Хөгжлийн бэрхшээлтэй нийгэм

Нийтэлсэн: 2017-11-15 08:53:45

Хөгжлийн бэрхшээлтэй нийгэм
 
Түрүүч нь Хөгжлийн бэрхшээлтэй нийгэм /1/  http://sonin.mn/news/culture/84028
 
НАЙМАН ХАРААГҮЙ ИРГЭНa ИХ СУРГУУЛЬД ЭЛСЧЭЭ
 
Орчлонг гэгээнээр харж, бусадтай адил нийгмийн амьдралд оролцох нь харааны бэрхшээлтэй иргэдийн туйлын хүсэл. Гэхдээ хүмүүс юү хэлэх бол, хэрхэн харж байгаа бол, шоолох болов уу гэсэн айдас тэдний сэтгэлд байдаг нь нууц биш. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэх хамгийн том тогтолцоо бол боловсролын салбар юм. Тэгвэл энэ онд их, дээд сургуульд найман хараагүй иргэн элссэн гэсэн судалгаа байна. Харин өнгөрсөн жилд 20 хүн дээд боловсролтой болжээ. Энэ нь монголд 16 мянган хараагүй иргэн бий гэсэн тооны хажууд өчүүхэн юм. Харааны бэрхшээлтэй иргэн жирийн их, дээд сургуульд сурах боломжгүй. Учир нь лекцээ бичиж, уншихын тулд тусгай хэрэгсэл, браиль хэрэглэх шаардлагатай. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хараагүй иргэн гурван жилд нэг удаа тусгай хэрэгсэл авах эрхтэй гэж заасан байдаг. Энэ заалтаа дагавал өөрт хэрэгтэй хэрэгслээ авахын тулд гурван жил хүлээж байж их, дээд сургуульд шалгалт өгөх боломжтой болох юм байна. Гэхдээ эдгээр хэрэгсэл нь хангалттай хүрэлцээтэй биш. Одоогоор харааны бэрхшээлтэй олон иргэн Монголын хараа­гүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-д боловсрол эзэмшиж байна.
 
МСҮТ ТАВАН МЭРГЭЖЛЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭДЭГ
 
Харааны бэрхшээлтэй иргэн ямар ажил эрхэлж болох вэ. Энэ тухай сурвалжлахаар МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийг зорилоо. Одоогоор энэ төв нь таван мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Харааны бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан, холбооны гишүүн хараагүй ир­гэ­дэд мэргэжлийн боловс­рол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр зорьж байгаа юм байна. Энэ төвийг төгссөн хараагүйчүүд ихэвчлэн хувиараа ажиллаж байна гэсээр тус төвийн захирал Б.Ганзориг биднийг угтсан юм. Тэрээр “Бид эмчилгээний бариа засалч, эсгий бэлэг дурсгалын зүйл урлаач, хүртээмжтэй технологийн мэргэжилтэн, ардын гоцлол хөгжимчин чиглэлээр хоёр жил, алжаал тайлах бариа засалчаар зургаан сар, мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах чиглэлээр зургаан сарын чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн орон зайн чиг баримжаа олгох, браиль бичгийн сургалтыг зохион байгуулдаг. Манай төвд хотын иргэдээс гадна орон нутгаас ирсэн хүмүүс суралцдаг. Тэднийг сургуулийн дотуур байранд хамруулж, сурч боловсрох боломжоор хангаж байна” гэсэн юм. Энэ төв өдөр бүр хичээлтэй байдаг. Бид бариа заслын ангиар орлоо. Энд бариа заслын анхан шатны мэдэгдэхүүнээс эхлээд цэг олох, бумба тавих, массаж хийх зэрэг бариа засалч хүнд байх ёстой бүх мэдлэгийг олгодог юм байна. Тус МСҮТ-ийг төгссөн төгсөгчдөөс сэтгэгдлийг нь сонслоо.
 
Б.Бямбасүрэн:АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛСОНДОО БАЯРЛАДАГ
 
 
-Би бариа заслын ан­гийг төгссөн. Одоогоор “Best massage” төвийн сал­барт ажил­ладаг. Ажилтай, ор­логотой болсондоо баяр­ладаг. Харааны бэрх­шээлтэй учир өөр албан байгууллагуудад ажил­лахад хүндрэлтэй байса­н. Одоо л амьдрал минь баталгаатай болж байна. Мөн хараагүйчүүдийн 90 айлын орон сууцанд орлоо. Илүү ихийг хийж бүтээх урам зориг дүүрэн байна.
 
С.Ариунтуяа:БИ ХУВИАРАА ГАР УРЛАЛ ХИЙДЭГ
 
 
-Би МХҮХ-ны гар урлалын ангийг төгссөн. Одоо гэр бүлийн хүнтэйгээ эсгий эдлэл хийж зардаг. Эсгий улавч, гутлаас гадна нэхмэл ороолт малгай, хатгамал зураг захиал­гаар хийж байна.  Амьдралаа дээшлүүлэх хуримтлалтай болсон. Энэ чиглэлээр өөрийн гэсэн үйлдвэртэй болж харааны бэрх­шээлтэй бусдыгаа ажлын байртай болгох зорилго тавиад ажиллаж байна.
 
Г.Ганзориг: АНХ СЭТГЭЛЭЭР ИХ УНАСАН
 
-Би 2011онд нүдний даралт гэдэг өвчний улмаас 100 хувийн ха­рааны бэрхшээлтэй бол­сон. 2013 оноос хойш МХҮХ-д элссэн. Одоо­гоор нийгмийн ажилтан хийдэг. Өмнө нь хардаг байсан болохоор эхлээд сэт­гэлээр их унасан. Сур­галтын төвдөө хамраг­даж, таягны болон компьюте­рийн мэдлэгтэй болс­ноор ажлын байртай боллоо.
 
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ Ч КОМПЬЮТЕРИЙН АЖИЛ ЭРХЛЭХ БОЛОМЖТОЙ
 
Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудлын нэг нь байнгын, тогтвортой ажлын байртай болох. Энэ зорилтын хүрээнд 1978 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж буй МХҮХ-ны хамт олон харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна. Одоогоор тус холбоонд бүртгэлтэй иргэдийн 3-4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий.
 
Бид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Хөгжлөө дагаад хараагүй иргэдэд ч хөдөлмөр эрхлэх боломж бүрджээ. Харааны бэрхшээлтэй хүн ямар ч байгууллагад очоод компьютерийн ажил эрхлэх боломжтой. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай компьютер бий. Үүнээс гадна МСҮТ-ийг төгссөн мэргэжилтнүүдэд зориулсан гар урлалын үйлдвэр байгуулаад өгвөл нэг ч гэсэн хүн ажилгүй гэж гутарч суулгүйгээр хөдөлмөр эрхэлж, санаа зовох зүйлгүй амьдрах боломжтой хэмээн гэж тус төвийнхөн ярьж байсан юм. Мөн аж ахуйн нэгж, албан байгууллагууд заавал хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллуулах үүрэгтэй гэсэн хуулиа баримталж, энэ иргэдэд амьдрах эрч хүч, урам хайрлаасай гэж уриалмаар байна.
 
Үргэлжлэл бий.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: