sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /Би-Би-Си/. Бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэх дуулиан шуугианд өртөөд буй Холливудын алдарт продюсер Харви Вайнштэйныг Лос-Анжелес хотын цагдаа нар шалгаж эхэлжээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Х.Вайштэйны бэлгийн дарамт ба хүчирхийлэлд өртөж байсан гэж мэдэгдсэн эмэгтэйчүүдийн нэг болох Италийн 38 настай жүжигчин бөгөөд загвар өмсөгчөөс Лос-Анжелес хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид мэдүүлэг авч эхэлсэн байна.
 
Одоогийн байдлаар, Х.Вайнштэйны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 40 гаруй болоод байна. Х.Вайнштэйны бэлгийн дарамтад өртөж байсан гэх эмэгтэйчүүдийн дотор Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинэт Пэлтроу нар байгаа юм.
 
Алдарт кино найруулагч Квентин Тарантино саяхан “Нью-Йорк Таймс” сонинд ярилцлага өгөхдөө “Энэ зүгээр ч нэг цуурхал төдий зүйл биш. Х.Вайнштэйн эмэгтэй ажилтнууд болон жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсныг би эртнээс мэднэ. Би ийм юмыг нуун дарагдуулсныхаа хариуцлагыг хүлээхэд бэлэн байна” гэсэн аж. Найруулагч К.Тарантино нь Х.Вайнштэйнтай “Жанго эрх чөлөөгөө олсон нь”, “Өөдгүй новшнууд” зэрэг олон киног хамтран хийсэн юм.
 
Х.Вайнштэйныг Нью-Йорк болон Лондон хотын цагдаа нар мөн шалгаж байгаа ажээ.
 
Х.Вайнштэйн гэж хэн бэ?
 
Оскарын шагналт продюсер Х.Вайнштэйн нь “Жанго эрх чөлөөгөө олсон нь”, “Дурласан Шекспир”, “Гэмт хэргийн зохиол”, “Тагнуулч хүүхдүүд” зэрэг томоохон кинонууд дээр ажиллаж байсан юм.
 
Тэрбээр 17 настайгаасаа ах Бобтойгоо хамтран кино хийж эхэлсэн бөгөөд тэд 1979 онд “Мирамакс” кино компанийг үүсгэн байгуулжээ. Тэд энэ кино компаниа 1993 онд “Дисней” кино компанид худалдсан бөгөөд 2005 онд “Вайнштэйн” кино компанийг үүсгэн байгуулсан байна.
 
Өдгөө 65 настай Х.Вайнштэйны 300 гаруй бүтээл Оскарын шагналд нэр дэвшиж байснаас 81 нь Оскар хүртсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг