sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын мэдээлснээр , Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хяналт шалгалт хийв.
 
Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэр хамарснаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Шалгалтад хамарсан 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгаагүй, тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажилласнаа шалгалтын тайландаа дурджээ.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг