sonin.mn
Аавын хүү байсан би 
Хүүгийн аав боллоо
Хан тэнгэр шиг
Хангайн уулс шиг түшигтэй таныхаа
Хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа, Аав аа...
Аавын дуугаар “цангасан” бидний сэтгэл зүрхэнд өнгөрсөн наймдугаар сараас хойш эгшиглүүлсэн “Guys” хамтлагийн ахлагч М.Мягмарын ярилцлагыг танд хүргэж байна.
 
-Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?
 
-Европын орнуудад ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа монголчуудын дунд жил бүр уламжлал болгон спортын наадам, өдөрлөг болдог юм байна.
 
Европын аль ч улсад байсан, зохион байгуулж буй хотод нь монголчууд цуглаж, сагс болон хөл бөмбөгийн тэмцээнд оролцдог. Маш удаан уулзаагүй хүмүүс уулзацгааж, хэсэг хугацааг зугаатай өнгөрүүлээд буцдаг юм байна. Тэр арга хэмжээнд оролцож буй монголчууддаа ая дуугаа хүргэх урлагийн бригад явж байгаа. Түүнд оролцох бэлтгэл ажил хийж байна.
 
-Хамтлагаараа явах уу?
 
-Үгүй, хувиараа. Удахгүй явна.
 
-“Guys” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?
 
-Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Хамтлагийнхаа ойг угтаж, тус тусдаа бие даасан уран бүтээл хийхээр, бэлтгэлдээ орцгоосон. Манай гурав кино хийж байгаа. Би өөрөө ганцаараа дуулсан дуугаараа, илүү уран бүтээл гаргая гэж бодсон. Миний хувьд явдал, суудал их байгаа учир кино руу орох бодолгүй байна.
 
-Танай хамтлагийнхны түүхийг өгүүлсэн кино зохиол байдаг гэсэн. Түүнийгээ 10 жил хадгалж байгаа гэж сонсож байлаа. Тэр зохиол мөн үү?
 
-Тэр бол бидний өөрсдийн хамтын хүчээр хийх кино. Зохиолч Соргодогийн Жаргалсайхан агсны хамгийн сүүлд бичсэн “Ганцхан зүрхний хайр” гэдэг кино зохиол байдаг юм. Түүнийгээ бид одоо болтол дараад л байж байна.
 
-Уг нь 20 жилийн ойгоо тохиолдуулж гаргана гэж байсан. Цаг хугацааны хувьд амжихааргүй болж байна уу?
 
-Тийм. Гэхдээ уран бүтээл гэдэг заавал цаг хугацаанд шахагдаж гардаг зүйл биш. Уран бүтээл гэдэг төрөх цагаа ирэхээр бүх тохироо нь бүрдсэн үед гардаг. Янз бүрийн ажил, үүргийн нийлэмжээс бүрдэж гардаг учир тэр тохироог бүрдүүлнэ гэдэг асуудалтай.
 
-Хамгийн сүүлд аавууддаа зориулан “Захиа” дууг гаргасан. Энэ дууныхаа санааг яаж олсон бэ?
 
-Тэр ургамал санаа гэх юм уу даа. “Байна уу, ээжээ” дуу гарснаас ургасан юм. “Байна уу, ээжээ” дууг гарсны дараа маш олон залуучууд “Байна уу, ааваа" гэдэг дуу, гаргаач гэдэг санал, хүсэлтийг ирүүлсэн. Тэр хүсэлтүүд энэ бүтээлийг төрүүлсэн. “Байна уу, ээжээ" дууг гаргасан юм чинь яагаад ‘‘Байна уу, ааваа” ч юм уу тийм дуу гаргаж болохгүй гэж гэдэг бодлыг тэр цагаас хойш тээх болсон.
 
Үүнээс хойш өнгөрсөн дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд тархинд байсан бодлоо ажил болгосон юм. Наймдугаар сарын 8-нд “Аавуудын өдөр” болдог юм байна лээ. Энэ өдөр дуугаа албан ёсоор клиптэй нь цацсан. Ийм л учиртай уран бүтээл.
 
-Өөрийн тань аав болсон мэдрэмжтэй бас холбоотой болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Хүн аав, ээжийн хүүхэд байж байгаад өөрөө үр хүүхэдтэй болно гэдэг миний өмнө нь үзэж байсан төрсөн өдрүүдээс илүү, өөр мэдрэмж байсан. Тэгээд хүүхдээ төрөхөд “Аавын хүү байсан би хүүгийн аав боллоо” гэдэг үгийг фэйсбүүктээ хуваалцаж байсан юм. Энэ үг дуу үүсэх гол шалтгаан болж, явсаар дуу болж бүтсэн. Тиймээс яалт ч үгүй энэ дуу аав болох мэдрэмжтэй шууд холбоотой.
 
-Танай хамтлагийн хувьд байгуулагдаад 20 жил боллоо. Мартагдахааргүй хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач?
 
-Эндээс онцлоод байхаар юм байхгүй. Хамтлаг нь өөрөө хамгийн нь байгаа юм. Хамтлаг байгаагүй бол бидний дотоод бүх мэдрэмж байхгүй байх байсан. Бид 1997 онд СУИС-ийн кино драмын ангийн нэг ангид орж, хамтлаг байгуулах хүсэл мөрөөдлөө нэгтгэж, хамтлагаа байгуулан, өдийг хүрсэн. Энэ нь өөрөө хамгийн том дурсамж. 20 жилийн дурсамжаас хамгийн гэвэл маш их юм бий.
 
-Жүжигчний ангийн дөрвөн залуу анх дуу дуулж байхад ямар байсан бэ. Хүндрэлтэй зүйл гарч байсан уу?
 
-Хүндрэлтэй нь ч юу байх вэ. Дуртай зүйлээ хийж байгаа юм чинь 17, 18 настай дөрвөн хүүхэд анх хамтлаг байгуулна гэж эхлээд тэр “хар” зоригоороо гурван дуу гаргаж эфирт өгсөн. Гурвуулаа хит болчихсон. Тэгээд л буцах замгүй болсон доо. Түүндээ урамшиж, хийсэн уран бүтээл болгон нь хүмүүст хүрч, нэг мэдсэн 20 жил өнгөрчихсөн байна.
 
-Таны хувьд нэлээд содон дуу хоолойтой. Тийм болохоороо ч эмэгтэйчүүдийг өөртөө татаж чаддаг...
 
-Хаана татчихсан байна. Баримттай ярина шүү. (инээв)
 
-Би “Мартагдашгүй” тоглолтыг маш сайн санаж байна. Таныг дуулах мөчид бүсгүйчүүдийн орилох тэр чимээ одоо ч тод сонсогдож байна?
 
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл дуу нь өөрөө их гоё. Хүмүүсийн сонсохыг хүссэн, дуулаасай гэж хүссэн тэр хэсгийг дуулахаар хүн баясдаг. Дуу эхлэхэд хүмүүс баярласнаа гаргаж буй илэрхийлэл нь тэр юм. Түүнээс намайг дуулахаар тэгж байгаа юм биш.
 
-Өөрийнхөө дуу хоолойны тухайд бусдаас содон гэж бодож байгаагүй юу?
 
-Энэ содонсоод, чухалчлаад байх асуудал биш. Хүн болгонд байдаг нэг шинж чанар. Янз бүрийн хоолойтой хүмүүс байж л байдаг. Түүнээс би хүмүүсээс өөр гэж өөрийгөө бодож чаддаггүй юм.
 
-Дөрвөн киноны гол дүрд тоглосон. Нэг нь түүхэн кино. “Ану хатан” киноны Галдан бошигт хааны дүрийг бүтээсэн. Зарим хүмүүс сайн болсон гэж ярьж байхад, зарим нь тиймхэн болсон юм уу гэж байсан. Одоо эргээд танд юу гэж бодогддог вэ. Хэр сайн дүр болсон гэж бодож байгаа вэ?
 
-Аливаа ажлын ард гарч, эргэн дүгнэхээр үүн дээр ингэдэг байж, тэрийг нь тэгдэг байж гэж боддог. Хүн угаасаа амьдралынхаа туршид суралцсаар байгаад дуусдаг гэдэг шиг. Эргэн харах болгонд нэг тийм юм байдаг. Мэргэжлийн чадварлаг баг хамт олон, хувцасны зураач, ерөнхий зураачийн ачаар, нүүр будагч, зэвсгийн зураач, жижиг хэрэглэлийн зураачийн ачаар гэх мэтчилэн зураач, нүүр будагч хамт олныхоо хүчээр, харагдах байдлаараа ч юм уу хүмүүст таалагдсан байна лээ.
 
Яг Галдан бошигт хааны дүрийг өөрийн хүсэж байсан хэмжээнд гаргаж чадсан уу гээд эргээд харахад, энэ кинонд долоон сарын туршид би дүр дээрээ ажилласан. Дараагийн түүхэн кинонд ажиллахдаа би илүү их бэлтгэлтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
 
-Хэрэв танд түүхэн кинонд тоглох санал ирвэл бэлэн үү?
 
-Бэлэн. Ирээсэй ч гэж бодож байгаа. Дахиад хүчээ сорьё. Энэ нь өөрөө гоё амт байхгүй юу. Өөрөөр хэлбэл, амтлаад өнгөрсөн гоё амтны нэг байсан. Дахин үүнийг амтлахыг хүсэж байна. Дахиад илүүгээр мэдэрч, амтлахын тулд өөрийгөө бүрэн чөлөөлж, маш их бэлтгэл сургуулилттайгаар ороход бэлэн байна.
 
-Таны үеийн эрэгтэй хамтлаг дуучдын хувьд биеэ авч явах байдлаараа үлгэр дуурайл болж чаддаг. Анх гарч ирэхдээ ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Огт хөгшрөхгүй байх шиг ээ. Үүний нууц нь юунд байдаг юм бол?
 
-Мэдэхгүй юм. Намайг бага байхад Хасар Жагаа буюу гавьяат жүжигчин Т.Жаргалсайхан, Ц.Төмөрбаатар ах нарыг хараад маш гоё ах нар гэж боддог байсан. Үлгэр дуурайл авах олон ах нар байдаг байсан. Тэр ах нартайгаа цаг хугацааг туулаад явж байна. Одоо ч гэсэн тэд маань хэвээрээ, миний нүдээр гоё сайхан харагдаж байна.
 
Надад ч мөн ялгаагүй чамд байгаа асуулт байна. Тэр хүмүүсээс яаж ингэж хөгшрөхгүй байгаа юм гэж асуучихмаар л байдаг. Би өөрийгөө хөгшрөөд байна л гэж бодож байна. Цаг хугацаа явж байна, урсаж байна. Цаг хугацааны эрхээр хөгшрөх процесс физиологийнхоо дагуу явагдана. Тийм яг нэг үе дээрээ зогсчихсон зүйл бол биш.
 
-Олны танил хүний хувьд нийгмийн хариуцлага гэж байх ёстой байх. Залуучуудад үлгэр жишээ болох гэх мэтээр. Үүнд та ямар бодолтой байдаг вэ. Таны хувьд нийгэмдээ ямар хариуцлагатай оролцох ёстой гэж боддог вэ?
 
-Бидний бодож явдаг нийгмийн үлгэр дуурайл үзүүлэх, нөлөө гол нь уран бүтээл байсан. Бид залуучууддаа юуг хэлж, юуг үзүүлэх вэ гэдгээ уран бүтээлээрээ дамжуулж хийж байгаа. Ялангуяа, сүүлийн 2-3 жил манай хамтлаг залуучуудад гэрэл гэгээ сайн сайхан бүхнийг хардаг байх, зөв сайхан зүйл рүү уриалан дуудсан байх тийм л сэдэв, агуулгатай дуу хийнэ гэж төлөвлөсөн. 
 
Ингээд “Good luck”, “Зүрх уучил”, “Хүмүүс ээ", “Одтой өдөр", “Хайр” гэх мэтчилэн дуу гаргасан. Эдгээр дуу нь амьдралаас зөв сайхан зүйлийг олж авдаг байя гэсэн утгатай. Нийгэм тэр чигээрээ болохгүй бүтэхгүй зүйл рүү хазайгаад байна гэдэг нь тэр зүйл сайнаасаа давамгайлчихсан гэсэн үг. Арга билиг адил тэнцүү оршиж байж, харагдац нь гоо зүйгээ олдог. Гэтэл манай нийгмийн сайн сайхан, хар бараан нь тэнцвэрээ алдчихаад байна.
 
Тиймээс тийшээ зүтгэж, зүгээ олохгүй байгаа залуусыг эргэж хартал, гэрэл гэгээг олж хартал нь уран бүтээл хийхийг бид зорьдог. Ер нь энэ үзэл бидний уран бүтээлээр дамжиж хүрдэг. Тиймээс залуучуудад хандаж, юу хэлмээр байна вэ гэдгийг сонсмоор байвал тэр дуунуудыг сонсох хэрэгтэй. Энэ дуунуудад бүгдийг нь хэлчихсэн байгаа.
 
-Хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа. Одоо ч зарим дээр нь ажиллаж байгаа байх. Мөн таны эхнэр олон жил маркетинг хийсэн хүн байгаа. Энэ бүх ажлуудад яаж оролцдог вэ?
 
-Маркетинг гэдэг өөрөө сонирхолтой. Гэр бүлийн хувьд хоёулаа сонирхлоороо орно гэдэг нь ажил хурдтай, урамтай урагшлахад дөхөм болж байгаа юм.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг сониуч асуулт асуумаар байна?
 
-За
 
-Таныг давхраа оёулсан гэдэг юм байна лээ. Үнэхээр оёулсан юм уу?
 
-Жүжигчин хүний арьс, үс, сахал гурав үзэгчдийн буюу найруулагчийн өмч байдаг. Үүнийг би ягштал барьдаг. Түүнээс биш биедээ нэг ч мэс хүргүүлэхгүй. Биедээ мэс хүргэх, сэргээн засварлах үйл ажиллагаа хийлгэхгүй. Би “ориг”-оороо явж байгаа.
 
-Энэ нь өөрөө ийм бодолтой явж байгаа хүмүүст өгөх том хариулт юм болов уу?
 
-Миний фэйсбүүкт бүх цаг үеийн зурагнууд нээлттэй байгаа. Итгэхгүй байгаа хүмүүс нь хэдэн онд, ямар байдалтай байсан гэдгийг харах биз.
 
Б.Номин
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин