлээх нь төвөгтэй. Японд эмчилгээний зардлыг нь түргэн шуурхай тооцож, төлбөрийн баримттай хамт эмчийн жорыг олгодог нь өвчтөн төлбөрөө төлөлгүй гэртээ харих асуудлаас сэргийлдэг. Гэвч энэхүү систем нь урт хугацааны үр дүнд бий болсон юм. Одоо бол эмнэлэгт шинжилгээ авч, эмчилгээ хийсэн тухай мэдээлэл санхүүгийн хэлтэст ирж, бүх төлбөрийн тооцоог цахимаар хийдэг. Ийм системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд их хэмжээний зардал шаардагдах биз ээ. Тиймээс Японд ашигладаг өөр аргыг нэвтрүүлж болох юм.
 
Өмнө нь амбулатори, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх үед эмчилгээний үнэ адилхан байсан бөгөөд өвчтөн тоног төхөөрөмж сайтай том эмнэлгээр үйлчлүүлэх сонирхолтой байв. Уг нь том эмнэлгүүдэд хүнд өвчтэй, нарийн эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдийг түлхүү анхаарч, ханиад зэрэг хөнгөн өвдсөн бол амбулаторид хандах нь өргөн хүрээнд авч үзэхэд илүү үр дүнтэй. Тиймээс Японд хэрэв эмчийн бичиггүйгээр нэгдсэн эмнэлэгт хандвал эмчилгээний зардал дээр нэмж тогтмол хэмжээтэй төлбөр авах болсон юм. Мэдээж хүнд өвчтөн, урт хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд эмчийн бичигтэй учраас нэмэлт төлбөр төлөхгүй. Харин өөрийн хүсэлтээр, эмчийн бичиггүй нэгдсэн эмнэлэгт анх удаа үйлчлүүлж буй өвчтөнүүд нэмэлт төлбөр төлдөг. Энэ аргын үр дүн илэрч, том эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн тоо цөөрөв. Хүнд өвчин тусаагүй л бол заавал нэмэлт төлбөр төлж том эмнэлэгт хандалгүй, гэрт ойрхон амбулаториор үйлчлүүлье гэх хүмүүс олон болсон юм. Өөрөөр хэлбэл, тооцоход төвөгтэй “тогтмол хувь” биш иргэдэд ойлгомжтой “тогтсон мөнгөн дүн”-ээр нэмэлт төлбөр авах болсон нь илүү үр дүнтэй байв.
 
Дахин хэлэхэд, үнэ төлбөргүй үйлчилгээ нь хэт их эрэлтийг бий болгож, сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүнээс сэргийлж Японд нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үнээр буюу эдийн засгийн зохицуулалтыг бодлогоор авч хэрэгжүүлсэн юм.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин