sonin.mn
РАККА. /АП/.  “Лалын улс” бүлэглэлийнхний хувьд лалын халифт улсынх нь нийслэл болох Ракка хотыг Сирийн хүчнийхэн АНУ-ын армийн дэмжлэгтэйгээр бүрэн чөлөөлжээ.
 
"Ассошиэтед Пресс" агентлагийн мэдээлснээр, Сирийн ардчилсан хүчнийхэн мягмар гарагт босогчид бүгж байсан сүүлчийн газрууд болох цэнгэлдэх хүрээлэн болон эмнэлгийг гартаа оруулсан байна.
 
Тэд өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Бид лалын террористуудаас Ракка хотыг бүрэн чөлөөллөө” гэжээ. Цэргүүд ялалтаа тэмдэглэн Сирийн төрийн далбааг Ракка хотод мандуулсан байна.
 
Цэргүүд босогчдын энд тэнд суурилуулсан тэсрэх төхөөргүүдийг одоо аюулгүй болгож байгаа ажээ.
 
Сирийн хүчнийхэнд дэмжлэг үзүүлж буй АНУ тэргүүтэй эвслийнхэн мэдэгдэхдээ “Босогчид энэ хотод энд тэнд бүгсэн байж болзошгүй учир бид сонор сэрэмжээ алдалгүйгээр ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ.
 
2014 онд “Лалын улс”-ынхан Ракка хотыг булаан эзэлсэн юм. Ракка хотыг чөлөөлсөн нь Сири болон Иракт лалын халифт улс байгуулснаа зарлан тунхагласан “Лалын улс” бүлэглэлийг үндсэндээ дарсан гэсэн үг. Тус хотыг босогчид лалын халифт улсынхаа “нийслэл” гэдэг байсан билээ.
 
Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаа, “Лалын улс”-ын хэт давруу үзэлд автагсад Европ болон Азид үе үе  террорист халдлага үйлдсээр байгаа учир Ракка хотыг чөлөөлснийг хэт давруу үзэлтнүүдийг үндсээр нь устгачихлаа гэж ойлгож болохгүй юм.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг