sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй “Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн"-д 77 орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж байна.
 
Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж эхлэв.
 
Тогоочийн төрөлд оролцож буй Б.Дагвасүрэн эхний өдөр дессерт болон тахианы зутан шөл, хонины махан хоёрдугаар хоол хийх даалгаварыг амжилттай  гүйцэтгэжээ. Харин гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэх юм. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнхөд Дубайн дарвуулт хэлбэрт алдарт цамхагийг бүтээх 2D даалгавар ирсэн.  Харин өрөг угсралтын төрөлд оролцогч Ц.Мягмарсүрэнд гурван хэсэгтэй Сүмийн бүтээцийг 3D-гээр гүйцэтгэх даалгавар ирсэн бол Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаа нарны үүсгүүрээр хэрэглээний хүйтэн усыг халаах систем бүтээнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
 
Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-ныг дуустал дөрөв хоног үргэлжилнэ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг