sonin.mn
СИДНЕЙ. /Би-Би-Си/. Австрали улс сансар судлалын салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн агнетлагийг байгуулна гэж тус улсын засгийн газраас мэдэгдсэн байна. 
 
Австрали нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг боловч өөрийн гэсэн сансар судлалын агентлаггүй юм. Тус улсын Үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мишелиа Кэш хэлэхдээ "Австрали улс дэлхий нийтийн сансар судлалыг хурдацтай хөгжүүлэхэд голлох байр суурь эзлэх явдал зайлшгүй шаардлагатай байна" гэжээ.
 
Тэрбээр дотоодын сансар судлалын өнөөгийн байдлыг тоймлон хэлээд, тусгай мэргэжлийн байгууллага байгуулж ажиллахыг уриалсан байна. “Энэхүү байгууллагыг байгуулснаар дотоодын сансар судлалыг зохицуулах гол цөм нь болоод зогсохгүй олон улсын сансар судлалд хувь нэмрээ оруулах үүд хаалга нь болно” гэж М.Кэш онцлон тэмдэглэжээ.
 
Ингэснээр олон шинэ ажлын байр бий болно гэж улс төрчид болон тус салбарын төлөөлөгчид үзэж байгаа юм.
 
М. Кэш энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногт Аделайдад болох Олон улсын одон орон судлалын их хурал дээр өгөх юм. Тус их хуралд дэлхийн олон мянган сансар судлаачид, дэлхийн улс орнуудын агентлагууд, хувийн компаниуд оролцох юм.
 
Австралийн сансар судлалын холбооны мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнууд дотроос зөвхөн Австрали, Исланд хоёр улсад л өөрийн гэсэн сансар судлалын агентлаг байдаггүй ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг