sonin.mn
Таван настай охин хүүхэд гэмт үйлдлийн золиос, хохирогч нь болчихжээ гэж сүүлийн хэдэн өдөр  нийгмээрээ шуугилаа.  Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг цаазын ялыг сэргээн хэрэглэх хэмжээнд хүргэв бололтой. Түүнийг судалж үзэх ажлын хэсэг гаргасан байна. Гэтэл хүүхэд  нийтээр ойлгосон  гаж буруу үйлдлийн золиос, хохирогч болсон байх  магадлал тун бага байна гэх утга бүхий үгийг  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМТ/- ийн дэд захирал 25 дугаар суваг телевизэд мэдээлэл өгөхдөө амнаасаа унагав.  Уг хүүхдэд арчилгаа  муу , ариун цэвэр сахиулж чадаагүйгээс  өвчилсөн гэнэ. Түүнийг одоо эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Энэ охин    гэмт үйлдлийн золиос, хохирогч биш байгаасай гэж  залбирах минь. Гэхдээ охин үрс  хүчирхийллийн золиос болох  гэмт үйлдэл гардаггүй гэж хэлбэл нүгэл болно. Ийм гэмт хэрэг гарч  байна. Бүр газар авсан шинжтэй юм.
 
Хүчирхийллийн золиос, хохирогч  боллоо гэж  298 хүүхэд 2016 онд  цагдаагийн байгууллагад хандсан байна.  Бүртгэгдээд байгаа нь энэ, бүртгэлээс гадуур хэд байгааг хэлж мэдэх хүн байхгүй. Цагдаагийн байгууллага бүртгэж аваад мөрдөн байцаалт явуулж хуулийн хүрээнд үүссэн гэмт үйлдлийг  шийдвэрлэсэн байх учиртай. Хуулиар хүлээсэн үүргээ хууль сахиулагчид биелүүлсэн гэж тооцоод орхих  хэрэгтэй болов уу. Тэгээд ч ийм төрлийн гэмт хэрэг илэрсэн байхад  хатуу ял шийтгэлтэй Эрүүгийн хуульд:
 
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
 
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол; арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
 
-“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэсэн заалт байдаг. Хуульд ийм тодорхой заагаад өгсөн тохиолдолд түүнээс гадуур өнгөрнө гэх ойлголт байх нь илүүц.  Бүртгэгдээгүй  нөхцөлд цагдаа, хуулийн байгууллагыг буруутгах боломжгүй.Тэд хохирогчтой гэмт үйлдлийг мөрдөн  байцаалт явуулан баримтаар баталж шүүхэд шилжүүлэх үүрэгтэй.Түүнээс биш сошиалоор яваад байгаа шиг хүчиндэгчийг  нуун далдлаад байх боломжгүй.
 
Ийм нөхцөлд ээж, аавын үүрэг маш чухал, тэд эрсдэлтэй орчинд үр хүүхдээ орхихгүй байх шаардлага амьдралаас урган гарч байна. Дэргэдээс гараад ирэх ийм аюулыг зайлуулах талаар үр хүүхэддээ ойлголт, санамж, зааварчилгаа өгөх өөрт ийм боломж байхгүй байвал мэргэжлийн байгууллагад хандахыг  амьдралдаа хэвшил болговол ийм төрлийн гэмт үйлдлээс  үр хүүхдээ  холдуулах бааз суурь нь болно. Ийм суурийг нийгэм даяараа өнөөдөр бид тавьж чадаагүй байна. Бидний хамгийн сайн  чадаж байгаа зүйл нь гаж үйл явдлыг өнгөрсөн хойно нь халаглах, сошиалоор санаа уралдуулах явдал болжээ.
Ер нь  хэвийн өсөлттэй таван настай хүүхдийн биеийн өндөр 104-120 см, хэлбэлзэл нь 2,2-2,9 см, жин нь 13,9-24,3 кг хэлбэлзэл нь 1,9- 2,4 кг гэж тэмдэглэсэн байна. Ийм алгын чинээ охиныг зүй бусаар оролдоно  гэж эрүүл хүний ой ухаанд  лав багтахгүй. Гажигтай хүнээс үр хүүхдээ хол байлгах нь ээж, аавын үндсэн үүрэг. Хүүхдийг тойрсон үйл явдлыг аваад үзэхэд ээж нь гэж “яатуу” 3 сарын өмнө самарт явна гээд дүүдээ орхижээ. Тэр гэж бүтэлгүй “новш”  цааш нь дамжуулж орцны жижүүрт үлдээснээр   охин өвчин эмгэгт баригдаж  шуугианы эзэн болов бололтой.
 
Түүнд хандсан Шүүх шинжилгээний үндэсний төв /ШШҮТ/-ийн байж байгаа царай, үйлчилгээ үзүүлж байгаа нь гунигтай л юм. Тэднийг ийм үйлдэл хийлээ гэж буруутгахаас өмнө тэр журам, дүрэм боловсруулдаг сайд, дарга нарыг чичлэх хэрэгтэй. Гэтэл олны шүүмжлэл байгаа оносонгүй ШШҮТ-ийн жижүүр дээр очоод зогслоо. Бэлэн гурван сайдын 10 мянган төгрөг хураа гэсэн тушаал байна. Уг нь бол “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”  нь тэд байгаа юм. Гэвч  ийм хүнлэг бус шийдвэр гаргасныхаа  төлөө сайд,  дарга нар ямар нэг зэм хүртэхгүй нь тодорхой боллоо.
 
Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар ХГБЗХГ-ын  “Хүүхдийн 108” утсанд 2017 он гарсаар нийт 157 хүүхэд хандан бэлгийн хүчирхийлэлд өртөж буйгаа хэлжээ. Дуудлагын дагуу хүүхдийн мэргэжилтнүүд шалгалт хийж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй 122 хүүхдийг хяналтандаа авсан гэсэн тоо баримт байна.
 
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлах талаар, төр нь төр шиг, төрийн байгууллага албан тушаалтан нь хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах, шинэ стратеги боловсруулан мөрдөх шаардлага гарч ирлээ. Хүүхдүүдэд тэр дундаа охин үрсэд нүүрлэх энэ аюулыг зайлуулах ажил одоогоор Төрийн бус байгууллага, сайн санаатай гадаад иргэдийн хандив тусламжаар явж байна. Хүүхдүүдийг хамгаалах тогтолцоо ийм сул төрөөс гадуур байгаа нь тэднийг “араатан”-ы  аманд хаяж өгснөөс өөрцгүй юм. 
 
Муухай үйлдлийг “санах нь сарнаар явах нь нарнаар “ гэдэг шиг өнөөдөр хоорондоо  баахан сошиалдаад маргааш мартаж болохгүй. Одоо төрөөс гадуур байгаа хүүхэд хамгааллын сул тал нь аав, ээжийнхээ алганы толин дээр өсөн, торниж  байх алаг үрсийг аюулын ангал руу зуу  зуугаар  нь  түлхэж байна
 
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг