sonin.mn
ЛОНДОН. /АП/. Ирэх оноос ангийн арьс үс ашиглахаа зогсоохоор шийдсэнээ Италийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гуччи” компани мэдэгдсэнийг “Ассошиэтэд пресс” агентлаг уламжиллаа.
 
“Гуччи” компанийн захирал Марко Бизарри энэ долоо хоногийн дундуур Лондон хотноо компанийнхаа цаашид баримтлах бодлогуудыг танилцуулсан байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх нь манай компанийн баримталдаг үндсэн зарчмуудын нэг. Бид байгаль орчин болоод амьтдад ээлтэйгээр ажил хэргээ явуулахаар шийдлээ” гэжээ.
 
Ангийн арьс үс ашиглахаа зогсоохыг амьтны эрхийн төлөө тэмцэгч олон улсын төрийн бус байгууллагууд дэлхийн томоохон брэндүүдэд уриалсаар байгаа юм.
 
“Гуччи” компани одоо агуулахад байгаа ангийн арьс үсээр хийсэн бараа бүтээгдэхүүнүүдээ дуудлагаар худалдаж, мөнгийг нь амьтны эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудад хандивлах ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг