sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна.
 
Ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах  бөгөөд Нийслэлийн архивын газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн газрын алба, ХУД, СХД, НЗДТГ зэрэг байгууллага ажлын хэсэгт оржээ.
 
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлжээ. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох EDES системийг шинээр бий болгох зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж буйг албаныхан хэллээ. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх  уг ажлыг бодлогын түвшинд Нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан ажиллах юм байна. 
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг